Нийгэм
56 дугаар сургуулийн захирал З.Байгалмаа: Сургуулийн урд ч өргөтгөл барих зай хангалттай байгаа. Миний саналыг хүлээж аваагүй
Хөлбөмбөгийн спорт манайд нэг үеэ бодвол хөгжиж байна. 200 сая төгрөгийн шагналын сантай “Мазаалай” лигийн тэмцээнийг Монголын хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулж, “Жи Мобайл”, “Магнай трейд”, “ТЭЦ 4” гээд томоохон компаниуд ч дээд лигт багтай болж тамирчдыг цалинжуулаад явж буй нь үүний баталгаа. Өөрөөр хэлбэл Монголд хөлбөмбөг тоглоод амьдралаа аваад явах, монгол тамирчид ур чадвараа үнэлүүлж Азийн хэмжээнд үнэлүүлж өрсөлдөх цаг дөхөж л байна.
Нийслэлийн есөн дүүрэг, 21 аймагт стандарт хөлбөмбөгийн талбайтай болсон. Улаанбаатарын ихэнх сургуулиуд ч хөлбөмбөгийн талбайтай болж, тэр хэмжээгээр ур чадвартай тамирчид төрөн гарч байгаа.
Харамсалтай нь чамгүй хөрөнгө зарж барьж байгуулсан хөлбөмбөгийн талбайгаа эхнээс нь хуу татаж, барилга барихаар ухаад эхэлжээ. Нийслэлийн 56 дугаар сургуулийн хөлбөмбөгийн талбай бол улс бүсийн аварга шалгаруулах тэмцээнүүдийг зохион байгуулах стандартыг хангасан цөөхөн талбайнуудын нэг нь.
Нас насны ангиллын УАШТ-үүд ч X хороололд байрлах 56 дугаар дунд сургуулийн хөлбөмбөгийн талбайд явагддаг. Гэсэн ч энэ сарын 15-ны өдөр сургуулийн өргөтгөл барих нэрийдлээр том шар экскаватор хөлбөмбөмбөгийн талбайг ухаж эхэлсэн байна.
Бид энэ асуудлыг сурвалжлахаар Баянгол дүүргийн X хороололд байрлах “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийг зорьсон юм.
Хүүхэд шуугилдаж, хөгшид нарлаж суудаг байсан хөлбөмбөгийн ногоон талбайн талыг нь сэндийлээд хаячихжээ.
Зузаан ногоон зүлгийг хуулаад талбайн хажуу тал руу чулуудчихсан битүү тоос шороо бужигнаж байсан юм. Ойртоод харахад зарим газар нь метр гаруй ухаад хаячихсан байв. Талбайн баруун захад гинжээр тоноглосон том шар экскаваторыг тавьчихсан харагдлаа. Тоос бужигнасан бохир орчинд том цүнх үүрсэн жаахан хүүхдүүд хичээлдээ ирж байгаа бололтой гүйлдэж байв.
Боловсрол соёл шинжлэх ухаан, спортын яам, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын захиалгаар “Солид констракшн” ХХК 56 дугаар сургуулийн хичээлийн байрны өргөтгөлийг барихаар ажлаа эхлүүлсэн нь энэ ажээ. Дөрөвдүгээр сарын 15-нд барилгын ажлаа эхлүүлсэн тус компани 56 дугаар сургуулийн ойр орчмын иргэдийн эсэргүүцэлтэй тулж одоогийн байдлаар барилгын ажлаа зогсоогоод байгаа юм байна.
З.БАЙГАЛМАА: СУРГУУЛИЙН УРД Ч ӨРГӨТГӨЛ БАРИХ ХЭМЖЭЭТЭЙ ЗАЙ ХАНГАЛТТАЙ БАЙГАА. МИНИЙ САНАЛЫГ ХҮЛЭЭЖ АВААГҮЙ
Бид хөлбөмбөгийн талбайгаа сүйтгүүлсэн 56 дугаар сургуулийн захирал З.Байгальмаатай ярилцсан юм.
-Нийслэлд улсын чанартай тэмцээн зохион байгуулах стандартын шаардлага хангасан цөөхөн хөлбөмбөгийн талбайн нэг 56 дугаар сургуулийн талбайг ухаад, сэндийчээд хаячихаж. Яагаад ийм явдал болов?
