Нийгэм
Б.Мөнхбат: 207 дугаар байрыг буулгах ажлын худалдан авах ажиллагааг энэ долоо хоногт зарлана
2024 оны нэгдүгээр сард Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төвийн урд байрлах 207 дугаар байр хий тээвэрлэж явсан автомашин шатсаны улмаас дэлбэрэлтэд өртсөн.
Уг байрыг дахин засварлахгүйгээр нурааж, шинээр барих шаардлагатай гэсэн улсын байцаагчийн дүгнэлтэд үндэслэн нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. 2024 оны арванхоёрдугаар сарын 2-ны өдрийн уг захирамжаар 207 дугаар байрыг буулгаж шинээр барих юм. Энэ талаар нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Мөнхбатаас тодрууллаа.
-Нийслэлийн Хяналт шалгалтын газрын барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагчийн дүгнэлтээр 207 дугаар байрны ашиглалтыг хориглосон. Өнөөдрийн байдлаар 207 дугаар байрны асуудлыг хэрхэн шийдэж байгаа вэ?
-Хий тээвэрлэж явсан автомашин шатсаны улмаас дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрны ашиглалтыг хориглож, дүгнэлтийг НХШГ-ын улсын байцаагчид гаргасан. Дүгнэлтэд үндэслээд нийслэлийн Засаг даргын 2024 оны арванхоёрдугаар сарын 2-ны өдрийн захирамж гарсан. Уг захирамжаар 207 дугаар байрыг буулгаж, шинээр барих асуудлыг шийдвэрлэлээ.
-207 дугаар байрыг буулгаж, шинээр барих ажлын явц хэрхэн үргэлжлэх вэ?
-Уг барилгыг буулгахад шаардлагатай хөрөнгийг нийслэлийн Засаг даргын нөөцөөс гаргахыг Засаг даргын захирамжид дурдсан. Өнөөдрийн байдлаар Үнэлгээний хорооны бүрэлдэхүүн шинэчлэгдсэн. Энэ 7 хоногтоо багтаад Үнэлгээний хороо 207 дугаар байрыг буулгах ажлын худалдан авах ажиллагааг зарлана. Худалдан авах ажиллагааны үр дүнд 207 дугаар байрыг буулгана.
-Барилгыг хэзээнээс шинээр барих вэ?
-2025 онд 207 дугаар байрыг шинээр барихаар төлөвлөж байна. Харин Үнэлгээний хороо 207 дугаар байрыг буулгах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг олон нийтэд мэдээлнэ.
-207 дугаар байрны оршин суугчдын 91.3 хувийн саналаар барилгыг буулгаж, шинээр барихаар болсон шүү дээ. Үүнээс хойш оршин суугчдад мэдээлэл хүргэсэн үү?
-207 дугаар байранд амьдарч байсан оршин суугчдын төлөөлөлтэй арванхоёрдугаар сарын 2-нд уулзаж, захирамжийг албан ёсоор танилцуулсан. Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөөс барилгыг буулгах зардал гарна. Цаашид осолтой холбоотой гэм буруутай асуудал тогтоогдвол гэм буруутай этгээдээр хохирлыг нөхөн төлүүлэх ажлыг зохион байгуулна.
Нийгэм
УГТЭ: БНСУ-ЫН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ШИЛДЭГ МЭС ЗАСАЛЧТАЙ ХАМТАРНА
Улсын гуравдугаар төв эмнэлэгт БНСУ-ын Сөүлийн Үндэсний их сургуулийн Хүүхдийн эмнэлгийн зүрхний мэс засалч Ким Вүүн Хан профессороор ахлуулсан баг энэ оны арваннэгдүгээр сарын 27-ноос арванхоёрдугаар сарын 3-нд тус эмнэлгийн хүүхдийн зүрхний мэс заслын багтай хамтран зүрхний төрөлхийн хавсарсан хүнд, хөх гажиг оношлогдсон бага насны хүүхдүүдэд мэс заслын тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүллээ.
Тус эмнэлэг 2013 оноос эхлэн БНСУ-ын Сөүлийн үндэсний их сургуулийн Анагаах ухааны сургууль, JW LEE Даяаршлын анагаах ухааны төвтэй хамтран Монгол Улсад хүүхдийн зүрхний төрөлхийн гажгийн мэс заслын тусламж үйлчилгээний чанар хүртээмж, чадавхийг сайжруулах чиглэлээр үр дүнтэй хамтын ажиллагааг хөгжүүлж байгаа юм.
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд халдварт эндокардитаар хүндэрсэн гол судасны хавхлагын төрөлхийн хоёр хавтастай, хүнд зэргийн нарийсал, дутагдалтай хүүхэд болон гол судасны уруудах хэсгийн хүнд зэргийн нарийсал, ховдол тосгуурын нэгдсэн суваг, уушгины артерийн хавхлагын гажиг зэрэг оноштой гурван сартайгаас 17 хүртэлх насны найман хүүхдэд өндөр түвшний ур чадвар шаардсан мэс засал эмчилгээг хийсэн байна.
Энэ удаа гол судасны цагирагийг хиймэл судсаар өргөсгөж, халдварт өртсөн гол судасны хавхлагыг механик хавхлагаар солих Бо-Яанг мэс заслын тохиолдлыг Монголд анх удаа хийсэн. Мөн өмнө нь хамтарсан багаар хэд хэдэн удаа хийсэн гол судасны коарктацийн мэс заслын үед цусны хагас зохиомол эргэлтийн арга технологийг үндэсний багаар бие даан хийлгэж, ялангуяа эдгээр мэс заслын арга техникүүдийг хойшид эх орондоо бүрэн нэвтрүүлэх боломжоор хангаж өгсөн зэрэг ихээхэн үр дүнтэй хамтын ажиллагаа боллоо. Мэс засал эмчилгээ хийлгэсэн хүүхдүүдийн биеийн байдал сайжирч эхнээсээ эмнэлгээс гарч байна.
Нийгэм
Нийтийн эзэмшлийн зам, талбайг 700 гаруй хүн цэвэрлэж байна
2024 оны арванхоёрдугаар сарын 4-ний өдрийн 09:00 цагийн байдлаар нийслэлийн хэмжээнд нийтийн эзэмшлийн зам, талбайг нийт 32 байгууллагын 700 гаруй зам талбайн үйлчлэгч, 120 гаруй тусгай зориулалтын техник хэрэгсэлтэйгээр цэвэрлэж байна.
Нийслэлийн хэмжээнд нийт 5210 тонн давс, 5746 тонн бодисын үлдэгдэлтэй байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Нийгэм
Нийслэлийн гол гудамж замын хөдөлгөөн, түгжрэлд бага нөлөө үзүүлдэг тээврийн хэрэгсэлд шалгуур үзүүлэлт хамаарахгүйгээр улсын дугаар олгоно
Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах зорилгоор НИТХ-аас энэ оны хоёрдугаар сарын 8-нд нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын дугаарын дээд хязгаарыг 730 мянга байх тогтоолыг баталсан.
Үүнтэй холбоотойгоор арваннэгдүгээр сарын 8-наас импортоор орж ирэх автомашинд хотын дугаар шинээр олгохгүй байх тогтоолыг хэрэгжүүлж эхлэхээр болсон юм.
Ингэхдээ суудлын тээврийн хэрэгсэл болон 3.5 тонноос доош жинтэй ачааны тээврийн хэрэгслүүдэд тодорхой шалгуур үзүүлэлтээр улсын дугаарыг олгоно.
Харин хотын гол гудамж замын хөдөлгөөн, түгжрэлд бага нөлөө үзүүлдэг тээврийн хэрэгсэлд шалгуур үзүүлэлт хамаарахгүйгээр улсын дугаарыг хэвийн олгохоор болсон. Тодруулбал,
- Мотоцикл
- Механизм
- Зүтгүүр
- Чиргүүл
- Цистерн
- Тусгай зориулалтын автомашин
- Автобус зэрэг тээврийн хэрэгслийн улсын дугаарыг арванхоёрдугаар сарын 2-ны өдрөөс 22-ын товчоо, Да хүрээ, Тасганы овоо, Сонгинохайрхан, Автоком зэрэг авто тээврийн үзлэг оношилгооны төвүүдээр хэвийн олгож байна.
-
Нийгэм15 цаг өмнө
Нийтийн эзэмшлийн зам, талбайг 700 гаруй хүн цэвэрлэж байна
-
Улс төр15 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Уул уурхайн томоохон төслүүдтэй усны төслүүдийг уялдуулж хамтран ажиллах, хөрөнгө оруулалт хийхэд Монгол Улс бэлэн байна
-
Нийгэм6 цаг өмнө
УГТЭ: БНСУ-ЫН ХҮҮХДИЙН ЗҮРХНИЙ ШИЛДЭГ МЭС ЗАСАЛЧТАЙ ХАМТАРНА
-
Эдийн засаг17 цаг өмнө
Монголбанк: 1.6 тонн үнэт металл худалдан авлаа
-
Нийгэм15 цаг өмнө
Нийслэлийн гол гудамж замын хөдөлгөөн, түгжрэлд бага нөлөө үзүүлдэг тээврийн хэрэгсэлд шалгуур үзүүлэлт хамаарахгүйгээр улсын дугаар олгоно
-
Улс төр15 цаг өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэль Макронтой уулзлаа
-
Улс төр15 цаг өмнө
Эрчим хүч, уул уурхай, аялал жуулчлал зэрэг салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв