Нийгэм
Иргэд үл хөдлөх хөрөнгөө нүүлгэн шилжүүлж, газраа чөлөөлж эхэллээ
“Сэлбэ” дэд төвийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулах төсөл Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороонд хэрэгжиж байна.
Төслийн хүрээнд иргэдээс нийгэм, эдийн засгийн судалгаа авч, газар болон үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг иргэдтэй зөвшилцөж, зөвшилцсөн иргэдийн нөхөх олговрыг олгож эхэлсэн. Өнөөдрийн байдлаар газар чөлөөлөлтөд өртөж буй 2206 нэгж талбарын 2000 гаруй иргэнээс нийгэм, эдийн засгийн судалгаа авахад 93 хувь нь газар чөлөөлөлтийг дэмжиж буйгаа илэрхийлсэн.
Өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш тухайн бүс нутгийн 1423 иргэн, аж ахуйн нэгжийн газар болон үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хийж, үнэлгээний дүнг иргэдэд танилцуулсан юм. Гэрээ байгуулах ажил үргэлжилж байгаа бөгөөд одоогийн байдлаар 900 орчим нэгж талбартай гэрээ байгуулж, 564 иргэний нөхөх олговрыг олгох Нийслэлийн Засаг даргын захирамж гараад буй. Иймд эхний ээлжийн гэрээ байгуулж, нөхөх олговроо авсан иргэд үл хөдлөх хөрөнгөө нүүлгэн шилжүүлж, газраа чөлөөлж эхэллээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “”Сэлбэ” дэд төвийн хүрээнд 158 га талбайд 2,000 нэгж талбар айлын газар чөлөөлөх төлөвлөлтийг хуулийн төсөлд тусгасан. Газар чөлөөлөх эрх зүйн орчныг шинэчилснээр тухайн бүсэд харьяалагдаж буй айл өрхийн хөрөнгийн үнэлгээ, хээрийн судалгаа, хэмжилтийг хийж, өнгөрсөн дөрөвдүгээр сараас нөхөн олговор олгож эхлээд буй. Ингэснээр дундаа ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн бүхий 12 мянган айлын иж бүрэн орон сууцны цогцолбор хорооллыг барих санхүүгийн болон зураг төслийн бэлтгэл хангагдаж байгаа юм. Энэ хүрээнд эхний ээлжид газраа бүрэн чөлөөлсний дараагаар ариун цэврийн байгууламжийг цэвэрлэх болон хөрсний ариутгал хийж, хашаа, байшингийн хог хаягдлыг зөөх ажлыг энэ сараас эхлүүлнэ. Чөлөөлсөн газрын 60 хувьд нь орон сууц, 40 хувьд нь зам талбай, ногоон байгууламж хийхээр төлөвлөж байна. Мөн сэргээгдэх эрчим хүч, усны эрүүл ахуйг ханган ажиллахаар судалгаа хийсэн.
Ташрамд, “Сэлбэ” дэд төвийн гэр хорооллыг орон сууцжуулахдаа бүрэн төлөвлөх бөгөөд эхний ээлжид 12 мянган айлын орон сууцыг барина. Энэхүү төслийн төлөвлөлтийг 20 минутын хот зарчмыг баримталж, цогц байдлаар хийхээр зорьж буй. Ингэснээр иргэдэд төрийн үйлчилгээ ойртож, агаар болон хөрсний бохирдол буурч, автомашины түгжрэлийн асуудлыг тодорхой хэмжээнд шийдэж чадна” гэлээ.
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.