Нийгэм
“Улаан” Дамаагийн нутаг, миний Зүүнхараа хот

Ч.Чулуунцэцэг.
Эрхэм уншигч авгай таныг “ Үер” Монголын уран сайхны киног дор хаяж гурав үзсэн гэдэгт итгэлтэй байна. Киноны зураг авалтыг Зүүнхараа хотын деревинд эхлүүлсэн юм гэнэ лээ. Тэртээ 1960-аад оны эхэн үеийн деревин ямар байсныг кино эхлэх үеийн дүр зургаас харж болно. Харин миний мэдэх деревин бол орос тосгоны хэлбэр загварт хэдийнэ орсон моносны анхилам үнэрт нь хамар цоргих, орос монгол, хятад айлууд бие биенийхээрээ орж гарсан, жаргал зовлонгоо хуваалцсан тийм нэг сонирхолтой ертөнц байсан юм шүү. Шил даран боссон дүнзэн байшин, толгойдоо цагаан алчуур зангидаж, эрээн хормогчоор гангарцгаасан бабушка нар наранцэцэгийн самар цөмөнгөө хувин хувингаар төмс, ногоогоо зарж, модны давирхай зажлангаа нөхрүүдээ загнаж зогсох. Эл зан орос эмэгтэйчүүдийн араншин юм. Ар сиймхийгээр нь халхгар өмд, ширвээ сахалтай, самгон, браашикиндаа халамцан улаан зээрд болсон орос, монгол эрчүүд гудамжаар хөлхөлдөж, мохор зажилж, тамхи баагуулна. Тэдний урдуур хойгуур шар, хар толгойтой багачууд гүйлдэх нь өөрөө Зүүнхараа хотын нэг өнгө юм. Деревин дундуур хааяа нэг хятад хар дугуй унасан хөвөнтэй өмдтэй эрчүүд давхиж явах нь нүднээ содон тусна. Тэд харин манай хоёр шиг түмний нүдэн дээр архи ууна гэж гонж. Ийм хэл, соёл өөр өөртэй гурван өөр ертөнц Хараа голын эрэг дээр хөрш болон аж төрж байсан цаг үе саяхныг хүртэл үргэлжилсэн. Мэдээж нутгийн уугуул иргэд гэж бий. Киноны тухайд үйл явдал хэдийгээр хувьсгалаас өмнөх ч гэлээ Минжийн хангайн сарьдаг уулс, Ноён уулын бэл, Хараагийн сав газар болох Дарьт, Шивэртийн голоор хэдэн үеэрээ аж төрсөн мандал түмний өвөг дээдсийнх нь түүх юм.
Нэрт зохиолч Наваан-Юндэн агсан “ Минжий хангай “романдаа тухайн цаг үеийнхний амьдрал тэмцлийн талаар нүдэнд харагдтал өгүүлсэн нь бий. Шилийн сайн эр, “Улаан” Дамаа, Цэцгээ хүүхэн хоёр чинь бодит дүр юм шүү дээ. Хараа голын сав газар тос даасан бор хөрстэй тул харийнхан амь тэмцэн байж зүтгэж ирдэг байсны утга учир нь ердөө энэ. Гамин цэргүүд энэ л хонхорт өт адил янзганаж, нутгийн иргэдийг алж талж, мал хуйг нь хотоор нь туух болсон тул үүнийг эсэргүүцсэн ардууд босч, цагаач хятад иргэдийн пүүсийг дээрэмдэж, өрийн бичгийг шатаах зэргээр тэмцсэн тэмцэл нь Монгол Улсын тусгаар тогтнолын төлөөх тэмцэл болж хувирсан юм. Ардын журамт цэрэг чухам энд бий болж, гоймон баатар энд л алдар суугаа мандуулж, Ширхэнцэг хайрханы орой дээрээс уухайн дуу хадаан цэргүүдээ командалж, гаминг устгасан түүхтэй. Дашрамд өгүүлэхэд, Сүхбаатарын талбай дээрх Жанжин Сүхийн хөшөөний дор байгаа уул бол Ширхэнцэг хайрхан. Ийм л үүх түүхтэй сайхан нутагт төрж, өсчээ, би.
