Нийгэм
Дөрөвдүгээр сарын 25-наас өмнө ТАНЫ ЗААВАЛ САНАХ ТАВАН ЗҮЙЛ
Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр агаарын температурын зөрүү хэт огцом өөрчлөгдөж, гамшигт үзэгдлийн тоо давтамж, цар хүрээ нэмэгдэх болсон, нийслэл хотод газар хөдлөлтийн шинэ голомт илэрсэн зэрэгтэй холбогдуулан Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилалтыг энэ сарын 24-26-нд зохион байгуулах гэж байна.
Тус арга хэмжээнд нийслэлд үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн хэвшлийн бүх байгууллага оролцох ёстой бөгөөд 25-ны өдөр олон нийтийг хамарсан сургуулилалт зохион байгуулагдах юм.
Энэ үеэр иргэн таны заавал мэдэж байх ёстой зүйлсийг хүргэж байна.
НЭГ. Улаанбаатарын замын хөдөлгөөн бүрэн хаагдана
Дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн 07:00-09:30 цаг хүртэл Улаанбаатарын бүх замын хөдөлгөөн хаагдаж, хотоос автомашин гаргахгүй, оруулахгүй. Газар хөдлөлтийн хор уршгийг арилгах арга хэмжээний үед замын хөдөлгөөн ихээхэн хүндрэл учруулна хэмээн үзэж байгаа юм.
Иймд тухайн өдрийн дээр заасан цагийн нислэгээр зорчих иргэд 07:00 цагаас өмнө “Чингис Хаан” олон улсын нисэх буудалд ирсэн байхыг “МИАТ” ТӨХК-аас анхааруулаад байна. “МИАТ” ТӨХК 25-ны Пүрэв гарагт Бээжин, Москва, Берлин, Сөүл, Бусан, Хонг Конг хотын чиглэлд нислэг үйлдэнэ.
Замын хөдөлгөөн хаасан үеэр түргэн тусламж, цагдаа, онцгой байдлын байгууллага өндөржүүлсэн бэлэн байдалд үүргээ гүйцэтгэнэ.
ХОЁР. Зарлан мэдээлэх дохиогоор аюулгүйн талбайд цуглана
Дөрөвдүгээр сарын 25-ны 08:00 цагт зарлан мэдээллийн дохио нийслэл даяар дуугарснаар эхлэх тул дохио сонссон эсэхээс үл хамааран орон байрнаасаа гарч, аюулгүйн талбайд цуглах ёстой.
Аюулгүй талбайн байршлыг ЭНД ДАРЖ харна уу.
ГУРАВ. Ажлын цагийн хуваарьт өөрчлөлт орж байгаа
Ажлын цаг замын хөдөлгөөн эхэлснээс хойш 30 минутын дараа буюу 10:00 цагт эхэлж, 19:00 цагт дуусна. Нийтийн тээвэр, сургуулийн автобус 09:30 цагаас эхлэл цэгээс хөдөлгөөнд оролцож эхлэх юм байна.
ДӨРӨВ. Гурван хоног архи, согтууруулах ундаа худалдахгүй, түүгээр үйлчлэхгүй
Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулилалт зохион байгуулагдах өдрүүд буюу энэ сарын 24, 25, 26-нд архи согтууруулах ундаа худалдан борлуулж, үйлчлэхийг хориглосон.
ТАВ. Орон сууцанд амьдардаг бүх айл сургуулилалтад оролцоно
Нийслэлийн орон сууцанд амьдардаг бүх айлд сургуулилалтад оролцох тухай “Таниулах хуудас” тарааж байгаа. Дадлага сургуулилалтын үеэр иргэд өөрийн дүүрэг, хороонд байрлах аюулгүй талбайд гарч, газар хөдлөлтийн үед баримтлах зарчим, ойролцоох цуглах талбай зэрэг мэдээллийг багтаасан “Таниулах хуудас”-аа нүүн шилжих талбайдаа авч очин, бүртгэлийн ажилтанд тэмдэглүүлж, дадлага сургуулилалтад оролцсон талаар бүртгэлээ хийлгэх юм. Тэрхүү тэмдэглэгээ хийлгэсэн хуудсаа байгууллагынхаа удирдлагад үзүүлснээр ажлын цагаа бүртгүүлэх ёстой.
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.