Улс төр
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНСВУ-ын Ерөнхийлөгч Во Ван Тыөнг нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, БНСВУ-ын Ерөнхийлөгч Во Ван Тыөнг нар 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр албан ёсны хэлэлцээ хийв. Албан ёсны хэлэлцээ найрсаг, халуун дотно уур амьсгалд болж, талууд Монгол, Вьетнамын харилцаа, түүний дотор улс төр, батлан хамгаалах, зам тээвэр, ложистик, хөдөө аж ахуй, боловсрол, соёл, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагаа болон олон улс, бүс нутгийн талбар дахь хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцов.
Монгол Улсын Ерөнхийлөгч Вьетнам Улсад найрсгаар урьж, Монголын төлөөлөгчдийг халуун дотноор хүлээн авч буй Вьетнамын төр, засаг, ард түмэнд талархал илэрхийллээ.
Эртний түүхэн улбаатай, Монгол, Вьетнамын уламжлалт найрсаг харилцаа “Найрамдалт хамтын ажиллагааны зарчим”-д тулгуурлан өргөжин бэхжиж ирснийг тэмдэглээд цаашид хоёр орны харилцааны онцлог, нөөц бололцоонд тулгуурлан хамтын ажиллагааг эдийн засгийн бодит агуулгаар баяжуулан хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн БНСВУ-д хийж буй энэхүү төрийн айлчлал нь хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг ирж буй он жилүүдэд хөгжүүлэх хэтийн төлөв, хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлж, хоёр орны ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэхэд чухал түлхэц болж буйг талууд онцлон тэмдэглэв.
БНСВУ-ын Ерөнхийлөгч Во Ван Тыөнг 2024 онд тохиох Монгол Улс, БНСВУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд Монгол Улсад төрийн айлчлал хийхийг урьсанд талархал илэрхийлэв.
Хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өргөжин бэхжиж, хөдөө аж ахуй, боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд зэрэг олон салбарт амжилтын түүхийг бүтээж буйд сэтгэл хангалуун байгаагаа хэллээ.
Талууд Монгол, Вьетнамын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 70 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэх, соёл, урлагийн зэрэг арга хэмжээг хамтран зохион байгуулахаар тохирч, ойн хүрээнд хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг шат ахиулан “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллахаар санал нэгдэв.
Хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг эрчимжүүлэх хүрээнд Монгол, Вьетнамын хооронд агаарын харилцааг өргөжүүлэх, шууд нислэг үйлдэх замаар зорчигч, ачаа тээврийг хослуулан хөгжүүлэх, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжиж иргэдийн солилцоог нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиров.
Энэ удаагийн айлчлалын үеэр байгуулж буй “Дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр” нь хоёр улсын иргэд харилцан зорчих урсгалыг нэмэгдүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлэх болон аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг талууд тэмдэглэв.
Талууд хоёр улсын худалдааны эргэлтийн дийлэнх хувийг хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүн эзэлж буйг дурдаад айлчлалын үеэр байгуулж буй “Цагаан будааны худалдааны тогтвортой нийлүүлэлтийн тухай санамж бичиг” нь цаашид Вьетнам Улсаас импортлох цагаан будааны чанарыг сайжруулах, худалдааны тогтвортой байдлыг хангахад чухал ач холбогдолтойг онцлов.
Мөн Монгол Улсаас Вьетнам Улсад экспортлох хонь, ямааны махны олон улсын мал эмнэлгийн гэрчилгээний загварын тухай баримт бичиг нь хоёр улсын хүнс, хөдөө аж ахуй, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд бодит хувь нэмэр оруулна гэдгийг талууд санал нэгтэй тэмдэглэв.
Талууд хоёр улсын бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүд, жижиг, дунд үйлдвэрлэлийн хооронд хэлхээ холбоо тогтоох, хамтын ажиллагаанд төр, засгийн зүгээс бодлогын дэмжлэг үзүүлж ажиллахын чухлыг дурдаж, айлчлалын үеэр Монгол, Вьетнамын бизнес форумыг Ханой хотноо зохион байгуулж буйг сайшаав.
Мөн цаашид уул уурхай, эрчим хүч, төмөр зам болон далайн тээврийн салбарт хамтран ажиллах өргөн боломж буйг талууд онцлоод Монгол Улсаас коксжих болон эрчим хүчний нүүрс, уул уурхайн бусад бүтээгдэхүүнийг Вьетнам Улсад экспортлох, арьс, шир зэрэг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн харилцан нийлүүлэх боломжийг эрэлхийлж ажиллахаар тогтов.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулах, дэлхийн хүнсний хангамжид Монгол Улс хувь нэмрээ оруулах зорилгоор “Тэрбум мод” болон “Хүнсний хангамж, аюулгүй байдал” гэсэн хөдөлгөөнүүдийг эх орондоо санаачлан хэрэгжүүлж буйг дурдаад энэ чиглэлд вьетнамын талтай хамтран ажиллах боломжийн талаар ярилцав.
Хоёр улсын төрийн тэргүүн нар НҮБ, АСЕАН болон олон улсын хамтын ажиллагааны бусад байгууллагын хүрээнд идэвхтэй хамтран ажиллаж ирснийг онцолж, Монгол Улсын Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллага (АПЕК)-д элсэх хүсэл эрмэлзлийг Вьетнам Улс үргэлжлүүлэн дэмжихээ нотлов.
Хэлэлцээний дүнгээр талууд Хамтарсан мэдэгдэл гаргаж, хоёр улсын харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлэх хүрээнд хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурлаа.

Улс төр
Монгол Улсын хүн амыг нэмэгдүүлэх хөгжлийн бодлогыг дэмжиж, оролцож ажиллахыг эрдэмтэн, судлаачдад санал болголоо

УИХ-ын даргын 2025 оны 68 дугаар захирамжаар байгуулагдсан Монгол хүний амьдралын чанарыг дээшлүүлэх, хүн амын өсөлтийг дэмжих асуудлаар холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, үр нөлөөг дээшлүүлэх асуудлыг судалж, цаашид авах арга хэмжээний талаар санал, дүгнэлт танилцуулах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг (2025.04.21) хуралдлаа.
УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Үүрийнтуяа, монгол хүний амьдралын чанар түүний орчин нөхцөлтэй холбоотой судалгааны дүн, дүгнэлтээ танилцуулахаар ирсэн, их дээд сургууль шинжлэх ухааны байгууллагын эрдэмтэд судлаачдад талархал илэрхийлсэн.
Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвийн Нийгэм, эдийн засгийн судалгааны газрын захирал А.Амарбал Монгол Улсын хүн амын өсөлт, цаашид анхаарах асуудлын талаарх судалгаагаа танилцуулсан. Тэрбээр, манай улсад 3-4 хүүхэдтэй айл олон хүүхэдтэй өрхөд тооцогдож байна. Тодруулбал, гурваас дээш хүүхэдтэй 167.000 өрх байна. Хүн амаа нэмэгдүүлэх төрийн бодлого хэрэгжүүлэхгүй бол 2036 он орчимд 4 сая дэх иргэнээ хүлээж авах нөхцөлд хүрээд байна гээд хүн ам, хөгжлийн бодлогоо шинэчлэх, нөхөн үржихүйн эрүүл мэндийг дэмжих бодлого хэрэгжүүлэх, олон хүүхэдтэй гэр бүлийн амьжиргааг дэмжих, цэцэрлэг, сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх, зардлыг бууруулах замаар хүн амаа өсгөх зэрэг шийдлүүдийг санал болгосон юм.
МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Антропологи, археологийн тэнхимийн эрхлэгч Ц.Болормаа эрдэмтэн, судлаачдын судалгааны дүн, шийдлийн талаарх саналыг сонсож байгаад талархаж байгаагаа илэрхийлээд, хүн амаа өсгөх асуудлыг үзэл баримтлалын хувьд зөв эхлүүлэх нь зүйтэй хэмээлээ. Тэрбээр, Хүн ам зүйг дэмжих бодлого хуулиудад туссан байдаг ч, үр дүнг нь тооцож байгаагүй. Иймд илүү өндөр зорилтот, 10-15 жил, түүнээс ч урт хугацаанд үр дүнгээ өгөх бодлогын хэрэгцээ, шаардлага байгааг хэлж байв.
МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Антропологи, археологийн тэнхимийн багш Б.Энхцэцэг, Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд хожуу төрөх болсон. Хожуу төрвөл 1-2 хүүхэд төрүүлэх боломжтой. Цаашид 2030 оноос төрөлт улам буурсаар байх бөгөөд, хүн амаа өсгөх бодлого хэрэгжүүлнэ гэвэл өрхийн зохимжит хүүхдийн тоог 3-4 байхаар тооцож, хүүхдийн тооноос хамаарах мөнгөн тэтгэмжийн хөшүүргээс гадна, залуус, ирээдүйн эцэг, эхчүүдийн хандлагад нь нөлөөлөх цаг ирсэн гэдгийг тодотгосон.
Удирдлагын академийн Улсын салбарын удирдлагын тэнхимийн эрхлэгч Б.Нарантулга нийгмийн халамж, хүн ам зүйн өсөлтийн бодлогын зохицуулалтыг тусад нь авч үзэх шаардлагатай гээд, 3-аас дээш хүүхэдтэй өрхөд олгох мөнгөн тэтгэмжийн дүнг өсгөснөөр эдийн засгийн боломжийг нь бүрдүүлнэ гэдэгтэй санал нэг байгаагаа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Үүрийнтуяа Монгол Улс хүн амаа өсгөхийн тулд эдийн засгаа сайжруулах, эдийн засгаа сайн авч явахын тулд хүн амаа өсгөх харилцан хамаарал дээр төр, засгийн бодлогоо хэрэгжүүлж байна. Хүн ам зүйгээр мэргэшсэн цөөн хэдэн судлаачдын гурван төрлийн судалгааны ажлууд, санаануудыг цогц нэг ажил гэж харж байна. УИХ-ын даргын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн дэргэд эрдэмтдээс бүрдсэн дэмжих баг ажиллах шаардлагатай. Баг бүрэлдэхүүн, судлаачдынхаа хамтаар манай ажлын хэсгийг дэмжиж, хамтран ажиллахыг санал болгож байна гэлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Улс төр
Өнөөдөр хуралдах УИХ-ын байнгын хороод

Монгол Улсын Их Хурлын байнгын хороодын өнөөдрийн /2025.04.22/ хуралдааны хэлэлцэх асуудал, товыг танилцуулж байна.
Д/Д | ХУРАЛДААН | ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ | ЦАГ | ТАНХИМ |
1 | Эдийн засгийн байнгын хороо | · Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр ирүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ, үргэлжилнэ/
· Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр ирүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ./ · Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Э.Батшугар 2024.12.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ |
10.00 | “Жанжин Д.Сүхбаатар” |
2 | Нийгмийн бодлогын байнгын хороо | · Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн сонсголын тайлан
· Улсын Их Хурлын 2024 оны 38 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх Эрүүл мэндийн сайдын мэдээллийг сонсох |
14.00 | “Их Эзэн Чингис хаан” |
3 | Хууль зүйн байнгын хороо | · Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2025.01.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ | 14.30 | “Жанжин Д.Сүхбаатар” |
Улс төр
Согтуу эмэгтэй 3.75 хувийн согтолттой, жолоодох эрхийн үнэмлэхгүй байжээ

Цагдаагийн байгууллагад энэ сарын 21-ний өдрийн 16:20 цагийн орчимд “Баянзүрх дүүргийн 40 хорооны … хотхоны замд согтуу жолооч зам тээврийн осол гаргасан байна” гэх мэдээлэл бүртгэгдсэн.
Шалгалтаар эмэгтэй, 26 настай А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, хөдөлгөөнд оролцож, улмаар зогсоолд байрлуулсан 3 тээврийн хэрэгслийг мөргөж, хохирол учруулсан байна.
Жолооч А-г согтуурлын зэрэг хэмжигч багажаар шалгахад 3.75 хувийн согтолттой, жолоодох эрхийн үнэмлэхгүй байсныг тогтоон шалгалтыг үргэлжлүүлж байна.
Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд хохирол учруулахаас сэргийлэх, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болон жолоодох эрхийн үнэмлэхгүй хүнд жолоогоо шилжүүлэхгүй байхыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
-
Энтертайнмент22 цаг өмнө
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлж байна
-
Нийгэм23 цаг өмнө
Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ
-
Нийгэм23 цаг өмнө
Архангай аймгийн ахмадын хорооны барилгыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болжээ
-
Нийгэм3 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 688 тохиолдол бүртгэгджээ
-
Улс төр4 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ
-
Эдийн засаг3 цаг өмнө
Шивээхүрэн боомтоор 758 мянган тонн нүүрс экспортолжээ
-
Нийгэм4 цаг өмнө
Гал түймэртэй холбоотой дуудлага, мэдээлэл нэмэгдэж байна
-
Улс төр4 цаг өмнө
Согтуу эмэгтэй 3.75 хувийн согтолттой, жолоодох эрхийн үнэмлэхгүй байжээ