Нийгэм
Нийслэлийн төсвийн тодотголыг НИТХ-ын ээлжит бус XVI хуралдаанаар хэлэлцэнэ
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөлийн хуралдаан өчигдөр болж, Нийслэлийн 2023 оны батлагдсан төсөвт өөрчлөлт оруулах төсвийн төслийг хэлэлцэв.
Төслийн танилцуулгыг Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг хийсэн юм. Тэрбээр “… Засаг даргын баримталж буй бодлогын хүрээнд төсөвт чиг үүргийн шинжилгээ хийж, төсвийн урсгал зардлыг хэмнэх боломжтой гэж харж байна. Улмаар 20 орчим сургууль, цэцэрлэгийн барилгын дутуу санхүүжилтийг олгох, өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбоотой зайлшгүй хэрэгжүүлэх төсөл арга хэмжээг санхүүжүүлэх, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө болон зураг төслийн ажлууд, ирэх жил хэрэгжүүлэх томоохон арга хэмжээний бэлтгэл ажлыг хангаж ТЭЗҮ, зураг төсөл боловсруулж, газар чөлөөлөлтийн ажил хийхэд хэмнэсэн төсвийг зарцуулахаар төлөвлөж байна” гэв.
Зөвлөлийн гишүүд Нийслэлийн 2023 оны батлагдсан төсөвт өөрчлөлт оруулах төсвийн төслийг ээлжит бус XVI хуралдаанаар хэлэлцэхийг дэмжсэн юм.
Ээлжит бус хуралдааныг энэ сарын 13-ны өдөр хийхээр товлосон. Төсвийн тодотголыг хоёр шаттай хэлэлцэх бөгөөд хоёрдугаар хэлэлцүүлгийг 17-ны өдөр хийнэ.
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.