Улс төр
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүн нарын тав дахь удаагийн дээд хэмжээний уулзалтад оролцож, үг хэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүн нарын
Анхдугаар уулзалт 2014 оны 9-р сарын 11-ний өдөр Тажикистаны Душанбе хотноо ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын зөвлөлийн 14 дүгээр хуралдааны үеэр,
Хоёрдугаар уулзалт 2015 оны 7-р сарын 9-ний өдөр ОХУ-ын Уфа хотноо,
Гуравдугаар уулзалт 2016 оны 6-р сарын 23-ны өдөр Узбекистаны Ташкент хотноо,
Дөрөвдүгээр уулзалт 2018 оны 6 дугаар сарын 9-ний өдөр БНХАУ-ын Чиндао хотноо тус тус болж байсан бол
Тавдугаар уулзалт өнөөдөр буюу 2019 оны 6-р сарын 14-ний өдөр боллоо.
Энэ удаагийн дээд хэмжээний уулзалтыг Монгол Улс даргалж байгаагийн хувьд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарыг угтан, гурван улсын хоорондын хоёр талын хамтын ажиллагаа өндөр түвшинд, тогтвортой хөгжиж буй нь гурван талын хамтын ажиллагааг хөгжүүлэх таатай боломжийг бүрдүүлж буйг онцлон тэмдэглэв.
Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүн нарын тав дахь удаагийн дээд хэмжээний уулзалтыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:
ОХУ, БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл юм. ОХУ, БНХАУ-тай хөгжүүлж буй хамтын ажиллагаа стратегийн түншлэлийн түвшинд, нийгмийн харилцааны бүхий л салбарт эрчимтэй өргөжин хөгжиж буйд миний бие сэтгэл хангалуун байдаг.
Монгол, Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд миний бие өнгөрсөн 4 дүгээр сард БНХАУ-д төрийн айлчлал амжилттай хийж, Бээжин хотноо болсон “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний уулзалтад оролцлоо. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины Монгол Улсад хийх айлчлалын бэлтгэл ажил эхэлсэн бөгөөд айлчлал амжилттай болж, Халхын голын ялалтын түүхт 80 жилийн ойг хамтран тэмдэглэх ажиллагаа ёслол төгөлдөр болно гэдэгт миний бие итгэл төгс байна.
Манай улсын мөнхийн хөршүүд болох ОХУ, БНХАУ хоорондын хамтын ажиллагаа мөн идэвхтэй хөгжиж буйд монголчууд бид баяртай байдаг. БНХАУ-ын дарга Ши Жиньпиний саяхан ОХУ-д хийсэн төрийн айлчлал амжилттай болсонд баяр хүргэе.
Гурван улсын хоорондын хоёр талын хамтын ажиллагаа ийнхүү өндөр түвшинд, тогтвортой хөгжиж буй нь гурван талын хамтын ажиллагааг хөгжүүлэх таатай боломжийг бүрдүүлж буй билээ.
Талуудын хамтын хүч чармайлтын дүнд сүүлийн жилүүдэд гурван талын хамтын ажиллагааны механизм бүрдэж, эрх зүйн үндэс бэхжиж, хамтын ажиллагааны салбар өргөжиж, зарим салбарт тодорхой ахиц гарч байна. Дамжин өнгөрөх тээврийн тухайд онцгой ахиц гарч, Хятадаас Орос болон Европын чиглэлд Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрсөн чингэлгийн галт тэрэгний тоо 2016 оноос 2018 оны хооронд 500% гаруй хувиар нэмэгдсэн нь гурван талын зохицуулалтыг сайжруулснаас гарах хамтын ажиллагааны үр өгөөжийн тодорхой жишээ юм.
Гэхдээ гурван талын хамтын ажиллагааны ахиц, өрнөл бидний хүссэн хэмжээнд хүрэхгүй байна гэдэгтэй та бүхэн санал нийлэх болов уу. Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр байгуулснаас хойшхи 3 жилийн хугацаанд ард иргэдийн ахуй амьдрал, гурван улсын эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулахуйц тодорхой төсөл хэрэгжиж эхлээгүй байгаа нь үнэхээр чамлалттай юм. Гурван талын аль аль нь хүлээн зөвшөөрөхүйц техник, эдийн засгийн үндэслэлийн судалгаа нь бэлэн болсон төсөл ч байхгүй байна.
