Нийгэм
Цахилгаан автомашиныг үнэ төлбөргүй цэнэглэнэ
“Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв” ТӨҮГ нь байгаль орчинд ээлтэй сэргээгдэх эрчим хүчийг үйлдвэрлэж, төрийн өмчит анхны жишиг эко байгууллага болох зорилгоор байгууллагын дотоод хэрэгцээнд цахилгаан хөдөлгүүрт автомашин ашиглаж эхлээд байна. Цахилгаан автомашин ашиглаж эхэлснээс хойших хагас жилийн хугацаанд 600 орчим литр шатахуун буюу ойролцоогоор 1.2 сая төгрөгийн зардал хэмнэсэн байна.
Мөн Монгол Улсад хамгийн анхны Олон Улсын стандартад нийцсэн нарны зайн дээвэр бүхий цахилгаан автомашин цэнэглэх хоёр зогсоолыг ашиглалтад оруулаад байгаа аж. Уг зогсоолын ажиллах зарчмын хувьд нарны зайн дэлгэцээр цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, үйлдвэрлэсэн эрчим хүчээр цахилгаан автомашин цэнэглэх ба эрчим хүч дутсан үед төвийн эрчим хүчнээс авч ажиллах зориулалт бүхий 3-4 цагт цэнэглэж дүүргэх хүчин чадалтай хийгджээ.
Одоогийн байдлаар цахилгаан автомашин цэнэглэх зогсоолд өөрсдийн машиныг цэнэглэхээс гадна цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлэх, байгаль экологид ээлтэй технологийг олон нийтийн хүртээл болгох үүднээс цахилгаан автомашин эзэмшигчдэд машинаа туршлтын хугацаанд үнэ төлбөргүй цэнэглэх үйлчилгээ үзүүлэхээр болжээ. Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв нь өөрсдийн үйлдвэрлэсэн 55 ватт чадалтай нарны дэлгэцүүдээр 18.3кВт-ын нарны цахилгаан станц суурилуулж, байгууллагын цахилгаан эрчим хүчний дотоод хэрэгцээний 60 хүртэлх хувийг хангаж буй бөгөөд цаашид энэ ондоо 10-15кВт-р өргөтгөж, байгууллагын цахилгаан эрчим хүчний хэрэглээг 100 хувь хангахаар төлөвлөжээ. Өнөөдрийн байдлаар тус нарны цахилгаан станц нь сарын хугацаанд 2400кВтц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж байгууллагын дотоод хэрэгцээнд нийлүүлснээр ойролцоогоор 345.0 мянган төгрөгийн бодит хэмнэлт гаргасан байна.
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.