Улс төр
УИХ-ыг тараах санаачилга дэмжигдэх үү. Дэмжигдвэл юу болох вэ?
УИХ-ыг хугацаанаас нь өмнө тарааж сонгууль явуулах тухай яриа бодит санал болох нь өдөр ирэх тусам шинэ мэдээлэл, баримтаар баталгаажиж байна. Тухайлбал, Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх намынхаа нэр нөлөө бүхий гишүүдтэй уулзаж УИХ-ыг тараах саналаа танилцуулсан гэх мэдээлэл гарлаа. Мөн УИХ-ын дарга Г.Занданшатар уржигдар сэтгүүлчидтэй уулзахдаа ард нийтийн санал асуулгын ирцийг бүрдүүлэх зорилгоор УИХ-ыг хугацаанаас нь өмнө тарааж сонгуулийг хамтад нь явуулах талаар парламентын түвшинд ярилцаж байгаагаа хэлсэн. Тэрээр “Парламентыг тараах асуудал УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл болон гишүүдийн түвшинд яригдаж байгаа. Энэ бол боломжит хувилбар. Ард нийтийн санал асуулгынхаа ирцийг хүргэх, ардчиллаа аврах, парламентын засаглалаа хамгаалж үлдэх үүднээс ийм санаачилга гаргая гэж ярьж байна. Үүний тулд 51 гишүүний гарын үсэг шаардлагатай. Гэхдээ улс төрийн үр дагаварын хувьд улс орныхоо тогтвортой байдлыг хангах, цаашдаа ийм асуудал байнга хөндөгддөг болох вий гэх мэт эрсдэлүүдийг тооцож байж шийдэх асуудал” гэсэн юм.
УИХ-ыг тарааж, сонгууль явуулах нь МАН-д ашигтай
МАН-ын удирдлагууд “УИХ-ыг хугацаанаас нь өмнө тарааж, ард нийтийн санал асуулгатай хамт сонгууль явуулбал манай намд ашигтай” гэж үзэж байгаа бололтой. Хариулага хүлээж УИХ-ыг анх удаа хугацаанаас нь өмнө тараасан гэдгээрээ сонгуулийнхаа сурталчилгааг хийж таарна. Мөн ээлжит сонгуулийн хугацааг хүлээвэл МАН-ын нэр хүнд улам л унана. Харин УИХ-ыг тарааж гэнэт сонгууль явуулбал ард нийтийн санал асуулгын ирц бүрдээд зогсохгүй МАН-д ашигтай гэж тооцжээ. Учир нь, тэдний өрсөлдөгчид сонгуульд оролцох ямар ч бэлтгэлгүй байгаан. Тодруулбал, МАН одоо сонгууль явуулбал, 2020 оны сонгуулиар авах байсан цохилтоосоо арай хөнгөхөн цохиолт авна. Тиймээс намынх нь удирдлагууд УИХ-ыг хугацаанаас нь өмнө тараах тухай тогтоолд гарын үсгээ зурахыг гишүүддээ зөвлөж байгаа юм байна. Үүнийг нь УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа батлахын зэрэгцээ өөрийнхөө цахим хуудсаар дамжуулан эсэргүүцлээ. Тэрээр “Хугацаанаасаа өмнө тарах тухай намын генсек болоод зарим хүмүүс УИХ-ын гишүүдтэй уулзаж гарын үсэг зуруулж байгаа юм байна. Нам нь оролцож төрөө үймүүлж байна шүү” хэмээн жиргэв.
Гишүүдийн гуравны хоёрын саналаар парламентыг хугацаанаас нь өмнө хэрхэн тарааж болохыг УИХ-ын тухай хуульд дараах байдлаар заасан байдаг юм.
31.1.1.Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж хугацаанаас нь өмнө тараах тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг Улсын Их Хурал хэлэлцэж ёсоор болгосон;
31.2. Энэ хуулийн 31.1.1- 31.1.3-т заасан тогтоолын төслийг Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь дэмжсэн бол Улсын Их Хурал тарах тухай шийдвэр гаргана.
31.5.Энэ хуулийн 31.1.1-31.1.3-т зааснаар Улсын Их Хурал өөрөө тарах тухай шийдвэр гаргасан бол мөн өдөр Улсын Их Хурлын сонгууль товлон зарлах тухай тогтоолыг хамтад нь батална.
31.8. Улсын Их Хурлыг хугацаанаас нь өмнө тараах тухай энэ хуулийн 31.1.1- 31.1.3-т заасан тогтоолын төслийг Төрийн байгуулалт, Хууль зүйн байнгын хороод, Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо, нам, эвслийн бүлэг урьдчилан хэлэлцэж санал, дүгнэлт гаргана.
