Бусад
Шарласан талд гунигт дарагдан сүүмийх ДОРНОД
Ч.ЧУЛУУНЦЭЦЭГ
Цагийн хүрд жам ёсоороо эргэж, зуны дунд сар гарсан хэдий ч зорьсон газар ойртох тусам газар тэнгэр улаанаар эргэлдэж, зам зуур зогсох төдийд хамар руу элс чихэж, унаж яваа машин минь салхинд ганхан, жолоогоо сайн атгаж явахгүй бол засмал замаас гарчих гээд тэвдүүлж явсаар нар жаргахын үед Чойбалсан хотын барааг харах нь тэр. Тал нутгийнхны яриагаар бидний замд гарсан тэр өдөр үнэхээр түйрэн болоод өнгөрсөн юм билээ. Бид л мэдэхгүй, юу гээч нь энэ вэ хэмээн дуу алдаж, гайхширч явснаас биш. Уг нь хөдөө рүү хүлгийн жолоо залах шиг сайхан томилолт сэтгүүлч бидэнд үгүй билээ. Хаашаа л харна нүд алдам талд нялх ногооны үнэр хамар цоргин цаанаа л сайхан байдаг юм. Энэ зуны тухайд нэг л биш. Өлөн элсний шороонд дарагдсан өнгөрсөн намрын хатсан өвсний үлдэгдэл, өндөр ургасан шивээ, зангуунаас өөр нүднээ торох зүйл өвс ургамал үгүй аж. Ер нь Хэнтийгээс цааш зуншлага тун тааруу, цас их орсон байж мэдэх гуу жалга, голын хөвөөний намгархаг хэсгээр л газрын өнгө засарч ногоон туяа суусан харагдана. Хөндийгөөс хөндий дамжин хүүгэх хүйтэн салхи байгалийн хамаг шим шүүсийг хуу сорчихож байгаа юм чинь яаж ч хангай дэлхий дэлгэнэх билээ. Зам зуур өлдөж, үхсэн л байдаг байх даа, гэдэс нь тийрсэн малын сэг зөндөө. Хавирга нь нэвт гэрэлтсэн адуу, ташаан толгой нь ёрдойсон үхэр, нуух нусандаа баригдсан хонь, ямааг хараад хэзээ тэнгэр хангай налайж энэ хэдэн малын зоо тэнийх бол хэмээн гэхээс мал, малчин хоёрыг өрөвдөж явлаа. Ийм л дүр зураг дундуур дов цаг дор Дорнод аймагт ажиллаад ирлээ. Социалист нийгмийн үед Эрдэнэт, Дархантай эн зэрэгцэн хөгжиж байсан Чойбалсан хот хөгжил цэцэглэлтийн тухайд бүтээн байгуулалт, ажил үйлсээрээр бусдыг манлайлан Монгол Улсын тэргүүний аймаг болсон гэхэд итгэхэд бэрх. Шинэ цагийн Монгол Улсын гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд буй болсон орон сууцны хороолол, хувийн эзэмшлийн дөрвөн зочид буудал, худалдааны төвийг эс тооцвол нүд баясгаж, чих дэлдийлгэх зүйлээр хомс аж. Олон жилийн өмнөх Адуунчулууны уурхай нь байдаг газартаа, байдаг янзаараа л байна лээ. БНМАУ-ын хөгжлийн оргил үе болох 1960-1990 онд Чойбалсан хот Зөвлөл –Монголын найрамдлын бэлгэ тэмдэг болон хөгжсөн түүхтэй. Энэ л он жилүүдэд Адуунчулууны нүүрсний уурхай,Дулааны цахилгаан станц, Мах комбинат, Ноос угаах үйлдвэр, Хүнсний комбинат, Геологийн экспедиц, Техник туслалцааны барилга трест, Нефьт хангамжийн газар, Авто засварын газар, Гадаад худалдааны дамжлага бааз, Худалдаа бэлтгэлийг удирдах газар, Материал техникийн хангамжийг удирдах газар, Нэгдэл дундын үйлдвэр, Ус суваг ашиглалтын контор, Силикат тоосгоны үйлдвэр, Хивсний үйлдвэр зэрэг үйлдвэр аж ахуйн газрууд ашиглалтад орж, зөвхөн Дорнод аймаг, Чойбалсан хотыг бүтээгдэхүүн, үйл ажиллагаагаар хангаад зогсохгүй Монгол орны зүүн бүс рүү чиглэсэн үйл ажиллагаа явуулж, эдийн засгийн том төв олон өргөжин хөгжиж байсансан. Гэвч өнөөдөр тэднээс тоотой хэд нь үлдэж, бусад нь хувь хүний гарт очоод мааниа уншуулсан сураг дуулдсан. Гурилын үйлдвэрийн араг яс аймгийн төвийн баруун хойно харагдсан. Уг нь энэ аймагт хөгжих бүрэн боломж нь бийсэн. Дэлхийд толгой цохиж яваа хоёр их гүрэнтэй хиллэдгийн хэргийг гаргаж чадаж байгаа эсэхэд хэн хүнгүй л эргэлзэх. Дээр нь хосгүй байгалийн баялагтай. Газрын тос, алт, нүүрс гээд л. Газрын хөрс нь ч гайхалтай үржил шимтэй. Ямар атлаа л япончууд шүлсээ залгин зуун жилээр газар нутгийг нь түрээслэх санал тавих билээ дээ. Үүнээс гадна түлхэж, чиглүүлээд өгвөл дорнодчуудын өмнөөс нь гүйх хөрөнгө чинээгээрээ УИХ-ын 76 гишүүн дундаа толгой цохидог хоёр ч түшээ төрийн ордноо залран буй. Тэднээс дорнодчуудынхаа төлөө та хоёр юу хийсэн юм бэ гээд асуучихвал амаа ар дээрээ гартал алгадуулчихаж мэднэ. УИХ-ын хоёр ч сонгуулийн хугацаанд их л зүйл хийгээ биз. УИХ-ын гишүүн Х.