Улс төр
Монгол Улс, ОХУ-ын парламентын хамтарсан Комиссын анхдугаар хуралдаан боллоо

Монгол Улсын Их Хурал, Оросын Холбооны Улсын Холбооны Хурал хоорондын хамтын ажиллагааны Комиссын Анхдугаар хурал есдүгээр сарын 25-нд Төрийн ордонд боллоо.
УИХ-ын дарга Г.Занданшатар тус хурлыг нээж хэлсэн үгэндээ, парламент хоорондын хамтын ажиллагааны комиссын энэхүү хурал нь зөвхөн хоёр талын улс төрийн төдийгүй худалдаа, эдийн засаг, хүмүүнлэгийн цаг үеийн болон тулгамдсан асуудлыг авч хэлэлцэж, цаашдын хөгжлийн чиг баримжааг зөв тодорхойлох чухал ач холбогдолтой талбар болох нь дамжиггүй.
Монгол Улс нээлттэй улс төрийн тогтолцоо, хариуцлагатай засаглалыг бий болгохыг эрмэлзэж, байгаль орчиндоо ээлтэй хөгжлийн гарцыг эрэлхийлж, эдийн засгаа солонгоруулах, бүс нутгийн дэд бүтцийн бүх талын холболтыг өргөжүүлэх, тэр дундаа эрчим хүч, зам тээвэр, хөдөө аж ахуйн салбарт онцгой анхаарал хандуулах, мөнхийн хөрш оронтойгоо найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхийг чухалчилж байна гэв.
Түүний дараа ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Вячеслав Викторович Володин үг хэлэв.
Монгол Улс, ОХУ-ын парламентын хамтарсан Комиссын анхдугаар хурлыг Улсын Их Хурлын дэд дарга, Монгол Улсын Их Хурал, ОХУ-ын Холбооны Хурал хоорондын хамтын ажиллагааны Комиссын дарга Л.Мөнхбаатар, ОХУ-ын Төрийн Думын дэд дарга, ОХУ-ын Холбооны Хурал хоорондын хамтын ажиллагааны Комиссын дарга Алексей Васильевич Гордеев нар удирдан явууллаа.
Хуралдаанд УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга, УИХ дахь Монгол-Оросын парламентын бүлгийн дэд дарга Б.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, УИХ-ын Ёс зүйн, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга, УИХ дахь Монгол-Оросын парламентын бүлгийн гишүүн Б.Баттөмөр, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга, УИХ дахь Монгол-Оросын парламентын бүлгийн гишүүн Б.Саранчимэг, УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар, УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Оросын парламентын бүлгийн гишүүн Ж.Чинбүрэн нар оролцлоо.
Комиссын Анхдугаар хурлын талаар УИХ-ын дарга Г.Занданшатар болон ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин нар хэвлэл мэдээллийн төлөөлөгчдөд хандан мэдээлэл хийлээ.
Г.Занданшатар: Хоёр улсын парламентын комиссын хурал уламжлалт найрсаг харилцааг бэхжүүлэхэд чиглэсэн шинэлэг механизм юм
УИХ-ын дарга Г.Занданшатар: Энэхүү хамтарсан хурал нь Монгол Улс, ОХУ-ын уламжлалт найрсаг харилцааг цаашид бэхжүүлэхэд чиглэсэн яриа хэлэлцээрийн шинэлэг механизм гэдгээрээ онцлог юм. Хурлын үеэр эдийн засаг, газрын тос, эрчим хүч, байгаль орчин, зам тээвэр, боловсрол, хөдөө аж ахуй, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо.
Энэ хурал нь хоёр улсын парламентын хамтын ажиллагааны түүхэнд шинэ хуудсыг нээж байна. ОХУ-аас гаргасан шатахуун, түлшний экспортын хязгаарлалтын тухай тогтоолд Монгол Улс хамаарахгүй гэдгийг нотлон хэлсэнд талархал илэрхийлье. Мөн цаашид шатахууны тогтвортой нийлүүлэлт, хангамж, үнийн асуудлаархи яриа, хэлэлцээг үргэлжлүүлэхээр боллоо. Манай ноос ноолуур, арьс шир, мах махан бүтээгдэхүүнийг ОХУ-д татваргүй болон татварын хөнгөлөлттэй нөхцөлөөр нийлүүлэхийн тулд хориг саадыг арилгах асуудлаар хэлэлцсэн нь комиссын хуралдааны нэг чухал үр дүн юм. Дараагийн комиссын хуралдааны эхний хэсгийг Москвад хийхээр Оросын тал санал болгосныг бид хүлээн авч байна. ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В. Володин “Найрамдал, нөхөрлөл бол хоёр талын урсгал, хөдөлгөөн байх ёстой” гэж хэлсэн. Тиймээс хоёр улсын парламентын энэхүү уулзалтаар хэлэлцсэн асуудал, гаргасан шийдвэр, тэдгээрийн үзэл санааг хоёр улсын гүйцэтгэх засаглал буюу Засгийн газрууд анхааралдаа авч, Улаанбаатар хотноо болох худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааны Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтад тусгаж, хэрэгжүүлнэ гэж итгэж байна. Эрхэм зочин маань Чингис хааны музейд бэлэгтэй иржээ. Түүхэн үнэ цэнтэй, архивын баримтыг өнөөдөр музейд хүлээлгэн өгнө гэв.
