Нийгэм
Гачуурт тосгоны Эрүүл мэндийн төвийн шинэ барилга ашиглалтад орлоо

Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачуурт тосгоны Эрүүл мэндийн төвийн шинэ барилга ашиглалтад орлоо. Тус төв нь хэвтэн эмчлүүлэх 25 ортой бөгөөд иргэд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг авах боломжтой боллоо.
Тодруулбал, БЗД-ийн 22 болон 33 дугаар хорооны нийт 7538 иргэн эрүүл мэндийн төвд хандсанаар дүрс оношилгоо, лаборатори болон шүдний эмчийн үзлэгт хамрагдах боломжтой юм.
Нийслэлийн Эрүүл Мэндийн Газрын дарга П.Эрхэмбулган “Гачуурт тосгоны Эрүүл мэндийн төв 1961 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж байна. Тус төвийн барилга нь ашиглалтын шаардлага хангахгүй болсон учраас 2023 онд шинэ төв барих ажлыг эхлүүлсэн бөгөөд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьсан. Харин нийслэлээс энэ онд тус төвд шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмж, хэрэгслийг шийдэж өгнө. Ингэснээр тус ЭМТ-ийн тусламж үйлчилгээний хамрах хүрээ өргөжиж, дөрөв дахин илүү хүчин чадалтайгаар ажиллах боломжтой болох юм” гэлээ.

Нийгэм
Ойрын өдрүүдэд цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр маргааш буюу 08-нд баруун аймгуудын нутгаар, 09-нд нутгийн хойд хэсгээр, 10-нд нутгийн баруун хагаст, 11-нд нутгийн зүүн хагаст нойтон цас, цас орж, цасан шуурга, нутгийн өмнөд хэсгээр шороон шуургатай байхыг анхааруулж байна.
Иймд:
-Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр хүлээн авах,
-Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах;
-Хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, найдвартай харилцаа холбооны хэрэгсэлтэй байх,
– Дулаан хувцаслах, баталгаат зам, гүүр, гармаар гарах зорчих зэргээр үүсэж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Нийгэм
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэр барих тендерийг өнөөдөр 16:00 цагт нээнэ

Улаанбаатар хот төдийгүй Монгол Улсад анх удаа хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэрийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барих тендерийг өнөөдөр 16:00 цагт нээнэ. Тус үйлдвэрийг Морингийн даваа болон Цагаан давааны төвлөрсөн хогийн цэгийг түшиглэн барих бөгөөд хог хаягдлын менежментийг сайжруулж, эдийн засгийн эргэлтэд оруулах, хөрс, орчны бохирдлоос сэргийлж, хүлэмжийн хийг бууруулахад чухал ач холбогдолтой. Жилд 300-400 мянган тонн хог шатааж, 24 МВт эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Морингийн давааны хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэр ашиглалтад орсноор зөвхөн түүнээс хойш цугларсан хатуу хог хаягдлыг бус сүүлийн таван жилд булсан хогийг цуглуулан шатааж, байгаль орчныг нөхөн сэргээнэ. Нийслэлийн удирдлагын баг ажлаа авсан даруйдаа Улаанбаатар хотын аливаа асуудлыг шийдэхэд тулгамдаж буй эрх зүйн гацаануудыг хамгийн түрүүнд шийдвэрлэхийг зорьсон. Улмаар төлөвлөлт, судалгааны ажилд ихээхэн анхаарлаа. Ингэж явсаар томоохон төсөл, хөтөлбөрүүдээ эхнээс нь эхлүүлэхэд бэлэн болсныг та бүхэндээ дуулгахад таатай байна” гэдгийг онцоллоо. Тус үйлдвэрийг 24 сарын хугацаанд барьж, ашиглалтад оруулах юм.
Нийгэм
Х.Нямбаатар: Он дамжин хэрэгжихгүй удсан төслүүдийг цуцалж, сургууль, цэцэрлэг барих хөрөнгийг төвлөрүүлнэ

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт нийслэлийн Засаг даргын 2025 оны “Эрх шилжүүлэх тухай” 19 захирамжаар нийт 106 төсөл, арга хэмжээний эрх шилжин ирсэн.
Уг 106 төсөл, арга хэмжээний захиалагчийн хяналт тавих байгууллагууд руу албан бичгээр хандаж, өнөөдрийн байдлаар нийт 69 зураг төсөв, ажлын даалгавар хүлээн авч, гурван төсөл, арга хэмжээний зураг төсөв, ажлын даалгаврыг захиалагчид буцаан тендер шалгаруулалтыг зарлаад байна.
Зураг төсөв, ажлын даалгавар, техникийн тодорхойлолтгүй он дамжих 9, шинэ 32 нийт 41 төсөл, арга хэмжээ байгааг нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Д.Батцэцэг нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр танилцууллаа.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Төсөв батлуулах болохоор төсвөө тавиулах гэж улайрдаг ч ажлаа хийж чадахгүй бол хариуцлагаа хүлээ. Худалдан авах ажиллагааны эрх шилжин авсан байгууллагууд шинэ төслүүдэд ямар шалтгаанаар тендер зарлаж чадахгүй байгаагаа тайлбарлаж, он дамжих удаан хүлээгдсэн төслүүдийг гүйцэтгэж чадахгүй бол ажлыг эрэмбэлж буцаан татах хэрэгтэй. Сургууль, цэцэрлэг гээд хэрэгтэй төслүүд рүү хөрөнгийг оруул. Мөн техникийн тодорхойлолтоо гаргахгүй, шинэ тендерүүдийг яагаад зарлахгүй удаж байгаа шалтгаанаа тайлбарлаж чадахгүй, хугацаатай үүрэг даалгавар өгөхөд үүрэг даалгаврыг биелүүлэхгүй бол сахилгын шийтгэл ногдуулна. Жишээлбэл, автобус III баазыг барина гээд аль 2018 онд 13 компанид тендерийн ажлыг 13 хувааж өгсөн. Одоо бүгд цаасны компаниуд боллоо. Ганц бааз барих гэж 6, 7 жил болно гэж байхгүй. Ажил хийхгүй компаниудын гэрээг цуцлуул. Цүнхний компаниуд тендерт ордог байдлыг болиулж, борлуулалтын дүн, компаниудын шалгуурыг сайжруулах нь зөв. Сургууль, цэцэрлэг барихдаа хугацаа завшиж, ашиглалтад оруулахгүй удаадаг компаниуд мөн байна. Авлигажсан тендерээс болж хөрөнгө оруулалтын ажлуудыг гацаадаг компаниудыг цэгцэлж, шаардлагатай бол хар жагсаалтад оруулах, худалдан авах ажиллагаанд оруулахгүй” гэдгийг хэллээ.