Нийгэм
Улаанбаатарт 5 байршилд авто зам хааж, шинэчилнэ
Энэ долоо хоногт Улаанбаатар хотын таван байршилд авто зам шинэчилнэ. Тодруулбал, дөрвөн авто замын хөдөлгөөнийг хэсэгчилж хаах бол үлдсэн нэг байршлын замын хөдөлгөөнийг бүрэн хязгаарлах юм.
- Архивчдын гудамж буюу Нисэхийн тойргоос Архивын ерөнхий газар хүртэлх хойноос урагш чиглэлийн баруун талын авто замыг есдүгээр сарын 20-ны 23:00 цагт хааж, 23-ны 06:00 цагт нээнэ. Энэ хугацаанд хойноос урагш чиглэлийн зүүн талын авто замаар хөдөлгөөнд оролцох боломжтой.
- Нарны зам буюу Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн баруун урд уулзвараас Циркийн уулзвар хүртэлх авто замын урд эгнээг есдүгээр сарын 20-ны 22:00 цагт хааж, 22-ны 06:00 цагт нээнэ. Харин хойд эгнээг есдүгээр сарын 22-ны 06:00 цагт хааж, 23-ны 06:00 цагт нээнэ.
- Наадамчдын авто зам буюу “Фүүд сити” төвөөс Яармагийн гүүр хүртэлх замын урд хэсгийг есдүгээр сарын 20-ны 23:00 цагаас 23-ны 06:00 цагийн хооронд хааж засварлана. Энэ хугацаанд авто замын хойд эгнээгээр замын хөдөлгөөнд оролцох боломжтой.
- Их тойруугийн авто зам буюу “Дөлгөөн нуур” худалдааны төвийн уулзвараас “Өлзий төв” хүртэлх урд эгнээг есдүгээр сарын 21-ний 23:00 цагаас хааж, 23-ны 06:00 цагт нээнэ. Энэ хугацаанд авто замын хойд эгнээгээр замын хөдөлгөөнд оролцох боломжтой.
- Хонхны гудамж буюу Төмөр замын дээд сургуулийн уулзвараас “Гранд плаза” хүртэлх авто замыг есдүгээр сарын 21-ний 23:00 цагаас 24-ний 06:00 цаг хүртэл бүрэн хааж, шинэчилнэ.
Зам засварын ажлын хүрээнд инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулах, хашлага солих, тэмдэг тэмдэглэгээ хийх зэрэг ажлыг гүйцэтгэнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
Нийгэм
О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.
Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.
2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.
Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:
• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.
• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.
• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.
• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.
• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.
Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ
ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.
Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.