Нийгэм
Москвад Ж.Наранцацралт агсны хөшөөг босгожээ
ОХУ-ын техникийн ууган их сургуулиудын нэг Газар зохион байгуулалтын улсын их сургуулийн 240 жилийн ойн арга хэмжээ энэ өдрүүдэд Москва хотноо болж байна. Ойн арга хэмжээний хүрээнд Газар зохион байгуулалтын улсын их сургуулын “Алдрын төгөл”-ийн нээлтийн ёслолын ажиллагаа болжээ. Энэхүү төгөлд тус сургуулийг төгссөн болон ажиллаж байсан 12 алдартан, тухайлбал Монгол Улсын 20 дахь Ерөнхий сайд Жанлавын Наранцацралт, ОХУ-ын Засгийн газрын даргын орлогч, ОХУ-ын Хөдөө аж ахуйн сайд асан В.Н.Хлыстун, нэрт эрдэмтэн, профессор И.Е.Герман, И.А.Иверонов нарын цээж хүрэл баримлыг байршуулжээ.
Алдрын төгөл, суут төгсөгчдийн цээж баримлын нээлтийн ёслолын ажиллагаанд Газар зохион байгуулалтын улсын их сургуулийн ректор, ОХУ-ын Шинжлэх ухааны академийн академич С.Н.Волков, Москвагийн Геодези, зураг зүйн их сургуулийн ерөнхийлөгч, БНМАУ-ын баатар, ЗХУ-ын хошой баатар сансрын нисэгч, профессор В.П.Савиных, Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны Хэргийг түр хамаарагч О.Очирмаа, Нэгдүгээр нарийн бичгийн дарга Ж.Баярхүү, Ерөнхий сайд Ж.Наранцацралт агсны гэргий М.Алтанцэцэг, хүү Н.Соёмбо, Н.Тулга, ач хүү С.Монгол-Эрдэнэ, Монголын газар зохион байгуулагчдын холбооны ерөнхийлөгч Д.Мөнхбаатар тэргүүтэй тус сургуулийн төгсөгчдийн төлөөлөл болон Газар зохион байгуулалтын их сургуулийн багш, профессорууд, оюутнууд, үе үеийн төгсөгчдийн төлөөлөл оролцсон байна.
240 жилийн хөгжлийн түүхтэй, газар зохион байгуулалтын чиглэлээр дагнан төрөлжиж эрдэм шинжилгээ, сургалтын үйл ажиллагаа явуулдаг дэлхийн цорын ганц энэхүү сургууль Монголын газар зохион байгуулалтын мэргэжилтнүүдийг бэлдэхэд үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамны Хэргийг түр хамаарагч О.Очирмаа нээлтийн арга хэмжээнд хэлсэн үгэндээ онцолжээ. Тэрээр “Газар зохион байгуулалтын их сургуулийг Монгол Улсын орчин үеийн газрын албаны онол, зохион байгуулалтын голлох хөдөлгөгч хүч, уураг тархи, хөгжлийн зүтгүүрийг үүргийг олон жилийн туршид нэр төртэй гүйцэтгэж ирсэн мэргэшсэн мэргэжилтнүүд, төр, нийгмийн зүтгэлтнүүд, тухайлбал Монгол Улсын 20 дахь Ерөнхий сайд Жанлавын Наранцацралт, Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга асан Самдангийн Банзрагч нарын олон алдартнууд төгссөн болохыг энэ индрээс дурдахад таатай байна” хэмээн тэмдэглэн хэлжээ.
“Миний аав 1981 онд тус сургуулийг төгсч, төрсөн нутагтаа өөрийн эзэмшсэн мэргэжлээр ажиллаж, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын Газрын албыг үүсгэн байгуулж” байсан хэмээн Монгол Улсын 20 дахь Ерөнхий сайд Ж.Наранцацралтын хүү Н.Соёмбо нээлтийн ажиллагаанд хэлсэн үгэндээ дурдаад “Тэрээр эгзэгтэй үед Монгол Улсын Ерөнхий сайдын албыг хашиж Газрын тухай хуулийг батлалцаж, иргэнд газар өмчлүүлэх үйл ажиллагааг шинжлэх ухааны үндэстэй зохицуулах, зохион байгуулах, хэрэгжүүлэхэд бүхий л хүч чадлаа дайчлан ажиллаж байсныг Монголын ард түмэн мэднэ. 240 жилийн түүхтэй Газар зохион байгуулалтын улсын их сургууль аавын минь дурсгалыг хүндэтгэн мөнхжүүлж хөшөө босгосонд гэр бүл, аавынхаа анд нөхдийн өмнөөс гүн талархал илэрхийлье” хэмээн хэлжээ.
