Улс төр
Монгол УИХ-ын дарга Г.Занданшатар: Дутуугаа гүйцээх, хүлээлт үүсгэсэн зайлшгүй чухлыг хойшлуулалгүй хийж хэрэгжүүлэх үүрэг хариуцлага Та бидэнд ногдож байна

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
Хүндэт зочид оо,
Монгол Улсын Их Хурал 2019 оны намрын ээлжит чуулганаа хийхээр хуран цуглаад байна.
УИХ-ын 2016 оны сонгуулийн үр дүнгээр эмхлэн байгуулагдсан 7 дахь удаагийн парламентын бүрэн эрхийн хугацаа өндөрлөхөд ердөө хоёр ээлжит чуулган үлдэж байна. Энэ чуулганы дараа 2020 оны хаврын нэг л чуулган бий. Тиймээс өнгөрсөн гурван жилийн үйл ажиллагаандаа үнэлэлт дүгнэлт өгөх, дутуугаа гүйцээх, хүлээлт үүсгэсэн зайлшгүй чухлыг хойшлуулалгүй хийж хэрэгжүүлэх үүрэг хариуцлага Та бидэнд ногдож байна. Тэр хэрээр Улсын Их Хурлын намрын чуулган шахуу хуваарьтай, өндөр ачаалалтай ажиллахаар байна.
Ард түмний засаглах эрхийн залуур дээр сууж буй бидэнд улсаа өөд татах чиглэлээр амласнаа хэрэгжүүлэх, төр нь тогтвортой, түмэн нь амгалан, зөвхөн хуулиар засаглаж, шударга ёс, сахилга хариуцлага нийт нийгмийн зайлшгүй хэм хэмжээ болох иргэдийнхээ хүсэмжлэлийг биелүүлэх олон зорилтууд хүлээгдэж байна.
Зорилгоо хэрэгжүүлэх нэг зам нь эрх зүйн хүрээнд хийгдэх өөрчлөлт юм. 2019 оны намрын чуулганы түүхэн үүрэг, ач холбогдол чухамхүү үүнд чиглэнэ.
Та бид Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг ихээхэн цаг хугацаа, хүчин чармайлт зарцуулан хэлэлцсэн. Монгол Улс, Монголын ард түмний эрх ашгийг нэн тэргүүнд тавьж, зөвшилцөл ойлголцлыг эрхэмлэн ажиллаж, Ард нийтийн санал асуулгад оруулах эхийг хэлэлцэн баталсан.
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт бол нийгмийн захиалга юм. Энэ бол аль нэг нам, цөөн хэдэн хүмүүсийн санаачилга, улс төрийн үйлдэл огт биш. Энэ бол өнгөрсөн 20 гаруй жилд туулсан замаа эргэн харж, туршлага сургамжаа эргэцүүлсан ухаарал юм. Энэ бол алдсанаа залруулж, олсноо баталгаажуулах нийт нийгмийн хүсэл эрмэлзэл юм. Энэ бол Монгол орон, Монголын ард түмний ирээдүйн хувь заяаг шийдэх түүхэн сонголт юм. Тиймээс эрхэм гишүүд Та бүхэн энэ цаг үед тохиосон түүхэн хариуцлагаа ухамсарлаж, нэмэлт өөрчлөлтийг амжилттай хэлэлцэж дуусгана гэдэгт эргэлзэхгүй байна.
Хорин жил ярьж, маргасан, арван жил судалж хэлэлцсэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт бол монгол төр, Монголын нийгмийг цэгцэлж, зөв замд нь эргэлт буцалтгүй оруулахыг хүссэн үе үеийнхний хамтын бүтээл, зөвшилцлийн тунхаглал болох учиртай. Тиймээс төр, ард түмний эрх ашгийн дээд эрэмбэд багтах эрхэм чухал энэ үйл хэргийг намрын чуулганаар эцэслэн шийдэх боломж бүрдүүлэхийг УИХ-д суудалтай МАН-ын бүлэг, АН-ын зөвлөл, ШИНЭ намд хандан хүсч байна.
Эрхэм гишүүд ээ,
Энэ удаагийн чуулганаар бид Монгол Улсын 2020 оны төсвийг хэлэлцэн батална.
Тасралтгүй муудаж, хасах үзүүлэлт рүү ороод байсан эдийн засаг сэргэлээ гэж итгэлтэй хэлж болохоор байна. Эдийн засгийн өсөлт 2017 онд 5.3 хувь, 2018 онд 7.2 хувь, 2019 оны эхний хагас жилийн байдлаар 7.3 хувьд хүрч, 2018 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлээр төсвийн тэнцэл 27.8 тэрбум төгрөгийн ашигтай гарсан нь 2010 оноос хойш 8 жилийн дараа анх удаа Монгол Улсын нэгдсэн төсөв эерэг үр дүнтэй гарсан үзүүлэлт болж байна.
Төсвийн алдагдал жил дараалан буурч, 2020 онд дотоодын нийт бүтээгдэхүүний 5.1 хувь байхаар төлөвлөжээ. Улмаар 2021 онд 2.8 хувь, 2022 онд 1.4 хувьд хүргэн, 2023 оноос ашигтай гарах боломж бүрдэж байна. Энэ бол Улсын Их Хурал, Засгийн газрын бодлого, үйл ажиллагааны үр дүн чамлахааргүй байгааг харуулж байгаа юм.
Цаашид 2020 оны төсөв, мөнгөний бодлогыг макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эдийн засгийн өсөлтийг хадгалахад чиглүүлэн батлах шаардлагатай.
Өнөөдөр нөхцөл байдал таатай байгаа ч дунд хугацаанд гадаад орчны тодорхой бус байдал нэмэгдэх, голлох түүхий эдийн үнэ буурах зэрэг эрсдэл бий. Иймд төсвийн сахилга батыг чанд баримтлах, өрийн дарамтыг багасгах, улмаар гадаадын хөнгөлөлттэй зээлийг эдийн засаг, нийгмийн үр ашигтай, өгөөжтэй төсөлд зарцуулахад түлхүү анхаарах бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлэх ёстой гэж үзэж байна. Түүнчлэн хэлэлцүүлгийн явцад эрүүл мэнд, боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарт зарцуулах хөрөнгийг оновчтой хуваарилах талаарх мэргэжлийн байгууллагуудын зөвлөмжийг харгалзан үзэх нь зүйтэй юм.
Улс орны боловсрол, шинжлэх ухаан, технологийн хөгжилтэй холбоотой хэд хэдэн чухал хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулах, бэлэн болсныг нь хугацаа алдалгүй өргөн барьж, хэлэлцүүлж батлах ёстой гэж үзэж байна. Тухайлбал, Шинжлэх ухаан, технологийн тухай, Инновацийн тухай, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай, Боловсролын тухай багц хууль зэргийг энд нэрлэж болно.
Өнгөрсөн 5-р сард Шинжлэх ухааны академийн болон их сургуулиудын эрдэм шинжилгээний зарим хүрээлэнгүүдийн ажилтай танилцахад инновац болох боломжтой судалгааны ажлууд, бодитой бүтээлүүд цөөнгүй байсан. Манайд инновацийг дэмжих эко-системийг бий болгох асуудал тулгамдаж байгаа нь харагдсан. Ийм эко-системийг бий болгохын тулд Инновацийн тухай хуульд зохих өөрчлөлтийг оруулах цаг болсон. Монгол Улсын Засгийн газраас хөгжлийн урт хугацааны стратегийн төлөвлөлт болох “Алсын хараа-2045”-ыг санаачлан боловсруулж байгаа. Энэ баримт бичиг улс орны тогтвортой хөгжлийг хангах баталгаа болох тул Улсын Их Хурал нухацтай хандах ёстойг дурдаж хэлье.
