Нийгэм
А.Батбаяр: 2019 онд 5.6 мянган га газрыг иргэдэд үнэ төлбөргүйгээр өмчлүүлнэ

Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас өнөөдөр хэвлэлийн хурал хийж, 2018 оны газрын нэгдмэл сангийн тайлангаас танилцуулахын зэрэгцээ , энэ онд хийж хэрэгжүүлэх ажлынхаа талаар мэдээллээ.
Тус газрын орлогч дарга А.Батбаяр “2019 оныг манай агентлагаас Иргэн төвтэй ил тод, ухаалаг газрын харилцааны жил болгон зарласан. Тиймээс газартай холбоотой мэдээллийг ил тод болгох, хүнээс үл хамаарсан газрын харилцааны бүртгэл, хэмжил зүйн ажлыг цахимжуулж, ухаалаг болгохоор зорьж байна. Түүнчлэн энэ жил газрын харилцааны ажилтны өдрүүдийг зохион байгуулж байна. Энэ хүрээнд эрдэм шинжилгээний хурал, салбарын зөвлөгөөнийг хийхээр төлөвлөсөн. Мөн тавдугаар сарын 3-нд газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэхээр болоод байна” гэв.
КАДАСТРЫН МЭДЭЭЛЛИЙГ САНГ НЭЭЛТТЭЙ БОЛГОНО
Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын орлогч дарга А.Батбаяр “Улсын бүртгэлийн тухай хууль, эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийн дагуу газар эзэмших, ашиглах эрхийг заавал улсын бүртгэлд бүртгүүлдэг болсон. Иргэнийг улсын бүртгэл, газрын алба хоёрын хооронд явуулахгүйгээр ХУР системээр холбогдон цахимаар мэдээллээ солилцдог болсон. Энэхүү системийн гол дэвшлийн нэг нь тоон гарын үсгийг ашиглах болсон явдал. Мөн хурууны хээг уншуулдаг болсноор бүртгэлийн ажилтан бүх мэдээллээ шивж суухаа больсон” хэмээлээ.
Монгол Улсын үндэсний газрын кадастрын бүртгэлийн системийг арваннэгдүгээр сар гэхэд бүрэн ажиллуулна.
Мөн иргэд ДАН системээр нэвтэрч өөртэйгөө холбоотой газрын өмчлөлийн мэдээллийг авахаас гадна өргөдөл гаргасан бол ямар албан тушаалтанд очсон, хаана удааширч буйг ч мэдээллийг авах боломжтой байгаа аж.
2019 ОНД 5.6 МЯНГАН ГА ГАЗРЫГ ИРГЭДЭД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ӨМЧЛҮҮЛНЭ
Хэвлэлийн хурлын үеэр Газрын нэгдмэл сангийн зарим тоон мэдээллийг танилцууллаа.
Газрын нэгдмэл сангийн тайлан:
2018 оны жилийн эцсийн байдлаар 1,091,873 газар өмчлөгч, эзэмшигч нар 6.9 га газрыг иргэн, аж ахуй байгууллагын зориулалтаар өмчилж, ашиглаж байна.
Өнгөрсөн онд нийт 51 тэрбум 616 сая төгрөгийн газрын төлбөрийн орлогыг орон нутгийн төсөвт төвлөрүүлэв.
Газрын төлбөрийн хууль хэрэгжиж эхэлснээс хойш буюу 1998 оноос 2018 оны хугацаанд нийт 530 тэрбум 681 сая төгрөгийг төсөвт төвлөрүүлж ажиллажээ.
2018 онд 1,179 дуудлага худалдаа зарласнаас 711 нь хүчинтэй болж, 7.6 мянган га газрыг иргэн аж ахуйн нэгжид эзэмшүүлсэн.
2017 онд 4.3 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн бол 2018 онд 8.6 тэрбум төгрөгийг газрын дуудлага худалдаанаас олсон.
2018 оны жилийн эцсийн байдлаар нийт хүн амын 19.4 хувь нь газраа өмчилж авсан байна.
Харин 2019 онд 5.6 мянган га газрыг иргэнд үнэ төлбөргүйгээр, 24.5 га газрыг аж ахуйн зориулалтаар өмчлүүлэхээр төлөвлөжээ.

Нийгэм
Бохирын хоолойнуудад хатуу хог хаягдлын шүүр суурилуулж байна

Бохир усны хоолой, суултуурт хатуу хог хаягдал хаях нь Төв цэвэрлэх байгууламжийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулдаг.
Иймээс бохирын хоолойнуудад хатуу хог хаягдлын шүүр суурилуулж байна. Энэ талаар УСУГ-ын холбогдох мэргэжилтнүүдээс тодрууллаа.
УСУГ-ын Хэрэглэгчдэд үйлчлэх албаны гэрээний инженер Бат-Oюун “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төслийг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлж байна. Шинэ төв цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажил 95 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд ирэх тавдугаар сард туршилт тохируулгыг эхлүүлнэ.
Харин одоогийн Төв цэвэрлэх байгууламжид нийлүүлэгдэж байгаа бохир усны хаягдлын төвшин стандартаас хэтэрсэн. Энэхүү стандартын төвшнийг 2013 оны хэмжээнд хүргэх буюу багасгах арга хэмжээг авч эхэллээ. Их хэмжээний ахуйн хог хаягдал нь бохир усны хаягдлыг ихээр нэмэгдүүлж байна. Цаашдаа энэ нь төв цэвэрлэх байгууламжийн тоног төхөөрөмжийг хэвийн ажиллахад сөрөг нөлөөтэй учраас УСУГ-ын ажлын хэсэг бохирын хоолойнуудад хатуу хог хаягдлын шүүр суурилуулж эхэллээ” гэв.
УСУГ-аас гэрээтэй хэрэглэгчид, Улаанбаатар хотын хэмжээнд орон сууцын ашиглалт үйлчилгээний тусгай зөвшөөрөл эзэмшигчид болон орон нутгийн өмчит тусгай зөвшөөрөл эзэмшигч нартай хамтарч уг ажлыг хэрэгжүүлж байна. Энэ талаар УСУГ-ын Шугамын ашиглалт, угсралт, засварын алба М.Дашдондог “Нийслэлийн хэмжээнд бүсчилсэн байдлаар 352 ширхэг шүүлтүүр суурилуулна. Ажлын явц 25 хувьтай үргэлжилж байна. Уг шүүр нь бохир усан дахь механик бохирдлыг шүүж авах зориулалттай. Ингэснээр Төв цэвэрлэх байгууламжид очих механик бохирдол буюу ахуйн хогны хэмжээг багасгах юм. Мөн цаашид нийслэлийн хэмжээнд байгаа хороолол, хотхон дээр ирж байгаа бохирдлын түвшнийг ялгах зэргээр дараа, дараагийн арга хэмжээг авна гэдгийг хэлж байв.
УСУГ-ын Олон нийттэй харилцах ажилтан Т.Солонго: “Oрон сууцад амьдарч байгаа иргэд суултуурыг хогийн сав болгож ашиглаж байна. Жишээлбэл, БЗД-ийн 14 дүгээр хорооны энэхүү бохир усны коллекторт шүүгдсэн хатуу хаягдлаас харвал, хоолны үлдэгдэл, нойтон салфетка, амны хаалт, үсний сэв, живх зэрэг гарч байна. Тиймээс нийслэлийн оршин суугчид та бүхэн бохирын шугам болон суултуурыг хогийн сав мэтээр ашиглахгүй байхыг уриалж байна” гэлээ.
Нийгэм
Хавдрын эсрэг Үндэсний аяны хүрээнд хортой хавдрын 11 шинэ тохиолдол илрүүлжээ

“Хавдрын эсрэг Үндэсний аян-2025” Дорноговь аймагт амжилттай хэрэгжлээ.
Дорноговь аймгийн ЗДТГазрын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын танхимд аймгийн удирдах түвшний уулзалт зохион байгууллаа. Уулзалтад ХСҮТөвийн Ерөнхий захирал Н.Эдэнэхүү, дэд захирал Ц.Уранчимэг, аяны багийн зохион байгуулагч С.Эрдэнэчимэг, Аймгийн орлогч дарга, аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Д. Батцэцэг нар оролцож, ХСҮТөвөөс “Дорноговь аймгийн хорт хавдрын өвчлөл, нас баралт, хавдрын тусламж үйлчилгээний өнөөгийн байдал” сэвдээр илтгэл танилцуулж анхаарах асуудлуудаар харилцан санал солилцлоо.
Дорноговь аймагт Хавдар судлалын үндэсний төв Ерөнхий мэс заслын тасгийн их эмч Ч.Бат-Оргилоор ахлуулсан нарийн мэргэжлийн эмч нарын баг 5 хоног ажиллалаа. Тус багт эмэгтэйчүүдийн мэс заслын их эмч Ц.Пүрэвдулам, дүрс оношлогооны эмч О.Даваадулам, элэг, цөс нойр булчирхайн мэс заслын их эмч Н.Лхам, дурангийн их эмч Б.Идэрцэцэг, хөхний эрт илрүүлгийн оношлогооны эмч Г.Жавхлан, ТХМЗ-ын их эмч М.Янжинлхам, эмгэг судлаач их эмч С.Наранзул, хавдрын хөнгөвчлөх эмчилгээний эмч Э.Золзаяа нар ажиллаж нийтдээ 1171 хүнд үзлэг, оношилгоо хийлээ.
Нийт үзлэгээс хортой хавдрын 11 шинэ тохиолдол буюу элэг хорт хавдар 3, умайн хүзүүний хорт хавдар 2, үтрээний хорт хавдар 1, бамбай булчирхайн хорт хавдар 1, улаан хоолойн хорт хавдар 1, уушгины хорт хавдар 1, хөхний хорт хавдар 1, анхдагч тодорхойгүй хорт хавдар 1 тус тус оношлон илрүүлжээ.
Мөн хортой хавдрын сэжигтэй тохиолдол 30, хоргүй хавдрын 371 тохиолдлыг илрүүллээ.
Аяны хугацаанд 124 эсийн шинжилгээ, 21 эдийн шинжилгээг аймагт нь хийж, хариуг цаг алдалгүй гаргалаа.
Дүрс оношилгооны эмч 28 хүнд КТГ-н шинжилгээ хийж, дүгнэлтийг нь гаргалаа.
Ходоодны хорт хавдар, умайн хавдар, зөөлөн эдийн болон гар сарвууны хавдар, ходоодны хоргүй хавдрыг авах дурангийн хагалгаа, толгой хүзүүний байрлалын хавдрын 5-н мэс засал, хөхний мэс ажилбар 7-г хийлээ.
Чадавхижуулах сургалтуудыг зохион байгууллаа. Үүнд:
Дуран оношилгооны болон КТГ-ийн чиглэлээр эмч мэргэжилтнүүдэд ажлын байрны дагалдан сургалт зохион байгуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.
Дурангийн хоргүй хавдрын хагалгаа, хөхний хавдрын сэжигтэй тохиолдлын биопси шинжилгээ авах арга техник, умайн хүзүүний эрт үеийн хорт хавдрын мэс засал эмчилгээний аргыг хагалгааны явцад ажлын байранд сургалтуудыг хийлээ.
“Зонхилон тохиолдох хорт хавдрын эрт илрүүлэлт, оношилгоо, эмчилгээ” сэдэвт 1кр багц цагийн сургалт зохион байгуулж нийт 50 эмч мэргэжилтнийг хамруулжээ.
Аймгийн ЭМГ-ын хүсэлтээр өвдөлт намдаах аргын талаарх сургалтыг зохион байгуулж 36 эмчийг хамрууллаа.
Нийгэм
ОХУ-ын алдарт уран нислэгийн үзүүлбэрийн “Стрижи” баг Монгол Улсад ирнэ

Монгол Улсад Нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ 2025 оны тавдугаар сарын 25-ны өдөр тохиох гэж байна.
Энэхүү түүхэн үйл явдлыг тохиолдуулан ОХУ-ын алдарт уран нислэгийн үзүүлбэрийн “Стрижи” баг МиГ-29 загварын сөнөөгч онгоцоор агаарт гайхамшигтай, давтагдашгүй үзүүлбэрээ толиулахаар боллоо.
“Стрижи” уран нислэг үзүүлбэрийг багийн оролцоо нь манай хоёр орны найрамдалт харилцаа, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг улам бэхжүүлж, залуу хойч үедээ эх оронч үзэл, нисэх хүчний сурталчлахад үнэтэй хувь нэмэр оруулах юм гэж Монгол Улсын Батлан хамгаалах яамнаас мэдээллээ.
-
Улс төр11 цаг өмнө
Худалдааны түр хэлэлцээрийн төслийг зөвшилцөх асуудлын хэлэлцүүлгийг хийлээ
-
Улс төр11 цаг өмнө
Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ
-
Нийгэм13 цаг өмнө
Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Долгион таалал төгсжээ
-
Нийгэм13 цаг өмнө
Хардалтын улмаас хүний амь насыг хохироосон гэх хэргийг шүүхэд шилжүүллээ
-
Нийгэм13 цаг өмнө
Улаанбурхан өвчний 688 тохиолдол бүртгэгджээ
-
Нийгэм11 цаг өмнө
Улаанбурхан өвчний дэгдэлтийн хариу арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болголоо
-
Нийгэм11 цаг өмнө
Хомын талд тахь унагалжээ
-
Улс төр10 цаг өмнө
Ж.Чинбүрэн: Хүнс, эмийн аюулгүй байдлын бодлогын агентлаг байх шаардлагатай