Нийгэм
Д.Амарбаясгалан: Хүнсний аюулгүй байдал, тогтвортой хангамжийг бодитоор нэмэгдүүлэх бүтээн байгуулалтуудыг дэмжин ажиллана
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Улсын Их Хурлын гишүүн, Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих ажлын хэсгийн ахлагч М.Мандхай, Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүн П.Батчимэг нар 2024 оны есдүгээр сарын 01-ний өдөр “Хойд бүсэд зохицсон ухаалаг хүлэмжийн загвар аж ахуйг хөгжүүлэх төсөл”-ийн бүтээн байгуулалттай танилцлаа.
Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газрын санхүүжилтээр Хөдөө Аж Ахуйн Их Сургуультай хамтран 2021 оноос эхлэн хэрэгжүүлж буй уг төслийн хүрээнд манай орны эрс тэс уур амьсгалд тохиромжтой бөгөөд жилийн дөрвөн улиралд тариалалт хийх боломжтой дэвшилтэт технологийн дагуу өвөл, зуны найман хүлэмжийг жишиг загвараар барьж ашиглалтад оруулжээ.
Төслийн удирдагч, Олон улсын таримал судлалын хүрээлэнгийн захирал, ХААИС-ийн хүндэт профессор Ли Юун Бом хэлэхдээ, уур амьсгалын өөрчлөлтийг даван туулахын тулд хөдөө аж ахуйн салбарт шинэ технологи, сайн туршлагууд шаардагдаж буйг онцлоод монгол орны газарзүйн байршил, цаг агаарын онцлогт тулгуурлан хүний хөдөлмөрийг хөнгөвчлөх ухаалаг систем бүхий хямд өртөгтэй хүлэмжийн 10 загварыг төлөвлөснөөс 8-ыг нь сонгон, ашиглалтад оруулснаа тодотголоо. Ингэхдээ зөвхөн жишиг хүлэмжийн бүтээн байгуулалтын ажил төдийгүй таримлын шинэ сорт, технологи болон хүлэмжийн цогцолборын үйл ажиллагааг жигдрүүлэх судалгааны ажлууд үргэлжилж буйг тэрбээр дурдав. Түүнчлэн манай орны нөхцөлд зохицсон өвөл, зуны хүлэмжийн жишиг загварыг боловсруулахын тулд 1985 оноос 2021 оныг хүртэлх нийт 36 жилийн цаг уурын тоон мэдээллийг нэгтгэж, дулаан алдахгүй байх зэрэг дэвшилтэт технологийг ашигласнаар, жилийн турш тариалалт хийх боломжтойгоор шийджээ.
Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан төслийн бүтээн байгуулалттай танилцах үеэрээ, хүнсний аюулгүй байдал, тогтвортой хангамжийг бодитоор нэмэгдүүлэх бүтээн байгуулалтуудыг бодлогоор дэмжин ажиллахыг чухалчилж буйгаа онцоллоо. Тэрбээр үргэлжлүүлэн, УИХ-аас Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих ажлын хэсгийг 15 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулж, ажлаа эхлүүлснийг тодотгоод салбарын үйлдвэрлэл, үр ашгийг нэмэгдүүлэхийн тулд үндэсний хэмжээний “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, “Шинэ хоршоо” хөдөлгөөнүүдийг хамтад нь эрчимжүүлнэ гэдгийг цохон тэмдэглэв. УИХ-ын дарга үргэлжлүүлэн, салбар хоорондын уялдаа холбоо бүхий дотоодын үйлдвэрлэлийг цогцоор нь дэмжсэнээр хүнсний хэрэглээний тогтвортой ханган нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлэх ач холбогдолтойг хэллээ.
Түүнчлэн хөдөө аж ахуйн үйлдвэрлэл нэмэгдэхийн хэрээр хот, суурин газрын хэрэглэгчдийн хүнсний аюулгүй байдал, тогтвортой хангамж дээшилж, импортын хамаарал, үнийн өсөлт буурах давуу талтайг онцлов. “Хойд бүсэд зохицсон ухаалаг хүлэмжийн загвар аж ахуйг хөгжүүлэх төсөл”-ийн санаачлагч, дэмжигч болон гар бие оролцсон бүх хүмүүст УИХ-ын дарга Д.Амарбаясгалан талархал илэрхийлэхийн сацуу цаашид жишиг хүлэмжийн загваруудыг бүс нутгийн онцлогт тохируулан кластераар хөгжүүлэхэд дэмжин ажиллахад бэлэн байгаагаа дурдлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.