Нийгэм
Цэргийн дүйцүүлэх албаны бэлтгэл шатны сургалтыг зохион байгуулж байна
Монгол Улсын иргэн Үндсэн хуулиар эх орноо хамгаалах, хуулийн дагуу цэргийн алба хаах үүрэгтэй. Энэхүү үүргийг биелүүлэхэд хуулийн зохицуулалтаар хэд хэдэн боломжийг олгосон байдаг. Тодруулбал, хугацаат цэргийн алба, оюутан цэрэгт хамрагдах, цэргийн дүйцүүлэх албыг биеэр болон мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах, түүнчлэн цэргийн жинхэнэ албыг биеэр хаах гэх зэрэг багтдаг.
Эдгээрийн нэг болох цэргийн дүйцүүлэх албыг биеэр дүйцүүлэн хааж байгаа иргэнд цэрэг эх оронч үзлийг төлөвшүүлж, цэргийн хэргийн бэлтгэл эзэмшүүлэх зорилготой бэлтгэл сургалтыг энэ сарын 3-ны өдрөөс эхлэн зохион байгуулж байна. Сургалтад нийслэлийн 9 дүүргийн цэргийн дүйцүүлэх алба хаагчид хамрагдаж байгаа юм.
Цэргийн дүйцүүлэх албыг биеэр хаах журамд шашин шүтлэг, ёс зүйн болон хуульд заасан бусад үндэслэлээр цэргийн жинхэнэ албыг биеэр хаах боломжгүй нь тогтоогдсон иргэд 24 сарын хугацаатай цэргийн дүйцүүлэх албыг хаах боломжтой. Шаардлага, шалгуурыг хангасан иргэдийг батлагдсан сургалтын хөтөлбөр төлөвлөгөөгөөр сургалтад заавал хамруулдаг. Цэргийн дүйцүүлэх албаны сургалт нь “Цэргийн дүйцүүлэх албаны бэлтгэл”, “Тусгай үүргийн бэлтгэл” сургалтуудаас бүрддэг юм. Тус сургалт нь цэргийн албыг биеэр дүйцүүлэн хааж байгаа иргэдийн томилгоот үүрэг гүйцэтгэхэд чиглэсэн мэдлэгийг олгодгоороо онцлог.Энэ удаагийн сургалтаар батлан хамгаалахын эрх зүй, цэргийн дүрэм, зэвсэг техникийн бэлтгэл, биеийн тамирын бэлтгэл хичээлүүдийг онол, дадлагатай нь хослуулан явуулж байна.
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.