Болорчулууны тухайд бүх л бизнес нь Чойбалсанд бий гэж дуулдсан. Гурилын үйлдвэрийг хувьчилж аваад таший шог болгосон гэх яриа чих дэлдсэн. Аймгийн төвд сүндэрлэсэн шил толь болсон зочид буудлуудын нэг нь түүнийх байж мэднэ. Н.Номтойбаярын тухайд нүүрсний шинэ уурхай ашиглалтад оруулсан хэмээн томрох биз. Технологийн хувьд дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэх хэмжээнийх ч зах зээлдээ баригдаад төдийлөн үр ашигтай ажиллаж чадахгүй байгаа юм билээ. Олон арван хүнийг ажилтай болгох гэсэн санаа нь сайхан юм, хөөрхий. УИХ-ын гишүүний төсөвт хэдэн төгрөгөө ардаа юу, өмнө өө барих уу гэх асуудал түүнийг зовоодог л биз. Дээр нь орон нутагтаа байгаа хэд нь архидаж, дампуурахаас цаашгүй нөхдүүд байдаг сураг дуулдсан. Гэхдээ дээр дурдсанчлан сайн зүглүүлээд, захиас даалгавраа өгөөд явбал Н.Номтойбаяр бол юм юмтай хүн. Ийм боломж бий атал хэдэн зуугаараа гудамжинд лааз өшиглөн, төрөөс хайр халамж хүсэмжлэн гараа тосон бэдрэх нь гутамшигтай. Нөгөөтэйгүүр, Дорнодын талд хятадууд эзэн суужээ хэмээн хэвлэлээр шуугих болсон. Үнэн хэрэгтээ Чойбалсан хотын төвөөр өмдөө чирсэн хятад хүн олж хараагүй. Газрын тосны компаниудад хэдэн арваараа ажилладаг байж мэднэ. Харин цөөнгүй тооны хятад иргэд малчин айлд хөлсний туслах малчнаар ажиллаж байгаа гэж дуулдсан. Яагаад, ажилгүй, ажил хайсан нөхдүүд хэдэн зүугаараа байхад хятад хүн Монгол Улсад мал маллах хэмээх хүн захаас аван таарах биз. Гэвч бодит амьдрал дээр монгол хүн монгол хүнээсээ нүүр бууруулах болжээ. Учир нь монгол хүн монгол хүнээ араар нь тавьж, мал хариулж явахдаа бэлчээр дээрээс малыг нь зарж хулхиддаг байдал дэндүү газар авсан гэнэ. Тиймээс аргаа ядсан өмчний эзэн хятад хүнд мөнгө төлж малаа хариулуулах болсон байна. Бас эсрэгээр манайхан Өвөрмонголын Хөлөнбуйр хошуунд өдрийн 150 юанаар туслах малчнаар ажилладаг аж. Харамсалтай нь тэдний цөөнгүй нь ажлын хөлсөө авч чадалгүй, арайхийн нутгийнхаа барааг хардаг талаар Цагаан-Овоо сумын Засаг дарга өгүүлсэн. Тэр бүү хэл, зургаан сар ажиллачихаад мянган юань халаасалж ирсэн нөхөр ч хэд хэд бий юм байх. Монголчууд залхуу,ямар ч зүйлийг аргалах гэдэг зальхай гэдгээрээ өвөрмонголчуудад алдартай болжээ. Тиймээс хийсэн ажилд нь таарсан хөлсийг нь өгөөд хөөгөөд явуулдаг байхыг үгүйсгэх аргагүй. Эх орондоо байж, эхнэр хүүхдээ тэжээж чадахгүй, өглөө үдэшгүй архи хөөдөг нөхдүүд хүний газрын хамар нь хүртэл хатуу байдгийг мэдэж авч байгаа нь нэг бодлын сургамж, сануулга байж ч мэднэ. Ямартай ч дорнодчууд залхуу гэдэг тэдний өдөр тутмын амьдралаас харагдах аж. Дорнод аймаг олон хөлийн газар. Буйр нуур үзэнгээ цаашлаад Манжуурыг үзэх гэсэн дотоодын жуулчид тасардаггүй бололтой. Тэдний цөөхөн нь л агаарын аяллыг сонгодог бол найз нөхөд, хамт олноороо яваа жуулчид газрын аялалыг сонгох нь бий. Үдэш оройтож очсон жуулчдыг хүлээж аваад хооллох газар тун цөөн. Ганц нэгхэн буудлыг эс тооцвол оройн 20 цагтай уралдаад л зоогийн газар, ресторанаа түгжиж аваад сураггүй алга болно. Чойбалсан хотод үдэш 21 цагаас хойш очвол хоолгүй, хоног төөрүүлэх буудлаас өөр юу ч олж чадахгүй гэдгийг батлан хэлэх байна. Гэр хорооллын гудамжинд нь дэлгүүр мухлаг бий л байх. Гэхдээ түүнийг нь явуулын улс хайж олно гэж юу байх билээ. Дугуй засварын газар байлаа ч мөн л шөнө ажилладаггүй. Уг нь урин дулаан цаг, жуулчны үеийг ашиглаад хэдэн төгрөг халааслах аянд хэн хүнгүй мордож болмоорсон. Тийм санаа, сэдэл, сүүхээ дорнодчуудад үгүй аж. Тэгэхээр ямар нэг байдлаар амьдрал нь болоод байдаг учраас тэр байх. Аймгийн төвд хоног төөрүүлээд гарсан сэтгэгдэл нэг иймэрхүү.