В.В.Володин: Хоёр улсын харилцааны хөгжилд парламентууд чухал хувь нэмэр оруулж байна
ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин: УИХ-ын дарга Г.Занданшатарын танилцуулсан эдгээр шийдвэрүүдийг гаргахад бид удаан хугацаанд хамтран ажилласан бөгөөд үүний үр дүн гэж үзэж байна. Манай хоёр улсын хамтын ажиллагааны үндэс болсон иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа нь дээрх шийдвэрүүд гарах суурь юм. Хоёр улсын парламентын комиссын анхны хурал нь хамтын ажиллагааг хөгжүүлэх, шинэ шатанд гаргах механизм гэдэгт итгэж байна. Парламентын харилцааны шинэлэг механизмын хүрээнд цаашид байнга холбоотой ажиллаж тодорхой шийдвэрүүдийг гаргах учиртай. Хоёр улсын парламентын комиссын анхдугаар хурлын зорилго бол эрчим хүч, хөдөө аж ахуй, байгаль орчин, боловсрол, соёл болон бусад салбарын хамтын ажиллагаанд хууль тогтоох байгууллагаас дэмжлэг үзүүлэхэд оршиж байна. Манай хоёр улсын хамтын ажиллагаа олон арван жилийн түүхтэй. 1921 онд Орос улс Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн анхны улс болж байсан. Үүнээс хойш манай хоёр улс харилцан ашигтай, хамтран ажиллаж, бие биеийнхээ дотоодын хэрэгт оролцохгүй, хүндэтгэх гэсэн зарчимд тулгуурлан хамтын ажиллагаагаа хөгжүүлж байна. Энэхүү харилцааг улам хөгжүүлэхэд хоёр улсын парламент чухал хувь нэмэр оруулж байна. Мөн хоёр улсын төрийн тэргүүн нарын түвшинд хүрсэн бүх тохиролцоог ажил хэрэг болгоход хууль тогтоох байгууллагаас хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхэд хамтран ажиллах ёстой гэв хэмээн УИХ-ын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Улс төр
Зам тээврийн ослын 98 хувь нь жолоочоос шалтгаалж байна

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөлийн 2025 оны эхний хуралдааныг өнөөдөр (2025.04.22) хийлээ.
Хуралдаанаар замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагаа, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх талаар онолын болон практик үндэслэлтэй санал, санаачилгыг дэвшүүлэн, нээлттэй хэлэлцүүллээ.
Хуралдааныг нээж Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан хэлэхдээ “НҮБ-аас 2020-2030 оныг Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах жил болгон зарлаж, зам тээврийн ослын улмаас нас барсан болон гэмтсэн хүний тоог 50 хувь бууруулах зорилт дэвшүүлснийг Монгол Улсын Засгийн газар дэмжиж, стратеги, хөтөлбөр батлан хэрэгжүүлсэн боловч нөхцөл байдал төдийлөн сайжрахгүй байгааг судалгаа, тооцоо харуулж байна.
Тухайлбал, баруун талдаа жолооны хүрдтэй автомашины тоог цөөрүүлэх, Монгол Улсын хэмжээнд ашиглагдаж байгаа тээврийн хэрэгслийн паркийг шинэчлэх, Улаанбаатар төдийгүй суурин газрын замын хөдөлгөөний төлөвлөлт, зохион байгуулалтад цогц шийдэл боловсруулж хэрэгжүүлэх арга хэмжээ хангалтгүй байна. Сүүлийн жилүүдэд уул уурхай, зам, тээврийн бүтээн байгуулалт нэмэгдэхийн зэрэгцээ хүний амь нас хохирсон зам тээврийн осол нэмэгдэх хандлагатай байна.
