Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Бусад

ҮНДСЭН ХУУЛИЙН ШИНЭ ТОДОТГОЛООС АСУУХ ХЭДЭН ЗҮЙЛ

Нийтэлсэн

-

БААБАР ИНГЭЖ ӨГҮҮЛЭВ

Үндсэн хууль бол тухайн улс орны нийгмийн болон төрийн байгууламжийг тодорхойлдог хууль эрхийн акт. Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээсэн 1911 оноос хойш хэд хэдэн удаа нийгэм, эдийн засаг, төрийн байгууламждаа өөрчлөлт хийсээр иржээ.

Үүний анхных нь 1911-1913 оны хооронд Богд хааны зарлигууд маягаар буй болсон. Эдгээрийн тусгал нь Монгол Улс теократик хаант улс болж, орчин үеийн хэлбэрээр Засгийн газар байгуулан яам, түүнийг толгойлох сайд нарыг томилсон. Мөн цаашлаад хаанд зөвлөж байх Дээд ба Доод хурал буй болгосон юм. Энэ болон бусад төрийн бүтцийн тодорхойлолт нь үнэн хэрэгтээ Үндсэн хууль бөлгөө. Одоо ч нэрлэгдсэн Үндсэн хуульгүй мөртөө тодорхой хуулиудыг нийлүүлэн Үндсэн хуулийн чадамжтай гэж үздэг Хаант төрүүд бий. Үүний сонгодог жишээ нь Швед, Их Британи болно. 1915 оны Гурван улсын Хиагтын гэрээгээр Монгол Улсын тусгаар тогтнол үгүй болж Хятадын сүвирнэт боловч Оросын протектарат болсон авч 1921 оны хоёрдугаар сард барон Унгерн Монголыг чөлөөлж Хаант Монгол улсын тусгаар тогтнолыг дахин сэргээсэн учир богино хугацаанд дээрх Богдын зарлигууд эргэж хүчин төгөлдөр болж байв.

Хоёр дахь Үндсэн хууль Тангаргын гэрээ нэрээр 1921 оны намар зохиогдон хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн билээ. Энэ хуулийн зохиогчийг Ерөнхий сайд Бодоо гэж үздэг. Тангаргын гэрээгээр Монгол Улс нь Үндсэн хуульт хаант улсын хэлбэрт шилжин оров. Улсын хаан зөвхөн шашны толгойлогч бөгөөд төрийн хэрэгт Засгийн шийдвэрт нэг удаа хориг тавьж болохоор тусгагдсан. Мөн энэ Үндсэн хуулиар хамжлагат ёсыг эгнэгт халжээ.

Гурав дахь Үндсэн хууль 1924 онд хүчин төгөлдөр болсон. Үүнийг анх удаа Үндсэн хууль гэж нэрлэх болсон юм. Шинэ хуулиар төр нийгэм эдийн засгийн бүтэц байгууламжид үндсэн өөрчлөлт орлоо. Юун түрүүн Хаант төрөөс татгалзаж Бүгд найрамдах засаглалыг тунхаглав. Төрийн эрх барих дээд байгууллагыг Улсын хурал хэмээж, түүний дор Улсын бага хурлыг байгуулжээ. Гэвч удирдан чиглүүлэх байгууллагыг улс төрийн нам гэж зарлав. Энэ Үндсэн хуулиар төрийн эрх баригч нь нийт ард түмэн биш, харин үгээгүй ядуу ардууд мөн гэж тунхаглаад, язгууртан, ноёд баяд худалдаачдыг аяндаа устах нийгмийн анги давхарга мөн хэмээж тэдэнд алив сонгуулийн эрх олгохгүй гэдгээ мэдэгдсэн. Монгол Улс цаашид капиталын замаар явахгүй, Марксын тодорхойлсон нийгмийн хөгжлийн үечилсэн дэвших шат гэгчийн капиталист нийгмийг алгасан хөгжинө гэдгээ тунхагласан. Энэ Үндсэн хууль нь Зөвлөлт Оросын 1918 оны Үндсэн хуулийн бараг шууд орчуулга болохыг хожим судлаачид олж илрүүлсэн билээ.

Дөрөв дэх Үндсэн хууль 1940 оноос үйлчилж эхэлсэн. 1937-1938 онд нийгмийн бүхий л язгууртан ноёд, сэхээтэн лам нарыг хядаж, сүм хийдийг нурааж дууссаны дараа Монголын нийгмийг дарлагч ангигүй нэгэн төрлийн малчин сэхээтнээс бүрдсэн капиталын биш нийгмийн байгууламжтай боллоо гэсэн дүгнэлтээс энэ Үндсэн хуулийг тунхаглан баталсан. Нэгэнт дарлагч мөлжигч анги үгүй учир бүгд тэгш эрхтэй болсон тухай зарлан тунхаглажээ.

Тав дахь Үндсэн хууль 1949 онд Улсын хурлаар батлагдсан. Үүнийг Үндсэн хууль гэж нэрлээгүй ч бүх нийтээр сонгууль өгөх болсноор бүтэц байгууламжийн хувьд их өөрчлөлт орсон юм. Улсын хурлыг тарааж Ардын их хурал байгуулсан ба түүнд бүх нийтийн оролцоот сонгуулиар дипутат сонгодог боллоо. Ардын их хурлын завсар зайгаар улсыг удирдаж байх Ардын их хурлын тэргүүлэгчдийг сонгон байгуулахаар болов.