Тиймээс энэ удаагийн уулзалтаас гурван талын хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд чиглэсэн тодорхой хариуцах эзэн, биелэлтийн хугацаатай чиглэлийг гурван улсын холбогдох байгууллагуудад өгөх шаардлагатай байна. Тухайлбал, “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн хүрээнд нэн тэргүүнд хэрэгжүүлэхээр тохиролцсон төслүүдийн хэрэгжилтийг хэрхэн түргэтгэх талаар Та бүхэнтэй бүтээлч санал солилцох хүсэлтэй байна.
Мөн гурван талын хооронд олон жил яригдаж ирсэн байгалийн хий дамжуулах хоолой барих төслийн техник эдийн засгийн үндэслэлийг судлах Хамтарсан ажлын хэсэг байгуулж ажиллан, тодорхой санал, дүгнэлт гаргуулах чиглэл өгөх саналтай байна.
Зүүн хойд Азийн нэгдсэн эрчим хүчний сүлжээний олон талт байгууллага байгуулах саналыг манай тал дэвшүүлж байна” гэлээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар хэлсэн үгэндээ эрчим хүчний салбарт хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлсэн юм. Мөн Ерөнхийлөгч В.В.Путин Улаанбаатар төмөр замыг шинэчилж, дамжин өнгөрөх тээврийн хүчин чадлыг нэмэгдүүлэх сонирхолтой байгаа гэдгээ хэлсэн юм. БНХАУ-ын хувьд ч гэсэн гурван улсын эдийн засгийн коридорыг хөгжүүлэх нь чухал гэдгийг БНХАУ-ын дарга Ши Жиньпин хэлж, төмбр замын шинэчлэл нь тэргүүлэх чиглэлийн төсөл хэмээв.
Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарыг үг хэлсний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол, Орос, Хятадын гурван талын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал бодлоо хуваалцсанд талархал илэрхийлж, уулзалтыг ажил хэрэгч, бүтээлч боллоо хэмээн дүгнэв.
Эх сурвалж: Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба

Улс төр
Монгол дархан, урлаачдын чуулганыг дөрвөн жил тутам зохион байгуулна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Монгол дархны уламжлал, шинэчлэл” сэдэвт анхдугаар чуулган Төрийн ордонд эхэллээ.
Чуулганаар “Соёлын бүтээлч үйлдвэрлэл ба монгол уран дархны урлаг”, “Монгол уран дархны соёлын үнэ цэнэ, ач холбогдол”, “Монгол уран дархчуудын өмнө тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам”, “Монгол дархны тогтвортой хөгжил ба эрх зүйн асуудал”, “Монгол уран дархан ба санхүүгийн зах зээл”, “Монгол уран дархны түүхий эдийн хангамжийн зохицуулалт” сэдвийг хэлэлцэх юм.
Чуулганыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нээж үг хэллээ. Тэр бээр, уран дархан, өв соёлыг түгээн дэлгэрүүлэгчдийн үйл хэрэг бол манай улсын хөгжил дэвшил, тусгаар тогтнолын амин чухал дархлаа, өв соёлын үнэт зүйл болж ирснийг тэмдэглэв.
Цаашид монгол дархан, урлаачдын бүтээлийг түүх, угсаатны зүй, соёл, иргэншилтэй уялдуулан судалж, олон мянган жилийн дахин давтагдашгүй өнгө төрхийг нь сурталчлан таниулж, үр хойчдоо өвлүүлэн үлдээх ёстой гэж үздэгээ илэрхийллээ.
Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ:
“Эрхэм хүндэт уран дархчууд аа,
Монгол өв соёлыг түгээн дэлгэрүүлэгчид ээ,
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Монгол дархны уламжлал, шинэчлэл” Үндэсний анхдугаар чуулганд хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт Та бүхэнд энэ сайхан өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.
Та бид өнөөдөр өвөг дээдсээс уламжлагдан ирсэн монгол өв соёл, монгол дархны урлагийн хөгжил дэвшил, салбарын өмнө тулгамдсан асуудлуудын талаар хэлэлцэн ярилцаж, цаашдын бодлого, зорилтоо тодорхойлохоор Төрийн ордондоо хуран цуглаад байна.
Аливаа улсын төрт ёсны түүхэн уламжлал, ард түмний ахуй амьдрал, өв соёл, хөгжил дэвшлийн замнал уран дархны урлагтай салшгүй холбоотой байдаг.
Монгол айл гэрийн тулганаас эхлээд аргамаг хурдан хүлгийн эмээл, хазаар, өндөр төрийн тамга хүртэл бүгд уран дархан, урлаачдын ур ухаанаар бүтээгдэж, мянга мянган жил уламжлагдан ирсэн түүхтэй билээ.
Ийнхүү монгол дархан, урлаачдын оюун ухаан, торгон мэдрэмж, гарын ур шингэсэн бүтээл бүхэн Монголын ард түмний туулж өнгөрүүлсэн түүхэн үйл явдлыг тодотгон харуулах эх сурвалж, бусдаас ялгарах үнэт зүйл болдог.
Тиймээс хүндэт уран дархан, өв соёлыг түгээн дэлгэрүүлэгч Та бүхний үйл хэрэг бол манай улсын хөгжил дэвшил, тусгаар тогтнолын амин чухал дархлаа, өв соёлын үнэт зүйл болж ирснийг тэмдэглэн хэлэхэд таатай байна.
Манай ард түмэн “Дархан хүн бурхан ухаантай” хэмээн хэлдэг билээ.
Өөрөөр хэлбэл, манай дархчууд, үндэсний урлаачид Та бүхэн монгол дархны ур ухаан, торгон мэдрэмж шаардсан гайхамшигт бүтээл бүтээхийн зэрэгцээ аливаа юмны учир зүй, эе эв, арга билгийг уялдуулж чаддаг хосгүй авьяастан, бурхнаас заяагдсан билиг ухаантан билээ.
Монгол дархан, урлаачдын дахин давтагдашгүй, хосгүй гайхамшигт бүтээлүүд нь он цагийн туршид төгөлдөршин хөгжиж, төрт ёсны сүр хүч, түүх, соёлын өв уламжлалаар улам баяжин өргөжиж ирснийг археологийн олдвор, түүхийн эх сурвалжууд тод харуулдаг юм.
Манай эртний бүтээлүүдийн ур хийц, агуулга, зохиомж, шийдэл нь өнөө цагт ч гэсэн хүн төрөлхтний өв соёлын гайхамшигт бүтээл болон үнэлэгдэж байна.
Эрт дээр үеэс монгол төр хүчирхэгжин мандаж, дэлхий ертөнцөд “Монгол” хэмээх нэрийг тамгалан үлдээхэд монгол дархан, монгол урлаачид онцгой чухал үүрэг гүйцэтгэсэн түүхтэй.
Архангай аймгийн нутагт орших Гол модны дурсгалт газар болон Төв аймгийн Ноён уул дахь хүннүгийн булшнаас олдсон эмээлийн хударга, хөмөлдрөг дээр хүннүгийн үеийн шүтээн “Бэлгэт гөрөөс” буюу үлгэр домгийн амьтан “Ганц эвэрт”-ийг мөнгөөр хөөмөлдөн, алтаар шарж, уран гоёмсгоор дүрслэн бүтээсэн нь тухайн үеийн монгол дархны урлалын хөгжлийг тод илэрхийлдэг юм.
Мөн дэлхийн томоохон музей Эрмитажид хадгалагдаж буй Алтан ордны дурсгалаас олдсон “Бүсний мөнгөн чимэг” нь эртний монгол дархны ур чадварыг өнөө үед ч дэлхий дахинд сурталчлан таниулсаар байна.
Түүнчлэн монголчууд VII зууны үед өндөр газрын онь хөтөл дээр зуух байрлуулж, салхины хүчийг ашиглан бух дарах аргаар төмрийн хүдэр хайлуулж, төмөр гарган авч зэр, зэвсэг хийж байсан нь тухайн үеийн төмрийн үйлдвэрлэлийн эхлэл болж байсан түүхтэй.
Үүний зэрэгцээ монгол дархан, урлаачид өөрийн гэсэн өвөрмөц хэв загвар, хэлбэр хэмжээ, өнгө төрхийг хөгжүүлж ирсэн нь Ноён сэврээ, Дарьганга, Хүрээ зэрэг дахин давтагдашгүй хэлбэр хийц, загвараас тод харагддаг.
Энэ жил Монголын хосгүй суут хүмүүн Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний түүхт 390 жилийн ой тохиож байна.
Өндөр Гэгээний дахин давтагдашгүй, уран тансаг бүтээлүүдийг Санкт-Петербургийн “Эрмитаж”, Парисын “Лувар” зэрэг музейд 2006 онд дэлгэн толилуулсан байдаг.
