Улс төр
ХЗБХ: Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.
Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр танилцууллаа.
Засгийн газраас энэ сарын 13-ны өдөр Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн юм. Хууль зүй, дотоод хэргийн сайд төсөл санаачлагчийн илтгэлийн эхэнд “Бага насны хүүхдийг алах, хүчиндэх, хүүхдийн эсрэг үйлдсэн бэлгийн мөлжлөг, хүүхдийн эсрэг хүн худалдаалах гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг 30 жил, бүх насаар хорих ялтай болж, хөөн хэлэлцэх хугацаа тооцохгүй байх өөрчлөлтийг төсөлд тусгасан. Хүн алах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн, бага насны хүүхдийг алах, бага насны хүүхдийг хүчиндэх, бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн бэлгийн мөлжлөг, хүүхдийн эсрэг хүн худалдаалах гэмт хэргүүдэд өршөөл үзүүлэхгүй. Хүүхдийн эсрэг эдгээр гэмт хэргээс гадна аливаа төрлийн авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж хорих ял эдэлж байгаа этгээд, хүн алах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнээр хорих ял эдэлж байгаа этгээдийг хугацаанаас нь өмнө суллахгүй байх зохицуулалтыг төсөлд тусгасан” гэлээ. Түүнчлэн бага насны хүүхдийг алах, бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэгт оногдуулах ялын дээд хэмжээ одоо 20 жил байгааг 25 жил болгохоор холбогдох өөрчлөлтийг төсөлд тусгасан байна.
Бага насны хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэрэгт оногдуулах ялын бодлого 2015 оны Эрүүгийн хуулиар багассан байна. 2018-2022 он буюу сүүлийн 5 жилийн байдлаар хүчиндэх гэмт хэргийн хохирогчдын 62.7 хувь хүүхэд байсан гэх тоон мэдээг дурдав. Энэ төрлийн гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогыг чангатгах шаардлага байгаа талаар Б.Энхбаяр сайд тайлбарлаж, холбогдох тоон мэдээллийн мөн танилцууллаа. Түүнчлэн дээр дурдагдсан гэмт хэргүүдэд өршөөл үзүүлэхгүй байхаар төсөлд тусгажээ.
Эрүүгийн хууль дахь бага насны хүүхдийн насны хязгаар 14 байсныг өөрчилж, 16 болгохоор Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсөлд тусгагдсан байна. Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн тайлбарын “арван дөрвөн” гэснийг “арван зургаан” гэж өөрчилж, бага насны хүүхдийн насны дээд хязгаарыг 2 насаар нэмэгдүүлснээр Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан зарим төрлийн гэмт хэргийн ялын бодлого чангарах юм байна. Тухайлбал, одоогийн Эрүүгийн хуулиар 14 насанд хүрсэн 16 насанд хүрээгүй хүнийг алсан, эсхүл хүчиндсэн тохиолдолд 8-15 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан бол бага насны хүүхдийн насны дээд хязгаарыг нэмэгдүүлснээр 12-25 жил хүртэл хугацаагаар хорих, эсхүл бүх насаар хорих ял оногдуулахаар байна. Түүнчлэн бага насны хүүхдийн эсрэг бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах, бага насны хүүхдийн эсрэг бэлгийн мөлжлөг, бага насны хүүхдийг аюултай байдалд орхих, тусламж үзүүлэхгүй байх, бага насны хүүхдийг оролцуулж садар самуун сурталчлах, хүн хулгайлах, хүний эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр, хүнд хохирол санаатай учруулах гэх зэрэг гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогыг чангалж байгаа юм. Үүний зэрэгцээ хүчиндэх гэмт хэргийн шинжийг тодорхой болгож, бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл, бэлгийн харьцаанд орсон гэж ялгаатай байхаар төсөлд тусгасан байна.
Одоо хэрэгжиж буй хуульд энэ төрлийн үйлдлийг ялгалгүй, шийдвэрлэхээр хуульчлагдсан байдаг. Үүнийг өөрчилж, бэлгийн харьцаанд орсон хүчиндэх гэмт хэрэгт 1-5 жилийн хорих ял оногдуулдаг байсныг 2-8 жил болгож, тэнсэхгүй байх; 16 насанд хүрээгүй хүнийг жирэмсэн болгосон, гэр бүлийн хамаарал бүхий 16 насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн гэмт хэрэгт оногдуулах хорих ял 8-15 жил байгааг 12-25 жил болгон нэмэгдүүлж, бүх насаар нь хорих ял оногдуулах; мөрдөн шалгах арга ажиллагааны нууцыг задруулж байгаа албан хаагч, ажилтанд 1 сараас 1 жил байсныг нэмэгдүүлж 6 сараас 3 жил болгох, шүүгч, прокурор, хууль сахиулагч, өмгөөлөгч, албан үүргийн дагуу олж мэдсэн албан хаагч мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулж, нууцалсан гэрчийг илчилсэн тохиолдолд торгох, эсвэл 6 сараас 3 жил хорих ял оногдуулж байгааг өөрчлөн, торгох ялыг хасаж, 1-5 жил хорих ялтай болгох зохицуулалтуудыг төсөлд тусгасан байна.
