Нийгэм
В, С ангилалтай жолооч нарыг автобусны мэргэшсэн жолоочийн сургалтад үнэгүй хамруулна
Шинээр ирсэн автобуснуудыг үйлчилгээнд явуулахын тулд эзэнжүүлж, бүртгэлжүүлэхээс гадна хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдтэй эргэн төлөлтийг тохирох, төлбөрийн картын систем суурилуулах шаардлагатай байгаа юм. Энэ нь тодорхой хугацаа шаардаж байгаа бөгөөд нэн тулгамдсан асуудал нь жолооч нарын хүрэлцээгүй байдал юм. Иймээс нийслэлийн өмчит автобусны компанид ажиллаад тэтгэвэрт гарах тохиолдолд жолоочид 24 сарын цалинтай тэнцэх тэтгэмж олгох зохицуулалтыг хийхээр боллоо. Мөн Нийслэлийн Хөдөлмөр, халамжийн газар болон дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст ажил хайж бүртгүүлсэн В, С ангиллын жолооны эрхтэй хүмүүсийг Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын Сургалтын төвд бүртгэж, автобусны мэргэшсэн жолоочийн сургалтад үнэгүй хамруулна. Энэ зардлыг нийслэлийн нийтийн тээврийн баталсан төсвөөс гаргахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар үүрэг болголоо. Мөн жолооч нарын цалинг 3.5 сая төгрөг болгож, хоёр ээлжээр ажиллах нөхцөлийг бүрдүүлэх юм.
Хотын дарга Х.Нямбаатар “Гуравдугаар сарын 15-н гэхэд автобусны гаралтын тоог 1200-д хүргэнэ. Ч чиглэлд явах автобусны тоог нэмнэ. Өмнө нь татвар төлөгчдийн мөнгөөр авсан автобусыг хувийн компанид үнэгүй өгдөг байсан бол энэ удаа төлбөртэй, эргэн төлөгдөх нөхцөлтэй өгсний үр дүнд Нийтийн тээврийг хөгжүүлэх санд таван тэрбум төгрөг цуглаад байна. Энэ тоо оны эцэст 25 тэрбум төгрөг болно. Дээрх мөнгийг автобус авах, таксины үйлчилгээний төрөл, хэлбэрийг нэмэгдүүлэхэд зарцуулна. Зургаадугаар сар гэхэд дунд оврын автобусны тендер зарлаж, гэр хорооллын захын чиглэлд явуулна” гэсэн юм.
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.