Улс төр
УИХ-ын дарга Г.Занданшатар “Малчин өрхүүдийн нэгдсэн холбоо” байгуулах санаачлага дэвшүүлэв

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат нар Хэнтий аймагт ажиллаа.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын санаачилгаар энэ сарын 21-22-ны өдрүүдэд Хэнтий аймагт болсон “Эрдэнэт сүргийн эзэд” малчдын чуулганд тус аймгийн нийт 18 сумын 570 гаруй малчин оролцсон юм. Чуулганы үеэр мал аж ахуйн салбарын өнөөгийн байдал, цаашдын төлөв, малын гаралтай бүтээгдэхүүний ашиг шимийг сайжруулах санал санаачилга, бэлчээрийн хомсдол, цөлжилт, малчдын нийгмийн асуудал зэрэг сэдвээр бодлого тодорхойлогчид, эрдэмтэн судлаачид, олон нийтийн төлөөллийн хамт нээлттэй хэлэлцлээ. Энэ оны байдлаар Хэнтий аймгийн мал сүргийн тоо толгой 5.1 саяд хүрсэн бөгөөд малын таваарлаг чанар, үүлдэрлэг байдлыг нэмэгдүүлж, бүс нутагтаа эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлж, малын эрүүл мэндэд онцгой анхаарах зорилт дэвшүүлсэн гэдгийг аймгийн удирдлагууд хэлж байлаа.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар чуулганы нээлтэд хэлсэн үгэндээ, Монгол Улсын 2024 оны төсвийн төслийг хэлэлцэж байгаа энэ үед ирэх оны төсвийн бодлого “Хот, хөдөөгийн сэргэлт”-д онцгой анхаарлаа хандуулж байгааг тодотгоод, мал аж ахуй бол эдийн засгийн тулгуур салбаруудын нэг учраас тогтолцооны зохион байгуулалтыг эхлүүлэх санаачилгыг дэвшүүлэв. Тэрбээр, хүн амын тархалт, байршил, нутаг дэвсгэрийн хэмжээ, соёл, зан заншил, байгаль-эдийн засгийн нөхцөл, хүн амд үзүүлэх үйлчилгээ, зам харилцаа, үйлдвэрлэл бизнес, хүрээлэн буй орчны асуудлуудыг цогцоор шийдвэрлэх мал аж ахуйн цоо шинэ тогтолцоо бүрдүүлэх нь зайлшгүй чухал зорилт гэдгийг тэмдэглэн хэлсэн юм. Ийм тогтолцооны зохион байгуулалтын тохиромжтой хэлбэр нь Монголын түүхэн дэх Сум-нэгдлийн тогтолцооны ололттой туршлагад тулгуурлаж, дэлхийн улс орнуудын Хоршооллын дэвшилтэт туршлагыг шингээх явдал гарцаагүй мөн гэдгийг онцоллоо.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, “Малчин өрхүүдийн нэгдсэн холбоо” байгуулснаар малчдад хөдөлмөрөө хорших, нийтлэг эрх ашгийнхаа төлөө хамтран нэгдэж ажиллах, мал аж ахуйн үйлдвэрлэлийг жинхэнэ үйлдвэрлэгч-борлуулагч-нэмүү өртөг бүтээгч-ашгаа өөрсдөө хүртэгч системд шилжүүлэх боломж бүрдэх юм гэдгийг дурдлаа. Монгол Улсын мал аж ахуйн салбарын нийт үйлдвэрлэлийн хэмжээ 8.9 их наяд төгрөг байгаа ч мал сүргийн ашиг шимийн бууралт, мөн боломжит нөөцийг ашиглаж чадахгүй байгаагаас шалтгаалж үүнийг 2.5-3 дахин нэмэгдүүлэх боломжоо алдаж байгааг судлаачид хэлдэг. Хоршооллын шилдэг туршлагыг хэрэгжүүлсэн БНСУ-ын хувьд 1960-аад оны эхээр хоршооллын хөдөлгөөнийг эхлүүлж, цагаан будаа, хүнсний ногоо, мал аж ахуй, хүн орхоодой, загас агнуур, жимс жимсгэнэ гэсэн үндсэн зургаан чиглэлээр хөдөө аж ахуйг түлхүү хөгжүүлж эхэлсэн байна. Банк, санхүүгийн байгууллагуудад түшиглэн богино хугацаанд бизнес, үйл ажиллагааны бүтцийг бий болгож хоршооллын байгууллагыг анхан шатны хоршоод, мужийн холбоод, үндэсний холбоо гэсэн 3 шатлал бүхий босоо тогтолцоотойгоор зохион байгуулсны үр дүнд, тус улсын хөдөө аж ахуйн хоршооллын хөдөлгөөн нь 2.2 сая гишүүнтэй 1,131 хоршоог эгнээндээ нэгтгэжээ.
Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат мал аж ахуйн салбарт төрөөс баримтлах бодлого, чиглэлд малчид, иргэдээс ирүүлсэн санал, санаачилгын хэрэгжилтээс танилцуулж, малын эрүүл мэнд, индексжүүлсэн даатгалын талаар дэвшилтэт туршлага, зөвлөмж мэдээллээс хуваалцлаа. Хэнтийн аймгийн тухайд нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 2022 онд 9 сая төгрөгт хүрсэн бөгөөд ирэх онд улсын төсвийн санхүүжилтээр нийт 42 төслийг хэрэгжүүлэхээр тусгаад байгаа юм. Түүнчлэн ХХААХҮ-ийн дэд сайд М.Батхүлэгийн мэдээлснээр, Монгол Улс энэ оны 9 сарын байдлаар нийт 52 000 тонн мах экспортлоод байгаа бөгөөд ирэх онд мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, үүнд чиглэсэн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжих нэгдсэн бодлогыг үргэлжлүүлнэ гэв.
“Эрдэнэт сүргийн эзэд” чуулганаар мал аж ахуйн салбарт төрөөс баримталж буй бодлого чиглэл, зорилтот төсөл хөтөлбөрүүдийг танилцуулснаас гадна, ямааны ноолуурын чанарыг сайжруулж, дотоод, гадаадын зах зээлд нийлүүлэх боломж, байгальд ээлтэй мал аж ахуй, эрчимжсэн мал аж ахуйн жишиг шийдэл, малын индексжүүлсэн даатгал зэрэг сэдвүүдээр илтгэл хэлэлцүүлэн, иргэд, олон нийтийн зүгээс асуулт тавьж, санал бодлоо илэрхийлсэн юм. Түүнчлэн Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат нар төрийн албан хаагчдын төлөөлөлтэй уулзаж, Монгол Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүд, иргэдийн засаглах эрхийг цахимаар хангах “D-Parliament” платформд ирүүлсэн саналууд, орон нутгийн хэмжээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх бүтээн байгуулалтын ажлуудаас танилцуулж, мэдээлэл солилцлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Улс төр
Зам тээврийн ослын 98 хувь нь жолоочоос шалтгаалж байна

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөлийн 2025 оны эхний хуралдааныг өнөөдөр (2025.04.22) хийлээ.
Хуралдаанаар замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагаа, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх талаар онолын болон практик үндэслэлтэй санал, санаачилгыг дэвшүүлэн, нээлттэй хэлэлцүүллээ.
Хуралдааныг нээж Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан хэлэхдээ “НҮБ-аас 2020-2030 оныг Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах жил болгон зарлаж, зам тээврийн ослын улмаас нас барсан болон гэмтсэн хүний тоог 50 хувь бууруулах зорилт дэвшүүлснийг Монгол Улсын Засгийн газар дэмжиж, стратеги, хөтөлбөр батлан хэрэгжүүлсэн боловч нөхцөл байдал төдийлөн сайжрахгүй байгааг судалгаа, тооцоо харуулж байна.
Тухайлбал, баруун талдаа жолооны хүрдтэй автомашины тоог цөөрүүлэх, Монгол Улсын хэмжээнд ашиглагдаж байгаа тээврийн хэрэгслийн паркийг шинэчлэх, Улаанбаатар төдийгүй суурин газрын замын хөдөлгөөний төлөвлөлт, зохион байгуулалтад цогц шийдэл боловсруулж хэрэгжүүлэх арга хэмжээ хангалтгүй байна. Сүүлийн жилүүдэд уул уурхай, зам, тээврийн бүтээн байгуулалт нэмэгдэхийн зэрэгцээ хүний амь нас хохирсон зам тээврийн осол нэмэгдэх хандлагатай байна.
