Нийгэм
“Монголын нууц товчоон”-ыг дэлгэрэнгүй тайлбартайгаар бүтээлээ
Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар бүтээсэн “Дэлгэрэнгүй тайлбартай Монголын нууц товчоон”-ы нээлт МУИС-ийн байранд боллоо.
Ерөнхийлөгч номын нээлтийн ёслолд оролцон, Монгол судлалыг нэр төртэйгөөр залгамжлан хөгжүүлж, “Монголын нууц товчоон” судлалын түүхэнд өндөр үнэлэгдэх бүтээл туурвисан эрдэмтэн судлаач нарт талархал илэрхийлэв.
Энэ бүтээл Чингис хаан болон түүний залгамжлагчдын бүтээсэн түүх, их өвийг алдаршуулан мөнхжүүлж, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэхэд онцгой чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэл төгс байгаагаа онцлов.
Мөн түүхт энэ өдрийг тохиолдуулан их хааны насан туршдаа баримталж явсан зарчим, хөвгүүд, охид, шадар түшмэд, цэргийн жанждаас эхлээд ард иргэддээ бие, хэл, сэтгэлээ хэрхэн авч явах, төр улсаа хэрхэн засах зэргийг зааж сургасан билиг сургаалыг сурвалжлан эмхэтгэсэн “Чингис хааны билиг сургаал” бүтээлийг ард түмэндээ өргөн барьж байгааг хэлэв.
Их Эзэн хааны билиг сургаалыг монголчууд бид үеийн үедээ ёс суртахуун, ажил, амьдралын мөрдлөг болгон дээдэлж явах учиртайг тэмдэглэв.
“Дэлгэрэнгүй тайлбартай Монголын нууц товчоон”-ы удиртгал хэсэг ерөнхий ойлголт өгөх мэдлэг, мэдээлэл агуулсан бол үндсэн хэсэгт уг зохиолын эхийг монгол бичиг болон кириллээр буулган хөрвүүлж, утга агуулгыг нь нийтэд ойлгомжтой байдлаар тайлбарлажээ.
Түүхэн үг хэллэг, 400 гаруй түүхт хүн, улс гүрэн, овог аймаг, цол, үйл явдал, ёс заншил, зэвсэг хэрэглэл, газар усны нэрд хамаарах 4,300 орчим тайлбарыг хэл шинжлэл, сурвалж судлал, түүх, угсаатан судлал, соёл судлал, газар зүй, нэр зүйн үүднээс боловсруулснаараа хамгийн олон талыг хамарсан, хамгийн олон тайлбартай “Монголын нууц товчоон” болж байна.
Монголын түүх, хэл, соёл, уран зохиол, сурвалж судлал, газар зүй, нэр судлал зэрэг салбарын 25 эрдэмтэн хамтран жил гаруй хугацаанд бүтээсэн бөгөөд түүхийн судалгааны багийг Ц.Цэрэндорж, хэлний судалгааны багийг Ш.Чоймаа нар удирджээ.
“Монголын нууц товчоон” бол Их эзэн Чингис хаан, түүнийг залгамжлагчид хийгээд дөрвөн зуу гаруй түүхт хүмүүсийн амьдрал, үйл хэрэг, Их Монгол Улсын тулгар төр, гадаад харилцаа, байлдан дагуулал, нүүдэлчин ардын ахуй амьдрал, хэл яриа, шашин шүтлэг, зан үйл зэрэг Монголын төдийгүй Евроазийн түүхийн өргөн хүрээтэй асуудлыг яруу сайхнаар дүрслэн өгүүлсэн, түүх, хэл, соёлын үнэлж баршгүй сурвалж бичиг, утга зохиолын охь манлай, дахин давтагдашгүй үнэт бүтээл юм.
Тиймээс 1989 онд “Монголын нууц товчоон” зохиогдсоны 750 жилийн түүхт ойг олон улсын хэмжээнд өргөн тэмдэглэн өнгөрүүлэхийг ЮНЕСКО-ийн Гүйцэтгэх зөвлөл уриалсан түүхтэй.“Монголын нууц товчоон”-ыг дэлхийн 30 гаруй оронд, англи, азербайжан, болгар, герман, испани, итали, казах, унгар, марати, орос, перс, польш, солонгос, төвөд, тува, турк, франц, хятад, чех, эсперанто, япон зэрэг 30 гаруй хэлээр орчуулж, давхардсан тоогоор 150 гаруй удаа хэвлээд байна.
Их Монгол Улс, Эзэнт гүрний үед холбогдох судалгаа “Монголын нууц товчоон”-той салшгүй холбоотой учир хэл, түүх, соёл, аман зохиол, уран зохиол зэрэг олон талаас нь судлан шинжилсээр ирсэн юм.
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.