Улсын нэгдсэн төсвийн нийт зарлагын 30 орчим хувийг эзэлж байгаа Засгийн газрын тусгай сангуудын менежмент, үйл ажиллагааг цэгцэлж олон нийт, мэргэжлийн хүмүүсийн бухимдал, шүүмжлэлд хариу өгөх зайлшгүй шаардлага үүссэн. Тиймээс Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг нухацтай хэлэлцэж, нийт сангуудын хяналт-хариуцлага, үр ашиг, ил тод байдлыг нэмэгдүүлж, эрсдэлийг бууруулах, шаардлагагүй зарим сангуудыг татан буулгах, нэгтгэх арга хэмжээ авах чиглэлд дорвитой өөрчлөлт гаргах ёстой гэж үзэж байна.
Хардлага дагуулсан, хаалттай, хяналтгүй сангуудын үйл ажиллагааг зогсоож, мэдээлэл нь нийтэд нээлттэй, сангийн хөрөнгө нь хүрэх ёстой эзэндээ очдог болгоё. Энэ бол нийгмийн шаардлага юм.
Намрын чуулганаар Сонгуулийн тухай багц хуулиудын төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн. Улс төр эрүүл байх, улс төрийн намууд хариуцлагатай болж, зөв төлөвших, иргэдийн сонголтын эрхийг тэгш, шударгаар эдлүүлэхэд эдгээр хууль онцгой чухал ач холбогдолтой юм.
Сонгуулийн сургаар талцан хуваагдаж, нийгмийг эмх замбараагүй байдал руу түлхдэгээсээ салах цаг болсон. Улсын сан хөмрөг, олсон хурааснаа тараан хоосолж, эдийн засгаа, ирээдүйтэй нь хамт хямраадаг уршигт үйлдэлдээ цэг тавимаар байна. Ямар ч үнээр хамаагүй ялахын тулд хууль ёс, иргэний эрхийг ноцтой зөрчдөг ужгийг халмаар байна.
Сонгуулийн хуулиудыг хэлэлцэн батлахдаа харьяалагддаг намынхаа ялалт, өөрийнхөө сонгогдох боломжийг харж биш, нийт монголчуудын эрх ашиг, ирээдүйн хувь заяаг эрхэм болгож хандахыг нийт гишүүддээ уриалъя.
Энэ удаагийн чуулганаар нутгийн удирдлагыг төгөлдөржүүлэхтэй холбоотой хэд хэдэн хуулийг хэлэлцэнэ. Тухайлбал, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиудыг нэрлэж болно.
Төвлөрлийг багасгах, орон нутгийн бие даасан байдлыг нэмэгдүүлэх, төсвийн болон удирдлагын эрх хэмжээг зохистой түвшинд олгох зэрэг эдгээр хуулиудын агуулга нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн нэг үндсэн чиглэл билээ. Өөрөөр хэлбэл Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг баталгаажуулах илэрхийлэл нь эдгээр хуулиудад тусгалаа олно гэдгийг бодолцож, хянуур хариуцлагатай хандах ёстой юм.
Эрхэм гишүүд ээ,
Энэ намрын чуулган авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх арга ажиллагаа, хууль зүйн зохицуулалтыг шинэ шатанд гаргах болно. Энэ зорилгоор Авлигын тухай болон Эрүүгийн хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай, Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай зэрэг хуулиудад өөрчлөлт оруулна.
Авлигын хэрэг нь их хэмжээний хөрөнгө мөнгөтэй холбоотой байдаг учраас гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсооход бүх нийтийн оролцоо чухал юм. Энэ төрлийн хэргийг илчилж мэдээлэх нь мэдээлэгч этгээдэд өндөр эрсдэлтэй байдаг. Ийм учраас зарим улс орнуудын жишгээр авлига, албан тушаалын хууль бус үйлдлийг мэдээлэгчийг урамшуулах зохицуулалтыг бий болгох ёстой гэж үзэж байна.
