Нийгэм
А.Гантуяа: Захаас гутал авч чадахгүй уйлаад буцдаг хүүхдүүдийг хараад сэтгэл минь эмтэрдэг

“Нарантуул” олон улсын худалдааны төвд Хүүхдийн гутлын бизнес эрхэлдэг А.Гантуяатай ярилцлаа. Тэрбээр өнөө жилийн Хүүхдийн баяраар хүүхдүүдэд гутал бэлэглэж сайн үйлс эхлүүлсэн юм.
*“Нарантуул”-ын наймаачид зургаадугаар сарын 1-нд хүүхдүүдэд гутал бэлэглэжээ гэх мэдээ цахим ертөнцөөр түгж, олон хүний анхаарлыг татсан. Та бүхний хийсэн хандивын ажил хүмүүст таалагдаж сайн үйлс хийх, хандив өргөх сэдэл санааг бусдад төрүүлж чадлаа?
-Энэ өдрийн мэндийг та бүхэндээ хүргэе. Би эгч, дүу нартайгаа зах дээр наймаа хийдэг. Тэдэнтэйгээ ярилцаад зургаадугаар сарын 1-нийг тохиолдуулаад Монголынхоо сайхан хүүхдүүд, үрсдээ зориулж хийж байгаа бизнесээсээ жаахныг ч болтугай илүүчлээд айлын хүүхдүүдийг баярлуулъя гэж бодсон.
Тэгээд энэ хандивын ажлаа эхлүүлсэн. Өнгөрсөн сарын 26-31-ний хооронд тав, зургаан өдөр аян маань зохиогдсон. Хандивын аяндаа нийгэмд болохгүй байгаа, хэцүү амьдралтай айлуудын хүүхдүүдийг аль болох хамруулахыг хүссэн. Хороо, тухайн хэсгийн захиргаагаар нь явж судалгаа хийсний үр дүнд айлуудаа сонгож хүүхдүүдэд гутал өгөхийг хүсэж байсан.
Бид тэр үед өөрсдөө энд, зах дээрээ наймаа эрхэлж, бизнесээ хийж байсан учраас хяналт тавьж чадаагүй. Зорьж, өгөхийг хүсч байсан хүүхдүүддээ өгч чадаагүй гэсэн үг. Гэхдээ яах вэ, бид асрамжийн газрын хүүхдүүдэд 50 гутал хандивласан. Мөн зах дээр бизнес эрхэлж байгаа хүмүүс маань нийтдээ 120 хос гутал хүүхдүүдэд бэлэг болгон тараасан.
Харин манай гэр бүлийнхний зүгээс 300 хүүхдэд гарын бэлэг өгсөн.
-Гарын бэлэг ээ?
-Тийм ээ. Амттан ерөөсөө бэлэглээгүй. Гутал бэлэглэсэн. Амьдралын боломжгүй айлуудын хүүхдүүдэд гутал өгөхийг зорьсон юм.
-Зах дээр гутлын бизнес эрхэлдэгхүмүүс маань сайн үйлсийн аянд идэвхтэй оролцжээ. Гуталтай болсон хүүхдүүд тоймгүй баярласан нь мэдээжийн хэрэг?
-Хүмүүс үнэгүй юм өгөхөөр их гайхдаг юм билээ. Одоо үнэгүй юм гэж ганц ч байхгүй болчихож. Дээр үед, бидний аав, ээжийн үед нэг нэгэндээ үнэгүй юм их өгч, бэлэглэдэг байжээ. Гэтэл сүүлийн үед хүмүүс бие биедээ бэлэг өгөхөө больчихсон юм уу, хаашаа юм.
Дөнгөж ухаан орсон хүүхэд ч юуг ч мөнгөөр худалдаж авах ёстой гэдэг ойлголттой болжээ. Тийм болохоор үнэгүй гутал егөхөөр гайхаж, тэр байтугай “Нарантуул” дээр юм зардаг хүмүүс ингэж үнэгүй юм өгдөг гэж үү гэж асууж байсан. Бэлэг өгөхөөр их л гайхдаг юм билээ.
-Та болон “Нарантуул” дээр бизнес эрхлэгчид дахин ийм хандивлая ажил зохиох уу?
-Би энд тэнд их олон газарт бизнес хийж үзсэн. Хамгийн сүүлд “Нарантуул” зах дээр ирж гутлын бизнес хийе гэж сонгосон. Амьдрал ахуйгаа болгох, авч явах боломжийг энэ зах маань бидэнд олгож байна. Манай гэр бүлийнхний хувьд зах дээр хэд хэдэн лангуутай. Хэдий бидний амьдрал болж байгаа ч яагаад нэг удаа болов хүүхдэд өгч болохгүй гэж. Хүнээс авч болж байгаа юм чинь нэг удаа ч гэсэн өгч болно шүү дээ. Хүүхдүүдийг ганц удаа баярлууллаа гээд би хоосорчихгүй. Хоосорсонгүй. Хувиараа бизнес хийгээд явж байсан, өнөөдөр тэр л хэвээрээ явж байна. Хүнд сэтгэл, сайхан гэж байх ёстой гэж бодоод энэ бүгдийг ах, дүү нартайгаа нийлж ярьж байгаад энэ хандивын сайхан ажлыг зохион байгуулсан юм. Цаашдаа бид уламжлал болгож хүүхдүүдэд гутал бэлэглэх төлөвлөгөөтэй байгаа.
-Баян болж байгаад хүнд тусална гэж ярьдаг хүмүүс бий л дээ. Гэхдээ өөрийнхөөсөө илүүчлээд бусдад гар сунгана гэдэг өнөөгийн нийгэмд үгүйлэгдэж буй хүний гээгдсэн сайхан чанар шүү?
-Тийм ээ. Өгье гэвэл өөдсөн сэтгэлээсээ хэн ч өгнө. Өнөөдөр 600 мянган төгрөгийн цалинтай хүн өөрөө л егье гээд 200 мянган төгрөгөө нийгмийн хэцүү хэсэгт амьдарч байгаа хүнд өгчихөд тэр хүн хэзээ ч хоосрохгүй. Тэр сарынхаа л цалингаас илүүчилсэн болохоор тухайн үедээ л жаахан тарчигдах байх.
Дараа сард нь тэр чинь нөхөгдөөд л явчихдаг байхгүй юу. Тэгэхээр хүнд өгье гэсэн сэтгэл байвал бүх зүйл болдог гэж боддог. Дүү нартаа ч би тэгж хэлж захидаг юм. Би сайн үйлс хийе гэвэл заавал компани байгуулж, компанийн захирал байх албагүй.
Өнөөдөр хэдий бид энд зогсож наймаа хийж байгаа ч бидэндээ л бизнес шүү дээ. Өчүүхэн ч болтугай сайн үйлс хийж байгаа минь нийгэмд очихдоо сайн сайхныг уриална. Хүүхдийн гутал зарахад хэцүү зүйл их бий.
-Юу хэцүү гэж?
-Нэг л бэрхшээлтэй юм харагдаад байдаг юм. Боломжийн амьдралтай хүмүүст 20-30 мянган төгрөгийн гутал хямд юм шиг санагддаг бол заримд нь маш үнэтэй тусдаг. Гэтэл энэ гоё, сайхан гутлуудаа эгнүүлээд өрөөд тавьчихсан байхад аав, ээждээ хөтлүүлээд ирсэн хүүхдүүд худалдаж авч чадахгүй уйлаад буцдаг. Тэгэхэд миний сэтгэл эмтэрдэг байхгүй юу (Хоолой нь зангирав.сурв).
Хүүхдүүд гуталгүй буцаж байхад яагаад би нэг удаа сайхан сэтгэл гаргаад гуталнуудаасаа өгч болохгүй гэж. Би энэ талаар хоёр, гурван жилийн өмнөөс бодож, төлөвлөж байгаад энэ хандивын ажлыг зохицуулсан. Миний хувьд Баянзүрх дүүргийн IV хороонд оршин суудаг. Дараагийн ээлжид дүүргийнхээ нийгмийн ажилтантай ярилцаад яг гутал очих ёстой, гутал шаардлагатай байгаа хүүхдүүдэд хандиваа хүргэхээр одооноос бодоод төлөвлөчихөөд байна.
Гарын бэлэгний тоогоо ч жил бүр нэмэгдүүлээд ирэх жил 400 болгох бодолтой байгаа. Фэйсбүүкээр бидний саяны л сайн үйлс нийтэд хүрсэн болохоос биш бид түүнээс өмнө өвлийн хүйтэнд, арваннэгдүгээр сард эмзэг бүлгийн хүүхдүүдэд өвлийн гутал тоймгүй л бэлэглэж байлаа. Ганцхан удаа өгсөн юм биш, өмнө нь өгсөөр л ирсэн.
-Монголчууд “Мандах төрийн малгай, түших төрийн гутал” гэж бэлгэдэхээс гадна дээшээ харсан сав гэж бэлгэшээх нь бий. Тэгэхээр хүнд гутал бэлэглэнэ гэдэг том буян юм байна шүү?
-Улс замаараа сайхан байх хэрэгтэй, айл дэвсгэрээрээ сайхан байх ёстой гэдэг шиг дээгүүрээ юу ч өмссөн бай гоё гутал өмсчихсөн байхад тэр хүн гоё харагддаг. Тийм учраас гутал гоё байх ёстой. Дээгүүрээ юу ч өмссөн болно.
Гутал л чухал Гутал чийг татахгүй материалтай байх ёстой. Бид урд зүгээс гутал авчрахдаа аль болох тэр талыг нь харж авахыг хичээдэг. Яаж үйлдвэрлэгддэгийг нь бид мэдэхгүй ч аль болох хүнд хүрэх гутал борлуулахыг хичээж явдаг.
-Хүүхдүүд шинэ гуталтай болоод юу гэж хэлж байв?
-Маш их гайхдаг юм билээ. Зарим нь баярлаад шинэ гутлаа өмсөөд гүйж харайж байхад аав, ээжүүд нь огшдог юм билээ. Миний өгсөн гутлууд 25 мянган төгрөгийн үнэтэй. Тэрнээс доош үнэтэй гутал бэлэглээгүй.
Хүн егье гэвэл еөдсөн сэтгэлээсээ юу ч хийж болно. Заавал баяжиж, том бизнес эрхэлдэгбайх биш. Юунаасаа ч гэсэн егье гэсэн сэтгэл л байвал хаанаасаа ч гэсэн тэрийг зохицуулаад өгдег юм байна гэдгийг би ойлгосон.
-“Нарантуул” зах дээр худалдаа эрхэлдэг иргэдийг жилийн дөрвөн улирлын турш гадаа зогсч, ямархуу байдалтай ажилладгийг мэднэ. Гэтэл том худалдааны төвүүдэд тохилог суудаг худалдаачид бий. Та бүхэн тэднээс урьтаж ийм хандивын ажил өрнүүлж байгаа нь нөгөо талаар та нарыг бодит амьдралтай илүү ойр байна гэж харж болохоор юм?
-“Нарантуул” захад маань 21 аймаг, 300 гаруй сумаас хүмүүс ирж худалдан авалт хийдэг. Бараа бөөнддөг. Энд мэдээж саад бэрхшээлтэй зүйл их бий. Цастай, бороотой өдрүүд гээд тоочвол бэрхшээл их. Гэвч бид тэр бүхнийг хэзээ ч бэрхшээл гэж бодохгүй амьдралынхаа төлөө, сайн сайхны төлөө зүтгэж явна даа.
-Танайх хэдэн хүүхэдтэй вэ?
-Нэг хүүхэдтэй.

Нийгэм
Сэлэнгэ аймгийн Сант суманд цэргийн анги байгуулна

Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт Сэлэнгэ аймгийн Сант суманд ажиллалаа.
Энэ үеэр Сант сумын төв хэсэгт 1980 онд баригдаж, 2015 оноос хойш ашиглагдахаа больсон Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургуулийн хуучин барилгын одоогийн нөхцөл байдалтай танилцлаа.
Сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд огт ашиглагдаагүй, орхигдсон дээрх сургуулийн барилгыг сэргээн засварлан барилгын цэргийн анги, ахлагчийн сургууль байгуулахаар шийдвэрлэлээ.
Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, хөдөө орон нутагт ажлын байр бий болгох, орон нутгийн давуу тал, онцлогт түшиглэн газар тариалан эрхлэх боломжид дэмжлэг үзүүлэхэд Зэвсэгт хүчин хүч нэмж, орон нутгийн иргэдтэй хамтран ажиллахаар боллоо гэж Монгол Улсын Батлан хамгаалах яамнаас мэдээллээ.
