Нийгэм
У.Хүрэлсүх: Гамшгийн эрсдэлээс хамгаалах мэдлэг, чадвартай иргэдтэй байх нь хамгаас чухал
Нийслэлийн Гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийн нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож, үг хэллээ. Түүний хэлсэн үгийг хүргэж байна.
“Өнөөдөр Засгийн газрын 2019 оны 116 дугаар тогтоолын дагуу нийслэл Улаанбаатар хотын гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль эхэлж байна. Нийслэлийн гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль нь нийслэлийг бүхэлд нь хамарч, 1990 оноос хойш 29 жилийн дараа анх удаа хийгдэж байгаагаараа онцлог юм. Энэ удаагийн иж бүрэн сургуулийн зорилго нь газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэхэд бүх шатны төрийн захиргааны болон аж ахуйн нэгж, байгууллагын бэлэн байдлыг дээшлүүлэх, байгууллага хоорондын ажлын уялдаа, хамтын ажиллагааг сайжруулах, ард иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, тэднийг сургаж бэлтгэх замаар байгууллага, иргэдийн үүрэг гүйцэтгэх чадавхыг дээшлүүлэхэд чиглэж байна.
Газар хөдлөлт бол гэнэт тохиолдож, хормын төдийд хүн ам, нийгэм, эдийн засагт асар их хор хөнөөл учруулдаг байгалийн аюулт үзэгдэл юм. Сүүлийн жилүүдэд Монгол орны газар хөдлөлтийн идэвхжил ихээхэн нэмэгдэж, өнгөрсөн 10 жилийн хугацаанд нийт 260 мянган удаа газар хөдлөлт болсон байна. Улаанбаатар хот орчимд 2005 он хүртэл жилд дунджаар 200 орчим газар хөдлөлт бүртгэгддэг байсан бол 2013 онд энэ тоо 10 дахин өссөн бөгөөд 2019 оны эхний гурван сарын байдлаар 261 удаа газар хөдлөлт болсон нь 2018 оны эхний гурван сартай харьцуулахад 70 удаагийн тохиолдлоор нэмэгдсэн байгаа юм.
Энэ сургуулийн явцад уг асуудлыг дахин нягтлан судалж, үе шаттай шийдвэрлэх арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Төсөв, хөрөнгийн асуудал дээр хүндрэл байгааг би ойлгож байна. Гэхдээ хүмүүсийн амь, амьдралтай холбоотой энэ чухал асуудлыг шийдэхийн төлөө бид бүх шатандаа хүчин чармайлт гаргаж, идэвхтэй ажиллах хэрэгтэй байна. Цаашдаа бид Гамшгаас хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд тухайн жилийн төсвийн нэг хувийг гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд төсөвлөн, зориулалтын дагуу зарцуулж хэвших ёстой.
Монгол Улсын Засгийн газрын өмнө тулгарч байгаа олон чухал асуудлын дотор газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ онцгой анхаарлын төвд байх болно. Энэ ч үүднээс Засгийн газар иж бүрэн сургууль хийх шийдвэр гаргаж, гамшгаас хамгаалах улсын алба, яам, агентлагууд, төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагууд, төрийн цэргийн байгууллагуудыг сургуульд оролцуулахаар шийдвэрлэсэн юм. Гамшгийн эрсдэлийг бууруулна гэдэг нь гарахаас нь өмнө урьдчилан сэргийлэх тухай яриа болохоос биш, нэгэнт гамшиг тохиолдсоны дараа эрсдэлийг бууруулна гэж ярихад оройтсон байдаг. Иймд иргэн бүр газар хөдлөлтийн аюулаас өөрийн амь нас, эд хөрөнгө төдийгүй бусдын амь насыг авран хамгаалах арга техникт суралцах шаардлагатай байна.
Эцэст нь хэлэхэд, хууль, дүрэм журам, стандарт гаргах нэг хэрэг. Түүнийг бүх шатанд хэрэгжүүлдэг, ажил амьдралдаа мөрддөг, өөрийгөө болон бусдыг гамшгийн эрсдэлээс хамгаалах мэдлэг, чадвартай иргэдтэй байх нь хамгаас чухал гэдгийг дахин сануулж байна. Хүний амь наснаас илүү үнэтэй зүйл гэж энэ дэлхийд үгүй. Иргэдийнхээ амь нас, эд хөрөнгийг аливаа аюулаас хамгаалах нь төр засгийн үндсэн үүрэг учраас Засгийн газар энэхүү сургуульд өндөр ач холбогдол өгч байгаа юм.
Гамшгаас хамгаалах сургуулийн үйл ажиллагаанд өндөр амжилт хүсье.
Улс орны аюулгүй байдал, иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг сахин хамгаалж буй Та бүхний ажил үйлс мөнхөд бадарч, эх орон минь гамшгийн аюулгүй, ард иргэд минь амар амгалан байх болтугай” гэлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.