Иймд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны төлөвлөгөөг хот, суурин газрын ерөнхий төлөвлөгөө, Авто замын мастер төлөвлөгөө, осол гэмтлээс сэргийлэх төлөвлөгөө, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхээр хэрэгжүүлж буй бусад хөтөлбөр болон автотээвэр, авто замын чиглэлээр хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөртэй уялдуулан хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай байна” хэмээн онцоллоо.
Монгол Улсын хэмжээнд сүүлийн таван жилийн хугацаанд зам тээврийн 124,583 осол бүртгэгдэж, 43,5 тэрбум төгрөгийн хохирол учирч, ослын улмаас 2534 хүн нас барж, 14905 хүн гэмтсэнээс үүний дотор 312 хүүхэд амь насаа алдаж, 3861 хүүхэд гэмтсэн нь анхаарал хандуулах асуудлын нэг болоод байгааг мэргэжилтнүүд хэлж байлаа.
Стастистик мэдээллээс үзэхэд зам тээврийн ослын 98 хувь нь жолоочоос шалтгаалж байгаа бөгөөд 2024 онд гэхэд ТЦА-наас 3,075,442 зөрчил илрүүлжээ. Үүнээс 3,068,598-д нь торгууль ногдуулж, 28,155 согтуу жолоочийг илрүүлж, 20,072 жолоочийн эрхийг хасаж, 650 хүнийг баривчилжээ.
Иймд хуралдаанаар замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэхэд системтэй, онолын үндэслэлтэй үйл ажиллагаа явуулахгүй бол цаашид ослын тоо нэмэгдэж болзошгүй байгааг харгалзан хэд хэдэн арга хэмжээ авч ажиллахаар зөвлөмж гаргалаа.
Үүнд:
-Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Монгол Улсын зарим хуулийн заалтыг шинэчлэх, нэмэлт өөрчлөлт оруулах,
-Аюулгүй байдлыг хангах бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг боловсронгуй болгох,
-Урьдчилан сэргийлэх, судалгаа, сургалт сурталчилгааг эрчимжүүлэх,
-Олон нийтийн байгууллага, аж ахуйн нэгж, ард иргэдэд уриалах зэрэг ажлуудыг эрчимжүүлэхээр тогтлоо.
Улс төр
Монгол Улсын хүн амыг нэмэгдүүлэх хөгжлийн бодлогыг дэмжиж, оролцож ажиллахыг эрдэмтэн, судлаачдад санал болголоо

УИХ-ын даргын 2025 оны 68 дугаар захирамжаар байгуулагдсан Монгол хүний амьдралын чанарыг дээшлүүлэх, хүн амын өсөлтийг дэмжих асуудлаар холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, үр нөлөөг дээшлүүлэх асуудлыг судалж, цаашид авах арга хэмжээний талаар санал, дүгнэлт танилцуулах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг (2025.04.21) хуралдлаа.
УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Үүрийнтуяа, монгол хүний амьдралын чанар түүний орчин нөхцөлтэй холбоотой судалгааны дүн, дүгнэлтээ танилцуулахаар ирсэн, их дээд сургууль шинжлэх ухааны байгууллагын эрдэмтэд судлаачдад талархал илэрхийлсэн.
Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвийн Нийгэм, эдийн засгийн судалгааны газрын захирал А.Амарбал Монгол Улсын хүн амын өсөлт, цаашид анхаарах асуудлын талаарх судалгаагаа танилцуулсан. Тэрбээр, манай улсад 3-4 хүүхэдтэй айл олон хүүхэдтэй өрхөд тооцогдож байна. Тодруулбал, гурваас дээш хүүхэдтэй 167.000 өрх байна. Хүн амаа нэмэгдүүлэх төрийн бодлого хэрэгжүүлэхгүй бол 2036 он орчимд 4 сая дэх иргэнээ хүлээж авах нөхцөлд хүрээд байна гээд хүн ам, хөгжлийн бодлогоо шинэчлэх, нөхөн үржихүйн эрүүл мэндийг дэмжих бодлого хэрэгжүүлэх, олон хүүхэдтэй гэр бүлийн амьжиргааг дэмжих, цэцэрлэг, сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх, зардлыг бууруулах замаар хүн амаа өсгөх зэрэг шийдлүүдийг санал болгосон юм.
МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Антропологи, археологийн тэнхимийн эрхлэгч Ц.Болормаа эрдэмтэн, судлаачдын судалгааны дүн, шийдлийн талаарх саналыг сонсож байгаад талархаж байгаагаа илэрхийлээд, хүн амаа өсгөх асуудлыг үзэл баримтлалын хувьд зөв эхлүүлэх нь зүйтэй хэмээлээ. Тэрбээр, Хүн ам зүйг дэмжих бодлого хуулиудад туссан байдаг ч, үр дүнг нь тооцож байгаагүй. Иймд илүү өндөр зорилтот, 10-15 жил, түүнээс ч урт хугацаанд үр дүнгээ өгөх бодлогын хэрэгцээ, шаардлага байгааг хэлж байв.
МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Антропологи, археологийн тэнхимийн багш Б.Энхцэцэг, Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд хожуу төрөх болсон. Хожуу төрвөл 1-2 хүүхэд төрүүлэх боломжтой. Цаашид 2030 оноос төрөлт улам буурсаар байх бөгөөд, хүн амаа өсгөх бодлого хэрэгжүүлнэ гэвэл өрхийн зохимжит хүүхдийн тоог 3-4 байхаар тооцож, хүүхдийн тооноос хамаарах мөнгөн тэтгэмжийн хөшүүргээс гадна, залуус, ирээдүйн эцэг, эхчүүдийн хандлагад нь нөлөөлөх цаг ирсэн гэдгийг тодотгосон.
Удирдлагын академийн Улсын салбарын удирдлагын тэнхимийн эрхлэгч Б.Нарантулга нийгмийн халамж, хүн ам зүйн өсөлтийн бодлогын зохицуулалтыг тусад нь авч үзэх шаардлагатай гээд, 3-аас дээш хүүхэдтэй өрхөд олгох мөнгөн тэтгэмжийн дүнг өсгөснөөр эдийн засгийн боломжийг нь бүрдүүлнэ гэдэгтэй санал нэг байгаагаа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Үүрийнтуяа Монгол Улс хүн амаа өсгөхийн тулд эдийн засгаа сайжруулах, эдийн засгаа сайн авч явахын тулд хүн амаа өсгөх харилцан хамаарал дээр төр, засгийн бодлогоо хэрэгжүүлж байна. Хүн ам зүйгээр мэргэшсэн цөөн хэдэн судлаачдын гурван төрлийн судалгааны ажлууд, санаануудыг цогц нэг ажил гэж харж байна. УИХ-ын даргын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн дэргэд эрдэмтдээс бүрдсэн дэмжих баг ажиллах шаардлагатай. Баг бүрэлдэхүүн, судлаачдынхаа хамтаар манай ажлын хэсгийг дэмжиж, хамтран ажиллахыг санал болгож байна гэлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Улс төр
Өнөөдөр хуралдах УИХ-ын байнгын хороод

Монгол Улсын Их Хурлын байнгын хороодын өнөөдрийн /2025.04.22/ хуралдааны хэлэлцэх асуудал, товыг танилцуулж байна.
Д/Д | ХУРАЛДААН | ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ | ЦАГ | ТАНХИМ |
1 | Эдийн засгийн байнгын хороо | · Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр ирүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ, үргэлжилнэ/
· Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр ирүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ./ · Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Э.Батшугар 2024.12.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ |
10.00 | “Жанжин Д.Сүхбаатар” |
2 | Нийгмийн бодлогын байнгын хороо | · Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн сонсголын тайлан
· Улсын Их Хурлын 2024 оны 38 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх Эрүүл мэндийн сайдын мэдээллийг сонсох |
14.00 | “Их Эзэн Чингис хаан” |
3 | Хууль зүйн байнгын хороо | · Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2025.01.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ | 14.30 | “Жанжин Д.Сүхбаатар” |
-
Нийгэм8 цаг өмнө
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг дэмжсэнгүй
-
Улс төр9 цаг өмнө
Зам тээврийн ослын 98 хувь нь жолоочоос шалтгаалж байна
-
Нийгэм11 цаг өмнө
Авлигын дөрвөн хэргийг шүүхэд шилжүүлжээ
-
Улс төр15 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ
-
Нийгэм10 цаг өмнө
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг байршууллаа
-
Эдийн засаг9 цаг өмнө
НӨАТ-ын буцаан олголт энэ сард иргэдийн дансанд орно
-
Эдийн засаг14 цаг өмнө
Шивээхүрэн боомтоор 758 мянган тонн нүүрс экспортолжээ
-
Нийгэм13 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 688 тохиолдол бүртгэгджээ