Засгийн газрын зүгээс согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох үйлдлийг таслан зогсоох санаачилга дэвшүүлж, энэ хүрээнд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг гэмт хэрэгт тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг бүхэлд нь нэмэгдүүлээд, улмар энэ төрлийн эрхийг бүх насаар нь хасах зохицуулалтыг хуульчлах нь зүйтэй хэмээн үзэж төсөл тусгажээ. Мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдэлд дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр тусгасныг Б.Энхбаяр сайд төслийн талаарх танилцуулгадаа дурдлаа. Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах юм бол 3-5 жил, хүнд хохирол учруулсан тохиолдолд 5-8 жил, согтуурсан мансуурсан үедээ хүний амь нас хохироосон бол бүх насаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэлт ял оногдуулах нь зүйтэй хэмээн үзэж, төсөлд холбогдох зохицуулалтыг тусгасан байна.
Төслийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авав. Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, төсөл дэх “Мөрдөн шалгах ажиллагааны талаарх баримт, мэдээллийг олж мэдсэн хүн…” хэмээн агуулгыг өргөжүүлж байгаа талаар тодрууллаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь мөрдөн байцаагч, шүүх, прокурор, өмгөөлөгч гэсэн 4 этгээдийн хүрээнд бас явагддаггүй. Хэлмэрч, орчуулагч, шинжээч, хөндлөнгийн гэрч, эрүүгийн хэрэг дэх иргэний хариуцагч иргэний нэхэмжлэгч гэх зэрэг этгээд мөрдөн шалгах үйл ажиллагааны хавтаст хэрэгтэй танилцдаг. Энэ бүхнийг хамруулахын тулд зөвхөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон этгээдүүдийг ойлгохоор, дээрх нэр томьёог хэрэглэсэн гэдэг тайлбарыг Хууль зүй, дотоод хэргийн сайд тайлбарлав. Түүнчлэн Н.Алтанхуяг гишүүний лавласны дагуу “мөрдөн шалгах ажиллагааны нууц” гэх томьёоллын талаар тайлбар өгсөн. Энэ нь үйл баримт буюу тухайн хавтаст хэрэгт байгаа үйл баримтын тухай мэдээлэгдэхгүй байх асуудал биш. Тухайн хэргийг илрүүлэх зорилгоор гэрч, хохирогчийг хамгаалах зорилгоор нууцалж байгаа арга ажиллагаатай холбоотой мэдээллийг хэлж байгаа учир нууц байх нь зүй ёсны шаардлага гэдэг тайлбарыг өгөв.
Хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэгт оногдуулах ялыг бодлогыг чангатгах нийгмийн шаардлагын дагуу боловсруулж, өргөн мэдүүлсэн энэхүү төсөлд мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулах гэмт хэрэг болон автотээврийн хэрэгслийг согтуурсан, мансуурсан үедээ жолоодох үйлдэлд оногдуулах ялыг хамруулж байгааг дэмжихгүй байгаагаа Ш.Адьшаа гишүүн илэрхийлсэн. Төслийг боловсруулахдаа нийгмийн шаардлагаар хандаагүй, судалгаанд суурилсан гэдэг мэдээллийг Б.Энхбаяр сайд тэмдэглэлээ. Тодорхой төрлийн гэмт хэргийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэхэд энэ төрлийн гэмт хэргийн гаралт нэмэгддэг, өөрөөр хэлбэл мэдээлэл сэдэлжүүлдэг гэдгийг холбогдох тоо баримт нотолно гээд Б.Энхбаяр сайд тоон мэдээлэл танилцуулсан юм. Мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулах гэмт хэрэг нь сүлжээ болсон, улмаар сүрдүүлэх, онц их хэмжээний хахууль авах гэмт хэргийн шалтгаан болж байгаа учир шийдвэрлэх шаардлагатай хэмээн үзсэн гэв. Улсын Их Хурлын гишүүн Ц.Сэргэлэн ялын бодлогод сонгох хувилбар өргөн байгааг тодруулав. Тухайлбал, 16 насанд хүрээгүй хүнийг жирэмсэн болгосон, гэр бүлийн хамаарал бүхий 16 насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн гэмт хэрэгт 12-25 жилийн хорих ял оногдуулах, эсхүл бүх насаар хорих ял оногдуулахаар төсөлд тусгасан. Ийм ялгавартай ялын бодлого оновчтой эсэхийг, шууд бүх насаар нь хорих ял оногдуулахаар хуульчлахын үр дагаварын талаар тэрбээр асуулаа. Мөн тодорхой төрлийн гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийн мэдээллийг нийтэд ил болгох тохиолдолд үүсэх үр дагаварын талаар тодруулсан. Бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогыг чангалж, тухайн этгээдэд эдэлсэн хорих ялын 50 хувьтай тэнцэх хугацаагаар цахим хяналтад, байнгын цагдаагийн байгууллагын хяналтад байлгахаар, түүнчлэн холбогдох мэдээллийг ил тод хэвлэл мэдээллийн хэрэгсэлд байршуулахаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдэд тусгасан хэмээн Б.Энхбаяр сайд хариулт өгсөн. Гэмт хэргийн нөхцөл байдал нь ялгаатай, хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөлүүдтэй байдгаас үүдэн оногдуулах ялыг өргөн хүрээнд хуульчилдаг болохыг ажлын хэсэг тайлбарлав.
Автотээврийн хэрэгслийг согтуурсан, мансуурсан үедээ жолоодох үйлдлийг гэмт хэрэг болгосноор үүсэх нөхцөл, үр дагаварын талаар Ш.Раднаасэд гишүүн онцолж, ял шийтгэлийн бодлогыг оновчтой болгох шаардлагын талаар байр сууриа илэрхийлсэн. Мөн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд дунд Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээд нь эрх бүхий албан тушаалтан, шүүхээс оногдуулсан торгох шийтгэлийг хуулиар тогтоосон хугацаанд биелүүлэх бол шийтгэлийн хэмжээг тавин хувиар хөнгөрүүлнэ” гэж өөрчлөлт оруулахаар тусгасан байгааг тодрууллаа. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодоод гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд үүнээс үүдэх хууль зүйн үр дагавар их, оногдуулах ялын хувьд 450-2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 6 сараас 1 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 6 сараас 1 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх зэрэг 4 төрлийн шийтгэл оногдуулахаар байгааг хэлсэн. Мэдээж эхний удаад тухайн үйлдлийн үр дагавараас хамаарч торгох, нийтэд тустай ажил хийлгэх зэрэг шийтгэлийг шүүх оногдуулах, давтан үйлдэх тохиолдолд хорих ял оноох байдлаар хэрэглэх талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд тайлбарласан. Үүний сацуу энэ төрлийн гэмт хэрэг үйлдвэл гадаад улс орнуудын визэнд орох, тодорхой төрлийн ажил эрхлэх боломжгүй болох бөгөөд товчхондоо согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох үйлдлийг дор бүрнээ таслан зогсоох нь зөв шийдвэр байх болно гэдэг хариултыг өгсөн. Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар төслийг дэмжиж буйгаа илэрхийлээд, үүний зэрэгцээ брдит байдал дээр үүсэж болох нөхцөл байдлуудыг тооцож шийтгэл оногдуулах согтолтын хэмжээний талаар лавлав.