-2018 оны улсын төсөвт манай сургуулийн өргөтгөл барихад зориулж 3.8 тэрбум төгрөгийг суулгаж өгсөн юм билээ. 56 дугаар сургуулийн 101 бүлэгт 4300 гаруй хүүхэд суралцдаг. Ачаалал ихтэй, гурван ээлжээр хичээллэдэг юм. Гуравдугаар ээлжид 400 орчим хүүхэд суралцаж байгаа. Ирэх жил энэ тоо 900 болж өснө. Өдрийн 15:00 цагийн үед албан хаагчдын ажил дуусах тийшээ хандаж байхад манай хүүхдүүдийн хичээл эхэлж байдаг.
Орой 21:00 цаг хүртэл хичээллээд харанхуй болчихсон байхад хичээл тарна. Энэ нь өөрөө хүүхдийн сурах эрхийг зөрчиж байгаа хэрэг л дээ. Засгийн газраас сургуулийг гурван ээлжээр хичээллүүлэхгүй гэсэн шийдвэр гарсан. Хэрэгжиж байгаа нь энэ гэж ойлгож байна.
-Танай сургуулийн хөлбөмбөгийн талбай хэдэн онд баригдсан бэ. Өргөтгөлөө өөр газар барьж болоогүй юм уу?
-Одоогоос 11 жилийн өмнө улсын чанартай тэмцээн уралдаан зохион байгуулах стандартын шаардлага хангасан шинэхэн талбайг хүлээн авч байлаа. Өнгөрсөн хугацаанд цэвэрхэн, гамтай хадгалж ирэхэд сургуулийн биеийн тамирын багш нарын хичээл зүтгэл орсон юм шүү. Хөлбөмбөг тоглох албан байгууллагуудад түрээслээд хөөрхөн хэдэн төгрөг олчихно. Үүнийгээ сургуулийнхаа дотоод засал, тохижилтод зарцуулчихдаг байсан.
Сургуулийн хоёр байрыг холбоод өргөтгөлөө барьчих боломжтой л доо. Санал болгоход “Сургуулийн захирлын мэдэж шийддэг асуудал энэ биш” гэж байна лээ. Хот төлөвлөлтийн газар, Нийслэлийн захирагчийн албанаас гаргасан шийдвэрээр хайран талбайг балгас шиг болгочихлоо. Сургуулийн урд ч өргөтгөл барих хэмжээтэй зай хангалттай байгаа. Тус газрыг санал болгоход “Өндөр барилгын хажууд орчин нь шаардлага хангахгүй” гэж байна лээ.
-Гурван ээлжээр хичээллэхэд хүндрэлтэй байгаа нь мэдээж. Гэхдээ нэг ажил хийхдээ нөгөө бүтээн байгуулалтыг устгаж байна шүү дээ. Та үүнийг яаж хүлээж авсан бэ?
-Өргөтгөл барина гэсэн сураг яваад л байсан. Харин нийслэлд ховор хөлбөмбөгийн талбайгаа сүйтгүүлнэ гэхээс эрс татгалзсан. Яагаад өөр газар өргөтгөл барьж болохгүй юм бэ гэж бүх газруудад л хандсан. Ажлын хэсэг нь хуралдахад сургуулийн байр суурийг огт сонсдоггүй. Ирээд л шууд газар хатгаад эхэлсэн. Очоод уулзахад газрын албаны байцаагчид сургуулийнхаа хашаанд зад загнуулаад л хоцорсон доо. Зөвшөөрөлгүй баригдсан гарааш талбайн хажууд байж л байна.
Үүнийг нурааж газар чөлөөлөөд барьж болно шүү дээ. Энэ маргаан нь Захиргааны хэргийн шүүх дээр явж байгаа юм билээ. Хөлбөмбөгийн талбайг ухах шийдвэр гарахад хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хандсан ч тоогоогүй. Ухаад эхлэхэд нь л бүгд ирж сурвалжилж байна.
-Нийслэлийн засаг даргын шийдвэрээр компьютер тоглоомын газруудыг хаасан. Одоо хөлбөмбөг, тоглоомын талбайнуудыг нураах захирамж гаргаад эхэллээ. Хүүхдүүд хаана чөлөөт цагаа өнгөрүүлэх вэ. Хаана тоглож наадах вэ?
-Компьютер тоглоомын газруудыг хаах шийдвэр гаргаад оронд нь хүүхдийг соён гэгээрүүлэх ажил хийх ёстой. Одоогоор соён гэгээрүүлэх ямар ажил хийснийг нь мэдэхгүй юм. Нийслэлийн засаг дарга С.Амарсайхан хөлбөмбөгийн талбайг бүх дүүрэгт байгуулна гэсэн санамж бичигт гарын үсэг зураад сууж байхыг нь би хоёр нүдээрээ харсан. Хаана нь гарын үсэг зураад, хаана нь зөрчигдөөд холион бантан болоод байгааг би ойлгохгүй байна.
