Connect with us

Улс төр

С.Баяр: Оюу толгойн төсөлтэй холбоотой биднийг хамгийн их зовоож буй асуудал бол 34 хувь

Нийтэлсэн

-

Ерөнхий сайд асан Санжийн Баяртай ярилцлаа.

-УИХ-ын чуулган дээр Т.Аюурсайхан гишүүн “Ерөнхий сайд асан С.Баяр Оюу толгойн гэрээг хууль бусаар хийсэн. Үүнийг АТГ нотолсон” гэж мэдэгдсэн. Тантай тэр өдөр ярилцлага хийе гэтэл та “Аюурсайхан юун нотолгоо яриад байгааг мэдчихээд ярилцъя” гэсэн. Юун нотолгоо ярьсныг та мэдсэн үү?

-Мэдсэн. Т.Аюурсайхан гартаа нэг хавтас барьчхаад чуулганы хуралдаан дээр сүржин мэдэгдэл хийсэн. Гартаа барьсан зүйл нь надад үүсгэсэн эрүүгийн хэргийн материал юм билээ.

Мөрдөн байцаалтын явцад хийсэн шинжээчийн дүгнэлт. Хавтаст хэрэгт байгаа материалыг УИХ-ын гишүүн тэр залуу яаж ч юм олоод авчихсан, чуулганы танхимд дэлгэж үзүүлээд байсан.

УИХ-ын чуулганыг шүүх хурал шахуу болгон, намайг яллаад унасан. Шүүх хурал юм бол намайг ингэж “эчнээ” яллах учиргүй. Тэр шүүх хуралд нь би бас оролцож, үгээ хэлэх эрхтэй баймаар.

Ерөөс хэргийг шүүхэд биш УИХ-д шилжүүлдэг, тэгээд УИХ-ын аль нэгэн гишүүн хэрэг шүүдэг, ялладаг болж байгаа юм уу. Хууль тогтоогч хуулиа ингэж завхруулж болох уу?

-Т.Аюурсайхан гишүүн хэлэхдээ “230 хуудас энэ хавтаст материалыг Монголын төрд дөрвөн хүний нэр дээр ирүүлсэн. Гэтэл энэ дөрвөн хүнээс нэг нь ч энэ тал дээр дуугараагүй. Би энэ хавтаст хэргийн араас явж явж, саяхан олж авсан” гэж байсан. Тэр дөрвөн хүн гэдэг нь хэн хэн юм бол, та мэдэх үү?

-Би яаж мэдэх билээ. За, хэн ч байлаа Аюурсайханыг бодвол, юун дээр дуугарах, эс дуугарахаа мэддэг хүмүүс бололтой.

Ер нь бол, мөрдөн шалгаж байгаа хэргийн материалыг ийш тийш илгээдэг, түүнийг нь олж аваад аль нэг албан тушаалтан элдэв мэдэгдэл хийдэг ийм гаж ёс гэж үгүй.

Тэгэх тусмаа “араас нь явж, олж авдаг” хэргийн материал гэж байх учиргүй.

Надад эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж байна. Асуудал АТГ дээр байгаа. Шалгаж гүйцлээ гэж үзвэл хэргийн материалыг шүүхэд шилжүүлэх учиртай. Тэрний өмнө надад танилцуулах ёстой.

Би түүнийг нь үзэж танилцах эрхтэй. Гэтэл энэ материалууд надад биш, аль нэг албан тушаалтан дээр очиж байна. Бүр цаашлаад хэвлэл мэдээллийн байгууллагад хүрч, гүтгэлэгт нийтлэлийн сэдэв болж ийм байж таарахгүй.

Дахин хэлье. Энэ бол хуулийн завхрал. Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулж сайжруулъя, ардчилсан тогтолцоогоо бэхжүүлье гэж яриад байгаа.

Гэтэл ардчилсан тогтолцооны суурь нь “хуулийн өмнө бүгд эрх тэгш” гэсэн зарчим юм шүү дээ Суурь энэ зарчмаа зөрчиж, нулимж байгаа бол ямар ч гоё Үндсэн хууль нэмэр болохгүй.

-Та энэ асуудлаар гомдол гаргасан уу?

-Гаргасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль гэж бий. 29.3 дугаар зүйлд нь “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын нууцлалын тухай тодорхой заасан.

Би энэ заалтын дагуу гомдол, хүсэлтээ холбогдох байгууллагад нь гаргасан. Надад хариу өгөх ёстой. Хүлээж байна.

Хэргийн баримтыг задалж, тарааж байгаад хэн нэгний булайг дуудуулж, муу муухай бүхнийг түүн рүү чихэж байгаад ялладаг арга сүүлийн үед нэвтрээд байна. Энэ бол явуургүй арга, бүтэхгүй оролдлого гэж хэлье.

-Т.Аюурсайхан гишүүний харуулаад байсан тэр материалыг та үзэж танилцсан уу?

-230 гаруй хуудас шинжээчийн дүгнэлттэй мөрдөн байцаагчийн зөвшөөрсний дагуу би танилцсан. Хуулбарлаж авах хүсэлт гаргахад боломжгүй гэсэн тул уншиж зарим зүйлийг нь тэмдэглэсэн.

Юм юм хамж бичсэн дүгнэлт байна билээ. Холбогдох хуулиа, байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээг буруу, дутуу ойлгож тайлбарласан, дүгнэсэн асуудал цөөнгүй байна гэж би харсан, одоо нарийвчлан судалж байна.

Ер нь тэгээд, надтай холбоотой хэргийг сонинд нийтлээд, УИХ-ын чуулган дээрээс зарлаад байгаа юм бол уг материалыг нийтэд бүрмөсөн ил болговол зүгээр юм биш үү?

Мэргэжлийн болон сонирхож буй бүх хүмүүс нь үзээд, судлаад өөр өөрийн дүгнэлтээ хийг л дээ. Тэгээд Ерөнхий сайд асан С.Баярыг яг ямар баримтаар, юу гэж яллаад байгааг олон түмэн ойлгож мэднэ биз.

-Т.Аюурсайхан гишүүний ярьснаар “Наад захын хөрөнгө оруулалтын эрсдэлийг даах 50 сая ам.долларын хөрөнгөгүй гаднын этгээдүүд, өөрөөр хэлбэл халаас нь хоосон луйварчид хүрч ирээд хэдэн тэрбумаар тооцогдох Оюу толгойн орд газрыг маань авчихсан байна” гэж чуулган дээр хэлсэн. Тийм юм уу?

-Оюу толгойн гэрээг бага ч атугай судалсан хүн бол ийм мангар юм ярьж, өөрийгөө эвгүй байдалд оруулахгүй. Муулахын тулд муулж, үүн дээрээ “тодрох” гэсэн хүмүүст нийтлэг нэг дутагдал бий.

Суурь баримт огт уншаагүй, эсвэл уншаад ойлгоогүй хэрнэ элдвийн юм ярьдаг. Т.Аюурсайхан бол тэдний нэг нь. Баримт түшижй ярья. Нэгдүгээрт, Оюу толгойн Хөрөнгө оруулалтын гэрээг Ерөнхий сайд асан С.Баяр гэдэг хүн ганцаараа дур мэдэн хийсэн юм биш.

Энэ гэрээний төслийг Засгийн газар, ҮАБЗ, УИХ-аар хэд хэдэн удаа хэлэлцсэн. Муу ч, сайн ч Монголын төрийн энэ хэдэн байгууллага нийлээд “халаас хоосон гаднын луйварчидтай” гэрээ арай хийхгүй, тийм үү.

Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах үед буюу 2009 оны аравдугаар cap хүртэл нийтдээ 1.1 тэрбум ам.долларын хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн байсан гаднын хуулийн этгээдтэй бид гэрээ байгуулсан.

Хоёрдугаарт, Оюу толгойн Хөрөнгө оруулалтын гэрээ энэ байна. Энэ гэрээний 9.5-д “Хөрөнгө оруулагч нь энэхүү Гэрээний 3.6-д заасан Техник, эдийн засгийн үндэслэлд (ТЭЗҮ) тусгасан дөрвөн тэрбум ам.долларын нэмэлт хөрөнгө оруулалтыг Оюу толгой төсөлд хийхээр төлөвлөж байна.

Тооцоолсон эхний хөрөнгө оруулалтыг таван жилийн хугацаанд хийх бөгөөд хөрөнгө оруулалтын зардлын энэ хуваарийг ТЭЗҮ-д тусгана” гэсэн байна.