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, хүмүүжүүлэх, түүнчлэн энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох үйлийг гэмт хэрэгт тооцох ялын бодлогыг чангаруулах нь зүйтэй хэмээн үзсэн гэдгээ Б.Энхбаяр сайд хэллээ. Нийгэмд энэ төрлийн үйлдлийг гэмт хэрэгт тооцож, оногдуулах ялыг чангатгах мэдээлэл тархсаны дараа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил үүнээс өмнөх долоо хоногтой харьцуулахад 42-47 хувь буурсан гэдэг тоон мэдээллийг тэрбээр хариултдаа дурдсан. Энэхүү чангатгасан ялын бодлого тогтвортой хэрэгжээд явахаар нийтээрээ зөв дадал хэвшилд суралцана, согтууруулах ундаа амссан тохиолдолд тээврийн хэрэгсэл жолоодох тухай бодол хүн бүрийн оюун ухаанаас арчигддаг байх ёстой гэдэг хариултыг Б.Энхбаяр сайд өгөв. Мөн тэрбээр Тамхины хяналтын тухай хуульд 2015 онд оруулсан өөрчлөлтийн төслийг санаачилах, хэлэлцэх үеийн нийгмийн сэтгэлзүй, өнөөдрийн үр дүнгийн талаар жишээ болгон дурдсан. Согтолтын хэмжээний талаарх асуултад ажлын хэсэг хариулахдаа Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 4 дүгээр зүйлд хүнсний зориулалтын түүхий эдээр үйлдвэрлэсэн спирт, 2 хувиас дээш хатуулагтай нэршлээс үл хамаарсан бүх төрлийн архи, дарс, шар айраг зэргийг “согтууруулах ундаа” хэмээн хуульчилсан, аливаа төрлийн согтууруулах ундаа нь хүний биеийн онцлогоос хамаарч өөр өөр нөлөөлдөг гэв. Эрүүл мэндийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2021 оны А/506, A/176 дугаартай хамтарсан тушаалаар батлагдсан “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах журам”-аар тээврийн хэрэгсэл жолоодож явсан болон жолоодсон байж болзошгүй этгээд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0,20 промиль, эсхүл цусан дахь спиртийн агууламж 0,5 промиль илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзэх зохицуулалттай юм.
Тодорхой төрлийн гэмт хэргүүдэд оногдуулах ялын бодлогыг чангатгахыг дэмжиж байгаа ч үүний зэрэгцээ гэрч, хохирогчийг хамгаалах асуудлыг онцгой анхаарах шаардлагын талаар Ц.Мөнхцэцэг гишүүн хөндөж, тодорхой асуудлаар тодруулга хийсэн бол Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж буйгаа илэрхийлсэн юм. Д.Цогтбаатар гишүүн даяаршсан цаг үед амьдарч буй онцлогоо тооцох шаардлагыг хэлж, Монгол Улсын олон иргэн гадаад улс оронд ажиллаж, амьдарч, суралцаж байгааг тодотгов. Бусад улс оронд гэр бүл болох насыг янз бүрээр тодорхойлсон байдаг жишээг дурдсан. Тухайн улс орондоо зөвшөөрөгдсөн харилцаа нь Монгол Улсад ирэхэд эрх зүйн ямар үр дагавар үүсгэж болохыг тооцох, Эрүүгийн хууль дахь насны зохицуулалтыг өөрчлөх нь Иргэний хууль дахь иргэний эрх зүйн бүрэн бус чадамжийн талаарх зохицуулалттай нийцэх эсэхийг тодруулж, хариулт авсан юм.
Ийнхүү Байнгын хорооны хуралдаанд оролцож буй Улсын Их Хурлын гишүүд төсөл санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан асуулт асууж, хариулт авсны дараа Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар төслийн үзэл баримтлалтай холбогдуулан үг хэлсэн. Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 11 гишүүний 72.7 хувь нь Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжлээ. Иймд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Улс төр
Зам тээврийн ослын 98 хувь нь жолоочоос шалтгаалж байна

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөлийн 2025 оны эхний хуралдааныг өнөөдөр (2025.04.22) хийлээ.
Хуралдаанаар замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагаа, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх талаар онолын болон практик үндэслэлтэй санал, санаачилгыг дэвшүүлэн, нээлттэй хэлэлцүүллээ.
Хуралдааныг нээж Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан хэлэхдээ “НҮБ-аас 2020-2030 оныг Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах жил болгон зарлаж, зам тээврийн ослын улмаас нас барсан болон гэмтсэн хүний тоог 50 хувь бууруулах зорилт дэвшүүлснийг Монгол Улсын Засгийн газар дэмжиж, стратеги, хөтөлбөр батлан хэрэгжүүлсэн боловч нөхцөл байдал төдийлөн сайжрахгүй байгааг судалгаа, тооцоо харуулж байна.
Тухайлбал, баруун талдаа жолооны хүрдтэй автомашины тоог цөөрүүлэх, Монгол Улсын хэмжээнд ашиглагдаж байгаа тээврийн хэрэгслийн паркийг шинэчлэх, Улаанбаатар төдийгүй суурин газрын замын хөдөлгөөний төлөвлөлт, зохион байгуулалтад цогц шийдэл боловсруулж хэрэгжүүлэх арга хэмжээ хангалтгүй байна. Сүүлийн жилүүдэд уул уурхай, зам, тээврийн бүтээн байгуулалт нэмэгдэхийн зэрэгцээ хүний амь нас хохирсон зам тээврийн осол нэмэгдэх хандлагатай байна.