Согтуу, залхуучуудын нутаг Цагаан-Овоо сум
Ийн хатуу хэллээ гээд Цагаан-Овоо сумынхан минь бүү эмзэглээрэй. Хатуу үг амьдралд хэрэг болдог гэх утгаар нь шулуухан өчсөн хэрэг. Цагаан –Овоо уг нь сайхан нутаг юм билээ. Цагаан зээрийн өлгий нутаг гээд хэлчихвэл буруудахгүй байх. Нарны тоос татуулан машины урдуур гарах гэж хурд мэдэн харайлгах цагаан зээр тэнд л хэдэн зуун мянгаараа бэлчиж байхтай таарав. Хангайнхан үл тоох намхан довцог дов толгод дунд цайран харагдах нуураас ус уугаад гарч байхтай нь таарсан явуулын бид шүлсээ залгихаа марттал амаа ангайсан шүү. Байгалийн баялагтай ч юм билээ. Гагцхүү эдийн засгийн эргэлтэд зөв оруулах явдал. Боломжууд байсаар атал хэн нэгэн хүн тэдний өмнөөс хөдөлмөрлөж, бэлэн хоол, эд хөрөнгө тараахыг нь хүлээсэн мэт амьдрах юм даа, та нар минь. Цагаан-Овоо сум аймгийн төвөөс зуу гаруй км-ийн цаана оршино. Зам цагаан, бартаа саад үгүй. Сайжруулсан шороон замаар тайван яваад хүрэхэд ердөө хоёр цаг хагас. Толгойтоос Сансар ороход үүнээс илүү хугацааг зарцуулдаг хотынхонд инээдтэй байгаа биз. Зам зуур бэлчих адуун сүрэг, сүргээсээ тасарч хээр унтаж орхисны буянаар эхийгээ хайн зүгээ алдан унгалдан давхих унагыг өхөөрдсөн шигээ явсаар нэг л мэдэхэд буйдхан орших Цагаан –Овоо суманд ирсэн байлаа. Уг нь жижигхэн хөөрхөн сум аж. Хувийн хэвшлийнхний барьсан тод өнгийн дэлгүүрийн барилгуудыг эс тооцвол нүд баясгах бүтээн байгуулалт тэнд алга. Сумын төвийн баруун захыг элэгдэж, муудсан Соёлын төв, Засаг даргын тамгын газрын барилгууд эзэлжээ. Ядах нь зэрэгцэн оршихыг нь яана. Засаг даргын тамгын газрын бариулаас нь татаад л бухимдсан. Тоос шороо, элсэндээ дарагдсан амбаар. Уг нь хөөрхий хоёр давхар юм. Албан тасалгаануудынх нь хаалга дээр төрийн үйлчилгээний байгууллагын янз бүрийн хаяг байна. Цагаан –Овоо сумын Засаг дарга, ИТХ-ын дарга, Төрийн сангийн даамал, Нийгмийн ажилтан гэх мэтчилэн. Төрийн сангийн даамал, санхүү алба хоёр нь өөд өөдөөсөө харсан өрөөнд байрлажээ. Банштай цайны үнэр ханхийсэн өрөөний хаалгыг татвал санхүү алба нь юмсанж. Халуун тогооны уур галлагаа зогссон хүйтэн өрөөг тэр чигт нь цантуулж орхисон тул осолтгүй хоёр эмэгтэй өөд өөдөөсөө хараад суудгийг олж мэдсэнээс цаашгүй. Засаг дарга гэсэн өрөөг хайсаар яваад олтол цоожтой. Босго нь элсэнд дарагдсан байхыг харсан хэн бүхэн ойрд ажилдаа ирээгүй юм байна гэж бодохоор. Засаг ноён нь ажлаа хийж л байгаа юм билээ. Босготойгоо зэрэгцтэл элсэндээ даруулж суугаа Засаг ноёныг ямар ажилтай дарга гэх вэ дээ. Хөөрхий түүнийг ИТХ-ын даргынхаа өрөөнд суун ажлаа ярьж байсантай нь таарч барьж авсан. Энэ өрөө санасныг бодвол дажгүй. Хоёр даргынхаа өрөөнөөс эхлэн зиндаагаар нь өрөөнүүдийг нь засч байгаа гэсэн. Сумын хэсгийн төлөөлөгчийн өрөөг бол шагайлтгүй. Шал нь цөмөрчихсөн, утаа униарт идэгдсэн хөлдүүс даасан дөрвөн хана байна лээ. Тамгын газрыг өөд татаж байгаа ганц зүйл нь сумын ИТХ-ын гишүүдийн танилцуулга бүхий зурагт самбар. Маш гоё харчууд, бүсгүйчүүд. Үлгэрийн дагинас, хан хөвгүүд адил үзэсгэлэн гоо. Зураг шигээ бол үнэхээр нүд булаам сайхан залуус сум, орон нутгаа өөд татахгүй элстэй нь хутгаж орхисон байхаар хэн Цагаан-Овоог өөд татах билээ. Тэр өдөр аймгийн ИТХ-ын Өргөдөл гомдол хариуцсан төлөөлөгч, Ардчилсан намын төлөөлөл гэх шөвөлзсөн, ажлаа мэддэг бүсгүй иргэдтэй уулзахаар Цагаан-Овоо суманд хүрэлцэн ирсэн байв. Уулзалт сумын соёлын төвд болно гэсэн зарын дагуу хэрэгт дурлав. Анхиагүй ноёнд урагшгүй албат гэдэг дээ. Засаг