Түүнчлэн, уг гэрээний 3.10-т Оюу толгой төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүжилтийг бүрдүүлэх, санхүүжилт бүрдсэн нөхцөл гэдэгт юуг ойлгох, энэ талаар Засгийн газарт мэдэгдэх, үйл ажиллагааг эхлүүлэх хугацааг тодорхой заасан байгаа.

Өөрөөр хэлбэл, үйл ажиллагааг“эхлүүлэх санхүүгийн хангалттай эх үүсвэр бий болгосноор Оюу толгой төслийн үйл ажиллагааг эхлүүлэхээр хоёр тал тохиролцсон.

Гэрээний эдгээр заалт болон ТЭЗҮ-ийн дагуу хөрөнгө оруулалтыг үе шаттайгаар хийсээр ирсэн. Нөхцөл байдал, бодит баримт ийм юм. Оюу толгойн Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдаад 10 жил болж байна.

Гэтэл гэнэт “бүхнээс ухаантай”, “Монголдоо аймаар их хайртай” нэгэн гарч ирээд “халаас хоосон гаднын луйварчидтай” гэрээ хийлээ гэх “нээлт хийж”, сүржигнэх нь зөөлөн хэлэхэд утгагүй.

Тэгээд ч Т.Аюурсайхан нь одоо жирийн нэг гишүүн биш, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар сонгогдсон юм билээ.

Ийм том алба хашиж байгаа хүн тэгэх тусмаа ярихаасаа өмнө бодох, яллахаасаа өмнө судлах хэрэгтэй.

Хувь гишүүний нэр хүндээс гадна, бүхэл бүтэн парламентын нэр хүнд цаана нь байна гэдгийг ухаарвал таарна.

-Цааш ярихдаа “Оюу толгойн Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах үед хөрөнгө оруулагч нь хайгуулын зарим талбайн тусгай зөвшөөрлийн эзэмшигч биш байсан. Зарим талбайн тусгай зөвшөөрлүүдийн нөөцийн тайлан, ТЭЗҮ батлуулаагүй байсан нь хууль зөрчсөн үйлдэл”гэж хэлсэн. Энэ талаар та юу гэхсэн бол?

-Бас л нөгөө гэрээг уншаагүй, эсвэл ойлгоогүй хүний яриа. Уул уурхайн том төсөл бол хууль журмын дагуу батлагдсан талбайн нөөц, ТЭЗҮ, төлөвлөгөөний дагуу, дараалсан үе шаттай хэрэгждэг.

Оюу толгойн төсөл нэлээд том газар нутаг дээр хэрэгжиж буй бөгөөд энэ нь ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий хэд хэдэн талбайд хуваагдана.

Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж байх үед эдгээр талбайн аль дээр нь ашигт малтмалыг олборлох, боловсруулах үйл ажиллагаа явуулах эрх нээгдсэн, аль дээр нь ийм эрх нээгдээгүй, эдгээр талбайг гэрээний үйлчлэлд хэрхэн хамруулах, эс хамруулах асуудлыг хоёр тал зааглаж тогтоосон.

Ашиглах, олборлох ийм эрх нь нээгдээгүй байгаа талбайн нөөцийн тайлан, ТЭЗҮ-г ямар хугацаанд хүргүүлэх, тэдгээрийг нь ямар хугацаанд хэлэлцэж бүртгэх тухай гэрээнд тодорхой заасан.

Хуульд заасан бүх нөхцөл бүрдсэн талбайг гэрээний үйлчлэлд хамруулж, олборлох, боловсруулах үйл ажиллагаа явуулах эрхийг нь нээх, мөн тус талбайд Засгийн газар 34 хувийг эзэмшихээр тохиролцсон байдаг.

Өөр бусад нарийн зохицуулалт ч Хөрөнгө оруулалтын гэрээнд орсон байдаг.

54 хуудас энэ гэрээг Монгол Улсын геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын олон мэргэжилтэн, Засгийн газар, ҮАБЗ болон түүний ажлын алба, УИХ болон түүний байнгын хороод хэлэлцэж дэмжээд, Засгийн газар байгуулсан.

Эрх биш аль нэгэн шинжээч, аль нэгэн гишүүнээс дутахааргүй мэдлэг, туршлага бүхий олон олон байгууллагын хүмүүс хоёр, гурван жил тал талаас нь “нухаж” байгуулсан гэрээ юм шүү дээ.

