Улс төр
БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шигийг угтан авлаа

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг болон Үндэсний Ассамблейн гишүүн Со Сам Сог, Ку Мин Жон, Ким Сан Үг тэргүүтэй ажлын хэсгийн төлөөлөгчид Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр /2025.04.26/ хүрэлцэн ирлээ.
Хүндэт зочдыг Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Сүхболд, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол- Бүгд Найрамдах Солонгос Улсын парламентын бүлгийн дарга Ж.Чинбүрэн болон бусад албаны хүмүүс Чингис хаан Олон улсын нисэх онгоцны буудалд угтан авлаа.
Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой энэ жил тохиож байгаа бөгөөд айлчлал нь хоёр улсын “Стратегийн түншлэл”-ийн харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Энэ удаагийн айлчлал нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх, дээд, өндөр түвшний айлчлал, яриа хэлэлцээний давтамжийг хадгалах, парламент хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд чиглэж байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Улс төр
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн 102.5 км салбар төмөр замын трасстай танилцаж, бүтээн байгуулалтыг эхлүүллээ

Улс төр
“Нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах асуудлаар хуулийн төсөл санаачлах тухай” нийтийн өргөдлийг 100,033 иргэн дэмжжээ

Парламентын үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгож, хууль тогтоох үйл явцад оролцох иргэд, олон нийтийн идэвх оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Улсын Их Хурлаас “D.parliament” цахим платформыг 2022 оноос нэвтрүүлээд байна.
Энэхүү платформ нь иргэд Улсын Их Хуралд өргөдөл, гомдол, хүсэлтээ илгээж, хуулийн төсөлд санал өгөх албан ёсны цахим талбар болсон.
Нийтийн өргөдөл, гомдлын цахим системд 2025 оны 04 дүгээр сарын 09-15-ны өдрийн хугацаанд нийт 10 өргөдөл гаргаснаас 4 өргөдлийг хүлээн авч, 6 өргөдлийг хүлээн авахаас татгалзсан байна. Цахим системд дараах 4 өргөдлийг хүлээн авч, байршуулсан бөгөөд үүний 3 өргөдөл нь Улаанбаатар хотын даргыг хэрхэн сонгох талаарх санал байжээ.
Тодруулбал,
– Хотын даргыг Нийслэлийн иргэдийн сонгуулиар шууд сонгодог байх тухай хуулийн төсөл санаачлах санал,
– Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг өөрчлөх тухай хуулийн төсөл санаачлах санал,
– Улаанбаатар хотын даргыг ард иргэд сонгодог болох талаар ажлын хэсэг байгуулах санал,
– Улаанбаатар хотын даргыг ард иргэдийн шууд сонгуулиар сонгодог болох тухай хуулийн төсөл санаачлах санал байна.
Түүнчлэн иргэн Билэгтийн Батбилэгийн гаргасан “Нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах асуудлаар хуулийн төсөл санаачлах тухай” нийтийн өргөдлийг 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар Монгол Улсын 18 насанд хүрсэн 100,033 иргэн дэмжиж, санал өгчээ.
Монгол Улсын Их Хурлын тухай хуульд зааснаар “D-Өргөдөл” буюу нийтийн өргөдөл, гомдлын цахим системд иргэний гаргасан өргөдөл, санаачилга нь 33.000 иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд тодорхой асуудлаар ажлын хэсэг байгуулах, 70.000 иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хяналт шалгалт явуулах, 100.000 иргэний гарын үсэг буюу дэмжлэгийг авсан тохиолдолд Улсын Их Хурлаар шийдвэрлүүлэх боломжтой.
Улс төр
БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалангийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг 2025 оны дөрөвдүгээр сарын 26-30-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.
Бүгд Найрамдах Солонгос Улс нь Монгол Улсын “гуравдагч хөрш”, бүс нутаг дахь ойр дотно түнш бөгөөд энэ онд Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой тохиож байна.
Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн даргын түвшинд 12 жилийн дараа хэрэгжиж буй тус айлчлал нь хоёр улсын “Стратегийн түншлэл”-ийн харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой бөгөөд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх, дээд, өндөр түвшний айлчлал, яриа хэлэлцээний давтамжийг хадгалах, парламент хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд чиглэж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.