Нийгэм
Наймдугаар сард 34 улсын 11866 гадаадын иргэнд цахим виз олгожээ
Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч наймдугаар сард гадаадын 5140 иргэнд визийн зөвшөөрөл, 1497 иргэнд виз, цахим визийн evisa.mn системээр 34 улсын 11866 иргэнд виз олголоо.
Мөн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг үндэслэн гадаадын 2429 иргэнд Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгож, 3923 иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг сунган, 912 иргэний бүртгэлд хасалт хийв.
Түүнчлэн төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, үйлчлүүлэгчдийн цаг, зардлыг хэмнэx, үйлчилгээний төвлөрлийг сааруулаx зорилгоор гадаадын иргэний оршин суух үнэмлэхийг хотын төвд буюу Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн нэг цэгийн үйлчилгээний төвд нэгдсэн байдлаар олгож байгаа бөгөөд өнгөрөгч сард 4913 үнэмлэхийг шинээр хэвлэж, 1524 иргэний үнэмлэхийг олгосон байна.
Цахим үйлчилгээний нэгдсэн системээр 14382 иргэний хүсэлтийг хүлээн авч хянан шийдвэрлэж, Монгол Улсад албан болон хувийн хэргээр оршин суух зөвшөөрөл, түүний сунгалт, түр ирэгчийн бүртгэл, хасалт, визийн хугацааны сунгал, бүртгэлийн дугаарын олголт, ашиглалт, оршин суух үнэмлэх олгох, хэвлэх, төлбөрийн буцаалтын асуудлаар нийт 7769 иргэнд зөвлөгөө, мэдээлэл өглөө.
2024 оны наймдугаар сарын байдлаар Монгол Улсад албан болон хувийн хэргээр оршин суух бүртгэлтэй 36807 гадаадын иргэн байна. Үүнээс хөдөлмөр эрхлэгч 15895, хөрөнгө оруулагч 4532, гэр бүлийн зорилгоор 4256, цагаач 1879, суралцагч 7830, хувийн бусад зорилгоор 1832, түр ирэгчээр бүртгэлтэй 7082 гадаадын иргэн байна гэж Гадаадын иргэн, харьяатын газраас мэдээллээ.
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.