Иймд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны төлөвлөгөөг хот, суурин газрын ерөнхий төлөвлөгөө, Авто замын мастер төлөвлөгөө, осол гэмтлээс сэргийлэх төлөвлөгөө, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхээр хэрэгжүүлж буй бусад хөтөлбөр болон автотээвэр, авто замын чиглэлээр хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөртэй уялдуулан хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай байна” хэмээн онцоллоо.
Монгол Улсын хэмжээнд сүүлийн таван жилийн хугацаанд зам тээврийн 124,583 осол бүртгэгдэж, 43,5 тэрбум төгрөгийн хохирол учирч, ослын улмаас 2534 хүн нас барж, 14905 хүн гэмтсэнээс үүний дотор 312 хүүхэд амь насаа алдаж, 3861 хүүхэд гэмтсэн нь анхаарал хандуулах асуудлын нэг болоод байгааг мэргэжилтнүүд хэлж байлаа.
Стастистик мэдээллээс үзэхэд зам тээврийн ослын 98 хувь нь жолоочоос шалтгаалж байгаа бөгөөд 2024 онд гэхэд ТЦА-наас 3,075,442 зөрчил илрүүлжээ. Үүнээс 3,068,598-д нь торгууль ногдуулж, 28,155 согтуу жолоочийг илрүүлж, 20,072 жолоочийн эрхийг хасаж, 650 хүнийг баривчилжээ.
Иймд хуралдаанаар замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэхэд системтэй, онолын үндэслэлтэй үйл ажиллагаа явуулахгүй бол цаашид ослын тоо нэмэгдэж болзошгүй байгааг харгалзан хэд хэдэн арга хэмжээ авч ажиллахаар зөвлөмж гаргалаа.
Үүнд:
-Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Монгол Улсын зарим хуулийн заалтыг шинэчлэх, нэмэлт өөрчлөлт оруулах,
-Аюулгүй байдлыг хангах бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг боловсронгуй болгох,
-Урьдчилан сэргийлэх, судалгаа, сургалт сурталчилгааг эрчимжүүлэх,
-Олон нийтийн байгууллага, аж ахуйн нэгж, ард иргэдэд уриалах зэрэг ажлуудыг эрчимжүүлэхээр тогтлоо.
Улс төр
Монгол Улсын хүн амыг нэмэгдүүлэх хөгжлийн бодлогыг дэмжиж, оролцож ажиллахыг эрдэмтэн, судлаачдад санал болголоо

УИХ-ын даргын 2025 оны 68 дугаар захирамжаар байгуулагдсан Монгол хүний амьдралын чанарыг дээшлүүлэх, хүн амын өсөлтийг дэмжих асуудлаар холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, үр нөлөөг дээшлүүлэх асуудлыг судалж, цаашид авах арга хэмжээний талаар санал, дүгнэлт танилцуулах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг (2025.04.21) хуралдлаа.
УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Үүрийнтуяа, монгол хүний амьдралын чанар түүний орчин нөхцөлтэй холбоотой судалгааны дүн, дүгнэлтээ танилцуулахаар ирсэн, их дээд сургууль шинжлэх ухааны байгууллагын эрдэмтэд судлаачдад талархал илэрхийлсэн.
Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвийн Нийгэм, эдийн засгийн судалгааны газрын захирал А.Амарбал Монгол Улсын хүн амын өсөлт, цаашид анхаарах асуудлын талаарх судалгаагаа танилцуулсан. Тэрбээр, манай улсад 3-4 хүүхэдтэй айл олон хүүхэдтэй өрхөд тооцогдож байна. Тодруулбал, гурваас дээш хүүхэдтэй 167.000 өрх байна. Хүн амаа нэмэгдүүлэх төрийн бодлого хэрэгжүүлэхгүй бол 2036 он орчимд 4 сая дэх иргэнээ хүлээж авах нөхцөлд хүрээд байна гээд хүн ам, хөгжлийн бодлогоо шинэчлэх, нөхөн үржихүйн эрүүл мэндийг дэмжих бодлого хэрэгжүүлэх, олон хүүхэдтэй гэр бүлийн амьжиргааг дэмжих, цэцэрлэг, сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх, зардлыг бууруулах замаар хүн амаа өсгөх зэрэг шийдлүүдийг санал болгосон юм.
МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Антропологи, археологийн тэнхимийн эрхлэгч Ц.Болормаа эрдэмтэн, судлаачдын судалгааны дүн, шийдлийн талаарх саналыг сонсож байгаад талархаж байгаагаа илэрхийлээд, хүн амаа өсгөх асуудлыг үзэл баримтлалын хувьд зөв эхлүүлэх нь зүйтэй хэмээлээ. Тэрбээр, Хүн ам зүйг дэмжих бодлого хуулиудад туссан байдаг ч, үр дүнг нь тооцож байгаагүй. Иймд илүү өндөр зорилтот, 10-15 жил, түүнээс ч урт хугацаанд үр дүнгээ өгөх бодлогын хэрэгцээ, шаардлага байгааг хэлж байв.
МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Антропологи, археологийн тэнхимийн багш Б.Энхцэцэг, Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд хожуу төрөх болсон. Хожуу төрвөл 1-2 хүүхэд төрүүлэх боломжтой. Цаашид 2030 оноос төрөлт улам буурсаар байх бөгөөд, хүн амаа өсгөх бодлого хэрэгжүүлнэ гэвэл өрхийн зохимжит хүүхдийн тоог 3-4 байхаар тооцож, хүүхдийн тооноос хамаарах мөнгөн тэтгэмжийн хөшүүргээс гадна, залуус, ирээдүйн эцэг, эхчүүдийн хандлагад нь нөлөөлөх цаг ирсэн гэдгийг тодотгосон.
Удирдлагын академийн Улсын салбарын удирдлагын тэнхимийн эрхлэгч Б.Нарантулга нийгмийн халамж, хүн ам зүйн өсөлтийн бодлогын зохицуулалтыг тусад нь авч үзэх шаардлагатай гээд, 3-аас дээш хүүхэдтэй өрхөд олгох мөнгөн тэтгэмжийн дүнг өсгөснөөр эдийн засгийн боломжийг нь бүрдүүлнэ гэдэгтэй санал нэг байгаагаа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Үүрийнтуяа Монгол Улс хүн амаа өсгөхийн тулд эдийн засгаа сайжруулах, эдийн засгаа сайн авч явахын тулд хүн амаа өсгөх харилцан хамаарал дээр төр, засгийн бодлогоо хэрэгжүүлж байна. Хүн ам зүйгээр мэргэшсэн цөөн хэдэн судлаачдын гурван төрлийн судалгааны ажлууд, санаануудыг цогц нэг ажил гэж харж байна. УИХ-ын даргын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн дэргэд эрдэмтдээс бүрдсэн дэмжих баг ажиллах шаардлагатай. Баг бүрэлдэхүүн, судлаачдынхаа хамтаар манай ажлын хэсгийг дэмжиж, хамтран ажиллахыг санал болгож байна гэлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Улс төр
Өнөөдөр хуралдах УИХ-ын байнгын хороод

Монгол Улсын Их Хурлын байнгын хороодын өнөөдрийн /2025.04.22/ хуралдааны хэлэлцэх асуудал, товыг танилцуулж байна.
Д/Д | ХУРАЛДААН | ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ | ЦАГ | ТАНХИМ |
1 | Эдийн засгийн байнгын хороо | · Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр ирүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ, үргэлжилнэ/
· Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр ирүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ./ · Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Э.Батшугар 2024.12.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ |
10.00 | “Жанжин Д.Сүхбаатар” |
2 | Нийгмийн бодлогын байнгын хороо | · Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн сонсголын тайлан
· Улсын Их Хурлын 2024 оны 38 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх Эрүүл мэндийн сайдын мэдээллийг сонсох |
14.00 | “Их Эзэн Чингис хаан” |
3 | Хууль зүйн байнгын хороо | · Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2025.01.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ | 14.30 | “Жанжин Д.Сүхбаатар” |
-
Нийгэм5 цаг өмнө
Авлигын дөрвөн хэргийг шүүхэд шилжүүлжээ
-
Эдийн засаг8 цаг өмнө
Шивээхүрэн боомтоор 758 мянган тонн нүүрс экспортолжээ
-
Нийгэм7 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 688 тохиолдол бүртгэгджээ
-
Улс төр8 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ
-
Нийгэм4 цаг өмнө
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг байршууллаа
-
Улс төр2 цаг өмнө
Зам тээврийн ослын 98 хувь нь жолоочоос шалтгаалж байна
-
Улс төр8 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын байнгын хороод
-
Нийгэм7 цаг өмнө
АТГ: Нийтийн албанд томилогдох 767 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав