Нийгэм
32-ын тойргоос Баянбүрдийн тойрог хүртэл 1.6 км авто замын бродюрыг дахин өндөрлөхгүйгээр шинэ технологиор шинэчилж байна
Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, 32-ын тойргийн уулзвараас Баянбүрдийн тойрог хүртэл 1.6 км авто замыг шинэчлэхдээ бродюрыг дахин өндөрлөхгүйгээр шинэ технологиор шинэчилж байна.
Тухайн байршилд нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Н.Мандуул, Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр нар ажиллалаа.
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Н.Мандуул “Хотын зүгээс ирэх жилээс авто замыг шинэчлэхдээ бродюрыг дахин өндөрлөхгүйгээр шинэ технологиор шинэчилнэ гэсэн шийдвэр гаргасан. Уг шийдвэрийн дагуу төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд миллинг гэж нэрлэдэг “Бобкат резакл” 2024 оны загварын шинэ технологиор цаашид бродюрыг дахин өндөрлөхгүйгээр авто зам засах ажлыг өнөөдрөөс эхлүүллээ. Цаашид хотын бүтээн байгуулалтын ажлуудад шинэ технологийг нэвтрүүлэхдээ төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд санхүүгийн боломжит хувилбаруудыг дэвшүүлэн, хамтран ажиллана. Мөн зам засварын явцад гардаг зардлуудыг ил тод болгоно” гэв.
Харин НЗХГ-ын дарга Б.Одбаяр “Өмнө нь авто зам шинэчлэхдээ 5-8 см асфальт бетоноор хучихын тулд бродюрыг өндөрлөх шаардлага үүсдэг байсан. Харин одоо өгөршиж, муудсан хэсгийн бродюрыг сорчилж солино. Уг технологиор зам засахдаа эхлээд ус цацаж, засах замаа доош нь 5 см зорон, буталж, араас нь шүүрдэн, цэвэрлэж тэгшилнэ. Эцэст нь асфальт бетоноор нь хучина. Өөрөөр хэлбэл хуучин асфальт бетон хучилтыг өндөрлөх болон нийтээр нь солихгүйгээр засвар шинэчлэлийг хийнэ. Энэ нь 1 метр 20 см-ын өргөнтэй учир зам засахдаа тухайн орчмын замыг бүхэлд нь хаалгүйгээр хэсэгчилж засах боломжтой. Мөн зам засварын ажлын үеэр явган зам сэргээх, бродюр болон худгийн таг өндөрлөх зэрэг ажилд хугацаа их алддаг байсан бол одоо цаг хугацаа, зардал хэмнэх боломж бүрдлээ” хэмээн хэлсэн юм.
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.