Хуульд заасанчлан УИХ-ыг тараахад 51 гишүүн нэгдэх шаардлагатай. УИХ-ыг тараах тогтоолын төсөлд гишүүд гарын үсгээ зураад эхэлсэн гэдгийг Х.Болорчулуун гишүүн хэлсэн. Мөн тэрээр өөрөө дэмжиж гарын үсгээ зурсан гэдгээ мэдэгдсэн юм. Түүнлэн Н.Оюундарь, О.Содбилэг нар УИХ-ыг тараахыг санаачилгыг дэмжихээ илэрхийлжээ.
УИХ-ыг Засгийн газар шиг тогтворгүй болгох эрсдэлтэй
УИХ-ыг тараах санаачилга анх удаа гарч байгаа нь энэ биш юм. Өнгөрсөн нэгдүгээр сард АН УИХ-ыг тараах санаачилга гаргахад МАН-аас Ж.Бат-Эрдэнэ, Н.Номтойбаяр, Ж.Мөнхбат, Д.Хаянхярваа нар гарын үсгээ зурж байлаа. Гэхдээ одоо тэдний байр суурь хэвээрээ эсэх нь эргэлзээтэй. Д.Хаянхярваа гишүүн гэхэд л “Одоо тарахад хэтэрхий оройтсон” гэсэн байр суурьтай байгаа юм байна. 51 гишүүний гарын үсгийг цуглуулж, хэлэлцэн батлах хүртэл байр суурийг нь хадгална гэдэг амаргүй. Тиймээс магадгүй энэ бүтэхгүй санаачилга байх.
Хэрэв бүтлээ гэхэд эрсдэлтэй, бас сөрөг үр дагавартай. Эрсдэл нь гэвэл, дулааны улиралд явуулахад дөнгөн данган ирц нь бүрддэг сонгуулийн ирц өвлийн хүйтэнд бүрдэх үү. Бүрдэхгүй бол Үндсэн хуулийн өөрчлөлт талаар болно. Мөн улс оронд тогтворгүй байдал үүснэ. Тогтвортой байдлыг бий болгох зорилготой Үндсэн хуулийн өөрчлөлт ийнхүү тогтворгүй байдлын эхлэл болох магадлалтай.
Ард нийтийн санал асуулгатай хамт УИХ-ын сонгуулийг хугацаанаас нь өмнө амжилттай зохион байгууллаа ч цаашдаа муу жишиг тогтох эрсдэлтэй. Засгийн газрыг хүссэн үедээ огцруулдаг шиг УИХ-ыг ч хүссэн үедээ тараадаг болохыг үгүйсгэхгүй.
Улс төр
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
Монгол Улсын Их Хурал 2023 онд Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тэмдэглэх тухай 64 дүгээр тогтоолыг баталсан билээ.
Уг тогтоолоор Үндсэн хуулиа эрхэмлэн дээдлэх үзэл санааг иргэдэд тайлбарлан таниулах ажлыг зохион байгуулахыг Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах Ажлын хэсэгт даалгасан юм.
Монгол Улсын Их Хурлын 2023 оны 64 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Монгол орон даяар 21 аймаг, нийслэлийн өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн эхний цагийн хичээлийг “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвийн доор байгуулахаар шийдвэрлэсэн.
Энэхүү хичээлийг сурагчдад Үндсэн хуулийн ач холбогдол, Монгол Улсын үндсэн хууль, үндсэн хуульт ёсны хөгжлийг таниулж, тэдний үндсэн хууль, төрт ёсоо дээдлэх, эх оронч үзэл санааны төлөвшлийг дэмжих зорилгоор зохион байгуулах гэж байна. Улс орон даяар нэг зэрэг зохион байгуулах хичээлд ерөнхий боловсролын 885 сургуулийн 26.228 бүлгийн нийт 797.905 суралцагч хамрагдана.
Хичээл 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 08.00 цагт эхлэх бөгөөд нийслэлийн 314, аймаг, сум, багийн 567, бусад 4 сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчид хамрагдах юм.
Бага ангийн сурагчдад заах хичээлийн агуулгад Үндсэн хуулийн тухай, Үндсэн хууль ба бидний эрх, эрх чөлөө, Үндсэн хууль ба бидний үүрэг гэсэн сэдэв багтсан бол, дунд ангийн сурагчидтай Үндсэн хууль гэж юу вэ гэсэн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэхээс гадна Монгол улсын Үндсэн хууль, түүний бүтэц, баталсан түүх, хүний эрх, эрх чөлөө, иргэний үндсэн ба журамт үүргийн талаар тайлбарлан таниулахаар хичээлийн агуулгад тусгасан байна.
Ахлах ангийн сурагчидтай Монгол Улсын Үндсэн хууль бидний амьдралд яагаад тийм чухал вэ сэдвээр ярилцан, Монгол Улсын тусгаар тогтнол, Төрийн дуулал, хэн нэгнээс үл хамааран өөрийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хийгээд, Үндсэн хуулиар олгогдсон бусад эрхийн талаар хэлэлцэнэ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Улс төр
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
Улс төр
Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Сандра Шуфани болон Канадын ГХЯ-ны Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг хариуцсан худалдааны Ерөнхий төлөөлөгч Пол Топпил, Blackberry компанийн төлөөлөл Мааз Ясин нарыг хүлээн авч уулзлаа.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү “Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хиймэл оюун, их өгөгдөл зэрэг дэвшилтэт технологийг бусад салбарт нэвтрүүлэх, инновац, гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих, хүний нөөцийг чадавхжуулах зэрэг үндэсний хэмжээний томоохон ач холбогдолтой арга хэмжээ, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр тусгасан. Мөн Кибер аюулгүй байдал, цахим хөгжилд ихэд анхаарч, эрсдэлийн түвшнийг тодорхойлохоор олон байгууллагатай хамтран ажиллаж байна. Мэдээллийн технологийн хүний нөөцийг чадавхжуулах шаардлага их байгаа тул кибер аюулгүй байдлын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэхэд Канадын их, дээд сургуулиудтай хамтрах, хамтарсан хөтөлбөрийг МУИС, ШУТИС дээр түшиглэн байгуулах чиглэлээр хамтран ажиллахыг хүсэж байна. Түүнчлэн цахим эдийн засгийг хөгжүүлэхэд анхаарч, Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, инновацид түшиглэсэн бараа бүтээгдэхүүнийг экспортлох нөхцөлийг бүрдүүлж, УИХ-аас хууль баталсан. Цаашид энэ салбарт хамгийн ээлтэй улс болохыг зорьж байна. 2027 онд Үндэсний хиймэл дагуулаа хөөргөж, сансрын эдийн засгийг хөгжүүлэх амбицтай байна. Мөн дрон туршилтын бүс байгуулах бэлтгэл ажилдаа орсон” хэмээн ярилаа.
Талууд хоёр улсын программ хангамж үйлдвэрлэгч хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа үүлэн тооцоолол чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Хиймэл оюун, их өгөгдөл, машин сургалт гэх мэт орчин үеийн технологийг төрийн үйлчилгээнд ашиглах талаар xамтарсан төсөл хэрэгжүүлэх боломжийг судлан үзэхээ сайд Ц.Баатархүү илэрхийлэв.
Канадын ГХЯ-ны Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг хариуцсан худалдааны Ерөнхий төлөөлөгч Пол Топпил “Канадын Засгийн газраас хоёр жилийн өмнө Энэтхэг, Номхон далайн бүс нутаг руу чиглэсэн стратегиа зарласан. Энэ хүрээнд тус бүс нутаг дахь улсуудтай харилцаагаа өргөжүүлэхийг хүсэж байна. Цахим аюулгүй байдал ардчилсан улсуудын хувьд олон сорилтыг дагуулж байна. Энэ чиглэлд Монгол Улсын Засгийн газартай хамтарч ажиллахдаа таатай байх болно. Мөн манай улсын Blackberry компани энэ чиглэлд найдвартай, дэвшилтэт технологийг Засгийн газруудад санал болгож байна” гэж онцоллоо.
Канад Улс нь мэдээллийн технологийн салбарт үндэстэн дамнасан компаниуд болон үндэсний хэмжээний олон компаниудтай. Тэдгээр компаниудыг дэмжин хөгжүүлэх чиглэлээр арвин туршлагатай аж.
“Blackberry” компанийн төлөөлөгч Мааз Ясин “Blackberry компани аюулгүй харилцаа холбоо, цахим аюулгүй байдлын чиглэлд анхаарч ажиллаж байна. Бизнесийнхээ үйл ажиллагааг цахим аюулгүй байдлыг хангахад чиглүүлж, дэвшилтэт технологийг хөгжүүлсэн. Энэхүү технологийг АНУ, GREAT 7, НАТО-тай хамтран ажиллаж байна. Улмаар Азийн цахим хөгжлийг түүчээлэгч улсуудтай хамтрахыг зорьж байна. Ингэхдээ Засгийн газруудад дата мэдээллийн бие даасан байдлыг санал болгож байгаа юм” гэж ярилаа гэж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.
-
Улс төр10 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм12 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент11 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент11 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм12 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм12 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм12 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд10 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