Миний хүүхэд ахуйн Зүүнхараа хот шинэ цагийн Монгол Улсын засаг захиргааны хуулийн дагуу Мандал сум болж өөрчлөгдсөн. Мандал хэмээсний учир нь нутгийн зүүн хойдод залрах их, бага хоёр хайрханаараа овоглосон хэрэг. Гэсэн ч миний үеийнхэн Зүүнхараа хот гэж хэлж, ярьсан хэвээр. Мандал гэхээр ой тойнд нэг л бууж өгдөггүй юм.
Бидний үед ч манай хот Монгол Улсын хамгийн том суурин газар байсан. Төмөр зам дагуу гэх утгаараа хөгжлийн хувьд Улаанбаатар, Дарханы дараа л орно. Манай дараа Эрдэнэт, Дорнод бичигддэг байсан гээд төсөөл дөө. Миний нутгийн зуны өглөөг үгээр дүрслэхэд ч үг цөөдмөөр сайхан. Үүр хаяарч, нарны судал хайрханы оройд тусахтай зэрэгцээд л азарган тахиа үүрнийхээ шовгор орой дээр гарч байгаад л хашгирч гарна. Тахиа зөвхөн зуны гурван сар л донгоддог юм шүү дээ. Орос охид хөшгөө яран цонхоо нээхэд моносны цагаан цэцэгний үнэр хавиар нэг үнэртээд л. Төд удалгүй цагаан алчуур толгойдоо зангидаж, усны гутал эсвэл цэмбэн таавчиг угласан эмээ тохойдоо төмөр хувин сугавчилсаар үнээнийхээ пин рүү явна. Түүний араас алаг эрээн муур нь дагаастай. Өчигдрийн уусан самгондоо шартсан Саша оймсгүй хөлөөрөө бахиалан гутлаа углаж аваад Пашагийнх руу арилж өгөх. Харин Ча юу сан тахиан дуунаар хэдийнэ ногооны талбайдаа гарчихсан зэрлэгээ зулгааж суух. Дөнгөж сэрсэн хүү тахианыхаа байр руу харайлган бүлээнээрээ шахуу өндгүүдийг түүж хормойлох, Деревиний өглөө ингэж л эхэлдэг.
Зүүнхараа хотын ерөнхий төлөвлөлтийг орос инженер гаргасан учраас аливаа бүтээн байгуулалт нь алсыг харсан, эмх цэгцтэй гэж янзын. Ширхэнцэг хайрханы орой дээрээс баруун тийш дурандахад деревиний гудамжууд нэг л шугамд өрөөд тавьсан тоосго адил харагддагсан. Тэр бүү хэл, тогоруу худагны дамнуур мод нь хүртэл баруун тийш чиглэсэн байх жишээний. Гудамжууд Жаданов, Чапаев, Калинин, Ленин, Будёнон гэхчилэн ЗХУ-ын иргэний дайны үеийн баатруудын нэрээр нэрлэгдсэн. Дүнзэн байшингийн цонх гудамж руу хараастай, цонхныхоо дор голдуу мойл, үрэлний мод тарьж, түүнийгээ тойруулаад жижигхэн сад маягийн хашилга хийнэ. Бас гаднаа явган сандалтай. Түүгээр зогсохгүй хашааны хаалганы баруун дээд буланд хөх өнгийн будгаар оршин суугаа гудамжны нэр, хаяг тоот, өрхийн тэргүүний нэрийг бичсэн байдагсан. Деревиний айлуудын ихэнх нь оросууд. Тэд зуны үдэш гудамжиндаа баяр хуур хөгжим тоглож, залуу бүсгүйчүүд нь тэрхүү аянд бүжиглэж, хөгшид алга ташин дэмжиж, багачууд унадаг дугуйны обуд түрж давхиад л . Эрчүүд мэдээж ганц нэг шил тойруулахаа яаж мартах билээ. Зүүнхараа өртөөн дээр олон улсын галт тэрэг хуваарийн дагуу 15 минут зогсоод хөдөлнө. Орос иргэдээс хэн нэг нь эсвэл мэргэжилтэн нутаг буцаж байгаа бол андашгүй. Өртөө даяараа дуу хуурт умбаж, хараагийн бүх оросууд тэнд оччихсон тэврэлдээд л нус нулимс болсон “амьтад” харагддагсан. Бас найз монголчууд нь дутах юу билээ.