-Оюу толгой энэ төслөөс болж та юм юм л үзэж байх шиг байна. Энэ төслийг хөдөлгөх нь зөв байсан уу. Огт хөдөлгөхгүй байсан нь дээр байж гэж танд бодогддог уу?

-Хааяа тийм бодол орж ирэх нь ирдэг. Гэтэл энэ төслийг тухайн цагт нь эхлүүлээгүй бол “Алтан сайхан боломжийг С.Баярын Засгийн газар л алдсан.

Оюу толгойн гэрээг тухайн цагт нь хийлгүй улсаа хохироосон” гэж одоо байдгаараа зүхүүлээд, хараалгаад сууж байх байсан биз.

Зүхэж хараагсдын тэргүүн эгнээнд хэн жагсаж, хэн намайг яллаж байх байсан бол гэж төсөөлж бодохоос инээд хүрэх шиг (инээв).

-Оюу толгойн гэрээний эдийн засгийн болон геополитикийн үр дүн нь юу вэ?

-Би энэ тухай олон удаа ярьж, бичиж байсан учраас одоо товчхон хариулъя. Нэгдүгээрт, Оюу толгойн гэрээ байгуулснаар Монгол Улсын “гурав дахь хөршийн” бодлого маань бодитоор хэрэгжиж эхэлсэн.

Хоёрдугаарт, хөрөнгө оруулалтын хэмжээ нь (4.2 тэрбум ам.доллар) уламжлалт хоёр хөршийн нийлбэр дүнгээс (3.1 тэрбум ам.доллар) давж гарсан. Энэ бол чиний асуусан геополитик тал нь.

Эдийн засаг талаасаа Монгол Улсын эдийн засаг тэлж, 2001 онтой харьцуулахад 2011 онд 10 дахин томорч, эдийн засаг бизнесийн үсрэнгүй хөгжлийн “бүүм” эхэлсэн.

Оюу толгой төслөөс улсын болон орон нутгийн төсөвт 2.1 тэрбум ам.долларыг татвараар хуримтлуулсан. Энэ бол шууд нөлөө.

Оюу толгой төслийн дам нөлөө гэж бас байна. Энэ төсөлд ханган нийлүүлэгчээр манай 700 орчим аж ахуйн нэгж ажиллаж, өнгөрсөн 10 жилд нийлүүлсэн бараа, үйлчилгээнийхээ төлбөрт 3.2 тэрбум ам.доллар авчээ.

Түүнээсээ улсад төлсөн татвар нь хэд болсныг би хэлж мэдэхгүй байна. Түүнчлэн Оюу толгойн гэрээ байгуулснаар Монгол Улсын зээлжих зэрэглэл, өрсөлдөх чадвар гэх үзүүлэлтүүд үлэмж сайжирсан.

Манай улсаас нэг ч төгрөг зараагүй төсөл гээд цааш яривал зөндөө юм бий ч ингээд зогсъё.

 – Оюу толгойн 34 хувийг манай улс авсан нь буруу гэж ярьдаг хүмүүс бий. Шууд татвараараа явах нь үр дүнтэй гэдэг. Энэ тухай та юу хэлэх вэ?

-Энэ сэдвээр ч би олон удаа ярьсан, бичсэн. Оюу толгойн гэрээний том согог нь энэ. УИХ-аас Засгийн газарт үүрэг болгосон алдарт 57 тогтоол гэж бий.

“Оюу толгой ордын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьцааны төрийн эзэмшлийн доод хэмжээг 34 хувиар тогтоосугай.

Анхны хөрөнгө оруулалт нөхсөний дараа төрийн эзэмшлийн хувьцааны хэмжээг 50-иас доошгүй хувь хүргэж нэмэгдүүлэхийг үүрэг болгосугай” гэсэн үгтэй тогтоол.

“Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьцааны 34 хувь” гэх хар дарсан зүүд шиг, намайг шөнө гэнэт сэрээсэн ч энэ хэдэн үгийг би чээжээр хэлэх биз.

Оюутолгойн төсөлтэй холбоотой биднийг хамгийн их зовоож буй асуудал бол энэ 34 хувь мөн.