Зургаа дахь Үндсэн хууль 1960 онд буй болов. Батлагдав гэхийн оронд буй болов гэсэн учир нь гэвэл хуулийн төслийг Ардын их хурлын чуулганаар хэлэлцэж байтал Цэдэнбал зарим засвар оруулна гэж аваад тэр чигт нь мартсан бололтой. Иймээс энэ Үндсэн хууль Ардын их хурлаар батлагдаагүй юм. Цэвэр эрх зүйн үүднээс үзвэл энэ нь хүчин төгөлдөр бус хууль. Шинэ Үндсэн хууль хийх болсон шалтгаан нь 1959 онд малчдын хувийн малыг бараг хүчээр нийгэмчилсэн ба жижиг дунд үйлдвэрлэл явуулдаг хувийн хэвшлийн хөрөнгийг хурааж Үйлдвэр хоршоолол хэмээх нийгэмчилсэн байгууллагад нэгтгэв. Нэг үгэндээ өдий болтол оршсоор асан хувийн хэвшлийг үгүй хийж эдийн засгийн зах зээлийн харилцааг огт байхгүй болгожээ. Монголын нийгэм нь ажилчин анги, хоршоолсон ард, сэхээтний давхарга гэсэн шинэ бүтэцтэй болсныг тунхагласан юм. Зарим судлаачдын үзэж байгаагаар энэ үеэс Монголын нийгэм тоталитар дэглэмээс авторитари дэглэмд шилжсэн аж. 1966 онд хуралдсан МАХН-ын XV их хурал энэ фактыг баталгаажуулсан юм.

Долоо дахь Үндсэн хууль 1990 оны тавдугаар сард Ардын их хурлаар батлагдав. Дэлхий дахинаа коммунизм нуран унаж хүйтэн дайн зогссоноор одоо болтол үйлчилж буй Үндсэн хуулиас татгалзах, нийгмийн байгууламжаа өөрчлөх тулгамдсан зайлшгүй шаардлагаас үүдэн 1960 оны Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нэрээр үндсэн зарчмыг нь сольсон учраас энэ нь гарцаагүй шинэ Үндсэн хууль мөн. Улс төрийн ганц намын нийгмийг удирдан чиглүүлэх үүргээс татгалзаж олон ургалч үзлийг нийгмийн харилцааны үндэс болголоо. Социализм байгуулах эцсийн зорилготой гэсэн зорилтоос татгалзсан төдийгүй хувийн хэвшлийг эргэж сэргээх, эдийн засгийн зах зээлийн харилцаанд орох, дан ганц ЗХУ-ыг даган нөхөрлөх гэдгийг дэлхийн аль ч оронтой сайн харилцаатай болох зэрэг зарчмын тунхаглалууд батлагдав. Нийт ард түмэн оролцсон чөлөөт өрсөлдөөнт сонгууль явуулж байхаар тогтов. Анх удаа байнгын ажиллагаатай хууль тогтоох инстүүцийг сонгуулийн үр дүнгээр байгуулах болсон нь Улсын бага хурал юм. Эдгээр зарчмын тунхаглал нь хоёр жилийн дараа батлагдсан шинэ Үндсэн хуулийн зарчмын гол тулгуур болсон бөлгөө.

Найм дахь Үндсэн хууль. Ардын их хурал 76 хоног хуралдан хэлэлцсэний эцэст энэхүү шинэ Үндсэн хууль 1992 оны нэгдүгээр сарын 13-нд батлагдав. Нийгэм улс төр, эдийн засгийн чөлөөт ардчилсан либерал тогтолцоонд Монгол Улс шилжин орж байгааг энэ хууль тунхаглан хуульчилсан билээ. Хүний эрх, эрх чөлөөг нийгмийн ердийн хэв норм гэснээр Монгол улс цагтаа Кантын тодорхойлж байсан иргэний ардчилсан нийгэмтэй болж буйг зарлан тунхагласан юм.

1992 оны Үндсэн хууль нь өнөөгийн либералжсан орчин үеийн ертөнцийн ерөнхий хандлагатай агаар нэг, зарчим нь сайн, улс орныхоо тусгаар тогтнол бие даасан байдлыг бататгасан чухал хууль эрхийн акт юм. Гэвч бие дааж ийм чухал бичиг баримт үйлдэх туршлага мөхөс байснаас болоод олон хэсэгтээ тодорхойгүй, механизм харилцан үйлчлэлийн механизмыг нь бүрэн бодож чадаагүй алдаа дутагдал бий. Үүнээс болоод хоорондоо авцалдаж өгөхгүй, зарим тохиолдолд засаглалын хямрал руу хөтлөх аюул буй болгох нөхцөл бүрдүүлж байсан. Амьдрал практик дээр харагдсан иймэрхүү дутагдлыг тухай бүрд нь засаж сэлбээд явах нь зайлшгүй шаардлага юм.

1999 онд Үндсэн хуульд засвар оруулж долоон зүйлд тодотгол хийсэн билээ. Хожим нь хэн нэг нь үүнийг “дордуулсан долоо” гэж нэрлэн чухам үүнээс болоод засаглалын хямрал үүсээд байгаа маягтайгаар тайлбарлах болжээ. Үнэндээ шүлэглэх дуртай үндэсний соёлын онцлогоос ингэж нэрлэх болсон болохоос чухам яагаад тодотгох болсон, тэр нь ямар ач холбогдолтой, хортой байсан юм бол яаж туссаныг тайлбарласан нэг ч тохиолдол харагддаггүй. Хэрэв таван зүйлд тодотгол орсон бол “тантаггүй тав”, зургаа байсан бол “зувчуулсан зургаа” гэх мэтээр хочлох байсан биз.

