Эдийн засаг
АМГТГ: Аи-92 авто бензиний 20 хоногийн нөөцтэй байна
Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээгээ одоогоор 100 хувь импортоор хангаж буй. Ингэхдээ нийт хэрэглээний 95 орчим хувийг ОХУ-аас Сүхбаатар, Эрээнцав боомтоор төмөр замаар, Цагааннуур, Боршоо боомтуудаар авто замаар импортолж байна.
ОХУ-ын дотоод зах зээлийн нөхцөл байдалтай холбоотойгоор тус улсын Засгийн газраас 2023 оны есдүгээр сарын 22-ны өдрөөс тодорхойгүй хугацаагаар шатахууны экспортыг хориглох шийдвэр гаргасан. Энэхүү шийдвэрийн дагуу ОХУ-аас Монгол Улсад түлш, шатахуун нийлүүлээгүй, импорт тодорхой хугацаанд саатсан билээ. Үүний улмаас манай улсын дотоодын зах зээл дээрх шатахууны хангамж, нийлүүлэлт доголдох нөхцөл байдал үүссэн.
Улмаар Монгол Улсын Засгийн газраас холбогдох арга хэмжээ авч ажилласны үр дүнд 2023 оны аравдугаар сарын 06-ны өдрөөс эхлэн ОХУ-аас манай улсад Сүхбаатар боомтоор газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх экспортын үйл ажиллагааг сэргээн явуулж эхэлсэн юм. Гэвч нийлүүлэлт, эрэлтийн зөрүүнээс шалтгаалан дотоодын зах зээл дээр шатахууны хангамж тогтворжиж чадахгүй байна.
Мөн Цагааннуур, Боршоо авто замын боомтоор импорт хийгдэхгүй байгаатай холбоотой төвийн бүсээс баруун бүсийн аймгууд руу шатахууныг тээвэрлэн хангамж хийж байна. Энэ нь дотоодын зах зээл дээрх шатахууны хангамжид тодорхой хэмжээгээр нөлөөлж байна.
Нийлүүлэгч талаас буюу ОХУ-аас 9, 10 дугаар саруудын захиалгыг бүрэн биелүүлэх хүрээнд шатахууны ачилт, тээвэрлэлтийн хэмжээг 10 дугаар сарын дунд үеэс нэмэгдүүлж, Сүхбаатар боомтоор сүүлийн дөрөв хоногт 214 вагон буюу 12840 тонн АИ-92 бензин, 278 вагон буюу 16680 тонн дизель түлш тус тус ирж ирсэн. Энэ нь АИ-92 бензиний хувьд 8 хоног, дизель түлшний 6-7 хоногийн ердийн хэрэглээтэй тэнцэх нөөц юм.
2023 оны аравдугаар сарын 31-ны өдрийн байдлаар 511 вагон хил, өртөө, боомт дээр зогсож байна.
Ашигт малтмал, газрын тосны газраас шатахууны ачилт, тээвэрлэлт, гааль, түгээлтийг шуурхай зохион байгуулах чиглэлд холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна.
Тухайлбал, импортоор орж ирсэн шатахуунтай вагонуудын гаалийн бүрдүүлэлтийг шуурхай хийх, вагонуудыг татан авах, ачааг өртөөдөд хүргэх, салаа замуудад тавих ажлыг шуурхай зохион байгуулах, хангамж тогтворжих хүртэлх хугацаанд уртасгасан цагаар хамтарч ажиллах дэмжлэгийг Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам, Гаалийн ерөнхий газарт хүргүүлээд байна.
Хил, боомт, өртөөдөд зогсож буй вагонуудын шатахууны төрлийн вагоны тоо, хэмжээг доорх хүснэгтэд үзүүлэв.
Дээрхээс гадна 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар А-80 автобензин 18 хоног, Аи-92 автобензин 20 хоног, Аи-95 автобензин 46 хоног, дизель түлш 20 хоног, ТС-1 онгоцны түлш 23 хоногийн ердийн хэрэглээтэй тэнцэх үлдэгдэл, нөөцтэй байна.
Мөн улсын хэмжээнд 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар дунджаар шатдаг хийн ердийн хэрэглээний 41 хоногийн үлдэгдэл, нөөцтэй байна. Үүнээс автомашин хийгээр цэнэглэх станц болон хий цэнэглэх цэгийн үлдэгдэл 18 хоног, Хий цэнэглэх станц буюу агуулахын үлдэгдэл 23 хоногийн нөөцтэй байна.
Дэлгэрэнгүй ...
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Moody’s” агентлаг өнөөдөр Монгол Улсын зээлжих зэрэглэлийг 9 жилийн дараа ”В2, тогтвортой” болж сайжирсныг зарлалаа.
Өмнөх сард олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Fitch” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “В+тогтвортой”, “S&P” агентлаг “В+эерэг” гэж үнэлснээ дараалан зарлаж байсан юм.
Харин “Moody’s” агентлаг Монголын Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээ “B2, Тогтвортой” болж сайжрахад дараах хүчин зүйлс нөлөөлснийг онцолжээ.
Ингэхдээ Засгийн газрын өрийн дарамтыг сүүлийн жилүүдэд тогтвортойгоор бууруулсан, Өрийн зохистой удирдлага, төсвийн сахилга батын үр дүнд Засгийн газрын ирэх жилүүдийн дахин санхүүжилтийн эрсдэл буурсан, Эдийн засаг тогтвортойгоор өсөж, ДНБ-ий хэмжээ болон түүний бодит өсөлт нэмэгдсэн хэмээн тайланд дурдсан байна.
Манай улсын хувьд өнгөрсөн хугацаанд дэлхий нийтийг хамарсан цар тахал, геополитикийн зэвсэгт мөргөлдөөний сорилттой он жилүүдэд Засгийн газраас авч хэрэгжүүлсэн санхүү, төсвийн сахилга бат, өрийн удирдлагын оновчтой бодлогын үр дүнд зээлжих зэрэглэлийг бууруулахгүйгээр тогтвортой хадгалсан учраас олон улсын нэр хүнд бүхий 3 агентлагийн үнэлгээг ийнхүү авч чадлаа.
Зээлжих зэрэглэл нь тухайн улсын төр, хувийн хэвшил, банк санхүүгийн байгууллагын гадаадын хөрөнгө оруулалт татах, хөрөнгө оруулалтын зардлыг бууруулахад нөлөөлдөг тул эдийн засгийн хөгжлөө дэмжих, тогтвортой өсөлтийг бий болгоход чухал ач холбогдол өндөр үзүүлэлт юм.
Мөн Засгийн газрын гадаад бондуудын үнэ цэнэ нэмэгдэх төдийгүй бусад арилжааны банкууд, хувийн хэвшлийн компанийн зээлжих зэрэглэл дагаж сайжрах нөхцөл бүрдэж байгаа юм гэж Монгол Улсын Сангийн яамнаас мэдээллээ.
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилгоор 2021-2022 онд дотоодын зах зээлд төгрөгийн болон ам.долларын “ЭТТ-БОНД”-ыг нээлттэй гаргасан. Тодруулбал, төгрөгийн 6.2 сая ширхэг бонд арилжиж 620.0 тэрбум төгрөг, ам.долларын 0.6 сая ширхэг бонд арилжиж 64.2 сая ам.долларын хөрөнгө оруулалт тус тус татан төвлөрүүлсэн.
Татан төвлөрүүлсэн төгрөг болон ам.долларын “ЭТТ-бонд”-ын үндсэн төлбөр болох 802.8 тэрбум төгрөгийг 177.7 тэрбум төгрөгийн хүүгийн хамт нийт 980.4 тэрбум төгрөгийг өөрийн эх үүсвэрээр хугацаанд нь буюу 2024 онд бүрэн төлж барагдууллаа.
Нийт төлсөн бондын төлбөр болох 980.4 тэрбум төгрөгийг эргэн төлөх хуваарийн дагуу 15.6 тэрбум төгрөгийг 2021 онд, 74.7 тэрбум төгрөгийг 2022 онд, 552.6 тэрбум төгрөгийг 2023 онд, 337.6 тэрбум төгрөгийг 2024 онд тус тус төлсөн байна.
Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд төсөл хөтөлбөр санхүүжүүлэхээр гаргасан ЭТТ-бондын төлбөрийг хүүгийн хамт хугацаанд нь өөрийн эх үүсвэрээр бүрэн төлж барагдуулан бондын өр, төлбөргүй боллоо.
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.