Иймд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны төлөвлөгөөг хот, суурин газрын ерөнхий төлөвлөгөө, Авто замын мастер төлөвлөгөө, осол гэмтлээс сэргийлэх төлөвлөгөө, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхээр хэрэгжүүлж буй бусад хөтөлбөр болон автотээвэр, авто замын чиглэлээр хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөртэй уялдуулан хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай байна” хэмээн онцоллоо.
Монгол Улсын хэмжээнд сүүлийн таван жилийн хугацаанд зам тээврийн 124,583 осол бүртгэгдэж, 43,5 тэрбум төгрөгийн хохирол учирч, ослын улмаас 2534 хүн нас барж, 14905 хүн гэмтсэнээс үүний дотор 312 хүүхэд амь насаа алдаж, 3861 хүүхэд гэмтсэн нь анхаарал хандуулах асуудлын нэг болоод байгааг мэргэжилтнүүд хэлж байлаа.
Стастистик мэдээллээс үзэхэд зам тээврийн ослын 98 хувь нь жолоочоос шалтгаалж байгаа бөгөөд 2024 онд гэхэд ТЦА-наас 3,075,442 зөрчил илрүүлжээ. Үүнээс 3,068,598-д нь торгууль ногдуулж, 28,155 согтуу жолоочийг илрүүлж, 20,072 жолоочийн эрхийг хасаж, 650 хүнийг баривчилжээ.
Иймд хуралдаанаар замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэхэд системтэй, онолын үндэслэлтэй үйл ажиллагаа явуулахгүй бол цаашид ослын тоо нэмэгдэж болзошгүй байгааг харгалзан хэд хэдэн арга хэмжээ авч ажиллахаар зөвлөмж гаргалаа.
Үүнд:
-Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Монгол Улсын зарим хуулийн заалтыг шинэчлэх, нэмэлт өөрчлөлт оруулах,
-Аюулгүй байдлыг хангах бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг боловсронгуй болгох,
-Урьдчилан сэргийлэх, судалгаа, сургалт сурталчилгааг эрчимжүүлэх,
-Олон нийтийн байгууллага, аж ахуйн нэгж, ард иргэдэд уриалах зэрэг ажлуудыг эрчимжүүлэхээр тогтлоо.
Улс төр
Монгол Улсын хүн амыг нэмэгдүүлэх хөгжлийн бодлогыг дэмжиж, оролцож ажиллахыг эрдэмтэн, судлаачдад санал болголоо

УИХ-ын даргын 2025 оны 68 дугаар захирамжаар байгуулагдсан Монгол хүний амьдралын чанарыг дээшлүүлэх, хүн амын өсөлтийг дэмжих асуудлаар холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, үр нөлөөг дээшлүүлэх асуудлыг судалж, цаашид авах арга хэмжээний талаар санал, дүгнэлт танилцуулах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг (2025.04.21) хуралдлаа.
УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Үүрийнтуяа, монгол хүний амьдралын чанар түүний орчин нөхцөлтэй холбоотой судалгааны дүн, дүгнэлтээ танилцуулахаар ирсэн, их дээд сургууль шинжлэх ухааны байгууллагын эрдэмтэд судлаачдад талархал илэрхийлсэн.
Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвийн Нийгэм, эдийн засгийн судалгааны газрын захирал А.Амарбал Монгол Улсын хүн амын өсөлт, цаашид анхаарах асуудлын талаарх судалгаагаа танилцуулсан. Тэрбээр, манай улсад 3-4 хүүхэдтэй айл олон хүүхэдтэй өрхөд тооцогдож байна. Тодруулбал, гурваас дээш хүүхэдтэй 167.000 өрх байна. Хүн амаа нэмэгдүүлэх төрийн бодлого хэрэгжүүлэхгүй бол 2036 он орчимд 4 сая дэх иргэнээ хүлээж авах нөхцөлд хүрээд байна гээд хүн ам, хөгжлийн бодлогоо шинэчлэх, нөхөн үржихүйн эрүүл мэндийг дэмжих бодлого хэрэгжүүлэх, олон хүүхэдтэй гэр бүлийн амьжиргааг дэмжих, цэцэрлэг, сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх, зардлыг бууруулах замаар хүн амаа өсгөх зэрэг шийдлүүдийг санал болгосон юм.
МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Антропологи, археологийн тэнхимийн эрхлэгч Ц.Болормаа эрдэмтэн, судлаачдын судалгааны дүн, шийдлийн талаарх саналыг сонсож байгаад талархаж байгаагаа илэрхийлээд, хүн амаа өсгөх асуудлыг үзэл баримтлалын хувьд зөв эхлүүлэх нь зүйтэй хэмээлээ. Тэрбээр, Хүн ам зүйг дэмжих бодлого хуулиудад туссан байдаг ч, үр дүнг нь тооцож байгаагүй. Иймд илүү өндөр зорилтот, 10-15 жил, түүнээс ч урт хугацаанд үр дүнгээ өгөх бодлогын хэрэгцээ, шаардлага байгааг хэлж байв.
МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Антропологи, археологийн тэнхимийн багш Б.Энхцэцэг, Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд хожуу төрөх болсон. Хожуу төрвөл 1-2 хүүхэд төрүүлэх боломжтой. Цаашид 2030 оноос төрөлт улам буурсаар байх бөгөөд, хүн амаа өсгөх бодлого хэрэгжүүлнэ гэвэл өрхийн зохимжит хүүхдийн тоог 3-4 байхаар тооцож, хүүхдийн тооноос хамаарах мөнгөн тэтгэмжийн хөшүүргээс гадна, залуус, ирээдүйн эцэг, эхчүүдийн хандлагад нь нөлөөлөх цаг ирсэн гэдгийг тодотгосон.
Удирдлагын академийн Улсын салбарын удирдлагын тэнхимийн эрхлэгч Б.Нарантулга нийгмийн халамж, хүн ам зүйн өсөлтийн бодлогын зохицуулалтыг тусад нь авч үзэх шаардлагатай гээд, 3-аас дээш хүүхэдтэй өрхөд олгох мөнгөн тэтгэмжийн дүнг өсгөснөөр эдийн засгийн боломжийг нь бүрдүүлнэ гэдэгтэй санал нэг байгаагаа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Үүрийнтуяа Монгол Улс хүн амаа өсгөхийн тулд эдийн засгаа сайжруулах, эдийн засгаа сайн авч явахын тулд хүн амаа өсгөх харилцан хамаарал дээр төр, засгийн бодлогоо хэрэгжүүлж байна. Хүн ам зүйгээр мэргэшсэн цөөн хэдэн судлаачдын гурван төрлийн судалгааны ажлууд, санаануудыг цогц нэг ажил гэж харж байна. УИХ-ын даргын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн дэргэд эрдэмтдээс бүрдсэн дэмжих баг ажиллах шаардлагатай. Баг бүрэлдэхүүн, судлаачдынхаа хамтаар манай ажлын хэсгийг дэмжиж, хамтран ажиллахыг санал болгож байна гэлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Улс төр
Өнөөдөр хуралдах УИХ-ын байнгын хороод

Монгол Улсын Их Хурлын байнгын хороодын өнөөдрийн /2025.04.22/ хуралдааны хэлэлцэх асуудал, товыг танилцуулж байна.
Д/Д | ХУРАЛДААН | ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ | ЦАГ | ТАНХИМ |
1 | Эдийн засгийн байнгын хороо | · Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр ирүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ, үргэлжилнэ/
· Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр ирүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ./ · Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Э.Батшугар 2024.12.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ |
10.00 | “Жанжин Д.Сүхбаатар” |
2 | Нийгмийн бодлогын байнгын хороо | · Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн сонсголын тайлан
· Улсын Их Хурлын 2024 оны 38 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх Эрүүл мэндийн сайдын мэдээллийг сонсох |
14.00 | “Их Эзэн Чингис хаан” |
3 | Хууль зүйн байнгын хороо | · Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2025.01.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ | 14.30 | “Жанжин Д.Сүхбаатар” |
-
Нийгэм5 цаг өмнө
Авлигын дөрвөн хэргийг шүүхэд шилжүүлжээ
-
Эдийн засаг8 цаг өмнө
Шивээхүрэн боомтоор 758 мянган тонн нүүрс экспортолжээ
-
Нийгэм7 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 688 тохиолдол бүртгэгджээ
-
Улс төр8 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ
-
Нийгэм4 цаг өмнө
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг байршууллаа
-
Улс төр2 цаг өмнө
Зам тээврийн ослын 98 хувь нь жолоочоос шалтгаалж байна
-
Улс төр8 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын байнгын хороод
-
Нийгэм7 цаг өмнө
АТГ: Нийтийн албанд томилогдох 767 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав