Нийгэм
Автобус нийлүүлэх тендерт “Yutong Bus” шалгарчээ
Улаанбаатар хотын нийтийн тээврийн автобус нийлүүлэх тендерт Хятадын хөрөнгө оруулалттай нэр бүхий таван компани саналаа ирүүлснийг үнэлгээний хороо судлаад “Yutong Bus Co.,Ltd” компанийг шалгаруулжээ.
Энэ тухай Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар өчигдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцох үеэрээ мэдэгдсэн юм.
Тус компани нь автобус борлуулалтаараа дэлхийд тэргүүлдэг юм байна.
Евро стандартын автобусны нэг бүрийн үнэ 300-350 мянган евро буюу нэг тэрбумаас дээш үнэтэй бол “Yutong Bus Co.,Ltd” компанийн автобус нь 60 мянга гаруй ам.долларынх байх гэнэ.
Нийслэлийн зүгээс 2023 он дуусахаас өмнө эхний ээлжийн 300 гаруй автобусыг оруулж ирнэ. Үлдсэн автобусуудыг 2024 оны нэгдүгээр улиралд багтаан авах бодлого барьж буй юм.
Сануулахад, автобус нийлүүлэх тендерт дараах таван компани саналаа ирүүлсэн юм.
- “Майнс ап” ХХК – 178,817,556,720 төгрөг
- Xiamen King Long United Automotive Industry Co.,Ltd – 147,686,834,611 төгрөг
- Yutong Bus Co.,Ltd – 165,589,920,000 төгрөг
- Xiamen Golden Dragon Bus Co.,Ltd – 156,932,775,600 төгрөг
- China North Vehicle Corporation LTD – 52,602,468 төгрөгийн үнийн санал илгээсэн байна.
Эдгээр компани бүгд үнийн хөнгөлөлтгүй санал ирүүлсэн бөгөөд “Майнс ап” ХХК, “Xiamen King Long United Automotive Industry Co.,Ltd”, “Yutong Bus Co.,Ltd”-ийн зүгээс тендерийн баталгааг 917,193,165 төгрөг байхаар илгээсэн.
Харин “Xiamen Golden Dragon Bus Co.,Ltd”-н хувьд 300 мянган ам.долларын тендерийн баталгааны санал ирүүлсэн бол “China North Vehicle Corporation LTD”-н зүгээс тендерийн баталгааны санал ирүүлээгүй байдаг гэж Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооноос мэдээллээ.
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.