Нийгэм
Баян-Өлгийд тарваган тахлын сэжиг илэрч хөл хорио тогтоолоо
Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрчээ. Мөн зарим хэвлэлээр тарваган тахлын улмаас гэр бүлийн хоёр нас барлаа гэх мэдээлэл түгээд байгаа. Энэ талаар Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс тодруулахад “Ногооннуур суманд дөрөвдүгээр сарын 30-нд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн. Одоогоор лабораторийн шинжилгээ хийгээд байна. Шинжилгээний хариу өнөөдөр /2019.5.1/ 21.00 цагийн үед гарна. Тарваган тахлаар өвчилсөн байж болзошгүй иргэнийг тусгаарласан байгаа” гэлээ.
Харин Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газар “Одоогоор тарваган тахал өвчний сэжигээр өвчилсөн иргэн нас барсан талийгчаас авсан шинжилгээний хариу гараагүй байна. Тухайн иргэдийн амьдарч байсан гэр орон, эмчлүүлж байгаа аймгийн Нэгдсэн эмнэлэг, зорчиж явсан Цагааннуур-Улаанбайшинт чиглэлд тодорхойгүй хугацаагаар хорио цээрийн дэглэм тогтоож, олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах, архи согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхгүй байх шийдвэрийг гаргаад байна” гэлээ.
Шинжилгээний эцсийн хариу сэжигтэй тохиолдол илэрснээс хойш 72 цагийн дотор гарах бөгөөд ард иргэд сонор сэрэмжтэй байж, хорио цээрийн дэглэм тогтоосон чиглэлд зорчихгүй байхыг зөвлөж байна.
Хорио цээрийн дэглэм тогтоосонтой холбогдуулан мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэх ШУУРХАЙ ШТАБ байгуулан ажиллуулж байгаа бөгөөд 70427049, 98425101 дугаартай утсаар холбогдон мэдээлэл авах боломжтой аж.
Мөн тарваган тахлаас урьдчилан сэргийлэх дараах зөвлөгөөг өглөө.
-Хууль тогтоомжид зааснаар тарвага агнах, тарваганы гаралтай түүхий эдийг худалдаалах, худалдан авах, тээвэрлэхгүй байх;
– Тарваганы түүхий эд, махыг хэрэглэхгүй, гэртээ хадгалахгүй, хот, суурин газарт тээвэрлэж оруулахгүй байх;
– Тарвага болон мэрэгч амьтны бөөс, бүүрэгт хазуулахаас сэргийлэх;
– Тарваган тахлын дархлаажуулалтад жил бүр хамрагдах;
– Тарвагатай харьцсан, бөөс бүүрэгт хазуулсан, тарваганы арьс өвчсөн, мах эвдсэн болон идсэний дараа өндөр халуурах, толгой өвдөх, дотор эвгүйрхэх, нүүр нүд улайх, бүх бие, булчин өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл эрүүл мэндийн байгууллагад яаралтай дуудлага өгнө үү.
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.