Улаанбаатар /МОНЦАМЭ/. Азийн Худалдааг дэмжих байгууллага (ATPF)-ын Удирдлагын түвшний 32 дахь чуулган өнөөдөр Төрийн ордны А танхимд эхэллээ.
16 орны удирдах түвшний 36 төлөөлөгч “ЖДҮ бизнес эрхлэгчдийг нэмүү өртгийн сүлжээнд холбоход Азийн худалдааг дэмжих байгууллагуудын үүрэг” сэдвээр чуулж байна.
Чуулганыг зохион байгуулагч МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин нээж хэлэхдээ, “Өнөөдрийн манай даяаршсан нийгэмд дижитал технологи түрснээр дэлхий улам хурдтай хөгжин өөрчлөгдөж байна. Энэ хувьсал нь бизнес эрхлэгчдийг газар сайгүй өрсөлдөх, илүү бүтээмж, үр өгөөжтэй байх, шинэ хэрэглэгчдэд хүрэх боломж олгож байна.
Дээрх үйл явц нь жижиг, том бизнесийн аль алинд нь инновац, сошиал маркетинг, технологийн дэвшлийг авчирч, үр өгөөж гарч байгаа ч ЖДҮ эрхлэгч бизнесүүдэд мэдлэг, туршлага, хөрөнгө санхүү дутмаг хэвээр, шинэ сорилтыг дагуулж байна. Энэ талаар бид туршлагаа солилцон хуваалцаж, жижиг худалдааг дэмжих талаар саналаа хэлэлцэхээр цуглаад байна” гэдгийг тэмдэглэн хэлэв. Чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож үг хэлсэн юм.
Тэрээр хэлсэн үгэндээ, эдийн засгийн интеграц, үйлдвэрлэлийн сүлжээ, бүс нутгийн хэмжээн дэх үйлдвэрлэл хоорондын худалдаа, түгээлтийн сүлжээг өргөжүүлэхэд худалдааг дэмжих байгууллагуудын үүрэг, оролцоо чухал гэдгийг онцлон дурдаад, “Бидний хувьд бүс нутгийн хэмжээнд нийлүүлэлт, зохицуулалтын орчин бий болгох нь чухал бөгөөд Монгол Улсын Засгийн газраас Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах, худалдааг дэмжих бодлогыг тууштай хэрэгжүүлж байна.
Мөн бизнес эрхлэгчдийнхээ үйл ажиллагааг дэмжих, ЖДҮ эрхлэгчдийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, хамтын ажиллагааг нь өргөжүүлэн хөгжүүлэх, бизнесийн орчныг сайжруулахад чиглэсэн хууль, бодлогын баримт бичгүүдийг хэлэлцүүлж, батлахыг эрмэлзэж байна.
У.Хүрэлсүх: Эдийн засгийн интеграц, үйлдвэрлэлийн сүлжээ, бүс нутгийн хэмжээн дэх үйлдвэрлэл хоорондын худалдаа, түгээлтийн сүлжээг өргөжүүлэхэд худалдааг дэмжих байгууллагуудын оролцоо чухал үүрэгтэй.
Үүний зэрэгцээ зөв зүйтэй технологи сонгох, нутагшуулах, норм нормативыг нийцүүлэх, тарифын болон тарифын бус саад тотгорыг арилгах, хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих чиглэлээр тодорхой ажлуудыг хийж байна” гэдгээ мэдээлж, энэ удаагийн чуулган манай улсын үйлдвэрлэгчдэд олон улсын өртгийн сүлжээнд бүтээгдэхүүнээ нийлүүлэхэд харилцан туршлага солилцож, тодорхой санал, санаачилга, үр дүнд хүрнэ гэж үзэж байгаагаа илэрхийлж, чуулганы үйл ажиллагаанд амжилт хүслээ.
Чуулганд Япон, Индонез, Филиппин, Тайланд, БНХАУ, Сингапур, Малайз зэрэг орны гадаад, дотоод худалдааг дэмжих байгууллагууд, худалдааны яамны төлөөлөл оролцож, хуралдааныг Японы Гадаад худалдааг дэмжих байгууллага (Жетро)-ын тэргүүн Нобухико Сасаки МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин нар даргалан явуулж байна. Чуулганы эхний илтгэлийг чуулганыг хамтран зохион байгуулагч ГХЯ-ны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал В.Энхболд “Ази дахь худалдааны хөнгөлөлт болон бүс нутгийн хамтын ажиллагаа” сэдвээр тавилаа.
Төлөөлөгчид үдээс хойш Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатартай уулзах юм.