Нийгэм
Хотын даргын эсрэг АН-ын цэцэгтэй эсэргүүцэл
НИТХ-ын ээлжит 24 дүгээр хуралдаан өнөөдөр /2019.04.26/ болж байна. Тус хуралдааныг эхэлмэгц төлөөлөгчдийн ширээ тус бүрт “Туулын бургасыг сэргээе” гэсэн бичигтэй модлог ургамал байрлуулсан байв.
НИТХ дахь АН-ын бүлгээс Туул голын бургасыг нөхөн сэргээхийг төлөөлөгчдөд уриалж, уг ургамлыг төлөөлөгчдөд бэлэглэсэн боловч НИТХ дахь МАН-ын бүлгийн зарим төлөөлөгчид хүлээн авсангүй.
АН-ын бүлгийн гаргасан уриалга нь НИТХ-ын төлөөлөгчдийг Туул голоо хамгаалж, бургасыг нөхөн сэргээхийн төлөө иргэдийнхээ дуу хоолой болж ажиллан, бургас тарьж ургуулах, буруутай этгээдээс хариуцлага нэхэж ажиллахыг уриалсан байна.
Уриалгад “Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Эрхэм төлөөлөгчид та бүхнийг Туул голоо хамгаалж, бургасыг нөхөн сэргээхийн төлөө иргэдийнхээ дуу хоолой болж ажиллахыг бид уриалж байна. Туул гол нь 4 аймгийн 37 сумаар дамжиж урсдаг, төрөл бүрийн загастай, мал, ан амьтны ундаа болдог, эрэг дагуу нь олон мянган бүл бургас, мод сөөг ургадаг, Нийслэлчүүдийн ундны усны эх үүсвэр билээ. Гэвч экологийн тэнцвэрт байдлыг нь хангаж, хамгаалах зайлшгүй шаардлагатай “Хатан Туул” гол маань өнөөдөр экологийн доройтолд өртөөд байна. Бохирдсон байна. Бургасыг нь хэдэн арван мянгаар нь хядсан байна.
Голын орчны энэ доройтлыг хотын иргэд оршин суугчид бус, УИХ, Засгийн газар, Нийслэлийн эрх мэдэлтнүүдийн ар тал, хамаарал бүхий этгээдүүд бий болгож байна. Тэд ашиг олохын тулд Монгол Улсын хууль тогтоомж, дүрэм, журмыг санаатайгаар зөрчин, их хэмжээний хохирол учруулсан ч хамгаалагдсаар байна. Ямар ч хариуцлага хүлээхгүй байна.
Энэ байдлыг та бид зүгээр хараад суувал,Туул голоо өнөөдөр хамгаалахгүй бол,
Та бидний ирээдүйд ундны цэвэр усгүй болж, байгаль орчин цөлжих аюул нүүрлэж байна.
Иймд Нийслэлийн иргэдээ төлөөлж шийдвэр гаргах түвшинд ажиллаж байгаа Эрхэм хүндэт төлөөлөгчид та бүхэндээ Туул голоо хамгаалахыг уриалж байна.
НИТХ-д төлөөлж сонгогдсон иргэдийнхээ дуу хоолой болж, буруутай этгээдээс хариуцлага нэхэхийг уриалж байна.
Хаврын мод тарих өдрүүдэд Туул голын бургасыг нөхөн ургуулах аяныг иргэдтэйгээ хамтран өрнүүлэхийг уриалж байна” гэжээ.
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.