даргын тамгын газраа өөд татаж чадахгүй байгаа Засаг даргын тамгын газрын ажилтнууд, албан хаагчид соёлын төвөө мөн л гаргуунд гаргажээ. Нэг л өдөр дээвэр нь нурах байх гэмээр дан нуруу нь хотойсон социализмын үеийн барилга байв. Цагтаа ганган эд байсан нь ганц нэг зүйлээс нь харагдана. Одоо бол шалных нь будаг халцарсны дээр хэдэн сар ч ус хүргээгүй юм бүү мэд. Гутлын мөрөөр өлөн цагаан тоос дэгдэж, хоолой эрвэгнүүлэх нь түвэгтэй. Хоёр сайхан том цонхтой ч түүнийг хар хөх өнгийн даавуугаар хаажээ. Уг нь цагтаа хөшиг нь байсан бололтой. Эдүгээ хадаасаар торгоосон төдий. Хөшигний нэг тал унжиж, хүүхдүүд унжсан үзүүртэй ноцолдон зугаацана. Сумын төвийн хэдэн барилгын булан тохой бүрт үс гэзэг нь ширэлдсэн эрчүүд хэд гурваараа бөөгнөрөн архи ууцгаах нь нэн түвэгтэй. Тэд гадны хүнийг андахгүй. Буриад хөвүүний цөс хөөрөхийг харах уу хэмээн дөвчигнөнө. Сумын нийт иргэдийн 90 хувь нь буриад зон юм билээ. Сүхээ бариад гарсан байхад байшин барих гарын үзүүрийн ажил хэмээн ханхалздаг ажилсаг зан чанараа тэд хаана ч юм гээж орхисон гэлтэй. Ган зудын улмаас олон айл малгүй болж аймгийн төв бараадсан юм байх. Тэдний зарим нь Өвөрмонгол руу хөлсний малчнаар явсан ч ганзага дүүрэн олзтой ирсэн хүн тун цөөн хэмээсэн. Өдрийн 150 юань гэж тохирдог ч явахын цагт мянган юань өгөөд хөөдөг тухай албаны хүн хуучилсан. Харин тэдний орыг хятад малчид эзэгнэжээ. Тэд монголчууд шиг малаа бэлчээр дээр нь зарж эзнээ хулхидаггүй учраас эзэн малчин хоёр хэн хэндээ сэтгэл хангалуун байдаг талаар сумын малын эмчийн ярианаас олж мэдэв. Энэ бүхнийг уншсан эрхэм уншигч таны сэтгэл дундуур байгаа нь дамжиггүй. Гэвч сайхан зүйлтэй бид таарсан. Орон нутгийн хөгжлийн сангийн зээлээр хашаандаа байшин барьж, сайхан амьдрах гэсэн хүсэл мөрөөдлөө биелүүлж яваа найман иргэнийд зочилж, сэтгэлийнх нь үгийг сонсч л явлаа. “Сумандаа сайхан амьдарч болно шүү дээ. Намайг хараарай” хэмээн чин сэтгэлээсээ өгүүлэх бага ангийн багш эмэгтэйн гүжирмэг зан, ажилч хичээнгүй байдлыг нь хараад бахархахгүй байхын аргагүй юм билээ. Тэднийг дэмжиж Степгоулд компани багагүй хөрөнгө оруулалт хийж байгаа гэх яриа чих дэлсээд өнгөрөв. Ажлын байр ч бэлдэж өгч байгаа юм байх. Хамтын хүчээр ихийг бүтээдэг болсон өнөө цагт итгэл, сэтгэлийн гараа сунгаж байгаа аж ахуйн нэгж байвал шүүрээд авахад гэмгүй л байх даа. Гэвч хэрхэх нь дорнодчуудын сэтгэл мэдэх асуудал учраас олныг нуршаад юу хийх билээ.
Шарласан тал нутаг минь түр баяртай. Дараа очиход минь муу муухай бүхнээсээ ангижирсан байгаарай. Намайг явснаас хойш бороо орсон гэнэ лээ. Нар хур тэгширч сайхан зун болох нь дамжиггүй бизээ.
Дорнод аймаг цагаан нуур сум
Бусад
Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана
Өнгөрсөн наймдугаар сард Боловсролын сайд П.Наранбаяр Монголын хувийн их дээд сургуулиудын холбооны төлөөлөлтэй уулзах үеэр ярилцсаны дагуу нэгдсэн байдлаар бүх хувийн их, дээд сургуулийн удирдлагуудтай уулзлаа.
Хувийн их, дээд сургуулийн удирдлагууд тулгамдаж буй асуудлуудаа хэлэлцэн нэгтгэж, төрийн дээд боловсролын салбар дахь оролцоо дэмжлэг болон эрх зүйн орчин, элсэлтийн босго, дээд боловсролын байгууллагуудын эрэмбэ, багшийн хөгжил болон нийгмийн баталгаа гэсэн чиглэлүүдээр санал хүсэлтээ илэрхийлэв. Тухайлбал, их, дээд сургуулийн онцлогийг харгалзаж үнэлэх замаар эрэмбэ тогтоох, төрийн зүгээс өмчийн хэлбэрийг ялгахгүйгээр адил тэгш бодлого хэрэгжүүлэх, салбарт хэрэгжиж буй хуулиудад өөрчлөлт оруулах шаардлагатай гэлээ.
Боловсролын сайд П.Наранбаяр их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллахаа онцолж, дээд боловсролын байгууллагуудын онцлог, чиглэлийг харгалзан ангилах байдлаар хөндлөнгийн байгууллагаар эрэмбэ тогтоолгох, элсэлтийн босгыг үе шаттайгаар өсгөн элсэгчдийг чанаржуулах бодлого баримтална хэмээв. Мөн бүх санал хүсэлтэд хариу өгч, нэгтгэж эрэмбэлэн үе шаттайгаар шийдвэрлэхээ хэллээ гэж Боловсролын яамнаас мэдээллээ.
Бусад
ТББХ: Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлыг хэлэлцэв
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2024 оны 11 дүгээр сарын 05-ны хуралдаанаар Төрийн байгуулалтын байнгын хорооны 2024 оны 01 дүгээр тогтоолоор байгуулагдсан ажлын хэсгийн танилцуулгыг сонслоо.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.5 дахь хэсэгт “Улсын Их Хурлын хяналтын сонсголыг зохион байгуулах нарийвчилсан журмыг Улсын Их Хурлын тогтоолоор батална.” гэж заасныг үндэслэн уг тогтоолын төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Төрийн байгуулалтын байнгын хорооны 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор УИХ-ын гишүүн О.Номинчимэгээр ахлуулан, УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, П.Сайнзориг, Х.Тэмүүжин нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан юм.
УИХ-ын гишүүн О.Номинчимэг ажлын хэсгийн дүгнэлтийг танилцуулав.
Тэрбээр, Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Их Хурлын хяналтын сонсголыг Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Нийтийн сонсголын тухай хууль болон Монгол Улсын Их Хурлын 2017 оны 12 дугаар тогтоолоор баталсан “Нийтийн сонсгол зохион байгуулах журам”-д заасны дагуу зохион байгуулж ирсэн.
Монгол Улсын Их Хурлаас 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-д Монгол Улсын Их Хурлын хяналтын сонсголыг зохион байгуулах зарим харилцааг нарийвчлан зохицуулж хуульчилсан байна.
Тодруулбал, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн Арван тавдугаар бүлэг бүхэлдээ Монгол Улсын Их Хурлын хяналтын сонсголыг зохион байгуулах дараах харилцааг нарийвчлан зохицуулсан байна. Үүнд:
- 119 дүгээр зүйлд Улсын Их Хурлын хяналтын сонсгол явуулах талаар хүсэлт гаргах, хүсэлтийг шийдвэрлэх талаар;
- 120 дугаар зүйлд сонсгол зохион байгуулах харьяаллын талаар;
- 121 дүгээр зүйлд сонсголын бэлтгэл ажлыг хангах талаар;
- 123, 124 дүгээр зүйлд сонсголд оролцогч, түүний эрх, үүрэг;
- 125 дугаар зүйлд сонсгол даргалагчийн эрх, үүрэг;
- 126, 127 дугаар зүйлд сонсголыг танхимаар болон цахимаар явуулах журам;
- 128 дугаар зүйлд сонсголын тайлан, тэмдэглэл боловсруулж, олон нийтэд түгээх талаар;
- 129-133 дугаар зүйлд Нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулах журам.
Өөрөөр хэлбэл, Улсын Их Хурлын хяналтын сонсголыг дээр дурдсан хуулийн зохицуулалтын хүрээнд зохион байгуулах боломжтой байх бөгөөд нарийвчилсан журам батлан гаргах тохиолдолд хуулийн зохицуулалтыг давхардуулан журамд тусгах нөхцөл үүсэж байх тул тус журмын төслийг боловсруулах шаардлагагүй гэж ажлын хэсэг дүгнэлээ гэлээ.
Түүнчлэн тэрбээр 2024-2028 оны парламентын бүрэн эрхийн хугацаанд холбогдох журмын тоог цөөлж, хуулиар зохицуулах шаардлагатай зохицуулалтыг журмаар биш хуульд тусгаж байх стратегийг баримталж байгааг дурдаад, цаашид хууль хэрэглээний хувьд ойлгомжтой болгох үүднээс Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тохиолдолд хяналтын сонсголын зохион байгуулалттай холбоотой зарим шаардлагатай зохицуулалтыг нэмж тусгах саналтай байна хэмээсэн. Тухайлбал, тус хуулийн 121 дүгээр зүйлийн 121.6-д заасны дагуу шинжээчийг томилохдоо ажлын хэсгийн саналыг үндэслэн Байнгын хороо тогтоол гаргахаар зохицуулсан байна. Өөрөөр хэлбэл, ажлын хэсэг байгуулагдаагүй бол шинжээч томилох хүсэлт гаргах субьект хэн байх талаарх зохицуулалтыг тодорхой болгох шаардлагатай. Түүнчлэн сонсгол явуулах бүтэц нь Байнгын хороо, дэд хороо байх олон улсын жишигт нийцүүлэх нь цаашид Байнгын хорооны үйл ажиллагааг илүү мэргэшсэн, уялдаа холбоотой байх ач холбогдолтой тул холбогдох өөрчлөлтийг хийх хэрэгтэй. Мөн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэг, 126 дугаар зүйлийн 126.5 дахь хэсгийг тус тус хүчингүй болгох саналтай байгаагаа танилцуулсан юм.
Ажлын хэсгийн дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй.
