Нийгэм
Метро барих зөвлөх үйлчилгээний хоёрдугаар шатны тендерийг нээлээ
Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл буюу метро байгуулах төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх олон улсын нээлттэй тендерийг хоёр үе шаттай зохион байгуулж байна.
НХААГ/20240103208 тендерийн дугаартай нэгдүгээр шатны шалгаруулалтыг 2024 оны хоёрдугаар сарын 29-ний өдөр зарлаж, гуравдугаар сарын 18-ны өдөр нээсэн. Энэ хугацаанд 11 улсын 20 компани тендерт саналаа ирүүлсэн бөгөөд хоёрдугаар шатны сонгон шалгаруулалтыг дөрөвдүгээр сарын 2-ны өдөр зарлаж, тавдугаар сарын 3-ны өдөр нээх байсан боловч тендерт оролцож буй аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн хүсэлтийн дагуу тендерийг 17 хоног хойшлуулсан юм. Ийнхүү тавдугаар сарын 20-ны 14:10 минутад хоёрдугаар шатны тендерийг нээлээ. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг мэдээлэл өглөө.
Тэрбээр “Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл буюу метро барих төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх олон улсын нээлттэй тендерийн нэгдүгээр үе шатанд Англи, Энэтхэг, Хятад, Япон, Өмнөд Солонгос, Герман, Франц, Швейцар, Израил, Орос, Монгол буюу нийт 11 улсын 20 компани саналаа ирүүлсэн. Тухайн 20 компанийн ирүүлсэн саналыг техникийн тодорхойлолтод тусган, ажлын даалгаврыг боловсруулж, хоёрдугаар шатны тендерийг зарласан. Үүний дагуу хоёрдугаар шатны сонгон шалгаруулалтад дөрвөн аж ахуйн нэгж, байгууллага материалаа, үнийн саналын хамт ирүүлжээ. Дээрх дөрвөн аж ахуйн нэгжээс нэг байгууллага тендерийн баталгаагаа ирүүлээгүй байна. Үнэлгээний хороо дээрх дөрвөн байгууллагын техникийн тодорхойлолт, ажлын даалгавартай танилцаж сонгон шалгаруулалтыг явуулна. Ийнхүү шалгарсан компани нийслэл Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл буюу метро барих төслийн зөвлөх үйлчилгээг үзүүлэх юм. Мөн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахад дэмжлэг үзүүлж, төслийн урьдчилсан ТЭЗҮ-г шинэчлэх, төслийн бүх үе шатанд гүйцэтгэгчийн гүйцэтгэлийн чанар, стандартын шаардлага хангаж байгаа эсэхэд хяналт тавьж, шаардлагатай боловсон хүчнийг бэлтгэж ажиллана. Үүний дараа метро барьж байгуулах этгээдийг сонгон шалгаруулах тендерийг зарлахаар төлөвлөж байна” хэмээв.
Мөн Монгол Улсад анх удаа хоёр үе шаттай тендер сонгон шалгаруулалтыг зохион байгуулж байгаа нь цаашид хөрөнгө оруулалтын орчин нэмэгдэх ач холбогдолтой. Мөн сонгон шалгаруулалт амжилттай болбол энэ намартаа багтаан метро барьж байгуулах барилгын ажлыг эхлүүлнэ. Энэ хүрээнд зарим газар чөлөөлөлтийг хийх, бэлтгэл геологийн болон гидрогеологийн судалгаа боловсруулах, газар чөлөөлөлттэй холбоотой нөхцөл байдлыг тодруулах, метро барьж байгуулахтай холбоотой техникүүдийг татан авахаар төлөвлөж байна гэдгийг тэрбээр онцолсон юм.
Түүнчлэн тендерт хамгийн бага үнийн санал ирүүлсэн байгууллагыг сонгон шалгаруулна гэсэн иргэдийн хардлага бий. Гэхдээ үнийн саналаас гадна техникийн тодорхойлолтод тусгагдсан шаардлагыг хангаж байгаа эсэхийг үнэлэн сонгон шалгаруулалтыг явуулна гэдгийг албаны хүмүүс тодотголоо.
Ташрамд, метроны эхний шугам нь Толгойтоос Амгалан хүртэл 17.7 км урт байх бөгөөд үүнээс 6.6 км нь газар доогуур хийгдэх юм.
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.