Нийгэм
Г.Нэргүй: Үерийн өндөр эрсдэлтэй бүсэд зөвшөөрөлгүй буусан 500 орчим айл байна
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, өндөр уулс болон гуу, жалга, суваг, шуудуу, гол мөрний цас эрчимтэй хайлж, хөрсний ус, булаг гаран, халиа тошин үүсэн, айл өрх, гудамж талбай усанд автах, шар усны үер буух эрсдэл өндөр байна. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүйгээс шар усны үерээс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээний талаар тодрууллаа.
-Шар усны үерийн нөхцөл байдал ямар түвшинд байна вэ. Хэрхэн урьдчилан сэргийлж, хариу арга хэмжээ авч байна вэ?
-Нийт нутгаар ойрын 30 жилийн хугацаанд ороогүй их хэмжээний хур тунадас орсон. Энэ нь шар усны үерийг эрсдэлийг 2-3 дахин нэмэгдүүлж байгаа. Улаанбаатар хотын хувьд шар усны нэн аюултай түвшинд байна гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан. Шар усны үерээс урьдчилан сэргийлэх хүрээнд холбогдох байгууллагуудаас шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байна. Тодруулбал, их хэмжээгээр хуримтлагдсан цасыг аюулгүй, урсацтай газар зөөн шилжүүлэх, суваг шуудуу татах зэрэг ажлыг хийж буй. Мөн өчигдөр орсон их хэмжээний цас шар усны үерийн эрсдэлийг нэмэгдүүлсэн. Өөрөөр хэлбэл, өглөө орсон цас үдээс хойш хайлж, өчигдрийн байдлаар 24 удаагийн дуудлага, мэдээлэл ирж, холбогдох байгууллагуудын албан хаагчид ус соруулан, суваг шуудуу татаж, шаардлагатай айл өрхийг нүүлгэн, аюулгүй байдлыг ханган ажиллалаа.
-Шар усны сэрэмжлүүлэг мэдээ мэдээллийг иргэдэд хэрхэн хүргэж байгаа вэ?
-Улаанбаатар хотод халиа тошин үүссэн 33 байршил бий. Тухайлбал, Хан-Уул, Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан, Баянзүрх, Налайх дүүрэг эрсдэл өндөртэй бүсэд орж байгаа юм. Түүнчлэн үерийн өндөр эрсдэлтэй бүсэд байгаа 1900 орчим айл өрхийн 500 орчим нь зөвшөөрөлгүй буусан айл өрхүүд. Холбогдох байгууллагуудаас айл тус бүрд очин нүүлгэх тухай мэдэгдлийг хүргэхийн зэрэгцээ хүн олноор суурьшдаг байршлуудад хөдөлгөөнт дуут дохио ажиллуулж, цахим хуудсуудад урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг мэдээ, хариу арга хэмжээ авах заавар зөвлөгөөг бичлэг болон зураг хэлбэрээр түгээж буй. Мөн Онцгой байдлын ерөнхий газраас шар усны үерээс урьдчилан сэргийлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулж байна.
-Үерийн эрсдэлтэй бүсэд байгаа айл өрхүүдэд нүүх байршил зааж өгч байгаа юу?
-Нийслэлийн Онцгой байдлын газраас “Шар усны үерээс урьдчилан сэргийлж, урьтаж хамгаалъя” уриан дор “Нэг хот, нэг гэр бүл” аяныг эхлүүлсэн. Энэ хүрээнд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас тухайн айл өрхүүдэд нүүх боломжтой байршлууд зааж өгсөн. Харамсалтай нь иргэд сайн дураараа нүүх сонирхолгүй байдаг. Энэ нь шар усны үерт автах эрсдэлийг улам нэмэгдүүлж байгаа юм. Үерийн эрсдэлтэй, зөвшөөрөлгүй газарт суурьшиж буй ихэнх иргэд хөдөө орон нутгаас шилжиж ирсэн. Нэгэнт худалдаад авчихсан газраасаа нүүх сонирхолгүй байх нь аргагүй ч эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөө эрсдэлд оруулахгүй байх үүднээс мэргэжлийн байгууллагуудын заавар зөвлөмжийг даган хамтарч ажиллах нь чухал. Мөн иргэд гэрийнхээ ойр орчмын үер орж ирж болзошгүй газарт суваг шуудуу татах, шуудай элсээр хамгаалалт хийх, хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж буй мэдээллийг цаг алдалгүй авч, сонор сэрэмжтэй байх зэргээр үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломжтой.
-Шар усны үер буух шалтгааны талаар мэдээлэл өгвөл?
-Сүүлийн жилүүдэд дэлхий даяар уур амьсгалын өөрчлөлтийн улмаас хавар, зуны улиралд их хэмжээний үер буух, өвөл цас их орох зэргээр байгалийн гамшигт үзэгдлийн хэмжээ ихсэж буй. Хаврын улиралд дулаан болсонтой холбоотойгоор өндөр уулс болон гуу, жалга, суваг, шуудуу, гол мөрний цас эрчимтэй хайлах байгалийн үзэгдлийг шар усны үер гэдэг. Үерийг шар усны, борооны, уулын буюу уруйн үер хэмээн ангилдаг.
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.