“Дордуулсан долоо” нь Үндсэн хууль хэрэгжиж эхэлсэн найман жилийн практикаас харагдсан засаж тодруулахаас өөр аргагүй өөрчлөлт байсан юм. Үндсэн хуулинд Ерөнхий сайдыг томилохдоо УИХ сонголтоо хийчихээд Ерөнхийлөгчтэй зөвлөнө гэж байгаа.1998 онд Ерөнхий сайдыг огцруулчихаад дараагийн хүнийг томилох гэж хагас жил зарцуулагдсан. Зөвших учиртай Ерөнхийлөгч УИХ-аас Ерөнхий сайдад томилохоор зөвшилцөн шийдсэн гурав дөрвөн нэрсийг нийт есөн удаа буцааж, өөрөө тодорхой нэр хэлэн ийм хүнийг Ерөнхий сайдаар тавихаар оруулж ирвэл зөвшөөрнө хэмээн гэдийсэн билээ. Олон үзэл бодолтой намууд болон бүлэглэлүүд тэртэй тэргүй зөвшилцөн байж хэн нэгнийг Ерөнхий сайдад томилохоор шийдсэн байтал ганц өөрийгөө төлөөлдөг Ерөнхийлөгч бүгдийг нь нийлүүлснээс илүү хүчтэйгээр “зөвшилцөхөөр” зөрүүдлэхээр хуулийн утга учир бий юу? Энэ нь парламентын засаглалыг утгагүй болгож Ерөнхийлөгчийн засаглал гэсэн утга руу шууд гулсан орж буй хэрэг. Эцэст нь томилгоо УИХ-ынх биш, Ерөнхийлөгч хэмээх ганц бие хүний томилгоо болчихож байна. Цаашид иймэрхүү гацаа давтагдахаас сэргийлж “зөвшилцөх” гэсэн үгийн утгыг тодотгож эцсийн шийдвэр аль тал гаргах эрхтэйг тодруулсан.

Уг өөрчлөлт дотор нууц санал өгөхийг хориглосон. Ард түмнээс сонгогдсон төлөөлөгчид тэдний хүсэл эрмэлзлийн эсрэг нэр нүүрээ нууж санал илэрхийлж болох уу? Үүнд дордуулаад байгаа юу байна?

1996-2000 онд сөрөг хүчин 130 гаруй удаа хурал хаяж хуулинд заасан квотыг бүрдүүлэлгүй төрийн машиныг гацааж байсан гашуун түүх бий. Энэ нь төр сайн ч, муу ч ямар ч шийдвэр гаргаж чадахаа болиод параличид орж байна гэсэн үг. Парламент муу хууль гаргавал түүнийг хожим нь засаж болно, ямар ч шийдвэр гаргахгүй байх нь улс үндэстэнд хамгийн хортой үзэгдэл юм. Парламентийн засаглалтай ихэнх оронд гишүүд санал өгөх хэлбэрийг хоёр ангилсан байдаг. Зарчмын том асуудал, бодлогын хүрээнд намын дарга бусдыгаа төлөөлж сонгуулийн өмнө амласан намын амлалтаа өмгөөлөн оролцдог. Тиймээс танхимд ердөө хэдхэн хүн сууж байх нь элбэг. Гэтэл хувь гишүүн намаасаа үл хамааран тойргийн сонгогчдоо төлөөлөн санал хэлэх шаардлагатай асуудал гардаг. Ийм тохиолдолд өндөр квот шаарддаг. Ийм байдлаар төрийн машиныг гацаан ямар ч шийдвэр гаргах бололцоогүй болгон бойкотлохоос сэргийлдэг. Чухам ийм гацаасан байдал байнга үүсч байсан учраас л 1999 оны өөрчлөлтөөр квотыг доошлуулахаас өөр арга байгаагүй юм. Хэрэв тэгээгүй бол 2000-2019 он хүртэлх энэ хооронд төрийн машин олон удаа гацан зогсож юу болох байсныг төсөөлөхөд бэрх

1999 оны тодотгол зарим нэг асуудлыг шийдсэн боловч нийгмийн бүтэц байгууламж улам нарийсахын хэрээр урьд нь ажиглагдаагүй олон бэрхшээл ил гарав. Эдгээрийг шийдэх, нэг мөр болгох оролдлого сүүлийн гурван ч парламент дамжин яригдсан билээ. Үндсэн хуулийг шинээр зохиох уу, байгааг нь нэмж тодотгох уу гэсэн маргаан удтал үргэлжилж энэ удаа хоёр дахь хувилбарыг сонгожээ. Энэ удаагийн тодотгол бидэнд тулгараад байгаа асуудлыг бүрэн шийдэж чадах уу? Одоогоор санал болгож байгаа нэлээд олон тодотгол олон бэрхшээлийг шийдэж болохоор харагдаж байна. Гэхдээ бүгдийг нь шийдэх үү? Эсвэл үлдсэнийг нь дараа хэмээн үлдээх үү? Өнгөрсөн 27 жилийн турш нийгмийн харилцааг зохицуулсаар ирсэн Үндсэн хуулийг одоо гэнэт өөрчилбөл бүх юм засарна, нийгэм байн байн хямрал зөрчилтэй тулгараад байгаа нь энэ Үндсэн хуулиас л болоод байна гэсэн ойлголт өргөн тархаж олон хүний итгэл үнэмшил болжээ. Бодоход Үндсэн хуулиас гэхээсээ зангилаа хэдэн асуудал төөрөгдүүлэл, зөрчил, төрийн хүчгүйдэл үүсгээд байх шиг. Иймээс Үндсэн хуульд нэмэлт тодотгол хийж буй хариуцах этгээдүүдээс асуух хэдэн асуулт байна:

1. Судалгаагаар шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойш зөвхөн УИХ гэхэд Үндсэн хуулийг 120 орчим удаа зөрчсөн шийдвэр гаргасан боловч эдгээр хууль засагдалгүй хүчин төгөлдөр үйлчилсээр иржээ. Хэрэв дуртай нь дуртай үедээ Үндсэн хуулиа ямар ч зэмлэлгүйгээр зөрчөөд байх ахул ерөөс хууль байх нь утгагүй. Шинэ тодотголоор энэ явдал засрах уу?

2. УИХ-ын гишүүд халдашгүй эрх гэгчээр халхлан ямар ч гэмт хэрэг үйлдэх болон урьд нь үйлдсэн бол огт гэм зэмгүй нуугдаж байна, тэднийг эгүүлэн татах механизм алга хэмээн олон түмэн шүүмжилдэг. Энэ нь ч үнэн болж УИХ гэмт этгээдүүдийн ял зэмгүй орогнох газар болсоор байна. Шинэ тодотголоор энэ гажгийг засаж чадах уу?