-Баянгол дүүргийн засаг дарга С.Одонтуяа сургуультай ирж танилцсан уу?
-Танилцсан. Дээрээс гаргасан шийдвэрийг одоо яалтай билээ гэж хэлсэн. Тэрбээр “Хөлбөмбөгийн талбайгаа аваад үлдчих гэж өөрийнхөө хэмжээнд л үзлээ. Чадсангүй ээ. Одоогоор бол нэн тэргүүнд шаардлагатай асуудал нь сургуулийн өргөтгөл болоод байна. Эрх нь зөрчигдөж байгаа хүүхдүүдийн төлөө ямар аргаар ч хамаагүй өргөтгөлтэй л болж байвал дүүрч ээ” гэж хэлж байсан юм.
Сургуулийн биеийн тамирын багш И.Бат-Очир “Сургуулийнхаа талбайг ухаад эхлэхэд гол харлаад л явчихсан. Гэхдээ өргөтгөл гэдэг илүү чухал асуудал болоод байна.Биеийн тамирын хичээл ороход өвлийн хүйтэнд хүүхдүүдээ дагуулаад өөр сургуулийн заал руу явна. Жижигхэн зааланд нэг ээлжид л гурван анги тамирын хичээл орно. Багталцахгүй хачин юм болно шүү дээ” гэж ярилаа.
“Солид констракшн” ХХК-ийн экскаваторын жолооч н.Төмөр “Манайх наймдугаар сарын 31-нд 640 хүүхдийн багтаамжтай, доороо зоорийн давхартай, дээрээ хоёр давхар барилга хүлээлгэж өгөхөөр гэрээ байгуулсан. Ажил эхлэхэд энэ хавийн иргэд эсэргүүцээд ажил зогсчихоод байна. Ингээд уяад байхад барилгаа хугацаанд нь хүлээлгэж өгч чадахгүйд хүрнэ. Нэгэнт зураг төсөл батлагдчихсан байхад бидний ажилд садаа хиймээргүй байна” гэж хэлсэн юм.
Барилгын компанийн ажлын групп талбайн талыг нь ухаад цементийг ил гаргачихсан байсан юм. Цементэн дээр цагаан шугам татчихаж. Тэр шугамын дагуу өргөтгөлийн барилга босох юм байна. Хөлбөмбөгийн талбайн талд нь жижиг талбай байгуулахаар төлөвлөсөн талаар тус компанийн ажилтнууд ярилцаж байлаа.
56 дугаар сургуулийн хажуугийн байрны оршин суугч иргэн М.Мөнхтуул “Өнгөрсөн долоо хоногийн даваа гаригаас барилгын ажил эхэлж тоос шороо бужигнаж эхэлсэн. Сургуулийн өргөтгөл барьж байгаа сураг дуулдсан. Энд чинь өглөөдөө ахмадууд гарч дасгал хийдэг ганц талбай нь байсан юм. Нялх хүүхдээ дагуулсан эхчүүд алхаж байгаа харагддаг. Хүүхдүүд ч машин тэрэгнээс хол аюулгүй орчинд тоглох боломжтой ганц газар нь хөлбөмбөгийн талбай байсан.
Миний мэдэхийн сүүлийн сүүлийн cap эндэхийн ойр орчимд хэд хэдэн орон сууцны барилгын ажил эхэлсэн байгаа харагдсан. Тэр хувийн орон сууц барьж байгаа талбайдаа яагаад сургууль, цэцэрлэгийн өргөтгөл барьж болдоггүйг гайхах юм. Өргөтгөл барихад иргэдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх талбайг сүйтгэж байгаа хот төлөвлөлтийн ажил муу байгаагийн илрэл юм. Энэ хавьд дасгал сургуулилт хийх газар нэг ч байхгүй” гэж ярилаа.
Энэ талаар нийслэл хотын Засаг дарга С.Амарсайхан “10 дугаар хорооллын ойр орчимд 56 дугаар сургуулиас өөр Ерөнхий боловсролын сургууль байхгүй. Энэ хавийн бүх л хүүхдүүд тус сургуулийг зорьдог. Өргөтгөлийг хөлбөмбөгийн талбайд барихаас өөр арга алга. Нэг бүтээн байгуулалтын төлөө нөгөөг нь үгүйсгэж байгаа нь харамсалтай байна” хэмээн хэлсэн юм.
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.