Нийгэм
УНТЭ: Дурангийн аргаар ходоодны салстын доорх хавдрыг тайрах хослуулсан мэс заслыг нэвтрүүллээ
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Гастроэнтерологийн дурангийн багийн эмч нар мэдээгүйжүүлэг хагалгааны нэгдсэн тасаг болон мэс заслын багтай хамтран Laparoscopic and endoscopic cooperative surgery (LECS) буюу хэвлийн дуран, хоол боловсруулах замын дурангийн хамтарсан ходоодны салстын доорх хавдрыг тайрах хослуулсан мэс заслыг анхны өвчтөнд хийж, амжилттай нэвтрүүллээ.
Мэс заслын үеэр Гастроэнтерологийн төвийн дурангийн эмч Т.Тэмүүжин хэлэхдээ “УНТЭ-ийн Гастроэнтерологийн төв нь Laparoscopic and endoscopic cooperative surgery (LECS) буюу хэвлийн дуран, ходоодны дурангийн тусламжтайгаар ходоодны салстын доорх хавдрын үүсгэврийг тайрах мэс заслыг энэ онд нэвтрүүлэх зорилт тавин ажилласан. Бид зорилгодоо хүрч, анхны мэс заслаа амжилттай хийлээ” хэмээсэн юм.
Энэхүү мэс засал хийгдсэнээр ходоодны ханын цусан хангамж сайжрахаас гадна өвчтөний амьдралын чанар илүү сайжрах боломжтой бөгөөд нээлттэй мэс засал хийснээс илүү үр дүнтэй, хүндрэл багатай гэдгийг эмч, мэргэжилтнүүд дурдсан. Цаашид тус төв нь LECS мэс заслаар бүдүүн гэдэсний салстын доорх хавдар, ходоодны салстын доорх хавдартай иргэдэд мэс засал хийхээр төлөвлөж байгаа юм.
Мөн мэс заслын багт ажилласан УНТЭ-ийн Ерөнхий мэс заслын эмч С.Түдэвдорж дурангийн тусламжтайгаар хийгддэг мэс заслын аргыг 2008 оноос дэлхий дахинд хэрэглэж эхэлсэн гэдгийг онцолсон. Тэрбээр, хөнөөл багатай, өвчтөнд ил, том шарх үлдээхгүй, зовуурь бага тус мэс заслыг нэвтрүүлэх ажлыг өнгөрсөн оноос эхлүүлсэн. Одоогоор өвчтөний биеийн байдал сайжирч, эмнэлгээс гарсан гэлээ.
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.