Зүүнхараа хотын захиргаа орос иргэддээ зориулж сургууль нээсэн нь ерөнхий боловсролын хоёрдугаар дунд сургууль. Ирэх жил 100 жилээ тэмдэглэх сураг дуулдсан. Тэнд ЗХУ-аас урилгаар ирсэн мэргэжилтнүүдийн гэргий нар хичээл заана. Орос охидууд их хөөрхөн. Бид тэдэнтэй найзлах их дуртай. Лениний гудамжны төгсгөлд Марина хэмээх нүүрэндээ олон жижиг хар мэнгэтэй нүд, хөмсөг болсон их хөөрхөн охин байсан. Аав нь төмөрбаатар хэмээх монгол хүн. Тэгэхээр найз минь орос монголын эрлийз байж. Тэр үед эрлийз энэ тэр гэж мэдэхгүй шүү дээ, найз бол найз.
Оросуудтай зэрэгцээд цагаач хятад иргэд аж төрнө. Манай ангид гурав, нөгөө ангид хэд хэдэн эрлийз хүүхэд сурдаг байсан. Вэ ян гүй, Даваажав гэх хоёр хөрш хятад айл хоёулаа ихэр охидтой. Тэд манай ангид сурдаг байв. Алдарт Дуушийн гудамжинд маань ч хятад айл цөөнгүй. Бидний зургаан охин Янжин хэмээх илжиг унасан дааяагийнхаар үе үе зочилж, хоолыг нь буудна. Дааяа их хөгшин хүн байсан болоод тэр байх охидуудаар ус зөөлгөж, зэрлэг зулгаалгаад шанд нь хачин гоё амттай байцаатай шөл, мантуугаар дайлна. Хүүхэд бүрт нэг аяга өмчилж өгнө. Аягаа угаалгүй орхиж гарсан бол халтар чигээрээ л ширээний ард хэвтэж байх. Бусдыг нь хураасан атал бохирыг нь тэр чигээр нь үлдээж орхих. Нэг талаар идсэн аягаа угааж сургах гэсэн арга нь тэр байсан байж мэднэ. Хүү нь гурван жилийн цэрэгт явахад бидний хэдэн охид л хань болдог байсан юм болов уу даа, хөөрхий. Дааяа илжгээ унаад ногоогоо ачаад гарахад хавийн хүүхэд араас нь хуйларч дагана. Наранцэцэгийн самар, лууван авах гэж л тэр. Мэдсэн юм шиг гурав, дөрвөөр нь боосон лууван өгнө. Харин Мөнхөө наймаагийнхаар орж байснаа санадаггүй юм.
Миний нутаг хэд хэдэн онцлогтой. Зундаа бороо их орох тул деревиний гудамжууд усан далай болж хувирна. Ургаа модыг тэр чигээр нь ачсан уртын МаЗ-ууд гудамжны шаварт суухаар бидний баярлах гэж жигтэйхэн. Нэгнийгээ татах гэж байгаад л ар араасаа сууж орхино. Хөөрхий жолооч өдөржин шавар ухах юу нь сайхан байх билээ дээ. Гэтэл бид хашааны орой дээр болжмор адил зээглэж суугаад л уухайлан хашгирна. Наадмаас хойш бороо татарч, шавар хатаж, зүссэн хурууд шиг болно. Түүнийг хормойлон тавгийн идээ засан, ааруул хэмээн тоглоно. Шанаган хорхой түүж, шавар ааруулаар бие биеэ дайлж л явлаа. Хоёр дахь онцлог бол сүүний чиглэлийн үхэр олонтой. Хөх нь гэж төө илүү урттай, дэлэн нь гэж тогоо. Тэднийг спиртийн шаараар тэжээх тул өвлийн жавар тачигнасан өдрүүдийг ажралгүй давна. Зарим нь шаарандаа согтчихсон замын голоор гуйвсхийгээд хэнэг ч үгүй алхдаг гэж байгаа. Одоо ч тэжээсэн хэвээр гэнэ лээ. Гурав дахь нь гэвэл, Хараагийн овгоруудын хандыг дарсан аавын хүү ар халхад байдаггүй гэх яриа. Дээр дурдсанчлан олон улсын галт тэрэг Зүүнхараа өртөөнд 15 минут зогсоод хөдлөхөд л орос руу явж байгаа болон ирж байгаа оюутнууд хуу дээрэмдүүлдэг байсан гэнэ лээ. Орон нутгийн галт тэргээр зорчигчид ч ялгаагүй. Зүүнхараа дөхлөө, зүрх нь амаар нь гарах дөхдөг байсан биз. Энэ бүхэн сайрхах зүйл биш ч цаг үе нь тийм байсан юм чинь яалтай билээ. Армид хэн хүчтэй байсан гэвэл манай сэлэнгийнхэн. Ямар сайндаа Зүүнхараагаас татагдаж ирсэн цэргүүдийг авах анги олдохгүй Зүүнбаян руу цөлдөг байсан гэлцэх.
Өндөлзөнхөн тосох миний нутаг
Миний төрж өссөн нутаг бол Сэлэнгэ аймгийн Мандал сум, олны мэддэгээр Зүүнхараа хот. Хараагийнхан аав, ээж хоёрыг минь андахгүй. Номхон дөлгөөн зантай, орсон гарсанд унд цайтай эгэлээс эгэл буурлууд байлаа. Би ижийнхээ уурлаж, бухимдаж суухыг ер хараагүй. Инээд алдсан “хүү минь, дүү минь” гэсэн хөгшин. Ижий жилдээ ганц удаа малгайн утаа сэргээн хүрээ ороод ирэхдээ Хараагаа учиргүй саначихсан “Хараа минь, Хараа минь. Үгүй мөн сайхан нутаг шүү. Явж явж ирэхэд дулаахан ч юм шиг, намуухан ч юм шиг санагдахыг нь яана” гэсээр галт тэрэгнээс буух. Үнэхээр тийм. Холын хүнд хачин ээлтэй. Холын холоос амьдрал хайн зүтгэсээр ирсэн хэн бүхэнд буян хишгээ харамгүй хайрласан хангай. Манайх ч тэдний нэг. Цэл залуухан, гучин гуравхан настай аав, ээж хоёр минь төмөр замчд ажилчин элсүүлж байна гэх сургаар төрж өссөн говь сайхан нутгаа орхин Ширхэнцэг хайрханы өвөр бэл, Хараа голын хөвөөнөө тоонотоо дугуйлсан түүхтэй. Дөчин жил амьдарч, энэ л хонхорын хүмүүс болцгоосон. Миний хувьд Хараагийн голд умбаж шумбаж өссөн нусан бурантагуудын нэг.
Ээждээ хөтлүүлэн хоёр Жадамбаагийнд урилгагүй зочлон тархиа бариулж, хоолонд пологдсон гэдсээ илүүлж, харих замдаа Санжаа жолоочийнхоор дайрч Ороолон эгчээр дайлуулан,Мөнхцэцэг найзынхаа хүүхэлдэйг үнсэж санаагаа амраадагсан. Хараа гуанзны дээвэр дээрээс тагтаа өвөртөлж яваад хөл алдан үхэх шахсанаа , машины дугуй дотор суун өнхөрч явсан үеэ, Дуушийн гудамжнаа гүйдэг маатаг, чирта, чүүск тоглож, Данзанжав гуайн араас тал тоосго шидэн алгадуулж, “өмхий” Пүрэв гуайн хашаагаар дамжин, Дугараа ахын нохойд хөөгдөн, Чулуун өвөөгийн өдрийн хоолыг буудаж, Намжилдагва жолоочийнд хонох шахаж, “Хоолой” Дамба гуайд шавхуурдуулж, Базарсад гуайн” яблок” Ганбаа, Борхүү, Баатархүү, Жамсран гуайн Энхтайван нартай нуугдаж тоглож явснаа , Чимгээ, Оюунчимэг, Галиндэв нартайгаа ижийнхээ туфлиэр ээлжлэн гангарч, Дамдинсүрэн ахын Ижиймаатай хөтлөлцөн цагаан сараар гудамжны айлуудыг гүйцээн Модондагва /Лодондагва нь гудамжны үзүүрийн хашааны айл / гуайнхаар зочилж, Номч эмээгийн хаалгыг өдрийн хэд онголзуулж, Шагдарын Эрдэнэсувд, Буяа, Төгсөө нартайгаа бүжиг дэглэж, хайртай найз Л.Урангэрэлтэйгээ хайр ярьж, захиаг нь зөөн, Д.Болороо, З. Оюунаа хоёр шиг гоё, ганган эгч болохыг мөрөөдөж байснаа , Зояа эгчийн хүүгийн нүдэнд өртөхийг хичээж явснаа хэзээ ч мартахгүй. Ай хүүхэд насны минь гэнэн томоогүй үе минь тэнд л өнгөрсөн. Би ч үнэндээ бүсгүй хүүхэд гэхэд сахилгагүй нь дэндсэн охин байв. Өвдөг, тохой дүүрэн сорвитой нөхөр л харайлгаж явлаа.
Хөгжлөөрөө тэргүүлсэн Мандал сум
Мандалын ард түмэн ажилсаг гэж жигтэйхэн. Залхуу нь дэндсэн нөхдүүд л ядуу зүдүү амьдарч байгаагаас биш, олон жил энэ хонхорт ажиллаж амьдарсан иргэдийн хувьд хашаанаасаа тавин саяыг олох энүүхэнд. Эдүгээ Сэлэнгэ аймгийн Мандал хөгжлөөрөө Монгол Улсад тэргүүлж, улсын тэргүүний сум болсон. Ийм амжилтад хүрэх замыг нь зассан хүн бол яахын аргагүй Базарын Цээпилдорж. Мань хүн ажил аваад удаагүй байхдаа гудамжиндаа Засаг даргын ширээг тавьчихаад хотоо хогноос салгасан түүхтэй. Яагаав өнөөх “25 дугаар байрны Балбар хогондоо гараарай” гэдэг шиг л өрх бүрийг дайчилсан хэрэг. Засаг ноён нь гудамжинд ирж суучихаад цагаан хоолойгоор зарлаад байхад гэрийн мухарт шигдэж суух хэн байх билээ. Тэр бас орон нутаг дотроо засмал замтай байж болдгийн жишээг яруу тодоор харуулсан. Ингэхдээ иргэдээ уриалж, тэдний хандивыг нэгтгэж засмал замтай болгосон гавъяатай нөхөр. Түүнчлэн сум өөрөө үндэсний урлагийн чуулгатай, усан бассейнтай болдгийн суурийг тавьж, биечилж харуулсан Засаг дарга. Түүнээс хойш засагласан ноёдууд өөр өөрийнхөө хэмжээнд сумаа хөгжүүлсэн байж таарна. Эдүгээ сумын иргэд орчин цагийн шийдэл бүхий орон сууц, хаусанд аж төрж болдгийн жишээг мандалчууд л харуулж яваа. Олон, олон залуу гэр бүл зээлийн орон сууцанд орж, ахуй амьралаа өөд татсаар байгаагийн жишээ мөн л мандалчууд.
Өнөөдөр манай сумын хүн ам 30 шахам мянга илүү гарчээ. Хүн ам өсөхийн хэрээр өрхийн үйлдвэрлэл хөгжиж , тэр хэрээр эдийн засгийн эргэлт нь нэмэгдэж, өрхийн эдийн засаг сайжирах нь зүйн хэрэг. Улсын эдийн засагт хувь нэмрээ оруулсаар ирсэн Спирт бал, бурмын үйлдвэр манайх. Төмс, хүнсний ногооны 45хувийг дангаар хангадаг ногоочид бас л манайх. Ингээд дурдаад байвал олон олон амжилтыг мандалчууд “ өмчилж” болохоор.
Минжий хангайг ороон мэлтэлзэнхэн мяралзанхан урсах Хараа гол минь мөнхөд оршиж, миний ард түмэн үеийн үед хөдөлмөрийнхөө үр шимээр жаргаж амьдрах нь дамжиггүй.

Нийгэм
Санал өгөөгүй тохиолдолд ногдол ашиг шууд таны данс руу шилжинэ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны ногдол ашгийн үлдэгдлийг хэрхэн хүлээн авах тухай санал асуулга явагдаж байна.
1072 хувьцааны ногдол ашгийн үлдэгдлийг ямар хэлбэрээр хүлээн авах тухай санал асуулгад E-Mongolia вэб порталаар нэвтэрч, санал асуулгад идэвхтэй оролцоорой.
Саналыг 2025 оны 04 дүгээр сарын 04-09-ний өдрүүдэд хүлээн авах ба та энэ хугацаанд саналаа өөрчлөх боломжтой!
Харин 2025 оны 4 дүгээр сарын 10–16-ны өдрүүдэд таны өгсөн саналд үндэслэн баталгаажуулалт хийх юм.
Санамж: Санал өгөөгүй тохиолдолд ногдол ашиг шууд таны данс руу шилжинэ.
Нийгэм
О.Энхбаатар: Өвөр гүнтийн замыг шинэчлэхээр 3 удаа тендер зарласан боловч ААН-үүд оролцоогүй

Энэ онд нийслэлийн хэмжээнд 36 байршилд 74 км авто замыг засаж, шинэчилнэ.
Энэ хүрээнд нийслэлийн гол гудамж, замуудыг засаж, шинэчлэх юм. Тухайлбал, Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны өргөн чөлөө зэрэг олон жилийн насжилттай гол гудамж, замуудыг засна.
Мөн 2014 онд ашиглалтад оруулсан Өвөр гүнтийн 5 км замыг шинэчилнэ. Тодруулбал, тус замын нүхэн эвдрэл, үерийн шуудууг сэргээх, тэмдэг, тэмдэглэгээ хийх зэрэг ажлыг жил бүр хийдэг. Харин энэ жил тус замд их засвар хийнэ гэдгийг НХЗГ-ын Засвар арчлалтын хяналтын хэлтсийн дарга О.Энхбаатар хэллээ.
Тэрбээр “Өвөр гүнтийн замыг шинэчлэх замын жагсаалтад оруулж, их засварын ажлын тендерийг гурван удаа зарласан. Гэвч оролцогч байхгүйн улмаас одоог хүртэл гүйцэтгэгч нь шалгараагүй байна. Энэ зам нь хаврын шар усны үер, уруйн үер болон иргэд, аж ахуйн нэгжийн зөвшөөрөлгүй орц, гарц гарган үерийн шуудууг таглах зэрэг үйлдлээс болж байнга эвдэрдэг. Энэ жил мөн шинэчлэхээр дөрөв дэх удаагийн тендерийг зарлаад байна” гэлээ.
Нийгэм
Хөдөлгөөнт “ХУРДАН” цэг нийслэлийн алслагдсан бүсэд ажиллана

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар нь урин дулааны улиралд хөдөлгөөнт “ХУРДАН” цэгийг нийслэлийн алслагдсан бүсүүд болон хүн амын төвлөрөл ихтэй томоохон зах, худалдааны төвүүдийн гадна талбайд байрлуулж, төрийн үйлчилгээг түргэн шуурхай, хүндрэл чирэгдэлгүй авах боломжийг бүрдүүлдэг.
Хөдөлгөөнт “ХУРДАН” цэг:
Даваа гарагт:
Хан-Уул дүүрэг, 24-р хороо, Хүннү молл худалдааны төвийн гадна талбайд
Мягмар, Лхагва гарагт:
Сүхбаатар дүүрэг, 3-р хороо, Саруул худалдааны төвийн гадна талбайд
Пүрэв, Баасан гарагт:
Сонгинохайрхан дүүрэг, 37-р хороо, Содон хорооллын гадна талбайд тус тус байрлана.
Та бүхэн хөдөлгөөнт “ХУРДАН” цэгээс төрийн 43 байгууллагын 478 үйлчилгээг харьяалал харгалзахгүй аваарай гэж Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газраас мэдээллээ.
-
Нийгэм2 цаг өмнө
Төв аймаг бүх сумандаа киоск машинтай анхны аймаг болжээ
-
Нийгэм1 цаг өмнө
Хөдөлгөөнт “ХУРДАН” цэг нийслэлийн алслагдсан бүсэд ажиллана
-
Нийгэм2 цаг өмнө
Өнөөдөр дараах байршилд цахилгаан хязгаарлана
-
Нийгэм1 цаг өмнө
Хүүхэд нохойд хазуулах тохиолдол нэмэгдэх хандлагатай байна
-
Нийгэм31 минут өмнө
О.Энхбаатар: Өвөр гүнтийн замыг шинэчлэхээр 3 удаа тендер зарласан боловч ААН-үүд оролцоогүй
-
Энтертайнмент2 цаг өмнө
“Дүнхуан соёл Улаанбаатарт” үзэсгэлэнг нээв
-
Нийгэм18 минут өмнө
Санал өгөөгүй тохиолдолд ногдол ашиг шууд таны данс руу шилжинэ