– Төрийн эзэмшлийн хэмжээг 34 хувиар тогтоосон ийм заалттай тогтоол УИХ яагаад гаргасан юм бэ. Тэр үед та намын дарга байсан. Арай өөр шийдэл олж болоогүй юм уу?

-Учир шалтгаан олон байлаа. Нэгдүгээрт, 2006 онд батлагдсан Ашигт малтмалын тухай хууль нь ийм заалттай байсан.

Түүнийг нь өөрчлөх гээд манай Засгийн газар байдгаараа үзээд хүч хүрээгүй. “Энэ 34 хувь гэдэг бол алсын ирээдүйд л ашгаа өгнө.

Харин ойрын зайдаа бол бөөн зардал,бөөн хэрүүл маргаан үүсгэнэ. Дээр нь уул уурхайн болон үнэ ханшны бөөн эрсдэл үүрнэ.

Татвар, роялти аваад сууж байвал дээр биш үү” гэж бид их ятгасан. Бараагүй. УИХ-ын гишүүд маань гэдийгээд суучихсан.

Хуулийн заалтаа өөрчилж чадаагүй учраас дагаж мөрдөхөөс өөр яах билээ. Хоёрдугаарт, уул уурхайн ийм том төсөл хөдөлгөж байсан туршлага бидэнд үгүй байлаа.

Хувьцаанаас нь хувьтай юм чинь ногдол ашгаараа ойрын хугацаанд их мөнгө олно гэж найдаж байж. Тэр найдлага маань талаар болсон. Гарсан зардал, авах татвар дээр байнгын маргаан.

Дээр нь үнийн хэлбэлзэл зовооно. Уул уурхайн төсөл амаргүй. Болж өгвөл, үгүй дээ гэхэд энэ 34 хувиас хэлэлцээр хийж байгаад салчихмаар байгаа юм.

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт батлагдвал үүнээс хойш гарах гэрээ хэлэлцээр, стратегийн орд газартай холбоотой хуулиуд стратегийн орд газрын үр өгөөжийн 50+1 хувь ард иргэдэд ногдох энэ зохицуулалтаар явна гэж байгаа. Тэгэхээр Оюу толгойн гэрээний 34 биш, 51 хувийг эзэмшинэ гэсэн үг үү?

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн энэ заалт эцэстээ яг ямар томьёололтой болсныг би үзээгүй байна. Гэхдээ “хувьцааны төрийн эзэмшлийн хувь”, “орд газрын үр өгөөж” гэдэг нь хоёр өөр ойлголт.

Оюу толгойн орд газрын Монголын талд ногдох үр өгөөж 54 хувь байхаар хоёр тал тогтсон байдаг. Гэсэн хэдий ч хуульд, тэгэх тусмаа Үндсэн хуульд эдийн засгийн ямар нэгэн шалгуур, хязгаарлалт оруулдаг практик байхгүй.

Гадаадын ч бай, дотоодын ч бай бизнес сонирхлыг бууруулна. Нөгөө өрсөлдөх чадвар маань доошилно л гэсэн үг.

Гэхдээ би төсөлд орж байгаа эцсийн томьёоллыг нь мэдэхгүй учраас өөр юм ярих боломжгүй байна.

-Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хоёрдугаар хэлэлцүүлгээр ард нийтийн санал асуулга /АНСА/ явуулахаар болсон. АНСА-ыг явуулах нь зүйтэй гэж та үзэж байна уу?

– УИХ төслөө боловсруулж хэлэлцээд АНСА явуулна гэж шийдэж байгаа бол үүнд буруу юу байх билээ.

-Түүнчлэн Ерөнхийлөгчийн зүгээс ард нийтийн санал асуулга явуулахдаа засаглалын хэлбэрийг асуух санал гаргасан. Үндсэн хуульд төрийн эрх барих дээд байгууллага Их хурал мөн гэж заасан байдаг. Тийм атал засаглалын хэлбэр ард нийтээс асууна гэдэг нь Үндсэн хуулиа зөрчиж байгаа зүйл биз дээ. Төрөөр ингэж тоглож болох юм уу. Төрийн дархлаа манайд байна уу?

-За, ярьж байгаа асуудал маань бүр халиад явчихлаа. Бид хоёр ийм өргөн хүрээнд ярилцана гэж тохироогүй.