Мөн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлыг хэлэлцэв.
УИХ дахь МАН-ын бүлгээс тус дэд хорооны бүрэлдэхүүнээс УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарыг чөлөөлж, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очирыг бүрэлдэхүүнд оруулах саналыг ирүүлсний дагуу Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүний тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсруулжээ.
Хэлэлцэж өуй асуудалтай холбогдуулан асууж, санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг хэлэлцэн батлахыг дэмжин, Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Дараа нь “Монгол Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Тогтоолын төслийн талаар Байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ танилцуулсан. Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэгт зааснаар Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалт нь төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус гэсэн төрөлтэй байх бөгөөд мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.6 дахь хэсэгт заасны дагуу Төрийн байгуулалтын байнгын хороо Улсын Их Хурлын ээлжит чуулганы хугацаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглаврыг холбогдох шийдвэрийн төслийн хамт нэгдсэн хуралдаанд оруулж, шийдвэрлүүлэх ёстой хэмээв.
Мөн тус хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт заасны дагуу Байнгын, дэд хорооноос хийх төлөвлөгөөт хяналт шалгалтыг Улсын Их Хурлын төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглаварт тусган хэрэгжүүлэхээр заасныг тодотгоод, хяналт шалгалтын талаар Байнгын хороодоос холбогдох саналыг авахад Аж үйлдвэржилтийн бодлогын, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос тусгайлан санал ирүүлээгүй гэлээ.
Байнгын хороодоос ирүүлсэн санал болон хяналт шалгалтын бусад асуудлын хүрээнд УИХ-ын 2024 оны намрын ээлжит чуулганы хугацаанд зохион байгуулах нэр дэвшигчдийн хяналтын сонсголыг УИХ-ын төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглаварт тусган боловсруулсан хэмээн танилцуулсан юм.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэг, иргэдээс ирж байгаа хүсэлт, өргөдлийн дагуу хууль зүйн бодлоготой холбоотой, ялангуяа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль тогтоомжийн биелэлттэй холбоотой асуудлыг хяналт шалгалтын цаглаварт оруулах асуудлыг хөндөн байр сууриа илэрхийлсэн.
Эцэст нь тогтоолын төслийг хэлэлцэн батлах асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжин чуулганы нэгдсэн хуралдаанд Байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулахаар тогтов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Бусад
Дэлгэрэх цехийн М.Эрдэнэцэцэг
“Манайх эсгий бүрээсээс бусдыг үйлдвэрлэдэг, гадуур дотуур цагаан бүрээс, давхарга, берзинт, өрх гээд л. Миний хувьд 1993 оноос өрхийн үйлдвэрлэл эрхэлж, ээжтэйгээ хамт цагаан бүрээс оёж эхэлсэн. Түүнээс хойш 31 жил өнгөрсөн байна. Манайхыг аж ахуйн нэгж гэж ойлгов оо, оёдлын цех шүү. Ажлын байрны хүчин чадлын тухайд 16 хүн ажиллах боломжтой ч өнөөдрийн байлаар найман оёдолчин ажиллаж буй ” хэмээн үйл ажиллагаагаа танилцуулсан бүсгүй бол БЗД-ийн иргэн, Дэлгэрэх цехийн эзэн М.Эрдэнэцэцэг. Гав шав хийсэн гялалзуур эмэгтэй шүү гэх тодотголд яг таарах хүн гээд хэлчихвэл буруудахгүй л болов уу. Түүний ажил агуулахаас бүс бараагаа ангилж татахаас эхэлж, эсгүүр хийх, оёдол, ангилах, бэлэн болсон бүтээгдэхүүнээ Нарантуул руу хүргэх, орон нутаг дахь борлуулагчид руугаа ачуулах гэхчилэн амсхийх завгүй гүйсээр үдшийн бүрийтэй золгоно. Ажлынхаа завсраар өндөр настай ижий, хүү хоёроо халамжлах учиртай. Бас ажлын хамт олон гэж бодлын үзүүрт өнжих найман бүсгүй, хоёр эр бий. Хүний л амьдрал болохоор жаргал зовлон ээлжилнэ. Ямар ч үед дэргэд нь байж, зүдрэх үед нь энгэртээ наах нь миний үүрэг гэж ойлгох түүнд хамт олон нь хачин сайн юм билээ. Нэгэн цагт ээжүүдээ дагаж, цехийнх нь умгар өрөөнд эрхэлж наадаж өссөн охид амьдралд хөл тавьж, эдүгээ оёдолчин болцгоон хоёр ээжтэйгээ мөр зэрэгцэн ажиллаж байгаа гээд бодохоор Дарь-Эхийн овооны энгэр бэлд бууриа засч төвхнөсөн жижигхэн цехийн түүх эгэлгүй агаад бахархам ажээ.
Ажилсаг ээжийн хичээнгүй охин
М.Эрдэнэцэцэг өөрийнхөө сайн сайхан явааг ээжийнхээ ажилсаг чанартай холбоно. Ё.Нармандах хэмээх гайхамшигт эмэгтэй бол түүний ээж. Цэл залуугаараа ханиасаа хоцорч гурван үрээ хөлийг нь дөрөөнд,гарыг нь ганзаганд хүргэсэн ижийгээрээ охин нь өнөөдөр гангарч сууна.