Дээрх үзэсгэлэнгүүдийн тухай Парисын “Ле Монде” сонин тэргүүн нүүрэндээ ”Аугаа Занабазар” гэсэн гарчигтай нийтлэл оруулсан нь Өндөр гэгээнийг барууны сонгодгууд болох Леонердо да Винчигээс эхлээд дэлхийн бусад алдартантай эн зэрэгцэх аугаа суут гоц авьяастан байсныг тодотгон харуулсан хэрэг байлаа.
Эрхэм хүндэт уран дархчууд, урлаачид аа,
Уран дархан, урлаачдын бүтээл бол аливаа ард түмний ахуй амьдрал, бэлгэдэл, соёл иргэншил, зан заншил, шашин шүтлэг зэрэг нийгмийн үнэт зүйлсийг нэг дор хураан цогцлоодог, дахин давтагдашгүй урлаг соёлын хосгүй өв юм.
Тийм учраас монгол дархан, урлаачдын бүтээлийг монголын түүх, угсаатны зүй, соёл иргэншилтэй уялдуулан судалж, сурталчлан таниулж, түгээн дэлгэрүүлэх учиртай.
Ялангуяа, монгол дархан, урлаачдын олон мянган жилийн хөгжлийн замнал, ололт амжилт, дахин давтагдашгүй өнгө төрхийг дэлхий дахинд сурталчлан таниулахын зэрэгцээ үр хойчдоо өвлүүлэн үлдээх ёстой.
Монгол Улсын Ерөнхийлөгч өвөг дээдсийнхээ аугаа их түүх, соёл, өв уламжлал, зан заншлыг хадгалан хамгаалж, түгээн дэлгэрүүлэх зорилгоор Эзэн Богд Чингис хааны эш хөргийг хүндэтгэн залах, эртний нийслэл Хархорум хотыг сэргээн байгуулах, Монгол түмний бахархал морин хуурыг эрхэмлэн дээдлэх болон Монгол үндэстний их түүхийн иж бүрэн 30 боть номыг шинээр бүтээх зарлиг гаргасан.
Мөн 2024 онд Төрийн тахилгат Хан Хэнтий уулын их шүтээн оргил Бурхан халдун хайрхан, Их Эзэн Чингис хааны онгон шүтээнийг сүслэн дээдлэх зорилгоор Төрийн тахилгат Бурхан Халдун хайрханд “Хүндэтгэлийн цогцолбор” бүтээх тухай зарлиг гаргасныг тэмдэглэн хэлэхэд таатай байна.
Түүнчлэн “Элдэв эрдэнэт” хэмээх могой жилийн цагаан сараар хүн төрөлхтний суут хүмүүн, монголчууд бидний эрхэм дээд Их Эзэн Чингис хааны алтан шүтээнийг бүтээж, Их цагаан туг, Төрийн хасбуу тамгын хамт “Чингис хаан” үндэсний музейн Их хааны өргөөнд ёслол төгөлдөр хүндэтгэн залсан билээ.
Энэхүү бүтээл нь монгол дархны билиг ухаанд тунгаагдан, урын сайнаар бүтээгдсэн хосгүй гайхамшигт өв, монголчууд бидний өнө мөнхийн эрхэм дээд шүтээн юм.
Их Монгол Улс, Их Эзэн Чингис хааны үнэт өв, хосгүй соёлыг түгээн дэлгэрүүлэх, хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилготой төрийн тэргүүний дээрх санал санаачилга, бүтээн байгуулалтыг монгол дархан, урлаачид Та бүхэн бүх талаар дэмжиж, чинхүү сэтгэлээр хамтран ажиллаж байгаад гүн талархал илэрхийлье.
Энэ ташрамд энэ жилийн үндэсний баяр наадмын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Уран дархан – Өв соёл” нэртэй үзэсгэлэн зохион байгуулж, Та бүхний шилдэг бүтээлүүдийг ард иргэддээ болон гадаадын зочид гийчдэд сурталчлан таниулах болно.
Эрхэм хүндэт уран дархчууд, урлаачид аа,
Та бүхний авьяас чадвар, ур ухаан шингэсэн бүтээлүүд монголчууд бидний гоо зүйн мэдрэмжийг сэргээж, түүх соёл, өв уламжлал, ёс заншлаараа бахархах омогшлыг төрүүлж, оюун санааны нэгдмэл байдлыг бататган бэхжүүлдэг билээ.
Тиймээс монгол уран дархны урлалыг соёлын бүтээлч үйлдвэрлэл болгон хөгжүүлснээр аялал жуулчлалыг дэмжиж, Монгол Улсыг дэлхий дахинд сурталчлан таниулахад чухал үүрэг гүйцэтгэх болно.
