Нийгэм
С.Молор-Эрдэнэ: Хүн чинь дарлуулж, даргаасаа айгаад ирэхээрээ аяндаа оюуны чадваргүй, хонь шиг болдог

Философич С.Молор-Эрдэнэтэй Майн баярын учир утгын талаар товч ярилцлаа.
– Жил бүрийн 5-р сарын 1-нийг Майн баяр гэж тэмдэглэдэг. Энэ баярын түүхийг ярьж өгөөч?
– Майн баяр гэдэг нь ажил хийж, хөдөлмөрлөж, бүтээдэг хүмүүсийн олон улсын баярын өдөр.
Феодалийн нийгэм дуусч, аж үйлдвэрийн нийгэм эхэлснээс эхлэлтэй. 16-20 –р зууны үед энгийн хүмүүс, үйлдвэрийн ажилчид баячууд, хөрөнгөтнүүдийн ажлыг хийж байхдаа феодалийн нийгэмд боол болон дарлагддаг байсан чанар нь аж үйлдвэрийн нийгэм рүү орохдоо ч хэвээр, хөлсний ажилчид болж л хувирсан. Ингэж хүнийг олон цагаар ажиллуулж, амрах цаггүй, эрүүл мэндгүй болгож байгааг Карл Маркс шүүмжтэйгээр харсан. Энэ хүн Фридрих Энгельстэй нийлж “Коммунист Намын Тунхаг Бичиг” номыг бичжээ.


Номын цаад зорилго бол энгийн иргэн хүнийг өдрийн найман цаг ажиллуулах ёстой гэсэн нэгдүгээр онол.
Хоёрдугаарт, хүн цалин авч байгаа бол амьдралд нь хүрэлцээтэй байх ёстой гэсэн хоёр том асуудлыг бичсэн. Хөрөнгөтнүүд яагаад баяждаг вэ гэвэл ажилчдыг илүү цагаар ажиллуулж дундаас нь мөнгө унагадаг. Амралтын мөнгийг нь хасна, эрүүл мэндийг нь устгасна, цэвэр ажлын мал шиг болгоно.
Эрүүл мэндийн даатгалыг нь төлдөггүй зэргээр хөрөнгөтнүүд гарч ирдгийг тунхаг бичгээр гаргаж ирсэн. Үүнийг дагаад Латин Америк, Англи, ялангуяа Америкт 5-р сарын 1-нийг хөдөлмөрчдийн найман цагийн өдөр гэж жагсаал гаргаснаар хууль нь улс орнуудад үүсч эхэлсэн. Энэ том хуулийг Монгол оронд социализмаар хэрэгжүүлсэн. Тийм учраас Майн 1-ний өдөр талбайд ажилчдын цуглаан болдог байсан. Одоо бол устгачихсан.
– Орон орнууд Майн 1-ний баярыг яаж тэмдэглэдэг вэ?
– Герман, Бельги гээд орнуудад бол албан ёсны баяр гэж тэмдэглэдэг.
Ерөнхийдөө социализмыг хэрэгжүүлж байсан, хүмүүнлэг улсуудад тэмдэглэнэ. Монголд Майн баяр социализмын үед социалист орнуудаас орж ирсэн. Коммунист Намын Тунхагаас гаралтайгаар Олон Улсын Интернационал гэж 80-аад орны байгууллага байсан. Комминтерн гэдэг нэртэй. Америк улс хүртэл энд нь байсан. Ингэж Майн баярыг тэмдэглэх уламжлал тогтсон.
Дэлхийн сайн санаат, энэрэнгүй, хүмүүнлэг хүмүүсийн жилд ганц удаа болдог баяр. Бусад баяр ерөнхийдөө шашин эсвэл хөрөнгөтөн, баячуудын баяр. Би найман цагаар ажиллана, наймаас илүү цагаар ажилласан ч мөнгө өгөхгүй байна шүү дээ, цалин амьдралд хүрэлцэхгүй байна гэсэн хүмүүсийн гомдлоо илэрхийлсэн, уурласан, эсэргүүцсэн өдөр.




– Манайд энэ баяр яагаад устсан бэ?
– 90-ээд оноос ардчилал гарч ирээд Монгол улсын аж үйлдвэр, бүтээн байгуулалтыг хувьчлал нэрийн дор устгасан. Монголчууд Майн баярыг өөрсдөө устгасан. Энэ баяраар сэхээтэн хүмүүс хамгийн их баярлах ёстой. Яагаад гэвэл цалин нь хүрдэггүй. Айхтар ажил хийж байгаа мөртлөө цалин нь хүрдэггүй. Ингээд хөдөлмөрчин, ажилчин гэж байхгүй болоод малчин, ноён гэсэн хоёрхон ангитай болсон.
– Бид өнөөдөр капитализмд амьдарч байгаа юу?
– Үгүй, аж үйлдвэрээ устгасан учраас феодализмд амьдарч байгаа.
– Социализм руу буцаж очихгүй нь ойлгомжтой биз дээ?
– Социализмын хэрэгтэй юмнуудыг нь хэрэгжүүлж, хадгалж үлдээх ёстой байсан. Социализмыг яагаад муу гээд байна гэхээр энэ баячууд, хар шар феодалуудад халтай. Харин ажлаа хийгээд явж байгаа, сэхээтэн хүмүүст хэрэгтэй. Баячууд л социализмд дургүй.


– Энэ баярыг эргэж тэмдэглэх нь зөв үү?
– Эргээд сэргээх нь мэдээж зөв. Хэрэв Монгол улсад найман цагаас илүү ажиллаад мөнгөө авч чаддаггүй хүмүүс байвал өнөөдөр Сүхбаатарын талбайд гарч ирэх ёстой. Ажиллаад л байдаг цалин нь амьдралд нь хүрэлцдэггүй, юу ч үгүй үлддэг хүмүүс Сүхбаатарын талбайд гарч ирэх ёстой.
Ингэхдээ найман цаг л ажиллана, илүү ажиллавал цалингаа авна, шатахуун, хүнсний үнийн нэмэгдлийг дагаж цалин нэмэгдэх ёстой, амралтын өдрөөр заавал амрана, ялангуяа Ням гарагт хэн ч ажиллахгүй гэж шаардах ёстой.
Ингээд тэднийг гарч ирэхэд нь Үйлдвэрчний Эвлэл хүлээж аваад төлөөлж төртэй харьцах ёстой. Тэгсэн манайд юу хийж байгаа, хэний төлөө гэдэг нь мэдэгдэхгүй байгууллага болчихсон.
Үйлдвэрчний Эвлэл, төр, яам үндсэн хууль зөрчиж байна уу гэдгийг шалгах ёстой. Яагаад гэвэл Үндсэн хуульд амьдрах эрхтэй гэж заасан. Гэхдээ манай үндсэн хууль хүнийг боддоггүй хууль л даа. Маркс хүүхдийн хөдөлмөрийг хүртэл ярьсан байдаг. Манайд бол малчины хүүхдүүд өдөр бүр хөдөлмөр хийгээд байгааг, дуртай хийж байна уу, албадуулан хийж байна уу гэдэг том асуудал. Наад талдаа малчин гэх боловч цаанаа далд хөдөлмөр байгаа.
– Үндсэн хууль яагаад өөрчлөгдөхгүй байна вэ?
– Яагаад гэвэл бид капитализм, ардчиллыг буруу ойлгочихсон. Эрх чөлөө гэдгээр дураараа, анархист гэж ойлгодог. Хүнийг боолчилж, дарлаж байгаагаа босс хүн юм чинь мундаг гэж боддог.
Нөгөөтэйгүүр хүмүүсийн амьдрал тааруу байхаар тархи нь ажилдаггүй. Хүн чинь дарлуулж, дээрэлхүүлээд, даргаасаа айгаад ирэхээрээ аяндаа оюуны чадваргүй, хонь шиг болдог. Тиймээс энэ бүх буруу ойлголт, төрийн муухай бодлогуудыг ядаж жилдээ ганц энэ баяраар шүүмжлэх ёстой. Үгүй бол бид төрөө шүтдэг феодалдаа байсаар л байх болно. Уг нь бол төрөө үргэлж шүүмжилж, гярхай нүдээр харж байх ёстой.
– Дэлхийн улс орнууд энэ баярыг тэмдэглэхээ больж байна уу?
– Бүтээн байгуулалт, аж үйлдвэрийн сонгодог капитализм устчихсан. Өнөөдрийн капитализм санхүүгийн маш аюултай капитализм. Эдийн засаг устаад, зөвхөн санхүү орж ирсэн гэсэн үг. Хөгжиж байгаа орнууд ажилчин ангиа устгаад ядуу Ази, Латин Америкийн орнууд руу үйлдвэрээ шилжүүлчихсэн. Тэгэхээр Франц, Герман оёдолчингүй болсон учраас Майн баярыг тэмдэглэхэд хэцүү болчихсон гэсэн үг. Яагаад гэвэл санхүү аж үйлдвэрийг устгасан. Үүний хамгийн том жишээ бол Англи улс. Ажилгүйдлийн тоо хамгийн их. Лондон хот Английг эзлээд авчихсан. Англид шууд Майн Баяр гэж тэмдэглэдгүй. Хэрвээ тэмдэглэвэл ажилгүйчүүд нь шууд гарч ирээд хувьсгал хийчих вий гэхээс айдаг.