Хөнгөн, хүнсний техникум төгссөн залуухан бүсгүй амьдралд хөөр баяртайгаар хөл тавьтал мэргэжил бус юу чаддагаараа амьдарлаа залгуулах тийм цаг үе тосох нь тэр. Тодруулж хэлбэл, БНМАУ зах зээлийн нийгэмд шилжсэн 1990 оны цагаан морин жил. Амьдралын ямар ч үед хөл алдаж үзээгүй ижий нь “Эрдэнэцэцэг ээ, миний охин ижийнхээ оёдлын машинаар хоолоо олж ид. Нагац ахын чинь хүүхдүүд гэрийн бүрээс, цаваг оён Дэнжийн мянгын зах дээр борлуулж байна. Борлуулалт ч гайгүй бололтой. Би тэдэнд тусалж, гэрийн бүрээс, цавгийг яаж эсгэдэг, хэрхэн оёдгийг мэдэж авлаа. Одоо хоёулаа үзээд алдая. Монгол хүн байгаа цагт монгол гэр байж л таарна” хэмээн цуу ямбуу даавуу дэлгэн анхны эсгүүрээ хийсэн тэр өдрөөс хойш бага таван ханатын баруун талаас оёдлын машины дуу тасраагүй гэж хэлж болно. Ингэж л тэрбээр өөрийн гэх орлоготой энэ цагийн хэллэгээр бизнесийнхээ гарааг эхлүүлсэн түүхтэй.
Оёдлын цех байгуулагдаад 31 жил болжээ. Хүний амьдралын бүхэл бүтэн үе ч гэж хэлж болохоор. Өсч дэвжсэн түүх нь энгийн юм шиг атлаа шантарч, уйлж дуулж явсан өдрүүд М.Эрдэнэцэцэгт бий. “Одоо л хөл дээрээ босох нь. Банкнаас авсан зээлээ түүртэлгүйгээр дарж чадах цаг айсуй” хэмээн бүтэн нойртой хонож эхэлтэл гал усны гашуун зовлонгийн өмнө өвдөг сөгдөх нь тэр. Амсхийх гэдгийг умартан зүтгэж байж бий болгосон бүхнийг нь дүрэлзсэн гал хамж аваад үнс болгож орхив. Хүний амь эрсдээгүйд нь магнайгаа хагартал баярлавч ёрдойж харлаад үлдсэн төмрийн хог, утаа савсуулан уугих бууриас өөр юу ч үгүй хоцорсондоо харамсан, харамсан уйлж зогссон тэр хүнд үеийг туулаад л гарсан. Ажлын байрны тав тухтай орчныг бүрдүүлэхийн төлөө хичээн 2019 онд үйлдвэрийн хоёр давхар шинэ байраа ашиглалтад оруулав. Эдүгээ агуулах, савтай ч болсон байна. Бараа материалаа ч жилийн дөрвөн цагийн эргэлтийг даахуйцаар нөөцлөх эдийн засгийн боломжтой болсон гээд багагүй амжилтад хүрсний нууц нь маш энгийн. Эрхэлсэн ажилдаа сэтгэлээ өгч, хичээх явдал. Түүнчлэн хэлсэн үгэндээ хүрч, үнэнч байдлыг эрхэмлэдэг чанар аж.
Хөндлөнгөөс харахад, сувд мэт шаргалтан цайрах цуу ямбуу даавуу нэгэн хэмээр нүргэлэх оёдлын машины дуу, үйлчин бүсгүйн хурдан шаламгай хөдөлгөөнтэй өнгө хослохуй дор монгол гэрийн гоёл болох гадуур, дотуур цагаан бүрээс, цаваг, өрх болж хувирна. “ Үнэтэй торгон хөшиг хэцээр татаж” хэмээх шүлэг зөвхөн шил толь болсон орд харшийнх бус талын Монголын үнэт өв монгол гэрийн дотуур хөшиг ч хээ хуар, саа бүхий үнэтэй торгоор хийгддэг болсныг энэ цехийн үйлдвэрлэж буй бараа бүтээгдэхүүнээс олж харснаа нуух юун.
“Цэцгээ гэдэг оёдолчныг хайж явна”
Худалдан авагчид түүнийг ийн сурагласаар ирэх нь бий. “Байнгын минь хаяг Нарантуул зах” шүү дээ хэмээн цайлганаар инээх оёдолчин бүсгүйг малчид андахгүй болжээ. Жил өнжөөд л гэрийнхээ гадуур, дотуур цагаан бүрээсээ сольдог учраас түүний урласан цагаан бүрээсүүд борлогдохгүйн зовлон үгүй. Ийм амжилтад хүрэхийн тулд монгол гэрийн давуун эдлэлийн зах зээлийг алдахгүйн төлөө тэрбээр 31 жил тасралтгүй хөдөлмөрлөсөн. Гэхдээ үнэнчээр. Үйлдвэрлэлийн аль ч шат дамжлагад алдаа гарах ёсгүй гэж тэр үздэг. Түүний баримталж ирсэн зарчим бол чанартай бүс даавуугаар бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх, худалдан авагчаа солихгүй байх явдал. Нэг удаагийн ашиг бодох бус зөвхөн өөрийг нь зорьж ирэх худалдан авагчаа дээдлэх учиртай хэмээн мань хүн үздэг байна. Тэр утгаараа байнгын үйлчлүүлэгчийн захиалгыг цаг хугацаанд нь гаргаж өгөхийг хичээхийн сацуу худалдаж авсан бүрээс нь очоод барихад язайхгүй, дутахгүй байх ёстой гэдэг дээр анхаарч ажилладаг байна. Үр дүнд нь малчид итгэлээ өгч, Эрдэнэцэцэг буюу Цэцгээ оёдолчны сэтгэлээ шингээж оёсон гэрийн даавуун эдлэлийг сонгож тэр хэрээр эрэлт ч их болжээ. Үүнээс гадна бараа бүтээгдэхүүнийхээ чанарт онцгой анхаарч анхны дамжлаг болох хамгийн чанартай даавууг сонгож, үйлдвэрлээ явуулна. Бас итгэлийн асуудал. Энэ талаараа тэрбээр “Манайх түншүүдтэйгээ 2004 оноос хамтран ажиллаж, бие биеийнхээ итгэлийг алдахгүй явсаар өнөөдөртэй золгосон. Аливаа үйл хэрэг итгэлцэл дээр тогтдог бөгөөд хэн хэнийхээ итгэлийг алдахгүй байх аваас хамтын ажиллагаа улам л бэхжин хөгждөг жамтай” хэмээн өгүүлсэн.
М.Эрдэнэцэцэг олонтой нэгэн.
Оёдолчдынхоо ахуй амьдралыг өөд татаж, хамтдаа хөгжих нь түүний зорилго. Зорилгодоо хүрэхийн тулд тэднийгээ ажлаар хангах явдал. Азаар бидэнд ажилгүй өнжих өдөр гэж үгүй. Өөрөөр хэлбэл, захиалга тасардаггүй гэсэн үг. Гэхдээ тэдний ажил улирлын чанартай гэдгийг хэлэх нь зөв байх. Шинэ гэрийн найр наадам, хуримын сар дуусмагц автомашины дулаан хучилга, гэрийн хаалганы дулаалга руугаа орно. Тэгээд арванхоёрдугаар сарын сүүлчээс хойш үндсэн бүтээгдэхүүнээ оёж эхэлдэг байна. Нөөц гэж ч ойлгож болох юм билээ. Нөгөөтэйгүүр, түүнийг тойрон найман “цэцэг” эргэлдэж буй. Түүний ”торгон” цэрэг П.Алтанцэцэг гэхэд л Дэлгэрэх цехэд 18 жил ажиллаж байгаа бөгөөд үйлдвэрийнхээ бүхий л үйл ажиллагааг хариуцна. И.Санчирын тухайд 16 дахь жилдээ ажиллаж байгаа. Оёдол хийхээс гадна оёдлын машины бүхий л засвар үйлчилгээг хариуцдаг алтан гартай бүсгүй. Тэрбээр дулаалга, давхарга, берзинт гээд бүсгүй хүн оёход хэцүү байж мэдэх оёдлыг ч өлхөн хийдэг. Цехэд шинэ хүн орж ирэхэд оёдлын бүх шат дамжлагыг зааж сургах үүрэг түүнийх. О.Лхамсүрэн хамт олныхоо эд эс нь болоод 12 жил болжээ. Алиа хошин, нийтэч зантай хэмээн танилцуулсан. И.Оюунтүлхүүр арав дахь намартайгаа золгож байгаа. Залуучууд дотроо хамгийн хурдан шалмаг, дайчин бүсгүй гэж ирээд л дарга нь магтаж байна лээ. С.Мөнхзул бүсгүйн хувьд үйлдвэрлэл хариуцдаг П.Алтанцэцэгийн охин нь. Уг нь тэрбээр тогооч мэргэжилтэй. Дээр дурдсан цехэд өсч торнисон хоёр охины нэг нь. Цехийн хамгийн залуу ажилтан бол Т.Төмөрбаатар. Ажилд ороод хоёр жил болж байгаа ч аливаа зүйлийг маш хурдан сурдаг, хичээнгүй залуу гэсэн шүү. Бидэнтэй уулзаж амжаагүй ч заавал онцолж хэлэх оёдолчин бол н.Содцэцэг. Тэрбээр зөвхөн гэрийн торгон хөшгийг дагнаж урладаг. Тэд хамтрагчид болоод арав гаруй жил болжээ.
Дашрамд өгүүлэхэд, оёдлын салбарт голдуу эмэгтэйчүүд ажилладаг. Тэд хоногийн талыг ажил дээрээ өнгөрүүлэх нь бий. М.Эрдэнэцэцэг ажил олгогчийн хувьд оёдолчдынхоо ахуй амьдралыг гарын таван хуруу шигээ мэднэ. Тиймээс охиддоо боломжийнхоо хэрээр туслахыг хичээн зээл өгөх, тусламж үзүүлэх зэргээр ахуй амьдралд нь дэм болсоор ирсний үр дүнд эхнээсээ өөрийн гэсэн хашаа, байшинтай болцгоожээ. Энэ бол хувь хүний сэтгэл мэдэх асуудал. Дэлгэрэх цехийнхэн ядарч зүдэрч яваа нэгэнд сайхан сэтгэлийн гараа байсхийгээд сунгадаг талаар БЗД-ийн нийгмийн ажилтан онцолсныг уншигчдадаа дуулгахад таатай байна. Өнгөрсөн жилүүдэд жил дараалан болсон үер ус, зуд турханд өртсөн хэд хэдэн айлд Дэлгэрэх цехийнхэн иж бүрэн гэр, гэрийн бүрээс хэрэгсэл болон эд материалын тусламж үзүүлж ирснийг мэдэх хүн олон.
-
Улс төр3 цаг өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Улс төр3 цаг өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Улс төр3 цаг өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр
-
Улс төр2 цаг өмнө
Монгол Улсын төрийн далбааг мандуулж, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө
-
Нийгэм2 цаг өмнө
Нийслэлийн иргэдийн спортын XII наадмын шигшээ тоглолтууд эхэллээ