Нийгэм
Анхдагч амжилтын эзэд
Францын нийслэл Парис хотод зуны 17 дугаар паралимпын наадам наймдугаар сарын 28-наас есдүгээр сарынн 9-ний хооронд болоход таван тивийн 168 орны 4400 гаруй тамирчин спортын 22 төрөлд 549 багц медалийн төлөө өрсөлдлөө.
Энэ удаагийн наадамд Монгол Улсаас спортын зургаан төрөлд 12 тамирчин өрсөлдөж, нэг алт, гурван мөнгө, дөрвөн шагналт байрт орсон амжилтаараа 57 дугаар байрт жагсав.
“Парис-2024” паралимпын Монголын баг тамирчдын анхдагч амжилтуудыг сонирхуулж байна.
Зуны паралимпын наадамд манай улсын тамирчид нийтдээ долоон удаа оролцоход энэ удаагийнх шиг өргөн бүрэлдэхүүнтэйгээр орсон удаагүй билээ. Парисын паралимпын наадамд спортын зургаан төрөлд 12 тамирчин эрх авч өрсөлдөж, тэднээс дөрөв нь медальд хүрсэн нь түүхэн амжилт болох юм.
Паралимпын эхний өдөр таеквондогийн эмэгтэйчүүдийн 52 кг-ын жингийн К44 ангилалд тулалдсан У.Сүрэнжав аваргалсанаар паралимпын наадмын анхны алтан медальт монгол эмэгтэй тамирчин болов. Түүний хувьд ДАШТ-ээс мөнгө, “Ханжоу-2022” Азийн наадмаас медаль хүртсэн билээ.
Удаах өдөр нь таеквондогийн эрэгтэйчүүдийн 63 кг-ын жинд гавьяат тамирчин Г.Болор-Эрдэнэ мөнгөн медаль хүртсэнээр паралимпын мөнгөн медальт анхны монгол тамирчин болсон юм. Тэр үүнээс гадна ДАШТ-ээс таван алт, Ази тивээс таван алтан медальтай ба “Ханжоу-2022” Азийн наадмын аварга болсон тамирчин.
“Парис-2024” паралимпын наадмын хөнгөн атлетикийн бөөрөнцөг түлхэлтийн F40 ангилалд Ц.Баттулга 11.9 метрийн шидэлтээр мөнгөн медаль хүртсэн нь мөн анхдагч амжилт. Тэрбээр өнгөрсөн жил “Ханжоу-2022” Азийн наадмаас хүрэл медаль хүртсэн.
Паралимпын сүүлийн өдөр пауэрлифтингийн хэвтээ шахалтын 107 кг-ын жинд өрсөлдсөн Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ цээжнээс 248 кг-ыг шахсанаар мөнгөн медаль хүртлээ. Өмнө нь “Рио-2016”-гоос хүрэл, “Токио-2020”-гоос алтан медаль хүртсэн түүний медалийн цуглуулгад мөнгөн медаль нэмэгдэж, тэр паралимпын иж бүрдэл медальтай анхны монгол тамирчин болов.
Усанд сэлэлтийн 50 болон 100 метрийн зайд уралдсан Х.Номуун паралимпын наадамд өрсөлдсөн Монголын баг тамирчдын бүх цаг үеийн хамгийн залуу оролцогч болов. Усанд сэлэлтийн 50 метрийн зайд долоо, 100 метрийн зайд зургаадугаар байрт хурдалж, улсынхаа дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо. Түүнийг олон тэмцээн, олон паралимпын наадам хүлээж байна.
Монголын пара тамирчид энэ удаагийн паралимпын наадмыг бахдал дүүрэн амжилттайгаар үдэж, эх орны зүг хөлгийн жолоо залж байна гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.