Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл /БМИҮЗ/-ийн ажлын албаны магадлан итгэмжлэл хариуцсан мэргэжилтэн, доктор (Ph.D) С.Бадамцэцэг цаг үеийн асуудлаар ярилцлаа.
– Монгол Улсад хичнээн их дээд сургууль үйл ажиллагаа явуулж байна вэ?
– 2019 оны байдлаар Монгол улсад нийт 94 дээд боловсролын сургалтын байгууллага үйл ажиллагаа явуулж байгаагаас 35 их сургууль, 49 дээд сургууль, 7 коллеж, 3 гадаадын салбар сургууль байна. Эдгээрээс төрийн өмчийн 14 сургууль, төрийн бус өмчийн 52, нийт 66 их, дээд сургуулийн магадлан итгэмжлэлийн хугацаа хүчин төгөлдөр хэвээр байна.
-Энэ хичээлийн жилд хэчнээн их дээд сургуулийн магадлан итгэмжлэлийг сунгаж, шинээр олгож, цуцалсан бэ?-Магадлан итгэмжлэл гэдэг бол тусгайлан боловсруулсан магадлан итгэмжлэлийн шалгуур, шаардлагыг хангасан эсэх талаар тухайн сургалтын байгууллагын хийсэн өөрийн үнэлгээнд нь тулгуурлан хараат бус хөндлөнгийн үнэлгээ хийж, чанарыг нь баталгаажуулах үйл явц юм. “Дээд боловсролын тухай хууль”-ийн 8.11-д “Дээд боловсролын сургалтын байгууллага боловсролын магадлан итгэмжлэл хийх эрх бүхий байгууллагаар байгууллагын магадлан итгэмжлэлийг заавал хийлгэнэ” гэж заасан байдаг. Энэхүү хууль, эрх зүйн хүрээнд сургалтын байгууллагууд магадлан итгэмжлүүлэх хүсэлтээ гаргаж, 5 жилийн хугацаагаар чанараа баталгаажуулдаг. Өөрөөр хэлбэл анх магадлан итгэмжлэгдсэн сургууль 5 жилийн дараа дахин хүсэлт гаргаж, 2 дахь, дараагийн удаа 3 дахь удаагийн магадлан итгэмжлэлд ордог гэсэн үг. Түүнээс биш магадлан итгэмжлэлийн хугацааг шууд сунгах тухай ойлголт байдаггүй. Хэрэв магадлан итгэмжлүүлэх хүсэлт гаргаж, өөрийн үнэлгээ хийсэн байгууллага чанартай сайн байвал магадлан итгэмжлэлийг 5 жилийн хугацаатай олгоно, харин шалгуур шаардлагыг хангахгүй гэж үзвэл магадлан итгэмжлэлийг түр хугацаагаар түдгэлзэх юм уу эсвэл бүр цуцалдаг байгаа. 2018-2019 оны байдлаар нийт 41 их, дээд сургууль магадлан итгэмжлүүлснээс анх удаа магадлан итгэмжлүүлсэн буюу шинээр магадлан итгэмжлэлийн гэрчилгээ авсан сургууль 5, 2 дахь удаагаа магадлан итгэмжлүүлсэн сургууль 5, 3 дахь удаагаа магадлан итгэмжлэлд орсон сургууль 31 байна. Харин 1 байгууллагыг магадлан итгэмжлэлийн шалгуурыг хэсэгчлэн хангасан гэж үзэн 1 жилийн хугацаагаар нөхцөлтэйгөөр магадлан итгэмжилж, 1 байгууллагын магадлан итгэмжлэлийг түр хугацаагаар түдгэлзүүлээд байна.
-Их, дээд сургуулиудыг магадлан итгэмжлэхэд ямар шалгуур, шаардлага тавьдаг вэ?-БМИҮЗ нь 1998 онд байгуулагдаж, 1999 оноос байгууллагын магадлан итгэмжлэл, 2004 оноос хөтөлбөрийн магадлан итгэмжлэл, 2017 оноос шинээр нээх хөтөлбөрт урьдчилсан магадлан итгэмжлэлийг тус тус эхлүүлэн хэрэгжүүлж ирсэн. Энэ хугацаанд байгууллагын магадлан итгэмжлэлийн шалгуур шаардлагыг 4 удаа, хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн шалгуур шаардлагыг мөн 4 удаа шинэчлэн боловсруулсан байдаг. Ингэж шинэчлэх болсон нь Монголынхоо боловсролын салбарыг дэлхийн боловсролтой хөл нийлүүлэн хөгжүүлэх, хурдтай хувьсан өөрчлөгдөж байгаа нийгмийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэх гэсэн зорилгын хүрээнд хийгдсэн үе үеийн удирдлага, мэргэжилтэн, шинжээч нарын маань хөдөлмөр шингэсэн ажил гэж хэлж болно. Тийм ч учраас бидний одоогийн мөрдөж байгаа шалгуур, шаардлагууд олон улсын магадлан итгэмжлэлийн шалгуур, шаардлагатай тун дөхөж очсон байгааг олон удаагийн судалгааны үр дүн харуулдаг.
1990 оны эхэн үеэс эдийн засаг зах зээлийн нийгэмд шилжиж, иргэд өөрсдөө ирээдүйгээ сонгох, эрдмийн эрх чөлөөтэй болсны улмаас хувийн сургуулиуд олноор байгуулагдаж, өөрийн байргүй, түрээсийн байранд хичээллэдэг сургуулиуд ч олон байсан. Үүнтэй холбоотой магадлан итгэмжлэлийн шалгуур, шаардлага материаллаг баазыг бэхжүүлэхэд голлон анхаарч, олон хувийн сургуулиуд өөрийн гэсэн байртай болж сургалтын үйл ажиллагаа нь бэхжиж байсан бол одоогийн шалгуур, шаардлага сургалтын чанарт илүү ач холбогдол өгч, сургалтын үйл ажиллагааны орц, явц, гарцын үр дүнг чухалчлах болсон. Магадлан итгэмжлэлийн шалгуур шаардлагын гол зарчим бол аль нэг сургуулийн багшийн тоо, оюутны тоо, ширээ сандал, барилга байгууламж, үйл ажиллагааг нөгөө нэг сургуультай харьцуулдаггүй. Эрхэм зорилгодоо хүрэх зөв төлөвлөлт, бодлоготой, түүнийгээ хэрэгжүүлэх арга механизм бүрдсэн, нөөцөө зөв хуваарилж чаддаг, үйл ажиллагаандаа хяналт тавьж үнэлж дүгнэдэг, байнгын сайжруулалт хийх чанарын тогтолцоо бүрдсэн эсэхэд тулгуурладаг. Нийгэм, ажил олгогчдын хүсэн хүлээсэн мэргэжилтэнг бэлтгэн гаргахын тулд тэдний оролцоог нэн тэргүүнд тавьж, санал бодлыг нь сургалтын хөтөлбөртөө тусган, байнга шинэчлэн сайжруулдаг байх нь магадлан итгэмжлэлийн гол шалгуур гэж хэлж болно.
-Сүүлийн жилүүдэд дээд боловсролын чанартай холбоотой шүүмжлэлүүд нэлээд гарч байна. Танай байгууллагын зүгээс энэ чиглэлд хэрхэн анхаарч байна вэ?-Боловсролын салбар аль ч үед шүүмжлэл дагуулсаар ирсэн. Энэ бол Монголын нийгэм эрүүл байгаагийн илрэл, Монголчууд үр хүүхэд, хойч үеийнхээ ирээдүйд санаа зовниж, боловсролын салбарыг анхаарлынхаа төвд байлгадгийг харуулж байна. Олон их, дээд сургууль байна, их, дээд сургуулийнхаа тоог цөөлөхгүй байна гэх зэрэг шүүмжлэл сүүлийн 20-оод жилийн турш гарсаар байсан. 2000 оны эхэн үед 180 гаруй их, дээд сургуультай байсан бол цаг хугацааны шалгуураар сургуулиуд хоорондоо нэгдэх, татан буугдах зэргээр цөөрсөөр 2019 онд 90 орчим их, дээд сургууль үйл ажиллагаа явуулж байна. Өөрөөр хэлбэл сүүлийн 10 гаруй жилд их, дээд сургуулийн тоо 50%-аар буурсан. Их, дээд сургуулийн тоо олон болсноор чанаргүй боловсрол олгох үндэс суурь тавигдсан нь зүй ёсны үнэн. Гэхдээ зах зээлийн нийгэмд шилжсэн ороо бусгаа үед өнөөдрийн залуучуудыг зөв хүн болж төлөвшихөд, үр хүүхдийнхээ хүмүүжил, боловсролд анхаардаг зөв үзэл бодолтой ээж, аав болж хүмүүжихэд хувийн их, дээд сургуулиудын оруулсан хувь нэмрийг үнэлж баршгүй. Боловсролын байгууллага дан ганц шилдэг мэргэжилтэн бэлтгэхээс гадна нийгмийг эрүүл байлгах, хүнээр хүн хийх, сурган хүмүүжүүлэх үүрэг хамгийн чухал гэж боддог. Бас нэг шүүмжлэл дагуулж байгаа асуудал бол нэг мэргэжлийн хөтөлбөрийг маш олон сургуулиуд зэрэг хэрэгжүүлж байгаа явдал. Тухайлбал, цэцэрлэгийн багш, бага ангийн багшийн хөтөлбөрүүд. Нэг хөтөлбөрийг олон сургууль зэрэг хэрэгжүүлснээр сургалтын чанарын өрсөлдөөнийг бий болгож байдаг сайн талтай ч, сургууль бүр өөр өөрийн гэсэн сургалтын үндсэн чиглэлтэй байдаг. Шинээр хөтөлбөр нээхийн тулд зах зээлийн эрэлт хэрэгцээг соргогоор олж харах нь чухал ч гэсэн дотоодын нөөц бололцоо, олон жилийн туршлага, өөрийн үндсэн сургалтаасаа хэт хазайж, зөвхөн элсэгч авахын төлөө сургалт явуулах нь эргээд чанаргүй боловсон хүчин бий болоход хүрдэг. 2017 оноос хойш хэрэгжүүлж байгаа Урьдчилсан магадлан итгэмжлэл энэ асуудлыг цэгцлэхэд бага ч гэсэн хувь нэмрээ оруулж эхэлж байна гэж харж байгаа.
-Нэгэнт магадлан итгэмжлэл авчихсан дээд сургууль шинээр анги нээхдээ дахин зөвшөөрөл авдаг уу?
– Байгууллага нь магадлан итгэмжлэгдсэн байлаа ч шинээр хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байгаа бол заавал урьдчилсан магадлан итгэмжлэл хийлгэхийг хуульд заасан. “Дээд боловсролын тухай хууль”-ийн 12.1.9-д “Шинэ хөтөлбөрөөр сургалт эрхлэхийн өмнө боловсролын магадлан итгэмжлэх байгууллагад хандаж, урьдчилсан магадлан итгэмжлэл хийлгэнэ” гэж заасан байдаг. Иймээс аль ч сургалтын байгууллага шинээр хөтөлбөр нээх бол заавал манай байгуулагад хүсэлт ирүүлж, тухайн хөтөлбөр нь урьдчилсан магадлан итгэмжлэлийн шалгуурыг хангаж байгаа эсэхэд дүгнэлт гаргуулах үүрэгтэй.
-Энэ хичээлийн жил Монголын Үндэсний их сургууль агаарын тээврийн салбарын дөрвөн анги нээж байгаагаа зарласан. ОУ-ын тусгайлсан байгууллагын шаардлагын дагуу сургалт явуулдаг салбар. Гэтэл ямар ч туршлагагүй энэ салбарт мэргэжилтэн бэлтгэх нь аз сорьсон үйл явц биш үү? Танайхаас зөвшөөрөл авсан уу? – Монгол үндэсний их сургууль агаарын тээврийн салбарын ямар ч хөтөлбөр манайхаар магадлан итгэмжлэл хийлгээгүй. БМИҮЗ нь сургалтын байгууллага, хөтөлбөрийг магадлан итгэмжлэх үүргээ тодорхой эрх зүйн хүрээнд хэрэгжүүлдэг. Тодруулбал, “БМИҮЗ-ийн дүрэм”-ийн 2.1-д “Сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл авахын өмнө шинээр нээх хөтөлбөрт чанарын баталгаажуулалт хийж, урьдчилсан дүгнэлт гаргах, зөвлөн туслах үүрэгтэй” гэж заасан байдаг. Энэ дагуу БМИҮЗ бол шинэ хөтөлбөр нээх зөвшөөрөл олгох биш, магадлан итгэмжлэлийн шалгуурыг хангасан эсэх тухай урьдчилсан дүгнэлт гаргаж, БСШУСЯ-нд хүргэдэг гэсэн үг. Харин сургалтын хөтөлбөр шинээр нээх зөвшөөрөл олгох, эсвэл аль нэг хөтөлбөрийг хаах эрх манай байгууллагад байхгүй.