Нийгэм
Өвлийн оргил ачааллын үед цахилгаан хангамж, шугам тоноглолыг найдвартай ажиллуулах үүрэг өглөө

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо.
Ээлжит шуурхай зөвлөгөөнөөр өмнөх зөвлөгөөний үүрэг, даалгаврын биелэлт 82 хувьтай байгааг хэлэлцлээ.
Зөвлөгөөний эхэнд “Улаанбаатар хотод төмөр зам доогуур авто замын нүхэн гарц шинээр барих төсөл”-ийн хэрэгжилтийн талаар Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн дарга У.Баатар танилцууллаа.
Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Таван шарын гарам, Геологийн төв лабораторийн уулзвар, “Хермес” төвийн төмөр замын зоорь, Нарны зам болон Их хүрээний гудамжны нүхэн гарц гэсэн 4 байршилд нүхэн гарц байгуулах төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Эдгээрээс Таван шарын нүхэн гарцыг өнгөрсөн есдүгээр сард ашиглалтад оруулсан.
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн дарга У.Баатар “Геологийн төв лабораторийн уулзварын төмөр зам доогуур нүхэн гарцын барилга угсралтын ажлын хүрээнд D32 метр түр Ган дамнурууг төмөр зам дагуу шилжүүлэн бетон тулгуургүйгээр ажлыг гүйцэтгэсэн. Инженерийн шугам сүлжээний ажлын хүрээнд ДЦС-4, Москва хорооллын чиглэлд 4.2 км урт 2ф800мм-ийн голчтой дулааны гол шугам шилжүүлэх, Ф150мм-ийн уурын шугам сүлжээ шилжүүлэх ажлуудыг тус тус хийсэн. “Хермес” төвийн төмөр замын зоорины үндсэн нүхэн гарцын барилга угсралтын ажил дууссан. 2025 оны хавраас төмөр зам доогуур байрлуулах ажлыг үргэлжлүүлнэ. Нарны зам болон Их хүрээний гудамжны нүхэн гарцыг барьснаар хөдөлгөөний ачаалал 7.3 хувиар буурах судалгаа байна. 2025 оны хавраас мөн барилга байгууламжийн ажлыг эхлүүлэх юм” гэдгийг танилцууллаа.
Нийслэлд төмөр зам доогуур авто замын нүхэн гарц шинээр барих төслүүд хэрэгжиж байгаа нь Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөнийг төмөр замын хөдөлгөөнтэй давхцахгүй болгох зохицуулалт хийснээр түгжрэлийг тодорхой хувиар бууруулах зорилготой юм. Мөн нийслэлд хэрэгжиж байгаа явган замын нөхөн сэргээлтийн ажлууд болон нийслэлийн хэмжээний худалдан авах ажиллагааны явцын талаар холбогдох албаныхан танилцууллаа. Тухайлбал, нийслэлийн Засаг даргаас худалдан авах ажиллагааны эрх шилжин ирсэн төсөл, арга хэмжээний хэрэгжилт 94.4 хувьтай байгааг танилцуулав. Нийслэлийн дүүргүүд өвөлжилтийн бэлтгэл ажил, давс, бодисын нөөцлөлт, хот нийтийн аж ахуйн машин, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангаж ажиллаж байгааг мөн үеэр онцоллоо.
Шуурхай зөвлөгөөний төгсгөлд хотын дарга дараах үүрэг даалгаврыг өглөө.
Тодруулбал, нийслэлийн нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай, орон сууц, гэр хорооллын гэрэлтүүлэг, кабель, шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээг тогтмол хийж, явган замыг стандартад нийцүүлэх,
Өвлийн оргил ачааллын үед цахилгаан хангамж, шугам тоноглолын найдвартай ажиллагааг хангах хүрээнд үзлэг шалгалтыг тогтмол хийж, их болон урсгал засварыг батлагдсан төлөвлөгөөт хугацаанд гүйцэтгэх,
Цахилгаан хангамжийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Төв аймгийн Баянжаргалан суман дахь Бөөрөлжүүтийн цахилгаан станцын нэгдүгээр блокийн 150 мВт, Багануур дүүргийн нутаг дэвсгэрт баригдаж буй 50мВт-ын хүчин чадалтай батарей станцыг цахилгаан эрчим хүчний системд холбох ажлыг эрчимжүүлэх,
Дүүргүүдийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагын гадна зам талбай, зогсоол, шатахуун түгээх станцуудын орц, гарцын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах, замын тэмдэг, тэмдэглэгээ тавих, эвдрэл гэмтлийг засах ажлыг эрчимжүүлж, дуусгах,
Теле камерын нэгдсэн төвийн техник, тоног төхөөрөмж, систем, программ хангамж төслийн ажлыг эрчимжүүлэх,
Нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, төрөлжүүлэх зорилгоор “Нисэхийн тойрог уулзвараас Сансарын аюулгүйн тойрог уулзвар хүртэлх авто замын дагуу тусгай замын автобус зорчих хэсгийн инженерийн дэд бүтцийн урьдчилсан судалгаа”-г боловсруулах ажлын явцыг танилцуулах зэрэг үүрэг даалгаврыг өгсөн юм.