Нийгэм
Бохирын хоолойнуудад хатуу хог хаягдлын шүүр суурилуулж байна

Бохир усны хоолой, суултуурт хатуу хог хаягдал хаях нь Төв цэвэрлэх байгууламжийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулдаг.
Иймээс бохирын хоолойнуудад хатуу хог хаягдлын шүүр суурилуулж байна. Энэ талаар УСУГ-ын холбогдох мэргэжилтнүүдээс тодрууллаа.
УСУГ-ын Хэрэглэгчдэд үйлчлэх албаны гэрээний инженер Бат-Oюун “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төслийг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлж байна. Шинэ төв цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажил 95 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд ирэх тавдугаар сард туршилт тохируулгыг эхлүүлнэ.
Харин одоогийн Төв цэвэрлэх байгууламжид нийлүүлэгдэж байгаа бохир усны хаягдлын төвшин стандартаас хэтэрсэн. Энэхүү стандартын төвшнийг 2013 оны хэмжээнд хүргэх буюу багасгах арга хэмжээг авч эхэллээ. Их хэмжээний ахуйн хог хаягдал нь бохир усны хаягдлыг ихээр нэмэгдүүлж байна. Цаашдаа энэ нь төв цэвэрлэх байгууламжийн тоног төхөөрөмжийг хэвийн ажиллахад сөрөг нөлөөтэй учраас УСУГ-ын ажлын хэсэг бохирын хоолойнуудад хатуу хог хаягдлын шүүр суурилуулж эхэллээ” гэв.
УСУГ-аас гэрээтэй хэрэглэгчид, Улаанбаатар хотын хэмжээнд орон сууцын ашиглалт үйлчилгээний тусгай зөвшөөрөл эзэмшигчид болон орон нутгийн өмчит тусгай зөвшөөрөл эзэмшигч нартай хамтарч уг ажлыг хэрэгжүүлж байна. Энэ талаар УСУГ-ын Шугамын ашиглалт, угсралт, засварын алба М.Дашдондог “Нийслэлийн хэмжээнд бүсчилсэн байдлаар 352 ширхэг шүүлтүүр суурилуулна. Ажлын явц 25 хувьтай үргэлжилж байна. Уг шүүр нь бохир усан дахь механик бохирдлыг шүүж авах зориулалттай. Ингэснээр Төв цэвэрлэх байгууламжид очих механик бохирдол буюу ахуйн хогны хэмжээг багасгах юм. Мөн цаашид нийслэлийн хэмжээнд байгаа хороолол, хотхон дээр ирж байгаа бохирдлын түвшнийг ялгах зэргээр дараа, дараагийн арга хэмжээг авна гэдгийг хэлж байв.
УСУГ-ын Олон нийттэй харилцах ажилтан Т.Солонго: “Oрон сууцад амьдарч байгаа иргэд суултуурыг хогийн сав болгож ашиглаж байна. Жишээлбэл, БЗД-ийн 14 дүгээр хорооны энэхүү бохир усны коллекторт шүүгдсэн хатуу хаягдлаас харвал, хоолны үлдэгдэл, нойтон салфетка, амны хаалт, үсний сэв, живх зэрэг гарч байна. Тиймээс нийслэлийн оршин суугчид та бүхэн бохирын шугам болон суултуурыг хогийн сав мэтээр ашиглахгүй байхыг уриалж байна” гэлээ.
Нийгэм
Хавдрын эсрэг Үндэсний аяны хүрээнд хортой хавдрын 11 шинэ тохиолдол илрүүлжээ

