Нийгэм
Хөгжлийн бэрхшээлтэй улсаар тоглох муухай!

Монгол улсын эдийн засгаас Орос улсын эдийн засаг 100 орчим дахин, Хятадын эдийн засаг 1000 дахин том. Оросын хүн ам Монголынхоос 48 дахин их, гэхдээ нэг хүнд ноогдох ДНБ нь гурав дахин их. Хятадын хүн ам Монголынхоос 500 орчим дахин их, гэхдээ нэг хүнд ноогдох ДНБ нь 1,5 дахин их аж.
Нэг үгээр хэлбэл манай эдийн засгийн хүч чадлыг хоёр хөршийн эдийн засгийн хүч чадалтай харьцуулах ч аргагүй, хажууд нь дэндүү бичил. Хэрэв зээ газар доорх баялгийг нь тооцох юм бол бүр ч жиших аргагүй. Хэдийгээр Монголтой харьцуулахад хоёр хөрш ийм хүчирхэг эдийн засагтай боловч барууны хөрөнгө оруулагчдын араас хөл алдан гүйсээр. Татваргүй бүс нутаг гаргаж өгнө, болдог бол халдашгүй байдлыг нь онцгойлон үзчих санаатай.
Жишээ нь, гурав хоногийн өмнө л гэхэд Оросын сангийн сайд асан, улсдаа нөлөө бүхий эдийн засгийн бодлоготон Алексей Кудрин, Америкийн хөрөнгө оруулагч Майкл Калвиг Оросын шүүхийн шийдвэрээр гэрийн хорионд оруулсан явдлыг хөрөнгө оруулагчдыг үргээсэн “эдийн засгийн шок боллоо” хэмээн адгав. Оросын ерөнхийлөгч Путин эл хэрэг явдалд хувийн зүгээс онцгой анхаарах болно гэдгээ хөрөнгө оруулагчдад амлаж байна. Орос орон Америк, Европтой түнжин хагаран муудалцан бараг л дайтахдаа тулсан хэдий ч хөрөнгө оруулагчдыг нь бол зүгээр л “зулгуйдаж” байна шүү дээ! Орос ингэх нь аргагүй. Барууны хөрөнгө оруулагчдад “зулгуйдан” эдийн засгийн сүпер гүрэн болохын үлгэр жишээг Хятад тэдэнд харуулсан.
Хятад, Дэн Сяопины үеэс л барууны хөрөнгө оруулалтын тусламжтайгаар Америкийг өөрийг нь хөгжлөөрөө гүйцэж түрүүлэх алсын хараатай, нээлттэй хаалганы бодлого явуулна гэдгээ шууд зарласан. Одоо ч тэр зорилгоо хэрэгжүүлсээр буй. Өөрийнх нь хүчийг ашиглан өөрийг нь гүйцэж түрүүлнэ гэдгээ ийм ил тод шударгаар зарласан бодлого түүхэнд байгаагүй биз ээ.
Хятад уг бодлогоо гайхалтай тууштай, хүлээцтэй, тэвчээртэй явуулсныг яана гээч. 1999 оны 5-р сарын 7-нд НАТО-гийн бөмбөгдөгч онгоц Белград дахь Элчин сайдын яамыг нь андууран бөмбөгдөн сүйтгэхэд хүртэл хятадууд сулхан эсэргүүцэх төдийгөөр тус хэрэг явдлыг тэвчин өнгөрөөж билээ!
Өдгөө Хятад тэвчээртэй байсныхаа “шан”-г хүртэж байх шиг байна. Дэлхийн хоёр дахь том эдийн засаг боллоо. Америк Хятадад хамгийн их өртэй улс боллоо. Америк гэлтгүй дэлхийн эдийн засгийн байдал Хятадаас хамаардаг боллоо. Өнөөдөр Хятад ямар ч ааш авир гаргасан лав эдийн засгийн хориг зэрэг арга хэмжээг барууныхан авч зүрхлэхгүй. Хятадад эдийн засгийн хориг тавьбал Европ, Америкийн эдийн засаг унах эрсдэлтэй. Барууны эдийн засаг Хятадын эдийн засгийн “барьцаанд” орсон нь энэ аж. Гэтэл Оросын эдийн засагт хориг тавилаа гээд барууны эдийн засагт ноцтой нөлөө үзүүлэхгүй билээ.
Хятад гадаадын хөрөнгө оруулалтыг татан хөгжиж чадсан бодлого оросуудад том хичээл, сургамж болсон нь эргэлзээгүй. Тэгээд Орос барууны хөрөнгө оруулагчдыг татаж “эрхлүүлэх” янз бүрийн оролдлогуудыг одоо ч хийсээр байна. Эдгээр оролдлогууд Хятад Америкийн хоорондын худалдааны дайнаас болоод удахгүй өгөөжөө өгөх байх. Барууны хөрөнгө оруулалт Орос руу зугуухан цутгаж мэднэ.