Уран дархан, урлаачдын уламжлалт мэдлэг, арга ухааныг хадгалан хамгаалж, өвлүүлэн хөгжүүлэхэд төр, засгийн бодлого чиглэгдэх учиртай.
Тиймээс Та бүхэн өнөөдрийн энэхүү чуулганаар салбарын өмнө тулгамдсан асуудлаа шүүн хэлэлцэж, цаашдын бодлого зорилтоо тодорхойлон, салбарынхаа хөгжил дэвшлийн талаар ажил хэрэгч санал, санаачилга гарган бодит үр дүнд хүрнэ гэдэгт итгэл төгс байна.
Ялангуяа, энэ салбарын эрх зүй, бизнесийн орчныг олон улсын стандарт, дүрэм журамд нийцүүлэн сайжруулах, санхүүжилт, худалдан авалтын тогтолцоог боловсронгуй болгох, соёлын бүтээлч үйлдвэрлэлд энэ салбарын гүйцэтгэх үүрэг, оролцоо, манлайллыг нэмэгдүүлэх, экспорт, аялал жуулчлалын зах зээлийг тэлэх зэрэг гарц шийдлийг хамтдаа тодорхойлж, ахиц дэвшил гаргах учиртай.
Түүнчлэн монгол дархан, урлаачдын ирээдүй болсон залуу үе, мэргэжлийн боловсон хүчнийг үе шаттай бэлтгэх, давтан сургах тогтолцоог улам боловсронгуй болгож сайжруулах шаардлага зүй ёсоор тавигдаж байна.
Үүнд холбогдох яам, төрийн байгууллагууд онцгой анхаарч ажиллахыг үүрэг болгож байна.
Мөн энэхүү уран дархан, урлаачдын үндэсний чуулганыг дөрвөн жил тутам уламжлал болгон зохион байгуулж байх нь зүйтэй гэж үзэж байна.
Ухаант өвөг дээдсийнхээ уран дархны ур ухааныг өвлөж, үр хойчдоо уламжлуулж, улс орныхоо түүх, өв соёлыг дархлан бүтээж буй монгол дархан, урлаачид Та бүхний алдар хүнд мандан бадарч, үйл нь уран, хараа хурц, дөш нь дуутай байхын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье.
Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай” гэлээ.
“Монгол дархны уламжлал, шинэчлэл” сэдэвт анхдугаар чуулганыг Монголын уран дархны “Түмэн эрдэнэс” холбооны санаачилгаар Ерөнхийлөгчийн Тамгын газар, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам хамтран зохион байгуулж байна.
Улс төр
Сонгуулийн ерөнхий хорооны хуралдаан болов

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны 2025 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны нөхөн сонгуулийн зохион байгуулалттай холбоотой дараах асуудлыг хэлэлцлээ.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны ээлжит сонгуулийн автоматжуулсан системд ашиглах программ хангамж, техник хэрэгслийн ажиллагааг шалган туршиж, баталгаажуулан гэрчилгээ олгох ажлыг зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулав. Ажлын хэсэгт Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төв, Тагнуулын ерөнхий газар, Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны яам болон “И-Монгол академи”, “Үндэсний дата төв” УТҮГ-ын төлөөлөл ажиллах юм.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны нөхөн сонгууль зохион байгуулах сонгуулийн хороодын дэргэд ажиллах Мэдээллийн технологийн багийн бүрэлдэхүүнийг 59 төрийн албан хаагчийн бүрэлдэхүүнтэйгээр тогтоов.
Улс төр
Гэр хорооллын айл өрхийг цахилгаан халаагуур, бүх төрлийн хийн түлшинд шилжүүлэх бэлтгэл ажлыг зуны саруудад ч тасралтгүй үргэлжлүүлэхийг үүрэг болгов

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ агаарын бохирдол болон түгжрэл бууруулах бүтээн байгуулалтын ажлуудыг дулааны улиралд цаг алдалгүй, шуурхай зохион байгуулж ажиллахыг үүрэг болгож байсан юм.
Энэ хүрээнд тэрбээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас хэрэгжүүлж буй “Монгол гэр болон байшингийн дулаалга” төслийн ажлын явцтай танилцлаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сонгинохайрхан дүүргийн III хороо, Баганаранд 60м2 талбай бүхий байшин болон монгол гэрийн дулаалгатай танилцлаа. 2025 онд Ногоон бүсэд 30.0 мянган байшин, 20.0 мянга орчим монгол гэр дулаалахаар төлөвлөж, хямд зардал, богино хугацаанд гал тэсвэртэй дулаалгаар дулаалах жишиг загвар гаргахаар судалж байна. Тус хорооны иргэн Д.Батбаатарын байшинг 20 мм-ийн полиуретан дүүргэгчтэй хөнгөн цагаан сайдинг болон 10 мм аэрогель эсгийгээр дулаалсан нь дулаан алдагдлыг хоёр дахин бууруулжээ. Үүнээс гадна хөөсөнцөр болон агаар сэлгэлттэй эрдэст хөвөнгөөр дулаалах хувилбарыг ч судалж байгаа юм байна. Эдгээр хувилбарын 3,5-5,3 сая төгрөгт багтаж байна. Мөн Д.Батбаатарынд гаднаас хүйтэн агаар сорж 60 хэм хүртэл халуун агаараар үлээх насос суурилуулжээ.
Харин иргэн Д.Баянбаатарынх таван ханатай гэрт амьдардаг. Гэрийн хана, дээвэрт эрдэс хөвөн, хуванцар сайдинг ашигласнаар дулаан алдагдлыг гурав дахин бууруулжээ. Гэрийн хана, дээвэр, шалны дулаалгад 810 мянган төгрөг зарцуулжээ. Харин халаалтыг хийн зуухаар шийджээ. Хоёр минутад зуух халах тул шаардлагатай үед халаалтаа салгаад хэмнэх боломжтой. Хийн зуухны зааварчилгааг дагаад ажиллуулахад хялбар байгаагаас гадна аюулгүйн мэдрэгч маш сайн ажиллаж байгаа тул санаа зовох зүйлгүй байна гэж гэр бүлийн хүмүүс ярилаа.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн хамтарсан тушаал, захирамжаар Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсүүдийг тогтоож, мөрдөх журмыг баталж, гэр хорооллын 170 гаруй мянган өрхийг “Ногоон болон Шар” бүсэд хамруулсан. Ногоон бүсэд 103,090 өрх амьдарч буй бөгөөд 51 мянган өрхийг энэ онд цахилгаан халаагуур болон бүх төрлийн хийн түлшинд шилжүүлэхээр ажиллаж байна. Айл өрхөд цахилгаан болон бүх төрлийн хийн түлшээр ажилладаг тоног төхөөрөмж, дагалдах хэрэгслийг нэг удаа үнэ төлбөргүй суурилуулж, халаалтын улиралд сард 100 мянган төгрөгийн татаас олгохоор шийдвэрлэсэн юм.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ногоон болон Шар бүс дэх айл өрхийг цахилгаан халаагуур, бүх төрлийн хийн түлшинд шилжүүлэх бэлтгэл ажил хангалттай явж байгааг тэмдэглээд энэ тав, зургаа, долдугаар сард ажлаа тасралтгүй үргэлжлүүлж дулаалга, халаалтын нэгдсэн стандартын шийдэл гаргах, зорилтот бүсийн айл өрхүүдийг шинэ системд хамруулахад шаардагдах эрчим хүчний хангамж, хийн түлшний нийлүүлэлт болон сайжруулсан шахмал түлшний чанар, хөх нүүрс үйлдвэрлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо.
-
Улс төр5 цаг өмнө
Монгол дархан, урлаачдын чуулганыг дөрвөн жил тутам зохион байгуулна
-
Нийгэм6 цаг өмнө
Сэлэнгэ аймгийн Ерөө сум дахь түймрийн голомтод салхитай байна
-
Нийгэм10 цаг өмнө
Хөх болон уушгиний хорт хавдартай өвчтөнүүдэд өндөр үр дүнтэй Швейцар эмийг тавдугаар сард нэвтрүүлнэ
-
Нийгэм10 цаг өмнө
“Баруун сэлбэ” үйлчилгээний төвийн 1222 ам метр талбайг нийслэлийн өмчид буцаан авлаа
-
Нийгэм5 цаг өмнө
Сэлэнгэ аймгийн Сант суманд цэргийн анги байгуулна
-
Нийгэм10 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 1035 болжээ
-
Нийгэм9 цаг өмнө
Монгол мэргэжилтнүүд Бутан Улсад гутлын сургалт зохион байгуулав
-
Нийгэм10 цаг өмнө
Баянгол дүүрэг Хавдрын төвтэй боллоо