Нийгэм
Санал өгөөгүй тохиолдолд ногдол ашиг шууд таны данс руу шилжинэ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны ногдол ашгийн үлдэгдлийг хэрхэн хүлээн авах тухай санал асуулга явагдаж байна.
1072 хувьцааны ногдол ашгийн үлдэгдлийг ямар хэлбэрээр хүлээн авах тухай санал асуулгад E-Mongolia вэб порталаар нэвтэрч, санал асуулгад идэвхтэй оролцоорой.
Саналыг 2025 оны 04 дүгээр сарын 04-09-ний өдрүүдэд хүлээн авах ба та энэ хугацаанд саналаа өөрчлөх боломжтой!
Харин 2025 оны 4 дүгээр сарын 10–16-ны өдрүүдэд таны өгсөн саналд үндэслэн баталгаажуулалт хийх юм.
Санамж: Санал өгөөгүй тохиолдолд ногдол ашиг шууд таны данс руу шилжинэ.
Нийгэм
О.Энхбаатар: Өвөр гүнтийн замыг шинэчлэхээр 3 удаа тендер зарласан боловч ААН-үүд оролцоогүй

Энэ онд нийслэлийн хэмжээнд 36 байршилд 74 км авто замыг засаж, шинэчилнэ.
Энэ хүрээнд нийслэлийн гол гудамж, замуудыг засаж, шинэчлэх юм. Тухайлбал, Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны өргөн чөлөө зэрэг олон жилийн насжилттай гол гудамж, замуудыг засна.
Мөн 2014 онд ашиглалтад оруулсан Өвөр гүнтийн 5 км замыг шинэчилнэ. Тодруулбал, тус замын нүхэн эвдрэл, үерийн шуудууг сэргээх, тэмдэг, тэмдэглэгээ хийх зэрэг ажлыг жил бүр хийдэг. Харин энэ жил тус замд их засвар хийнэ гэдгийг НХЗГ-ын Засвар арчлалтын хяналтын хэлтсийн дарга О.Энхбаатар хэллээ.
Тэрбээр “Өвөр гүнтийн замыг шинэчлэх замын жагсаалтад оруулж, их засварын ажлын тендерийг гурван удаа зарласан. Гэвч оролцогч байхгүйн улмаас одоог хүртэл гүйцэтгэгч нь шалгараагүй байна. Энэ зам нь хаврын шар усны үер, уруйн үер болон иргэд, аж ахуйн нэгжийн зөвшөөрөлгүй орц, гарц гарган үерийн шуудууг таглах зэрэг үйлдлээс болж байнга эвдэрдэг. Энэ жил мөн шинэчлэхээр дөрөв дэх удаагийн тендерийг зарлаад байна” гэлээ.
Нийгэм
Хөдөлгөөнт “ХУРДАН” цэг нийслэлийн алслагдсан бүсэд ажиллана

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар нь урин дулааны улиралд хөдөлгөөнт “ХУРДАН” цэгийг нийслэлийн алслагдсан бүсүүд болон хүн амын төвлөрөл ихтэй томоохон зах, худалдааны төвүүдийн гадна талбайд байрлуулж, төрийн үйлчилгээг түргэн шуурхай, хүндрэл чирэгдэлгүй авах боломжийг бүрдүүлдэг.
Хөдөлгөөнт “ХУРДАН” цэг:
Даваа гарагт:
Хан-Уул дүүрэг, 24-р хороо, Хүннү молл худалдааны төвийн гадна талбайд
Мягмар, Лхагва гарагт:
Сүхбаатар дүүрэг, 3-р хороо, Саруул худалдааны төвийн гадна талбайд
Пүрэв, Баасан гарагт:
Сонгинохайрхан дүүрэг, 37-р хороо, Содон хорооллын гадна талбайд тус тус байрлана.
Та бүхэн хөдөлгөөнт “ХУРДАН” цэгээс төрийн 43 байгууллагын 478 үйлчилгээг харьяалал харгалзахгүй аваарай гэж Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газраас мэдээллээ.
-
Нийгэм2 цаг өмнө
Төв аймаг бүх сумандаа киоск машинтай анхны аймаг болжээ
-
Нийгэм1 цаг өмнө
Хөдөлгөөнт “ХУРДАН” цэг нийслэлийн алслагдсан бүсэд ажиллана
-
Нийгэм1 цаг өмнө
Өнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлана
-
Нийгэм1 цаг өмнө
Хүүхэд нохойд хазуулах тохиолдол нэмэгдэх хандлагатай байна
-
Энтертайнмент2 цаг өмнө
“Дүнхуан соёл Улаанбаатарт” үзэсгэлэнг нээв
-
Нийгэм26 минут өмнө
О.Энхбаатар: Өвөр гүнтийн замыг шинэчлэхээр 3 удаа тендер зарласан боловч ААН-үүд оролцоогүй
-
Нийгэм14 минут өмнө
Санал өгөөгүй тохиолдолд ногдол ашиг шууд таны данс руу шилжинэ