Нийгэм
Сэлэнгэ аймгийн Ерөө сум дахь түймрийн голомтод салхитай байна

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Сэлэнгэ аймагт гарсан ойн түймрийн голомтод унтраах ажиллагааг удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллаж байна. Сэлэнгэ аймгийн Ерөө сум Буурагчин 2 дугаар баг “Хан-Хэнтий” тусгай хамгаалалт бүхий нутаг дэвсгэр “Майн-Зоо” гэдэг газар 2025.04.29-ны өдрийн 10:40 цагт ойн түймэр гарч, түймрийг унтраахаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа Э.Энхбаяраар ахлуулсан Онцгой байдлын байгууллагын нийт алба хаагчид, мэргэжлийн анги, нутгийн иргэд ажиллаж байна.
Нэмэлтээр нийслэлийн Онцгой байдлын газраас дэд хурандаа Э.Буянтогтохоор ахлуулсан алба хаагчдыг 2025.05.01-ны өдрийн хоёр нисдэг тэргээр түймрийн голомтод хүргэж, унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.
Түймэрт урьдчилсан байдлаар 1897 га талбай өртсөн.
Сэлэнгэ аймгийн Ерөө сум дахь түймрийн голомтод салхитай байгаа тухай мэдээлэл ирүүллээ.
Нийгэм
Монгол мэргэжилтнүүд Бутан Улсад гутлын сургалт зохион байгуулав

Бутан Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчукийн урилгаар Монгол Улсын “Хос Аз” ХХК-ийн мэргэжилтнүүд тус улсад үндэсний гутал урлах сургалт зохион байгуулжээ.
“Хос Аз” ХХК-ийн бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн захирал З.Ананд, загвар зохион бүтээгч Б.Ахмарал, технологич инженер Б.Бэхбат нар тус улсын үндэсний уламжлалт гутал болох “цоглам” гутлын загвар, технологийг сайжруулан боловсруулжээ. Улмаар Бутан Улсын залуучуудад “цоглам” гутал урлах тусгай сургалтыг нийслэл Тимпү хотод 2025 оны дөрөвдүгээр сарын 14-28-ны өдрүүдэд зохион байгуулсан байна.
Сургалтаар гутлын технологи заахаас гадна, загварын шийдэл, машин тоног төхөөрөмжүүд дээр ажиллах зарчим, гутал үйлдвэрлэлийн дамжлага дарааллыг эзэмшүүлэн, орчин үеийн хэрэглээнд нийцүүлэх боломжуудыг танилцуулжээ. Монгол мэргэжилтнүүд Бутан Улсын залуучуудад гутлын сургалт явуулж, мэргэжлийн гэрчилгээ олгосны зэрэгцээ цаашид олон чиглэлээр хамтран ажиллах талаар харилцан тохиролцсон байна.
Сургалтыг зохион байгуулагчдын зүгээс энэхүү арга хэмжээ нь зөвхөн мэдлэг, туршлага хуваалцахаар зогсохгүй хоёр орны соёлын гүүр болж, үндэсний өвийг хадгалах, түгээн дэлгэрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буйг онцолсон байна.
-
Нийгэм7 цаг өмнө
Хөх болон уушгиний хорт хавдартай өвчтөнүүдэд өндөр үр дүнтэй Швейцар эмийг тавдугаар сард нэвтрүүлнэ
-
Нийгэм7 цаг өмнө
“Баруун сэлбэ” үйлчилгээний төвийн 1222 ам метр талбайг нийслэлийн өмчид буцаан авлаа
-
Нийгэм7 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 1035 болжээ
-
Нийгэм6 цаг өмнө
Монгол мэргэжилтнүүд Бутан Улсад гутлын сургалт зохион байгуулав
-
Нийгэм3 цаг өмнө
Сэлэнгэ аймгийн Ерөө сум дахь түймрийн голомтод салхитай байна
-
Нийгэм7 цаг өмнө
Баянгол дүүрэг Хавдрын төвтэй боллоо
-
Нийгэм2 цаг өмнө
Сэлэнгэ аймгийн Сант суманд цэргийн анги байгуулна
-
Нийгэм6 цаг өмнө
Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд гарсан ой, хээрийн гал түймрийг цурамд орууллаа