Нийгэм
Налайхын түр зам дагуу нэмэлт усалгааны машин гаргахаар болов
Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг шинэчлэн засах ажлыг хурдан шуурхай, чанартай хийж гүйцэтгэх үүргийг Хотын дарга өгчээ.
Тодруулбал, Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх авто замыг дөрөвдүгээр сарын 15-наас арваннэгдүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд түр хаан ажил гүйцэтгэж байгаа үндсэн болон туслан гүйцэтгэгч компаниудын удирдлагуудтай Хотын Захирагч уулзаж, ажил явуулахад тулгамдаж буй ямар асуудал байгааг тодруулж, яаралтай шийдэхийг холбогдох албаны хүмүүст, замын ажилд орон нутгийн иргэдээс авч ажиллуулахыг компанийн удирдлагуудад даалгалаа.
Мөн замын ажлын хүрээнд түр зам дагуу тоосжилт их байгаа тул зам усалгаа ойр ойрхон хийж байхыг сануулаад, Хот тохижилтын газраас нэмэлтээр усалгааны машин гаргуулахаар болов.
Түүнчлэн авто замын ажлыг чанартай, олон улсын стандартад нийцүүлэн төлөвлөсөн хугацааны дагуу гүйцэтгэх, бусад шалтгаанаар ажил цалгардах ёсгүй гэдгийг анхааруулаад, ажлын зохион байгуулалтаа сайжруулах, хуулсан асфальт хогоо гуу жалганд хаяж болохгүй гэдгийг ч мөн Хотын захирагч анхаарууллаа.
Хаягдал хогоор хөнгөн цагааны хайлш үйлдвэрлэдэг компани удахгүй нээлтээ хийнэ
Мөн энэ үеэр Налайхын Барилгын материалын үйлдвэр, технологийн паркийн үйл ажиллагаатай танилцаж, одоогийн нөхцөл байдал, хийж хэрэгжүүлсэн ажлууд болон цаашид зарим бүтээн байгуулалтад тусгамдаж буй асуудлуудын талаар Налайх дүүргийн болон паркийн удирдлагуудтай ярилцсан юм.
Түүнчлэн паркт үйл ажиллагаа явуулж байгаа, хаягдал хогоор хөнгөн цагааны хайлш үйлдвэрлэдэг компани болон удахгүй нээлтээ хийгээд бүрэн хүчин чадлаараа ажиллавал 5 сая хүн амтай хотыг барилгын хар цагаан замаск, будаг, бүх төрлийн эмульс гээд шаардлагатай зүйлсээр хангах боломжтой үйлдвэрийн нөхцөл байдалтай танилцав.
Үйлдвэрийн үйл ажиллагаа эхлэхэд ямар асуудал тусгамдаж байгааг үйлдвэрлэл эрхлэгчдээс асуухад паркт дэд бүтэц тэр дундаа эрчим хүчний асуудал тулгамдаад буйг Хотын захирагчид уламжилж байлаа. Тиймээс энэ асуудлуудыг цаг алдалгүй шуурхай шийдвэрлэж, үйлдвэрүүдийн үйл ажиллагааг гацаахгүй байх, Налайх дүүрэгт тулгамдаж буй томоохон асуудал болох ажилгүйдлийг бууруулах үүднээс үйлдвэрүүдэд дүүргийн ажилгүй иргэдийг ажиллуулахыг холбогдох хүмүүст мөн үүрэг болгов. Тус паркийн 4.67 км авто замын ажил ирэх наймдугаар сард дуусна гэдгийг Хотын захирагчид энэ үеэр мэдэгдлээ.
Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.