“Хавдрын эсрэг Үндэсний аян-2025” Дорноговь аймагт амжилттай хэрэгжлээ.
Дорноговь аймгийн ЗДТГазрын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын танхимд аймгийн удирдах түвшний уулзалт зохион байгууллаа. Уулзалтад ХСҮТөвийн Ерөнхий захирал Н.Эдэнэхүү, дэд захирал Ц.Уранчимэг, аяны багийн зохион байгуулагч С.Эрдэнэчимэг, Аймгийн орлогч дарга, аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Д. Батцэцэг нар оролцож, ХСҮТөвөөс “Дорноговь аймгийн хорт хавдрын өвчлөл, нас баралт, хавдрын тусламж үйлчилгээний өнөөгийн байдал” сэвдээр илтгэл танилцуулж анхаарах асуудлуудаар харилцан санал солилцлоо.
Дорноговь аймагт Хавдар судлалын үндэсний төв Ерөнхий мэс заслын тасгийн их эмч Ч.Бат-Оргилоор ахлуулсан нарийн мэргэжлийн эмч нарын баг 5 хоног ажиллалаа. Тус багт эмэгтэйчүүдийн мэс заслын их эмч Ц.Пүрэвдулам, дүрс оношлогооны эмч О.Даваадулам, элэг, цөс нойр булчирхайн мэс заслын их эмч Н.Лхам, дурангийн их эмч Б.Идэрцэцэг, хөхний эрт илрүүлгийн оношлогооны эмч Г.Жавхлан, ТХМЗ-ын их эмч М.Янжинлхам, эмгэг судлаач их эмч С.Наранзул, хавдрын хөнгөвчлөх эмчилгээний эмч Э.Золзаяа нар ажиллаж нийтдээ 1171 хүнд үзлэг, оношилгоо хийлээ.
Нийт үзлэгээс хортой хавдрын 11 шинэ тохиолдол буюу элэг хорт хавдар 3, умайн хүзүүний хорт хавдар 2, үтрээний хорт хавдар 1, бамбай булчирхайн хорт хавдар 1, улаан хоолойн хорт хавдар 1, уушгины хорт хавдар 1, хөхний хорт хавдар 1, анхдагч тодорхойгүй хорт хавдар 1 тус тус оношлон илрүүлжээ.
Мөн хортой хавдрын сэжигтэй тохиолдол 30, хоргүй хавдрын 371 тохиолдлыг илрүүллээ.
Аяны хугацаанд 124 эсийн шинжилгээ, 21 эдийн шинжилгээг аймагт нь хийж, хариуг цаг алдалгүй гаргалаа.
Дүрс оношилгооны эмч 28 хүнд КТГ-н шинжилгээ хийж, дүгнэлтийг нь гаргалаа.
Ходоодны хорт хавдар, умайн хавдар, зөөлөн эдийн болон гар сарвууны хавдар, ходоодны хоргүй хавдрыг авах дурангийн хагалгаа, толгой хүзүүний байрлалын хавдрын 5-н мэс засал, хөхний мэс ажилбар 7-г хийлээ.
Чадавхижуулах сургалтуудыг зохион байгууллаа. Үүнд:
Дуран оношилгооны болон КТГ-ийн чиглэлээр эмч мэргэжилтнүүдэд ажлын байрны дагалдан сургалт зохион байгуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.
Дурангийн хоргүй хавдрын хагалгаа, хөхний хавдрын сэжигтэй тохиолдлын биопси шинжилгээ авах арга техник, умайн хүзүүний эрт үеийн хорт хавдрын мэс засал эмчилгээний аргыг хагалгааны явцад ажлын байранд сургалтуудыг хийлээ.
“Зонхилон тохиолдох хорт хавдрын эрт илрүүлэлт, оношилгоо, эмчилгээ” сэдэвт 1кр багц цагийн сургалт зохион байгуулж нийт 50 эмч мэргэжилтнийг хамруулжээ.
Аймгийн ЭМГ-ын хүсэлтээр өвдөлт намдаах аргын талаарх сургалтыг зохион байгуулж 36 эмчийг хамрууллаа.
Нийгэм
ОХУ-ын алдарт уран нислэгийн үзүүлбэрийн “Стрижи” баг Монгол Улсад ирнэ

Монгол Улсад Нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ 2025 оны тавдугаар сарын 25-ны өдөр тохиох гэж байна.
Энэхүү түүхэн үйл явдлыг тохиолдуулан ОХУ-ын алдарт уран нислэгийн үзүүлбэрийн “Стрижи” баг МиГ-29 загварын сөнөөгч онгоцоор агаарт гайхамшигтай, давтагдашгүй үзүүлбэрээ толиулахаар боллоо.
“Стрижи” уран нислэг үзүүлбэрийг багийн оролцоо нь манай хоёр орны найрамдалт харилцаа, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг улам бэхжүүлж, залуу хойч үедээ эх оронч үзэл, нисэх хүчний сурталчлахад үнэтэй хувь нэмэр оруулах юм гэж Монгол Улсын Батлан хамгаалах яамнаас мэдээллээ.
-
Нийгэм18 цаг өмнө
Хардалтын улмаас хүний амь насыг хохироосон гэх хэргийг шүүхэд шилжүүллээ
-
Улс төр16 цаг өмнө
Худалдааны түр хэлэлцээрийн төслийг зөвшилцөх асуудлын хэлэлцүүлгийг хийлээ
-
Улс төр17 цаг өмнө
Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ
-
Нийгэм19 цаг өмнө
Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Долгион таалал төгсжээ
-
Нийгэм17 цаг өмнө
Улаанбурхан өвчний дэгдэлтийн хариу арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болголоо
-
Нийгэм19 цаг өмнө
Улаанбурхан өвчний 688 тохиолдол бүртгэгджээ
-
Нийгэм16 цаг өмнө
ОХУ-ын алдарт уран нислэгийн үзүүлбэрийн “Стрижи” баг Монгол Улсад ирнэ
-
Нийгэм19 цаг өмнө
Сэлгээнд тариалах тосны ургамлын үрийг биржээр дамжуулан арилжина