3. “Зөвшилцөх” гэсэн нэршил Үндсэн хуулийн нэлээд газар бий. Гэтэл амьдрал дээр энэ нь инстүүц хоорондын зөвшил биш субьект хоорондын тохироо, маргаан, булаацалдаан болж хувирсаар ирлээ. Үнэн хэрэгтээ хэн нь эцсийн шийдвэр гаргах эрхтэй нь маргааны бай болж төрийн тогтворшлыг самрах нэгэн хүчин зүйл болсоор ирэв. “Хууль тодорхой бус байснаас огт хуульгүй байсан нь дээр” гэдэг нь эртний герег-ромын үеэс мөрдөж ирсэн хуулийн зарчмын үндэс билээ. Шинэ тодотголоор энэ эвгүй байдал засрах уу?

4. Монгол Улс түүхэндээ шүүхийн бие даасан инстүүцтэй байж үзээгүй. Дандаа, хуультай, хууль хэрэгжүүлэх байгууллагатай, шүүн таслах эрх бүхий биеттэй байсан авч тэр нь үргэлж төрөөс, эрх мэдэл бүхий сүбьектээс, гадны колоньчлогчдоос бүрэн хамаарч байсан. 1992 оны Үндсэн хуулиар анх удаа Шүүхийн бие даасан байдлыг тунхагласан боловч одоо болтол хуучин дассан инерци хүчтэй үйлчилсээр. Шүүхийг ард түмэн сонгодоггүй, зөвхөн тодорхой инстүүц, бие хүн томилдог учраас шүүгчид үргэлж хамааралтай явсаар ирлээ. Шинэ тодотголоор энэ эвгүй байдал засрах уу?

5. Хууль санаачлах эрх УИХ-ын гишүүн бүр, нэмэх нь Ерөнхийлөгч, Засгийн газарт бий. Эд санаачлах байтугай өргөн барих, чуулганаар батлуулах эрхтэй. Иймээс үйлчилж буй хуультай, түүний дотор Үндсэн хуультай зөрчилдсөн, олон нийтийн санаа бодолтой үл таарах, хэрэгжихээрээ санхүүгийн хувьд бололцоогүй тухайн гишүүний “нэрэмжит” олон олон хууль батлагдан нийгэмд үйлчилж байна. Хаана ч хууль батлагдахдаа олон шалгуур давж байж нийгэмд үйлчилдэг. Төсөв санхүүгийн хувьд болон хуулийн хэрэгжилтийн хувьд бололцоотой эсэхийг тухайн Засгийн газар судлан санкци өгдөг эрхээр хангагдах ёстой. Энэ байдал шинэ тодотголоор засагдах уу?

6. Цэц бол Үндсэн хуулийн манаач. Нэгэнт манаач юм бол түүнээ бүхий л зөрчил халдлагаас хэзээ ямагт хамгаалж байх үүрэгтэй. 1992 оны Үндсэн хуулиар Цэц нь зөвхөн хэн нэгний гомдлоор төдийгүй өөрийн санаачилгаар хуралдан алив халдлага зөрчилтэй тэмцэх үүрэгтэй санаа буй боловч уг баримтад үүнийг маш тодорхойгүйгээр заасан учраас Цэц олон жилийн турш өргөдөл гомдол барагдуулдаг товчоо маягаар ажиллаж ирлээ. Чухам тийм л учраас Үндсэн хуулийг санаатай болон санаандгүй зөрчин халдсан хэдэн зуун тохиолдлыг харахын хүсэлгүй өнгөрөөжээ. Энэхүү бусармаг гэмээр адал явдал шинэ тодотголоор засагдах уу?

Цаана нь шашин, олон нийтийн байгууллага, Засгийн газрын бүтэц, яам агентлагийг шинээр төрсөн Засгийн газар ямар хяналттайгаар байгуулах эрхтэй тухай гэх мэт олон асуулт байгаа ч энэ удаа ингэсхийгээд орхиё.

 

Дэлгэрэнгүй ...

Бусад

Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана

Нийтэлсэн

-

Нийтэлч

Өнгөрсөн наймдугаар сард Боловсролын сайд П.Наранбаяр Монголын хувийн их дээд сургуулиудын холбооны төлөөлөлтэй уулзах үеэр ярилцсаны дагуу нэгдсэн байдлаар бүх хувийн их, дээд сургуулийн удирдлагуудтай уулзлаа.

Хувийн их, дээд сургуулийн удирдлагууд тулгамдаж буй асуудлуудаа хэлэлцэн нэгтгэж, төрийн дээд боловсролын салбар дахь оролцоо дэмжлэг болон эрх зүйн орчин, элсэлтийн босго, дээд боловсролын байгууллагуудын эрэмбэ, багшийн хөгжил болон нийгмийн баталгаа гэсэн чиглэлүүдээр санал хүсэлтээ илэрхийлэв. Тухайлбал, их, дээд сургуулийн онцлогийг харгалзаж үнэлэх замаар эрэмбэ тогтоох, төрийн зүгээс өмчийн хэлбэрийг ялгахгүйгээр адил тэгш бодлого хэрэгжүүлэх, салбарт хэрэгжиж буй хуулиудад өөрчлөлт оруулах шаардлагатай гэлээ.

Боловсролын сайд П.Наранбаяр их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллахаа онцолж, дээд боловсролын байгууллагуудын онцлог, чиглэлийг харгалзан ангилах байдлаар хөндлөнгийн байгууллагаар эрэмбэ тогтоолгох, элсэлтийн босгыг үе шаттайгаар өсгөн элсэгчдийг чанаржуулах бодлого баримтална хэмээв. Мөн бүх санал хүсэлтэд хариу өгч, нэгтгэж эрэмбэлэн үе шаттайгаар шийдвэрлэхээ хэллээ гэж Боловсролын яамнаас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...

Бусад

ТББХ: Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлыг хэлэлцэв

Нийтэлсэн

-

Нийтэлч

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2024 оны 11 дүгээр сарын 05-ны хуралдаанаар Төрийн байгуулалтын байнгын хорооны 2024 оны 01 дүгээр тогтоолоор байгуулагдсан ажлын хэсгийн танилцуулгыг сонслоо.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.5 дахь хэсэгт “Улсын Их Хурлын хяналтын сонсголыг зохион байгуулах нарийвчилсан журмыг Улсын Их Хурлын тогтоолоор батална.” гэж заасныг үндэслэн уг тогтоолын төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Төрийн байгуулалтын байнгын хорооны 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор УИХ-ын гишүүн О.Номинчимэгээр ахлуулан, УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, П.Сайнзориг, Х.Тэмүүжин нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан юм.

УИХ-ын гишүүн О.Номинчимэг ажлын хэсгийн дүгнэлтийг танилцуулав.

Тэрбээр, Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Их Хурлын хяналтын сонсголыг Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Нийтийн сонсголын тухай хууль болон Монгол Улсын Их Хурлын 2017 оны 12 дугаар тогтоолоор баталсан “Нийтийн сонсгол зохион байгуулах журам”-д заасны дагуу зохион байгуулж ирсэн.

Монгол Улсын Их Хурлаас 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-д Монгол Улсын Их Хурлын хяналтын сонсголыг зохион байгуулах зарим харилцааг нарийвчлан зохицуулж хуульчилсан байна.

Тодруулбал, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн Арван тавдугаар бүлэг бүхэлдээ Монгол Улсын Их Хурлын хяналтын сонсголыг зохион байгуулах дараах харилцааг нарийвчлан зохицуулсан байна. Үүнд:

  • 119 дүгээр зүйлд Улсын Их Хурлын хяналтын сонсгол явуулах талаар хүсэлт гаргах, хүсэлтийг шийдвэрлэх талаар;
  • 120 дугаар зүйлд сонсгол зохион байгуулах харьяаллын талаар;
  • 121 дүгээр зүйлд сонсголын бэлтгэл ажлыг хангах талаар;
  • 123, 124 дүгээр зүйлд сонсголд оролцогч, түүний эрх, үүрэг;
  • 125 дугаар зүйлд сонсгол даргалагчийн эрх, үүрэг;
  • 126, 127 дугаар зүйлд сонсголыг танхимаар болон цахимаар явуулах журам;
  • 128 дугаар зүйлд сонсголын тайлан, тэмдэглэл боловсруулж, олон нийтэд түгээх талаар;
  • 129-133 дугаар зүйлд Нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулах журам.

Өөрөөр хэлбэл, Улсын Их Хурлын хяналтын сонсголыг дээр дурдсан хуулийн зохицуулалтын хүрээнд зохион байгуулах боломжтой байх бөгөөд нарийвчилсан журам батлан гаргах тохиолдолд хуулийн зохицуулалтыг давхардуулан журамд тусгах нөхцөл үүсэж байх тул тус журмын төслийг боловсруулах шаардлагагүй гэж ажлын хэсэг дүгнэлээ гэлээ.

Түүнчлэн тэрбээр  2024-2028 оны парламентын бүрэн эрхийн хугацаанд холбогдох журмын тоог цөөлж, хуулиар зохицуулах шаардлагатай зохицуулалтыг журмаар биш хуульд тусгаж байх стратегийг баримталж байгааг дурдаад, цаашид хууль хэрэглээний хувьд ойлгомжтой болгох үүднээс Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тохиолдолд хяналтын сонсголын зохион байгуулалттай холбоотой зарим шаардлагатай зохицуулалтыг нэмж тусгах саналтай байна хэмээсэн. Тухайлбал, тус хуулийн 121 дүгээр зүйлийн 121.6-д заасны дагуу шинжээчийг томилохдоо ажлын хэсгийн саналыг үндэслэн Байнгын хороо тогтоол гаргахаар зохицуулсан байна. Өөрөөр хэлбэл, ажлын хэсэг байгуулагдаагүй бол шинжээч томилох хүсэлт гаргах субьект хэн байх талаарх зохицуулалтыг тодорхой болгох шаардлагатай. Түүнчлэн сонсгол явуулах бүтэц нь Байнгын хороо, дэд хороо байх олон улсын жишигт нийцүүлэх нь цаашид Байнгын хорооны үйл ажиллагааг илүү мэргэшсэн, уялдаа холбоотой байх ач холбогдолтой тул холбогдох өөрчлөлтийг хийх хэрэгтэй. Мөн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэг, 126 дугаар зүйлийн 126.5 дахь хэсгийг тус тус хүчингүй болгох саналтай байгаагаа танилцуулсан юм.

Ажлын хэсгийн дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй.

Мөн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлыг хэлэлцэв.

УИХ дахь МАН-ын бүлгээс тус дэд хорооны бүрэлдэхүүнээс УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарыг чөлөөлж, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очирыг бүрэлдэхүүнд оруулах саналыг ирүүлсний дагуу Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүний тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсруулжээ.

Хэлэлцэж өуй асуудалтай холбогдуулан асууж, санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг хэлэлцэн батлахыг дэмжин, Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Дараа нь  “Монгол Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Тогтоолын төслийн талаар Байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ танилцуулсан. Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэгт зааснаар Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалт нь төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус гэсэн төрөлтэй байх бөгөөд мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.6 дахь хэсэгт заасны дагуу Төрийн байгуулалтын байнгын хороо Улсын Их Хурлын ээлжит чуулганы хугацаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглаврыг холбогдох шийдвэрийн төслийн хамт нэгдсэн хуралдаанд оруулж, шийдвэрлүүлэх ёстой хэмээв.

Мөн тус хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт заасны дагуу Байнгын, дэд хорооноос хийх төлөвлөгөөт хяналт шалгалтыг Улсын Их Хурлын төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглаварт тусган хэрэгжүүлэхээр заасныг тодотгоод, хяналт шалгалтын талаар Байнгын хороодоос холбогдох саналыг авахад Аж үйлдвэржилтийн бодлогын, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос тусгайлан санал ирүүлээгүй гэлээ.

Байнгын хороодоос ирүүлсэн санал болон хяналт шалгалтын бусад асуудлын хүрээнд УИХ-ын 2024 оны намрын ээлжит чуулганы хугацаанд зохион байгуулах нэр дэвшигчдийн хяналтын сонсголыг УИХ-ын төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглаварт тусган боловсруулсан хэмээн танилцуулсан юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэг, иргэдээс ирж байгаа хүсэлт, өргөдлийн дагуу хууль зүйн бодлоготой холбоотой, ялангуяа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль тогтоомжийн биелэлттэй холбоотой асуудлыг  хяналт шалгалтын цаглаварт оруулах асуудлыг хөндөн байр сууриа илэрхийлсэн.

Эцэст нь тогтоолын төслийг хэлэлцэн батлах асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжин чуулганы нэгдсэн хуралдаанд Байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулахаар тогтов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй ...

Бусад

 Дэлгэрэх цехийн М.Эрдэнэцэцэг

Нийтэлсэн

-

Нийтэлч

“Манайх эсгий бүрээсээс  бусдыг үйлдвэрлэдэг,  гадуур дотуур цагаан бүрээс, давхарга, берзинт, өрх гээд л.  Миний хувьд 1993 оноос  өрхийн  үйлдвэрлэл эрхэлж,  ээжтэйгээ хамт  цагаан бүрээс оёж эхэлсэн. Түүнээс хойш 31 жил  өнгөрсөн байна.  Манайхыг  аж ахуйн нэгж  гэж  ойлгов оо,  оёдлын цех шүү. Ажлын байрны хүчин чадлын тухайд 16 хүн ажиллах боломжтой ч өнөөдрийн байлаар найман оёдолчин ажиллаж  буй ” хэмээн үйл ажиллагаагаа танилцуулсан  бүсгүй бол БЗД-ийн иргэн, Дэлгэрэх цехийн эзэн М.Эрдэнэцэцэг.   Гав шав хийсэн гялалзуур  эмэгтэй шүү гэх тодотголд яг таарах хүн гээд хэлчихвэл буруудахгүй л болов уу. Түүний ажил агуулахаас бүс бараагаа ангилж татахаас эхэлж, эсгүүр хийх, оёдол, ангилах,  бэлэн болсон бүтээгдэхүүнээ Нарантуул руу хүргэх, орон нутаг дахь борлуулагчид руугаа ачуулах гэхчилэн амсхийх завгүй гүйсээр үдшийн бүрийтэй золгоно. Ажлынхаа завсраар өндөр настай ижий, хүү хоёроо халамжлах учиртай.  Бас ажлын хамт олон гэж бодлын үзүүрт өнжих найман бүсгүй, хоёр эр бий. Хүний л амьдрал болохоор  жаргал зовлон ээлжилнэ. Ямар ч үед дэргэд нь байж,  зүдрэх үед нь энгэртээ наах нь   миний үүрэг гэж ойлгох түүнд  хамт олон нь хачин сайн юм билээ.  Нэгэн цагт ээжүүдээ дагаж, цехийнх нь умгар өрөөнд эрхэлж наадаж өссөн охид  амьдралд хөл тавьж,  эдүгээ  оёдолчин болцгоон  хоёр ээжтэйгээ мөр зэрэгцэн ажиллаж байгаа гээд бодохоор Дарь-Эхийн овооны энгэр бэлд бууриа засч  төвхнөсөн жижигхэн цехийн түүх эгэлгүй агаад бахархам ажээ.

Ажилсаг ээжийн хичээнгүй охин

М.Эрдэнэцэцэг өөрийнхөө сайн сайхан явааг ээжийнхээ ажилсаг чанартай холбоно. Ё.Нармандах хэмээх гайхамшигт эмэгтэй бол түүний ээж. Цэл залуугаараа ханиасаа хоцорч гурван үрээ хөлийг нь дөрөөнд,гарыг нь ганзаганд хүргэсэн ижийгээрээ охин нь өнөөдөр гангарч сууна.

Хөнгөн, хүнсний техникум төгссөн  залуухан бүсгүй амьдралд хөөр баяртайгаар  хөл тавьтал   мэргэжил бус юу чаддагаараа амьдарлаа залгуулах тийм цаг  үе тосох нь тэр. Тодруулж хэлбэл, БНМАУ зах зээлийн нийгэмд шилжсэн 1990 оны цагаан морин жил.  Амьдралын  ямар ч үед хөл алдаж үзээгүй ижий нь  “Эрдэнэцэцэг ээ, миний охин ижийнхээ оёдлын машинаар хоолоо олж ид. Нагац  ахын чинь хүүхдүүд гэрийн бүрээс, цаваг оён Дэнжийн мянгын зах дээр борлуулж байна. Борлуулалт ч гайгүй бололтой. Би тэдэнд тусалж, гэрийн бүрээс, цавгийг яаж эсгэдэг, хэрхэн оёдгийг мэдэж авлаа. Одоо хоёулаа үзээд алдая. Монгол хүн байгаа цагт монгол гэр байж л таарна” хэмээн цуу ямбуу даавуу  дэлгэн анхны эсгүүрээ хийсэн тэр өдрөөс хойш бага таван ханатын баруун талаас оёдлын машины дуу тасраагүй гэж хэлж болно. Ингэж л тэрбээр өөрийн гэх орлоготой энэ цагийн хэллэгээр бизнесийнхээ гарааг эхлүүлсэн түүхтэй.

Оёдлын цех байгуулагдаад 31 жил болжээ. Хүний амьдралын бүхэл бүтэн үе ч гэж хэлж  болохоор.  Өсч дэвжсэн түүх нь  энгийн юм шиг атлаа шантарч, уйлж дуулж явсан өдрүүд М.Эрдэнэцэцэгт бий.  “Одоо л хөл дээрээ босох нь. Банкнаас авсан зээлээ түүртэлгүйгээр дарж чадах  цаг айсуй” хэмээн  бүтэн нойртой хонож эхэлтэл гал усны гашуун зовлонгийн өмнө өвдөг сөгдөх нь тэр. Амсхийх гэдгийг умартан зүтгэж байж  бий болгосон бүхнийг нь дүрэлзсэн гал хамж аваад үнс болгож орхив. Хүний амь эрсдээгүйд нь магнайгаа хагартал баярлавч ёрдойж харлаад  үлдсэн төмрийн хог, утаа савсуулан уугих бууриас  өөр юу ч үгүй хоцорсондоо харамсан, харамсан уйлж зогссон тэр хүнд үеийг туулаад л гарсан.  Ажлын байрны тав тухтай орчныг бүрдүүлэхийн төлөө хичээн 2019 онд  үйлдвэрийн хоёр давхар  шинэ байраа ашиглалтад оруулав.  Эдүгээ агуулах, савтай ч болсон байна. Бараа материалаа ч жилийн дөрвөн цагийн эргэлтийг  даахуйцаар нөөцлөх эдийн засгийн боломжтой болсон гээд багагүй амжилтад хүрсний нууц нь  маш энгийн. Эрхэлсэн ажилдаа сэтгэлээ өгч, хичээх  явдал.  Түүнчлэн хэлсэн үгэндээ хүрч, үнэнч байдлыг эрхэмлэдэг чанар  аж.

Хөндлөнгөөс харахад,  сувд мэт шаргалтан цайрах цуу ямбуу даавуу нэгэн хэмээр нүргэлэх  оёдлын машины дуу, үйлчин бүсгүйн хурдан шаламгай хөдөлгөөнтэй  өнгө хослохуй  дор монгол гэрийн гоёл болох гадуур, дотуур цагаан бүрээс, цаваг, өрх  болж хувирна. “ Үнэтэй торгон хөшиг хэцээр татаж” хэмээх шүлэг зөвхөн шил толь болсон орд харшийнх бус талын Монголын үнэт өв монгол гэрийн дотуур хөшиг ч хээ хуар, саа бүхий үнэтэй торгоор хийгддэг болсныг энэ  цехийн үйлдвэрлэж буй бараа бүтээгдэхүүнээс олж харснаа нуух юун.

“Цэцгээ гэдэг оёдолчныг хайж явна”

Худалдан авагчид түүнийг ийн сурагласаар ирэх нь бий. “Байнгын минь хаяг Нарантуул зах”  шүү дээ хэмээн цайлганаар инээх оёдолчин бүсгүйг  малчид андахгүй болжээ. Жил өнжөөд л гэрийнхээ гадуур, дотуур цагаан бүрээсээ сольдог учраас түүний урласан цагаан бүрээсүүд борлогдохгүйн зовлон үгүй. Ийм амжилтад хүрэхийн тулд  монгол гэрийн давуун эдлэлийн зах зээлийг алдахгүйн төлөө тэрбээр 31 жил тасралтгүй хөдөлмөрлөсөн. Гэхдээ үнэнчээр.  Үйлдвэрлэлийн аль ч шат  дамжлагад алдаа гарах ёсгүй гэж тэр үздэг. Түүний  баримталж ирсэн зарчим бол чанартай бүс даавуугаар бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх,  худалдан авагчаа солихгүй байх явдал.  Нэг удаагийн ашиг бодох бус  зөвхөн өөрийг нь зорьж ирэх худалдан авагчаа дээдлэх учиртай хэмээн мань хүн үздэг байна. Тэр утгаараа байнгын үйлчлүүлэгчийн захиалгыг цаг хугацаанд нь гаргаж өгөхийг хичээхийн сацуу худалдаж авсан бүрээс нь очоод барихад язайхгүй,  дутахгүй байх ёстой гэдэг дээр анхаарч ажилладаг  байна. Үр дүнд  нь  малчид итгэлээ өгч, Эрдэнэцэцэг буюу Цэцгээ оёдолчны  сэтгэлээ шингээж оёсон гэрийн даавуун эдлэлийг сонгож тэр хэрээр  эрэлт ч их болжээ. Үүнээс гадна бараа бүтээгдэхүүнийхээ чанарт онцгой анхаарч анхны дамжлаг болох хамгийн чанартай даавууг сонгож, үйлдвэрлээ явуулна.  Бас итгэлийн асуудал. Энэ талаараа тэрбээр   “Манайх  түншүүдтэйгээ 2004 оноос  хамтран ажиллаж,  бие биеийнхээ итгэлийг алдахгүй явсаар өнөөдөртэй золгосон.  Аливаа үйл хэрэг  итгэлцэл дээр тогтдог бөгөөд хэн хэнийхээ итгэлийг алдахгүй байх аваас хамтын ажиллагаа улам л бэхжин хөгждөг жамтай” хэмээн өгүүлсэн.

М.Эрдэнэцэцэг  олонтой нэгэн.

