Нийгэм
Эрүүл мэндийн хичээлийг сэргээх бодлого баримтална
Боловсролын сайдын Эрүүл мэндийн боловсролын асуудал хариуцсан орон тооны бус зөвлөхөөр О.Цэцэгбалыг томиллоо.
О.Цэцэгбал нь хүний их эмч мэргэжилтэй бөгөөд 15 жил эмчээр, сүүлийн таван жил эрүүл мэндийн байгууллагын менежментийн чиглэлээр ажилласан туршлагатай.
Уг томилгооны хүрээнд Боловсролын сайдын Эрүүл мэндийн боловсролын асуудал хариуцсан орон тооны бус зөвлөх О.Цэцэгбалтай хийсэн товч ярилцлагыг хүргэж байна.
-Боловсролын сайдын Эрүүл мэндийн боловсролын асуудал хариуцсан орон тооны бус зөвлөхөөр томилогдож буйн хувьд цаашид юунд, хэрхэн анхаарч ажиллах вэ?
-Эрүүл мэндийн боловсрол бол суурь боловсролын маш чухал хэсэг. Сургалтын хөтөлбөрт шинэчлэл хийж байгаа үед энэ албан тушаалд томилогдож байгаа маань бас чухал болж байна. Монголчуудын эрүүл мэндийн үзүүлэлт муу, хангалтгүй байгаагийн үндсийг яривал суурь боловсролын асуудал хөндөгдөнө. Тиймээс суурь боловсролын хөтөлбөрт эрүүл мэндийн хичээлийг суулгах, эрүүл хэв маягийг заах хичээл болгон нэвтрүүлэхийг чухалчилна.
-Биеийн эрүүл мэндээс гадна сэтгэл зүй, сэтгэцийн эрүүл мэнд яригдах болсон. Хүүхдүүд, сурагчдын энэ талын мэдлэг боловсролд хэрхэн анхаарах вэ?
-Өөрчлөгдөж буй энэ нийгэмд хэрхэн эрүүл амьдрах вэ гэдэгт сэтгэл зүйн эрүүл мэнд ихээхэн нөлөөтэй. Өнгөрсөн жилээс эхлэн ерөнхий боловсролын сургуулиудад сэтгэл зүйч ажиллах болсон ч тухайн сэтгэл зүйч яг хүүхдэд зориулсан мэргэжилтэн мөн эсэх нь чухал болоод байна. Сэтгэл зүйч байгаа боловч яг тусгайлан бэлтгэгдээгүй учраас хүүхэдтэй ажиллаж чадахгүй байх зэрэг асуудал үүсэж байгаа юм. Энэ мэтчилэн орчин үеийн нийгэмд гарч ирж байгаа олон шинэ хүчин зүйл байна. Энэ бүгдийг хүүхэд суурь боловсролоос л олж авах ёстой. Тиймээс суурь боловсрол дахь эрүүл мэндийн хичээл нь боловсролын шинэчлэлийн хамгийн чухал хэсэг.
-Суурь боловсролоос гадна хүүхэд анги дэвших тусам нөхөн үржихүйн, бэлгийн боловсрол олгох шаардлагатай болно. Тэгэхээр анги болон насны ангилалд тохируулж эрүүл мэндийн хичээлийн хөтөлбөрийг сэргээх үү?
-Одоогийн байгаа хөтөлбөрөөр 7-р ангид бэлгийн эрүүл мэндийн талаар заадаг. Энэ бол хэтэрхий оройтож байгаа хэрэг буюу хүүхдийн биед өөрчлөлт ороод, заримд нь шилжилтийн нас явагдаж байдаг үе. Тэгэхээр үр дүнгүй болж байгаа юм. Хэдэн настайд нь ямар хичээл заах, ямар дадал хэвшил суулгах ёстойг тодорхойлсон олон улсын хөтөлбөрүүд бий. Тиймээс сургалтын хөтөлбөрөөс хасагдаад байсан эрүүл мэндийн хичээлийг насны ангилалд тохируулан сэргээхээс эхлээд мэргэжлийн багш бэлтгэх зэргээр үе шаттайгаар шийдвэрлэж, Эрүүл мэндийн яамтай хамтран ажиллана.
-Энэ хичээлийн жилийн бүтцэд 6 настай хүүхдүүдийг шүд, нүд, зүрх судасны үзлэгт хамруулах тухай тусгасан. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу.
-Урьдчилан сэргийлэх үзлэг манай улсад сүүлийн хэдэн жил харьцангуй идэвхтэй зохион байгуулагдаж байгаа ч хүүхдэд чиглэсэн нь хараахан байхгүй. Тиймээс Эрүүл мэндийн яамтай хамтран улсын хэмжээнд 6 настай хүүхдүүдийг шүд, нүд, зүрх судасны үзлэгт хамруулна. Мөн үзээд орхихгүй, эмчлэх, эрүүлжүүлэх ажил заавал дагаад хэрэгжих ёстой. Тиймээс цаашид энэ чиглэлээр үргэлжлүүлэн ажиллана.
-Ярилцсанд баярлалаа.
Эх сурвалж: Боловсролын яам
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.