Үүнийг гадарласан Си Зиньпин саяхан Санкт-Петербургийн хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтад оролцон Путинд панда баавгай бэлэглэн найр тавьж, Хятадын хөрөнгө оруулалтын орон зайг хамгаалах чиглэлээр урьдчилан сэргийлэх алхмыг хийх шиг боллоо.
Хятад улс өнөөдөр гадагшаа хөрөнгө оруулах, зээл өгөх чадалтай том эдийн засагтай болсон. Гэхдээ л барууны хөрөнгө оруулагчдыг урин дуудсан хэвээр байгаа. Нэн ялангуяа Илон Маск мэтийн өндөр технологийн салбарын хөрөнгө оруулагчдыг оруулан “эрхлүүлэх” тусгай бүсүүдийг байгуулсаар, хөрөнгө оруулагчдад төрөл бүрийн хөнгөлөлтүүдийг амласаар байгаа аж. Тэр битгий хэл, нээлттэй эдийн засаг, чөлөөт худалдааг хамгаалагч гүрэн болчихсон Хятад,Трампын протекционизмыг зад эсэргүүцэж байна шүү дээ.
Ийнхүү хоёр хөрш маань, дахин цохон дурьдахад, маньтай зүйрлэхийн эцэсгүй хүчирхэг эдийн засагтай хэрнээ барууны хөрөнгө оруулалтын “хойноос гүйсээр” байна. Гэтэл Монголын төр найгүй мунхгаа гайхуулан хөрөнгө оруулагчдыг хөөж туун, 1930 оны барууны капиталыг шахан зайлуулах хийтэй ажлаа сэргээн хөөрцөглөж, “их үргээлэг” хийж сууна даа.
Их үргээлгийн ард хоёр хөрш байгаа гэсэн мэдээлэл тархаж байна! Магадгүй, хий хардлага ч байж болзошгүй. Мөнөөх гадаадын капиталыг шахан зайлуулах 30-аад оны кампанит ажлын ард Зөвлөлтийн коммунистууд зогсож байсан түүхтэй болохоор ийм хардлага төрсөн биз. Эсхүл хэдхэн жилийн өмнө “Хаан резорс” хэмээх Канадын компанийг Монголоос хууль бусаар хөөж гаргуулах ажлыг Монголын Ерөнхий сайдаар өөрөөр нь хийлгүүлээд, үүний улмаас үүссэн нөхөн төлбөрийг бараг долоо дахин нугалж монголчуудад үүрүүлсэн хошин шог гэмээр хэрэг явдлын ард Оросын этгээдүүд байсныг мэдэх болохоор тэгсэн биз.
Хэрэв зээ энэ хардлага үндэстэй байх ахул, харин манай хоёр хөршийн хувьд их л дорд орсон хэрэг болно. Завсар нь хавчуулагдсан “нэг муу” жижиг улсаар хавсайдаж тоглоно гэдэг хоёр сүпер гүрнүүдийн хувьд яавч нэр төргүй хэрэг мөн. Тэр тусмаа, политик устсан төрөөсөө болоод “хөгжлийн бэрхшээлтэй” болчихсон буурай, жижиг Монгол улсаар тоглох бүр муухай!
Монгол хөгжлийн бэрхшээлтэй байхын зовлонг мэднэ. Ийм үед амин хувийн эрх ашгийнхаа төлөө улсаа ч алахаас сийхгүй адгийн улстөрчдөөр төр дүүрсэн байдаг. Тэдгээр улстөрчдийг, урд хөрш маань худалдаж аваад өөрийнхөө төлөө зүтгүүлж байсан, хойд хөрш маань айлгаж байгаад өөрийнхөө төлөө зүтгүүлж байсан түүх бий.
Тэр түүхийн ул мөр арилж дуусаагүй байтал өдгөө муу улстөрчдийн үе эргээд иржээ. Одоо манай төрөөр дүүрэн айсандаа Оросын гар хөл болох, шунагтаа Хятадын гар хөл болох улстөрчид байна. Монголчуудын хэрсүү хэсэг нь үүнийг гадарласан. Тэгээд, хөгжье гэж байгаа улс бүр хөрөнгө оруулагчдыг урьж байгаа энэ үед улсаа сүйдлэхээр санаатай тэнэгтэж, их үргээлэг хийж буй Загджав мэтийн “бандитууд”-ыг хараад, арай түүхийн хэрэг явдал давтагдаж байгаа юм биш биз хэмээн хардаж байна!
Хоёр хөрш маань хөгжлийн бэрхшээлтэй болчихсон манай улсаар тоглохгүй зөнд орхивол өөрсдөд нь магадгүй хэрэгтэй. Юу гэвэл дунд нь хавчуулагдсан буурай Монгол хөгжин цэцэглэвэл манай хоёр хөршийн сайн санааны алдар цуу дэлхийн улс орнуудад түгэж, итгэл найдварыг нь олох буй заа!

Нийгэм
Сэлэнгэ аймгийн Сант суманд цэргийн анги байгуулна

Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт Сэлэнгэ аймгийн Сант суманд ажиллалаа.
Энэ үеэр Сант сумын төв хэсэгт 1980 онд баригдаж, 2015 оноос хойш ашиглагдахаа больсон Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургуулийн хуучин барилгын одоогийн нөхцөл байдалтай танилцлаа.
Сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд огт ашиглагдаагүй, орхигдсон дээрх сургуулийн барилгыг сэргээн засварлан барилгын цэргийн анги, ахлагчийн сургууль байгуулахаар шийдвэрлэлээ.
Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, хөдөө орон нутагт ажлын байр бий болгох, орон нутгийн давуу тал, онцлогт түшиглэн газар тариалан эрхлэх боломжид дэмжлэг үзүүлэхэд Зэвсэгт хүчин хүч нэмж, орон нутгийн иргэдтэй хамтран ажиллахаар боллоо гэж Монгол Улсын Батлан хамгаалах яамнаас мэдээллээ.
Нийгэм
Сэлэнгэ аймгийн Ерөө сум дахь түймрийн голомтод салхитай байна

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Сэлэнгэ аймагт гарсан ойн түймрийн голомтод унтраах ажиллагааг удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллаж байна. Сэлэнгэ аймгийн Ерөө сум Буурагчин 2 дугаар баг “Хан-Хэнтий” тусгай хамгаалалт бүхий нутаг дэвсгэр “Майн-Зоо” гэдэг газар 2025.04.29-ны өдрийн 10:40 цагт ойн түймэр гарч, түймрийг унтраахаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа Э.Энхбаяраар ахлуулсан Онцгой байдлын байгууллагын нийт алба хаагчид, мэргэжлийн анги, нутгийн иргэд ажиллаж байна.
Нэмэлтээр нийслэлийн Онцгой байдлын газраас дэд хурандаа Э.Буянтогтохоор ахлуулсан алба хаагчдыг 2025.05.01-ны өдрийн хоёр нисдэг тэргээр түймрийн голомтод хүргэж, унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.
Түймэрт урьдчилсан байдлаар 1897 га талбай өртсөн.
Сэлэнгэ аймгийн Ерөө сум дахь түймрийн голомтод салхитай байгаа тухай мэдээлэл ирүүллээ.
Нийгэм
Монгол мэргэжилтнүүд Бутан Улсад гутлын сургалт зохион байгуулав

Бутан Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчукийн урилгаар Монгол Улсын “Хос Аз” ХХК-ийн мэргэжилтнүүд тус улсад үндэсний гутал урлах сургалт зохион байгуулжээ.
“Хос Аз” ХХК-ийн бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн захирал З.Ананд, загвар зохион бүтээгч Б.Ахмарал, технологич инженер Б.Бэхбат нар тус улсын үндэсний уламжлалт гутал болох “цоглам” гутлын загвар, технологийг сайжруулан боловсруулжээ. Улмаар Бутан Улсын залуучуудад “цоглам” гутал урлах тусгай сургалтыг нийслэл Тимпү хотод 2025 оны дөрөвдүгээр сарын 14-28-ны өдрүүдэд зохион байгуулсан байна.
Сургалтаар гутлын технологи заахаас гадна, загварын шийдэл, машин тоног төхөөрөмжүүд дээр ажиллах зарчим, гутал үйлдвэрлэлийн дамжлага дарааллыг эзэмшүүлэн, орчин үеийн хэрэглээнд нийцүүлэх боломжуудыг танилцуулжээ. Монгол мэргэжилтнүүд Бутан Улсын залуучуудад гутлын сургалт явуулж, мэргэжлийн гэрчилгээ олгосны зэрэгцээ цаашид олон чиглэлээр хамтран ажиллах талаар харилцан тохиролцсон байна.
Сургалтыг зохион байгуулагчдын зүгээс энэхүү арга хэмжээ нь зөвхөн мэдлэг, туршлага хуваалцахаар зогсохгүй хоёр орны соёлын гүүр болж, үндэсний өвийг хадгалах, түгээн дэлгэрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буйг онцолсон байна.
-
Нийгэм8 цаг өмнө
Хөх болон уушгиний хорт хавдартай өвчтөнүүдэд өндөр үр дүнтэй Швейцар эмийг тавдугаар сард нэвтрүүлнэ
-
Нийгэм8 цаг өмнө
“Баруун сэлбэ” үйлчилгээний төвийн 1222 ам метр талбайг нийслэлийн өмчид буцаан авлаа
-
Нийгэм7 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 1035 болжээ
-
Нийгэм7 цаг өмнө
Монгол мэргэжилтнүүд Бутан Улсад гутлын сургалт зохион байгуулав
-
Нийгэм4 цаг өмнө
Сэлэнгэ аймгийн Ерөө сум дахь түймрийн голомтод салхитай байна
-
Нийгэм8 цаг өмнө
Баянгол дүүрэг Хавдрын төвтэй боллоо
-
Нийгэм3 цаг өмнө
Сэлэнгэ аймгийн Сант суманд цэргийн анги байгуулна
-
Нийгэм7 цаг өмнө
Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд гарсан ой, хээрийн гал түймрийг цурамд орууллаа