Оёдолчдынхоо  ахуй амьдралыг өөд татаж, хамтдаа хөгжих нь түүний  зорилго. Зорилгодоо хүрэхийн тулд тэднийгээ ажлаар хангах явдал. Азаар бидэнд ажилгүй өнжих өдөр гэж үгүй. Өөрөөр хэлбэл, захиалга тасардаггүй гэсэн үг.  Гэхдээ тэдний   ажил улирлын чанартай гэдгийг хэлэх нь зөв байх.   Шинэ гэрийн найр наадам, хуримын сар дуусмагц  автомашины дулаан хучилга, гэрийн хаалганы дулаалга руугаа орно.  Тэгээд арванхоёрдугаар сарын сүүлчээс хойш  үндсэн бүтээгдэхүүнээ оёж эхэлдэг байна. Нөөц гэж ч ойлгож болох юм билээ.   Нөгөөтэйгүүр,  түүнийг тойрон найман “цэцэг”  эргэлдэж буй.  Түүний ”торгон” цэрэг  П.Алтанцэцэг гэхэд л  Дэлгэрэх цехэд 18 жил ажиллаж байгаа бөгөөд үйлдвэрийнхээ бүхий л үйл ажиллагааг хариуцна.  И.Санчирын тухайд 16 дахь жилдээ ажиллаж байгаа.  Оёдол хийхээс гадна оёдлын машины бүхий л засвар үйлчилгээг хариуцдаг алтан гартай бүсгүй. Тэрбээр  дулаалга, давхарга, берзинт гээд  бүсгүй  хүн оёход хэцүү байж мэдэх оёдлыг ч өлхөн хийдэг.  Цехэд шинэ хүн орж ирэхэд оёдлын  бүх шат дамжлагыг  зааж сургах үүрэг түүнийх. О.Лхамсүрэн  хамт олныхоо  эд эс нь  болоод 12 жил болжээ.  Алиа хошин, нийтэч зантай хэмээн танилцуулсан. И.Оюунтүлхүүр арав дахь намартайгаа золгож байгаа.  Залуучууд дотроо хамгийн хурдан шалмаг, дайчин бүсгүй гэж ирээд л  дарга нь магтаж байна лээ.  С.Мөнхзул бүсгүйн  хувьд үйлдвэрлэл хариуцдаг П.Алтанцэцэгийн охин нь.  Уг нь тэрбээр тогооч мэргэжилтэй.  Дээр дурдсан   цехэд өсч торнисон хоёр охины нэг нь.  Цехийн хамгийн залуу ажилтан бол Т.Төмөрбаатар. Ажилд ороод хоёр жил болж байгаа ч аливаа зүйлийг маш хурдан сурдаг, хичээнгүй залуу гэсэн шүү. Бидэнтэй уулзаж амжаагүй ч заавал онцолж хэлэх оёдолчин бол н.Содцэцэг. Тэрбээр  зөвхөн гэрийн торгон хөшгийг дагнаж урладаг.  Тэд хамтрагчид болоод арав гаруй  жил болжээ.

Дашрамд өгүүлэхэд,  оёдлын салбарт   голдуу эмэгтэйчүүд  ажилладаг.  Тэд хоногийн талыг  ажил дээрээ өнгөрүүлэх нь бий.  М.Эрдэнэцэцэг ажил олгогчийн хувьд  оёдолчдынхоо ахуй амьдралыг гарын таван хуруу шигээ мэднэ.  Тиймээс  охиддоо  боломжийнхоо хэрээр туслахыг хичээн зээл өгөх,  тусламж үзүүлэх  зэргээр  ахуй амьдралд нь дэм болсоор ирсний үр дүнд  эхнээсээ өөрийн гэсэн хашаа, байшинтай болцгоожээ.  Энэ бол хувь хүний сэтгэл мэдэх асуудал.   Дэлгэрэх цехийнхэн ядарч зүдэрч яваа нэгэнд  сайхан сэтгэлийн гараа байсхийгээд сунгадаг талаар БЗД-ийн нийгмийн ажилтан онцолсныг уншигчдадаа дуулгахад таатай байна. Өнгөрсөн жилүүдэд жил дараалан болсон үер ус, зуд турханд  өртсөн хэд хэдэн айлд Дэлгэрэх цехийнхэн  иж бүрэн гэр, гэрийн бүрээс хэрэгсэл болон эд материалын тусламж үзүүлж ирснийг мэдэх хүн олон.

 

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм2 цаг өмнө

Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ

Улс төр2 цаг өмнө

Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө

Улс төр4 цаг өмнө

Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо

Улс төр4 цаг өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ

Улс төр4 цаг өмнө

Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр

Улс төр1 өдөр өмнө

“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна

Улс төр1 өдөр өмнө

Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав

Дэлхий дахинд1 өдөр өмнө

АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ

Энтертайнмент1 өдөр өмнө

“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо

Энтертайнмент1 өдөр өмнө

Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо

Нийгэм1 өдөр өмнө

Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна

Нийгэм1 өдөр өмнө

Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ

Нийгэм1 өдөр өмнө

Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ

Нийгэм1 өдөр өмнө

Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой

Нийгэм4 өдөр өмнө

О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой

Нийгэм4 өдөр өмнө

“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ

Улс төр4 өдөр өмнө

Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ

Бусад5 өдөр өмнө

Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана

Нийгэм5 өдөр өмнө

Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө

Дэлхий дахинд5 өдөр өмнө

Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ

Нийгэм5 өдөр өмнө

Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны цахим бүртгэл эхэллээ

Нийгэм5 өдөр өмнө

Хог шатсан дуудлага нэмэгдэх хандлагатай байна

Нийгэм5 өдөр өмнө

Сонгинохайрхан дүүргийн 75 өрхийн цахилгааны монтажийг шинэчиллээ

Нийгэм5 өдөр өмнө

Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ

Улс төр5 өдөр өмнө

Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжих санамж бичиг байгууллаа

Нийгэм5 өдөр өмнө

Нийслэлийн хэмжээнд хүүхдийн амбулаториуд уртасгасан цагаар ажиллаж байна

Улс төр5 өдөр өмнө

“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсгол боллоо

Улс төр6 өдөр өмнө

Ж.Баясгалан: Өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд халамж авахаасаа илүү боломж олдвол хөдөлмөрлөхийг хүсдэг

Улс төр6 өдөр өмнө

“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

Улс төр6 өдөр өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм3 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг7 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад11 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим