Нийгэм
Сүхбаатарын талбайн зогсоолын оронд усан оргилуур барина
Сүхбаатарын талбайд орчин цагийн усан оргилууртай, газар доорх үйлчилгээний төв байгуулна хэмээн 2006 онд “Ю Би констракшн” ХХК 2.5 га газрыг 15 жилийн хугацаатай үйлчилгээний зориулалтаар эзэмшихээр авчээ. Уг газрыг 2006 онд Нийслэлийн газрын албаныхан гэрээ байгуулж, Ц.Батбаяр Улаанбаатар хотын дарга байхдаа 52 тоот захирамжаар “Ю Би констракшн” ХХК-д өмчлүүлсэн байдаг. Одоо тэр газарт төлбөртэй зогсоол болчихоод буй. Тус компани Сүхбаатарын талбайн урд хэсгийн 2.5 га газрыг банкны барьцаанд тавьснаар 9.5 сая ам.доллар буюу өнөөдрийн ханшаар 22.5 тэрбум төгрөг болж байгаа юм. Өнөөдөр /2019.04.23/хотын захирагч С.Амарсайхан тус компанийн газар эзэмших эрхийг цуцалснаа мэдэгдлээ.
Тэрбээр “Ю Би констракшн” ХХК нь газар доорх байгууламжтай усан оргилууртай зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулна гэж төсөл сонгон шалгаруулалтад орсон байдаг боловч өнөөдрийн хүртэл төсөлтэй холбоотой ямар ч материал байдаггүй. 2016 онд энэ талбайд автомашины зогсоол хийсэн. Ингэхдээ автомашины зогсоолын ашгаас 30 хувийг Улаанбаатар хотын захиргаанд төлөх ёстой байсан ч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй.
Анхны гэрээгээр хэрэв ашиг олохгүй бол хураамж өгөхгүй гэсэн заалттай гэрээ хийсэн байдаг. Сүхбаатарын талбайн багахан хэсэгт цэвэр бохирын шугамтай олон нийтийн орчин үеийн бие засах газар барья гэхээр талбай, газар олгодоггүй. Гэтэл төв талбай дээрээ өөрсдөө газраа хувьчилсан, ашиглуулсан бүр банкны өрөнд тавьсан байна. Тиймээс газар эзэмших эрхийг нь өнөөдрөөс эхэлж цуцалж байна” гэв.
Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
-“Ю Би констракшн” ХХК нь хуулийн ямар зүйл заалт зөрчсөн бэ?
-Тус компани 2006 онд газар эзэмших эрх авсан. Хуулийн дагуу хоёр жилийн дотор зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулах ёстой. Өөрөөр хэлбэл усан оргилууртай, газар доорх байгууламж барьж байгуулна гэсэн бол энэ ажлаа хоёр жилийн дотор хийх ёстой байсан.
-Та газар эзэмших зөвшөөрлийг нь шууд цуцлах эрхтэй юу?
-Бид хуулийн дагуу эхлээд сонсгох ажиллагаа явуулж мэдэгдсэн. Тухайн компанид мэдэгдлийг хүргүүлсэн. Хууль журмын дагуу энэ газрын газар эзэмших зөвшөөрлийг өнөөдрөөс эхлэн цуцалж байгаа учраас цаашид авто зогсоол байгаа газар усан оргилуур хийнэ.
–Авто зогсоолыг буулгах уу?
-Газраа чөлөөлж авна. Цаашид тохижилт үйлчилгээг нийслэлийн хөрөнгөөр хийнэ.
-Анх гэрээ хийхэд нийслэлээс ямар хүмүүс гарын үсэг зурсан юм бэ?
–Нийслэлийн ИТХ-ын 2006 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн хуралдаанаар Сүхбаатар дүүргийн зургадугаар хорооны нутаг дэвсгэр дэх Сүхбаатарын талбайн урд орчин үеийн шинэ технологи бүхий усан оргилуур, газар доорх үйлчилгээний барилгын зориулалтаар 2.5 га газрыг тухайн үеийн хурлын дарга Н.Болормаа гарын үсэг зурж баталгаажуулан, газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулсан. Харин маргааш нь буюу хоёрдугаар сарын 9-ний өдөр “Газар эзэмших эрхийн сонгон шалгаруулалт явуулах тухай” нийслэлийн Засаг дарга асан Ц.Батбаярын 52 дугаар захирамж гаргасан байдаг.
-Дүрэм журам гэж байна уу? Үе үеийн дарга нарын харалган шийдвэрээс болж иргэд аж ахуйн нэгжүүд хохирдог. Энэ байдал хэзээ дуусах вэ? Та энэ асуудалд цэг тавьж чадах уу?
–Энэ асуудлыг бид цэгцлэх гэж оролдож байна. Ер нь аль аль талдаа ажил алба хашиж байгаа дарга нар нь ёс зүйтэй байх ёстой. Хууль бус үйлдэл гэхэд хэцүү эргээд хууль ёсны гэхэд ч ойлгомжгүй. Эцэст нь аж ахуй нэгж нь ч хохирдог. Албан тушаалтан нь ч алга болдог. Өмнө нь ч би энэ талаар ярьж байсан. Энэ явдал хаа сайгүй түгээмэл байна.
-Барьцаанд тавьсан 22.5 тэрбум төгрөгийг хэрхэх вэ?
-Барьцаанд тавьсан мөнгийг нийслэл аваагүй компани авсан учраас компани банк хоёрын хоорондын л асуудал.
“Ю Би констракшн” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох захирамжид дурдсанаар “Нийслэлийн Сүхбаатар дүүргийг зургадугаар хорооны нутаг дэвсгэрт Сүхбаатарын талбайн урд байрлах 2.5 га газрыг орчин үеийн шинэ технологи бүхий усан оргилуур газар доорх үйлчилгээний төвийн барилгын зориулалтаар эрх авсан “Ю Би констракшн” ХХКнь 2006 оноос хойш тухайн газрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газар эзэмшүүлэх гэрээнд заасан зориулалтын дагуу эзэмшиж ашиглаагүй. Гэрээний нөхцөл болзлоо зөрчсөн учраас “Ю Би констракшн” ХХК-ийн 0061525 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосугай” хэмээн бичжээ.
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.