Нийгэм
12 настай охиныг хүчиндсэн этгээдэд 13 жилийн хорих ял оноожээ
Увс аймгийн Өндөрхангай суманд 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр иргэн Б гэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бага насны буюу 12 настай охиныг ээжийг нь эзгүйд гэрээс нь өөрийн эзэмшлийн автомашинаар хуурч мэхлэн, хээр газарт аваачиж, хүч хэрэглэн хүчиндсэн гэмт хэрэг үйлджээ.
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлснийг Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцээд, шүүгдэгч Б-г бага насны хүүхэд хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 13 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Дээрх гэмт хэрэг нь эцэг, эхчүүд хүүхдээ хараа хяналт тавих хүнгүй гэрт нь орхиж явснаас үүдэн гарсан бөгөөд эцэг, эх, асран хамгаалагчийн хайхрамж, болгоомжгүй байдлаас шалтгаалж бага насны хүүхэд бие махбодь, сэтгэл санаагаараа насан туршдаа гэмт хэргийн хохирогч болж байна.
Иймээс эцэг, эх, асран хамгаалагч нарт насанд хүрээгүй хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулж, танихгүй хүнд хаалга онгойлгож өгөхгүй, дагаж явахгүй байх талаар хүүхдэдээ хэлж сануулах, гэрт нь аль болох хараа хяналтгүй үлдээхгүй байхыг анхааруулж, энэ төрлийн гэмт хэргийн тухай ойлголт, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар орон нутгийн ”Увс нам бус телевиз”-д мэдээлэл сэрэмжлүүлгийг өгчээ гэж Увс аймгийн прокурорын газраас мэдээллээ.
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.