Нийгэм
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас “Хөдөлмөрийн тухай хууль” /Шинэчилсэн найруулга/-ийг сурталчлан таниулах арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг боловч хуулийг буруу хэрэглэх, өөрөөр ойлгох, тайлбарлах зэрэг асуудал цөөнгүй байсаар байна.
Иймд Хөдөлмөрийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, жижиг, дунд аж ахуйн нэгж, байгууллагад хөдөлмөрийн харилцааны соёлыг төлөвшүүлэх, ажилтны хөдөлмөрлөх эрхийг хангахад чиглэсэн “Хөдөлмөрийн харилцааны хөтөлбөр”-ийг Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2024 оны 03 дугаар тогтоолоор баталсан.
Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх “Мэргэшсэн зөвлөх”-үүдийг бэлтгэх эхний сургалтыг 2024 оны 05 дугаар сард зохион байгуулж, 27 мэргэшсэн зөвлөх бэлтгэсэн бол хоёр дахь удаагийн сургалтыг 2024 оны 11 дүгээр сарын 27-29-ний өдрүүдэд зохион байгуулж, 16 аймаг, Улаанбаатар хотоос хуульч, эрх зүйч, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй болон бусад чиглэлээр мэргэшсэн 35 хүн хамрагдаж байна.
Энэхүү хөтөлбөр нь хөдөлмөрийн болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, нийгмийн даатгалын хууль тогтоомжийн талаар зөвлөх үйлчилгээ үзүүлэх, зөвлөгөө мэдээлэл өгөх, сургалт зохион байгуулах, хөдөлмөрийн харилцааны мэдээллийн цахим үйлчилгээ үзүүлж, ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх, хөдөлмөрийн харилцааны хууль тогтоомжийн хэрэгжилтийг дэмжих зорилготой юм гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.
Нийгэм
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ
Иргэдийн эрүүл мэнд, биеийн тамирын үйл ажиллагааг идэвхжүүлэх, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах зорилгоор нийслэлийн Биеийн тамир, спортын газраас нийслэлийн иргэдийн спортын XII наадмыг өнгөрсөн долоодугаар сарын 1-ний өдрөөс арваннэгдүгээр сарын 27–ны хооронд зохион байгуулж байна.
Спорт явган аялал, ширээний шагайн наадгай, аэробик, хийн дасгал, олс таталт, сагсан бөмбөг, дартс, софт волейбол болон волейбол гэсэн есөн төрөлтэй зохион байгуулсан уг наадамд есөн дүүргийн 204 хорооны 90 мянга гаруй иргэн оролцсон. Ийнхүү хэсэг, хороо, бүс, дүүрэг, нийслэл гэсэн таван үе шатнаас шалгарсан шилдэг 71 хорооны 124 багийн 1044 иргэн шигшээ тэмцээнд оролцож байгаа аж.
Багануур дүүргийн 1 дүгээр хорооны иргэн Т.Эрдэнэбулган “Миний хувьд иргэдийн спортын их наадамд долоо дахь жилдээ оролцож байна. Өнгөрсөн жил эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн төрөлд аварга болсон. Энэхүү амжилтад долоон жил хөдөлмөрлөн, багаараа суралцаж, ойлголцон их замыг туулж хүрсэн. Чадахгүй хүн ч суралцаж эгч дүүс, хамт олонтой болдог энэ наадам хүн бүхэнд нээлттэй байдаг” xэмээн уриаллаа.
Мөн энэ жилийн хувьд “Эрүүл Монгол хүн” хөтөлбөр, “Соёлын бүтээлч аян”-ы хүрээнд зохион байгуулж буй тус наадам нь бие бялдрыг чийрэгжүүлэх, хөдөлгөөний хомсдолоос сэргийлэх, хүн амыг биеийн тамир, спортын уралдаан тэмцээнд өргөнөөр хамруулах, иргэдийн идэвх санаачилгыг өрнүүлэх, хөршийн холбоог сайжруулах зэрэг ач холбогдолтой. Түүнчлэн тус наадамд 31-ээс дээш насны энгийн иргэд болон 45-аас дээш насны спортын дэд мастераас дээш цолтой иргэд оролцох боломжтой бөгөөд шалгарсан баг тамирчид үндсэн бүрэлдэхүүнээрээ шат шатны тэмцээнд оролцох юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
-
Нийгэм15 цаг өмнө
Ажил олгогч, ажилтны хоорондын хөдөлмөр эрхлэлтийн харилцааны зөв соёлыг төлөвшүүлэх 35 мэргэшсэн зөвлөх бэлтгэж байна
-
Улс төр16 цаг өмнө
ЗГ: Дөрвөн улирлын турш жуулчин хүлээн авах боломжийг бүрдүүлнэ
-
Улс төр16 цаг өмнө
Болзошгүй хүндрэлийг тооцоолон өвөлжилтийн бэлтгэлийг тасралтгүй хангах шаардлагатайг анхаарууллаа