Нийгэм
Хуримтлалын сангаар залуучууд, орлого багатай иргэдэд зориулсан орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлнэ
Энэ оны дөрөвдүгээр сарын 19-нд УИХ-аар батлагдсан Үндэсний баялгийн сан нь “Хуримтлалын сан”, “Ирээдүйн өв сан”, “Хөгжлийн сан” гэсэн 3 төрөлжсөн сантай.
“Хуримтлалын сан” нь иргэдэд эрүүл мэнд, боловсрол, орон сууцны зориулалтаар дэмжлэг үзүүлж, амьдралын чанарыг сайжруулах зориулалттай юм.
Эхний ээлжинд “Хуримтлалын сан”-гийн эх үүсвэрээс ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд зориулахаар төлөвлөж байна.
Өнөөдөр Монголбанк, Монголын Ипотекийн корпораци, Арилжааны банкуудын төлөөлөлтэй уулзаж “Хуримтлалын сан”-гийн мөнгөн хөрөнгийг ипотекийн зээлийн эх үүсвэр, орон сууцжуулалтад хэрхэн уялдуулах чиглэлээр ярилцлаа.
Орон сууцны зээлд залуучууд болон орлого багатай иргэдийг хамруулж, амьдралын чанарыг нь сайжруулан дундаж давхрагаа нэмэгдүүлэх нь бидний зорилго.
2013 оноос олгож эхэлсэн ипотекийн зээлд 128.7 мянган өрх хамрагдаж 8.8 их наяд төгрөгийн зээл олгожээ. Энэ нь жилд дунджаар 20 мянга орчим иргэн ипотекийн зээлд хамрагдаж байна гэсэн үг.
2023 онд нийслэлд 6 хувийн зээлээр 8889 иргэнд 932 тэрбум төгрөгийн, 2024 оны 7 дугаар сарын байдлаар 8188 иргэнд 946 тэрбум төгрөгийн зээл олгожээ.
Харин орон нутагт 2023 оны 1 дүгээр сараас 2024 оны 7 дугаар сар хүртэл орон нутгийн 7368 иргэнд 647 тэрбум төгрөгийн 3 хувийн хүүтэй ипотекийн зээл олгоод байна.
Энэ оны 7 дугаар сарын байдлаар 6 хувийн ипотекийн зээл авах 17 мянган иргэний, 2 их наяд төгрөгийн зээлийн хүсэлт хүлээгдэж байна.
Цаашид орон сууцжуулах хөтөлбөрөө залуучуудад, ахмадуудад, орлого багатай гэр бүлд, өмнө нь авсан жижиг талбайтай байраа томруулах хүсэлтэй иргэдэд зориулах зэргээр төрөлжүүлэх хэрэгцээ, шаардлага бий.
Мөн урьдчилгаа төлбөрийн нөхцөлд уян хатан хандаж, хуримтлалын сангаас санхүүжүүлэх, зээлийн батлан даалтын сангаас гаргах, эцэг эхийн байрыг барьцаалах гэх мэт олон нөхцөлтэй болгох саналуудыг боловсруулахаар ярилцлаа гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.