Тэгээд ч Төрийн ордонд болж байгаа явдлын наад, цаад учир шалтгааны талаар надад тодорхой мэдээлэл алга. Мэдэхгүй байж мэдэмхийрэх би дургүй.

-Ярилцсанд баярлалаа.

Дэлгэрэнгүй ...

Улс төр

Зам тээврийн ослын 98 хувь нь жолоочоос шалтгаалж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөлийн 2025 оны эхний хуралдааныг өнөөдөр (2025.04.22) хийлээ.

Хуралдаанаар замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагаа, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх талаар онолын болон практик үндэслэлтэй санал, санаачилгыг дэвшүүлэн, нээлттэй хэлэлцүүллээ.

Хуралдааныг нээж Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан хэлэхдээ “НҮБ-аас 2020-2030 оныг Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах жил болгон зарлаж, зам тээврийн ослын улмаас нас барсан болон гэмтсэн хүний тоог 50 хувь бууруулах зорилт дэвшүүлснийг Монгол Улсын Засгийн газар дэмжиж, стратеги, хөтөлбөр батлан хэрэгжүүлсэн боловч нөхцөл байдал төдийлөн сайжрахгүй байгааг судалгаа, тооцоо харуулж байна.

Тухайлбал, баруун талдаа жолооны хүрдтэй автомашины тоог цөөрүүлэх, Монгол Улсын хэмжээнд ашиглагдаж байгаа тээврийн хэрэгслийн паркийг шинэчлэх, Улаанбаатар төдийгүй суурин газрын замын хөдөлгөөний төлөвлөлт, зохион байгуулалтад цогц шийдэл боловсруулж хэрэгжүүлэх арга хэмжээ хангалтгүй байна. Сүүлийн жилүүдэд уул уурхай, зам, тээврийн бүтээн байгуулалт нэмэгдэхийн зэрэгцээ хүний амь нас хохирсон зам тээврийн осол нэмэгдэх хандлагатай байна.

Иймд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны төлөвлөгөөг хот, суурин газрын ерөнхий төлөвлөгөө, Авто замын мастер төлөвлөгөө, осол гэмтлээс сэргийлэх төлөвлөгөө, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхээр хэрэгжүүлж буй бусад хөтөлбөр болон автотээвэр, авто замын чиглэлээр хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөртэй уялдуулан хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай байна” хэмээн онцоллоо.

Монгол Улсын хэмжээнд сүүлийн таван жилийн хугацаанд зам тээврийн 124,583 осол бүртгэгдэж, 43,5 тэрбум төгрөгийн хохирол учирч, ослын улмаас 2534 хүн нас барж, 14905 хүн гэмтсэнээс үүний дотор 312 хүүхэд амь насаа алдаж, 3861 хүүхэд гэмтсэн нь анхаарал хандуулах асуудлын нэг болоод байгааг мэргэжилтнүүд хэлж байлаа.

Стастистик мэдээллээс үзэхэд зам тээврийн ослын 98 хувь нь жолоочоос шалтгаалж байгаа бөгөөд 2024 онд гэхэд ТЦА-наас 3,075,442 зөрчил илрүүлжээ. Үүнээс 3,068,598-д нь торгууль ногдуулж, 28,155 согтуу жолоочийг илрүүлж, 20,072 жолоочийн эрхийг хасаж, 650 хүнийг баривчилжээ.

Иймд хуралдаанаар замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэхэд системтэй, онолын үндэслэлтэй үйл ажиллагаа явуулахгүй бол цаашид ослын тоо нэмэгдэж болзошгүй байгааг харгалзан хэд хэдэн арга хэмжээ авч ажиллахаар зөвлөмж гаргалаа.

Үүнд:

-Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Монгол Улсын зарим хуулийн заалтыг шинэчлэх, нэмэлт өөрчлөлт оруулах,

-Аюулгүй байдлыг хангах бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг боловсронгуй болгох,

-Урьдчилан сэргийлэх, судалгаа, сургалт сурталчилгааг эрчимжүүлэх,

-Олон нийтийн байгууллага, аж ахуйн нэгж, ард иргэдэд уриалах зэрэг ажлуудыг эрчимжүүлэхээр тогтлоо.

Дэлгэрэнгүй ...

Улс төр

Монгол Улсын хүн амыг нэмэгдүүлэх хөгжлийн бодлогыг дэмжиж, оролцож ажиллахыг эрдэмтэн, судлаачдад санал болголоо

Нийтэлсэн

-

Нийтэлч

УИХ-ын даргын 2025 оны 68 дугаар захирамжаар байгуулагдсан Монгол хүний амьдралын чанарыг дээшлүүлэх, хүн амын өсөлтийг дэмжих асуудлаар холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, үр нөлөөг дээшлүүлэх асуудлыг судалж, цаашид авах арга хэмжээний талаар санал, дүгнэлт танилцуулах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг (2025.04.21) хуралдлаа.

УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Үүрийнтуяа, монгол хүний амьдралын чанар түүний орчин нөхцөлтэй холбоотой судалгааны дүн, дүгнэлтээ танилцуулахаар ирсэн, их дээд сургууль шинжлэх ухааны байгууллагын эрдэмтэд судлаачдад талархал илэрхийлсэн.

Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвийн Нийгэм, эдийн засгийн судалгааны газрын захирал А.Амарбал Монгол Улсын хүн амын өсөлт, цаашид анхаарах асуудлын талаарх судалгаагаа танилцуулсан. Тэрбээр, манай улсад 3-4 хүүхэдтэй айл олон хүүхэдтэй өрхөд тооцогдож байна. Тодруулбал, гурваас дээш хүүхэдтэй 167.000 өрх байна. Хүн амаа нэмэгдүүлэх төрийн бодлого хэрэгжүүлэхгүй бол 2036 он орчимд 4 сая дэх иргэнээ хүлээж авах  нөхцөлд хүрээд байна гээд хүн ам, хөгжлийн бодлогоо шинэчлэх, нөхөн үржихүйн эрүүл мэндийг дэмжих бодлого хэрэгжүүлэх, олон хүүхэдтэй гэр бүлийн амьжиргааг дэмжих, цэцэрлэг, сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх, зардлыг бууруулах замаар хүн амаа өсгөх зэрэг шийдлүүдийг санал болгосон юм.

МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Антропологи, археологийн тэнхимийн эрхлэгч Ц.Болормаа эрдэмтэн, судлаачдын судалгааны дүн, шийдлийн талаарх саналыг сонсож байгаад талархаж байгаагаа илэрхийлээд, хүн амаа өсгөх асуудлыг үзэл баримтлалын хувьд зөв эхлүүлэх нь зүйтэй хэмээлээ. Тэрбээр, Хүн ам зүйг дэмжих бодлого хуулиудад туссан байдаг ч, үр дүнг нь тооцож байгаагүй. Иймд илүү өндөр зорилтот, 10-15 жил, түүнээс ч урт хугацаанд үр дүнгээ өгөх бодлогын хэрэгцээ, шаардлага байгааг хэлж байв.

МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Антропологи, археологийн тэнхимийн багш Б.Энхцэцэг, Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд хожуу төрөх болсон. Хожуу төрвөл 1-2 хүүхэд төрүүлэх боломжтой. Цаашид 2030 оноос төрөлт улам буурсаар байх бөгөөд, хүн амаа өсгөх бодлого хэрэгжүүлнэ гэвэл өрхийн зохимжит хүүхдийн тоог 3-4 байхаар тооцож, хүүхдийн тооноос хамаарах мөнгөн тэтгэмжийн хөшүүргээс гадна, залуус, ирээдүйн эцэг, эхчүүдийн хандлагад нь нөлөөлөх цаг ирсэн гэдгийг тодотгосон.

Удирдлагын академийн Улсын салбарын удирдлагын тэнхимийн эрхлэгч Б.Нарантулга нийгмийн халамж, хүн ам зүйн өсөлтийн бодлогын зохицуулалтыг тусад нь авч үзэх шаардлагатай гээд, 3-аас дээш хүүхэдтэй өрхөд олгох мөнгөн тэтгэмжийн дүнг өсгөснөөр эдийн засгийн боломжийг нь бүрдүүлнэ гэдэгтэй санал нэг байгаагаа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Үүрийнтуяа Монгол Улс хүн амаа өсгөхийн тулд эдийн засгаа сайжруулах, эдийн засгаа сайн авч явахын тулд хүн амаа өсгөх харилцан хамаарал дээр төр, засгийн бодлогоо хэрэгжүүлж байна. Хүн ам зүйгээр мэргэшсэн цөөн хэдэн судлаачдын гурван төрлийн судалгааны ажлууд, санаануудыг цогц нэг ажил гэж харж байна. УИХ-ын даргын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн дэргэд эрдэмтдээс бүрдсэн дэмжих баг ажиллах шаардлагатай. Баг бүрэлдэхүүн, судлаачдынхаа хамтаар манай ажлын хэсгийг дэмжиж, хамтран ажиллахыг санал болгож байна гэлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй ...

Улс төр

Өнөөдөр хуралдах УИХ-ын байнгын хороод

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсын Их Хурлын байнгын  хороодын өнөөдрийн /2025.04.22/ хуралдааны хэлэлцэх асуудал, товыг танилцуулж байна.

Д/Д ХУРАЛДААН ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ ЦАГ ТАНХИМ
1 Эдийн засгийн байнгын хороо · Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр ирүүлсэн,  зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ, үргэлжилнэ/

· Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр ирүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ./

· Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Э.Батшугар 2024.12.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

10.00 “Жанжин Д.Сүхбаатар”
2 Нийгмийн бодлогын байнгын хороо · Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн сонсголын тайлан

· Улсын Их Хурлын 2024 оны 38 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх Эрүүл мэндийн сайдын мэдээллийг сонсох

14.00 “Их Эзэн Чингис хаан”
3 Хууль зүйн байнгын хороо · Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2025.01.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ 14.30 “Жанжин Д.Сүхбаатар”
Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм8 цаг өмнө

Агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг дэмжсэнгүй

Улс төр9 цаг өмнө

Зам тээврийн ослын 98 хувь нь жолоочоос шалтгаалж байна

Эдийн засаг9 цаг өмнө

НӨАТ-ын буцаан олголт энэ сард иргэдийн дансанд орно

Нийгэм10 цаг өмнө

Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг байршууллаа

Нийгэм11 цаг өмнө

Авлигын дөрвөн хэргийг шүүхэд шилжүүлжээ

Нийгэм12 цаг өмнө

Нийслэлийн МАН-ын 100 жилийн ойд зориулсан хүчит 128 бөхийн барилдаан болно

Нийгэм13 цаг өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 688 тохиолдол бүртгэгджээ

Нийгэм13 цаг өмнө

АТГ: Нийтийн албанд томилогдох 767 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав

Улс төр14 цаг өмнө

Монгол Улсын хүн амыг нэмэгдүүлэх хөгжлийн бодлогыг дэмжиж, оролцож ажиллахыг эрдэмтэн, судлаачдад санал болголоо

Нийгэм14 цаг өмнө

Туулын хурдны зам барих олон улсын нээлттэй тендерийг дахин зарлана

Эдийн засаг14 цаг өмнө

Шивээхүрэн боомтоор 758 мянган тонн нүүрс экспортолжээ

Улс төр14 цаг өмнө

Өнөөдөр хуралдах УИХ-ын байнгын хороод

Нийгэм14 цаг өмнө

Гал түймэртэй холбоотой дуудлага, мэдээлэл нэмэгдэж байна

Улс төр14 цаг өмнө

Согтуу эмэгтэй 3.75 хувийн согтолттой, жолоодох эрхийн үнэмлэхгүй байжээ

Улс төр14 цаг өмнө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн хэвшлийн төсөлд Засгийн газар дэмжлэг үзүүлнэ

Энтертайнмент1 өдөр өмнө

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлж байна

Нийгэм1 өдөр өмнө

Архангай аймгийн ахмадын хорооны барилгыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болжээ

Нийгэм1 өдөр өмнө

Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ

Нийгэм1 өдөр өмнө

АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав

Нийгэм2 өдөр өмнө

Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ

Бусад2 өдөр өмнө

Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Энтертайнмент2 өдөр өмнө

Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Бангкокт энэ сарын 25-д эхэлнэ

Нийгэм2 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ

Энтертайнмент2 өдөр өмнө

“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна

Нийгэм2 өдөр өмнө

Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна

Улс төр2 өдөр өмнө

Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд

Нийгэм2 өдөр өмнө

Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь

Нийгэм4 өдөр өмнө

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Улс төр4 өдөр өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Нийгэм5 өдөр өмнө

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм7 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм8 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм10 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм10 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг11 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим