Нийгэм
Л.Хосбаяр: Монголын старт-апууд Японы технологийн салбарынхантай хамтрах боломж нээгдэж байна
Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Монгол Японы бизнес, инновацын форум болж байна. Энэ форумын хамгийн эхэнд эрэмбэлэх зорилго юу вэ?
-Энэ удаагийн Монгол-Японы форумыг Нийслэлийн Бизнес, инновацын газар, Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (ЖАЙКА)-тай хамтран зохион байгуулж байна. Япон бол манай улсын хамгийн том хандивлагчдын нэг байсан. Одоо бол Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулан ажиллаж байгаа цөөн орны нэг. Бизнес форумын нэг зорилго нь хоёр улсын эдийн засаг, бизнесийн харилцан ашигтай хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулж, бүхий л салбарт өргөжин хөгжүүлэх байгаа. Энэ хүрээнд Монгол Японы хамтарсан “Ай Ти консорциум” байгуулахаар болж санамж бичгийг үзэглэлээ. Санамж бичгийг Японы “Готанда валлей”-гийн ТУЗ”-ийн захирал Мори Ёшитакатай үзэглэсэн.
-Япон улс бол технологийн салбарт тэргүүлэх улсын нэг. Ийм санамж бичиг байгуулснаар манай улсын технологийн салбарынхан Япон улсын туршлагаас судлах боломж нээгдэж байна гэсэн үг үү?
-Ингэснээр Монголын Ай Ти салбарт ажиллаж байгаа старт-ап компаниуд Японы компаниудтай хамтрах боломж нээгдэж байгаа. Цаашлаад аутсорсинг үзүүлээд явах ч боломжтой болж байна гэсэн үг. Нийслэлийн Засаг дарга Япон Улсад ажиллахдаа Токио хоттой хамтын ажиллагааг хөгжүүлэхээр болсны дагуу ийм боломж нээгдэж байгаа юм.Япон Монголын технологийн чиглэлийн компаниудын хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжих, энэ салбарт ажиллаж байгаа олон мэргэжилтэн, оюутан солилцоо хийх зэргээр салбарын хамтын ажиллагаа өргөжих эхлэл энэ форумаар тавигдлаа гэж хэлж болно.
–Өнөөдрийн форумаар технологийн салбаруудын харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх эхлэлийг тавилаа. Ер нь хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаа ямархуу байдаг вэ?
-Улаанбаатар хотод тулгараад байгаа олон тулгамдсан асуудлуудыг орчин үеийн инновацад суурилсан технологиор шийдэх гарцыг өнөөдрийн Монгол Японы бизнес, инновацын форумаас эрэлхийлж байгаа. Олон ч сонирхолтой танилцуулгуудыг форум дээр сонслоо. Харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх нь өнөөдрийн бидний зорилго болоод байна. Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулснаар хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаа шинэ шатанд гарсан.
-Харьцуулсан тоо баримтууд хэлж болох уу. Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулснаар экспорт, импортын хэмжээ яаж өөрчлөгдсөн бэ?
-2023 онд хоёр улсын худалдааны эргэлт 731.3 сая ам.долларт хүрсэн нь эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулж байсан 2016 онтой харьцуулахад өндөр үзүүлэлт. Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг байгуулснаар хөрөнгө оруулалт, хоёр улсын худалдааны эргэлт огцом өссөн. 2018 онд экспорт 88.6 хувиар, импорт 69.7 хувиар өссөн нь энэ хэлэлцээр ямар чухал байсныг харуулдаг. Харамсалтай нь дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед тээвэр логистикоос болоод экспортын хэмжээ буурсан байдаг. Манай улсын хувьд экспортод гаргадаг бараа бүтээгдэхүүний хувь хэмжээгээр нэхмэл эдлэл, нэхмэл эдлэлийн түүхий эд жин дардаг байсан бол сүүлийн жил буурч эрдэс бүтээгдэхүүн, түүгээр хийсэн эдлэл хамгийн их экспортолсон байна лээ. Харин Японоос импортолдог бараа бүтээгдэхүүний хамгийн их нь суудлын автомашин байгаа. Энэ тоо өнгөрсөн жил гэхэд л 16.8 хувиар өссөн. Цар тахлын үед буураад байсан хөрөнгө оруулалт өнгөрсөн жилээс эргээд өссөн үзүүлэлттэй байгаа.
-Форумын нээлтэд хэлсэн үгэндээ Та “Харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлнэ” гэж онцолж байсан. Буураад байсан хөрөнгө оруулалт ч эргээд өсөж байгаа юм байна. Одоо Япон улсын хэчнээн аж ахуйн нэгж манай улсад үйл ажиллагаа явуулдаг вэ?
– Ер нь энэ бүхнээс харахад хандивлагч, хүлээн авагч гэсэн харилцаатай байсан хоёр улс эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулж, засгийн хамтын ажиллагаагаа тэлж, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлж байгааг харж болно. Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулснаас хойш хамгийн сүүлийн үеийн судалгаагаар импортын тарифын хөнгөлөлт эдэлдэг 103, экспортын тарифын хөнгөлөлт эдэлдэг 92 аж ахуйн нэгж байдаг. Одоо манай улсад үйл ажиллагаа эрхэлдэг Япон Улсын 670 гаруй аж ахуйн нэгж байдаг юм билээ. Өнөөдрийн форумаар технологийн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэхийг зорьж, сайн туршлагуудыг Монголдоо нутагшуулахыг хичээж байна.
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.