Түүнчлэн далд үйлдлүүдийг нийтэд илчлэгч шүгэл үлээгч-мэдээлэгчийг хамгаалах бие даасан хуультай болох нь зүйтэй гэж хуулийн байгууллагууд үзэж байгаа. Ингэснээр Авилгын эсрэг олон улсын конвенц, Авилгын эсрэг үндэсний хөтөлбөрт заагдсан зорилтууд биелэгдэх боломж бүрдэж, авилгатай хийх тэмцэл хүчтэй болно.
Монгол Улсын Засгийн газраас Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулийн төслийг нэн яаралтай хэлэлцүүлэхээр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн. Уг хуулийн төсөл нь манай улс саарал жагсаалтад орохоос сэргийлэх, олон улсын байгууллагын зөвлөмжийн дагуу авч хэрэгжүүлэх олон арга хэмжээний нэг учраас уг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхэд онцгой анхаарах ёстой.
Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,
Та бид шинжлэх ухаан технологийн хувьсгалт өөрчлөлтийн эрин үед, тухайлбал, хиймэл оюун ухаан, нейро шинжлэх ухаан, их өгөгдлийн ач холбогдол асар ихээр өсөн нэмэгдэж байгаа Аж үйлдвэр, технологийн IV хувьсгал өрнөж байгаа үед амьдарч, ажиллаж байна.
Ийм нөхцөлд улс гүрнүүд уламжлалт арга барилаасаа татгалзаж, шинжлэх ухаанч хандлага, системийн өвч сэтгэлгээг төрийн бодлого боловсруулахдаа хэрэглэж, төрийн бодлогыг шинжлэх ухаанд тулгуурласан баталгаа нотолгооны үүднээс боловсруулдаг болж байна.
Улсын Их Хурлаас баталж байгаа хууль эрх зүйн баримт бичгийн боловсруулалтад онцгой анхаарч, улмаар “Парламентын судалгааны хүрээлэн” байгуулж ажиллах зохих бэлтгэлийг хангаж байна. Ийм хүрээлэн байгуулснаар төрийн бодлого боловсруулахад юуны өмнө эрдэмтэд, судлаачид болон эрдэм шинжилгээний байгууллагын өргөн хүрээтэй оролцоог хангах нөхцөл бүрдэх юм.
Эрхэм гишүүд ээ,
Эхлүүлснээ дуусгаж, цэгцрэл хөгжил өөд зүтгэх та бүхний эрхэм үйлсэд тань амжилт хүсье.
Улсын Их Хурлын намрын ээлжит чуулган нээснийг мэдэгдье.

Улс төр
Зам тээврийн ослын 98 хувь нь жолоочоос шалтгаалж байна

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөлийн 2025 оны эхний хуралдааныг өнөөдөр (2025.04.22) хийлээ.
Хуралдаанаар замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагаа, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх талаар онолын болон практик үндэслэлтэй санал, санаачилгыг дэвшүүлэн, нээлттэй хэлэлцүүллээ.
Хуралдааныг нээж Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан хэлэхдээ “НҮБ-аас 2020-2030 оныг Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах жил болгон зарлаж, зам тээврийн ослын улмаас нас барсан болон гэмтсэн хүний тоог 50 хувь бууруулах зорилт дэвшүүлснийг Монгол Улсын Засгийн газар дэмжиж, стратеги, хөтөлбөр батлан хэрэгжүүлсэн боловч нөхцөл байдал төдийлөн сайжрахгүй байгааг судалгаа, тооцоо харуулж байна.
Тухайлбал, баруун талдаа жолооны хүрдтэй автомашины тоог цөөрүүлэх, Монгол Улсын хэмжээнд ашиглагдаж байгаа тээврийн хэрэгслийн паркийг шинэчлэх, Улаанбаатар төдийгүй суурин газрын замын хөдөлгөөний төлөвлөлт, зохион байгуулалтад цогц шийдэл боловсруулж хэрэгжүүлэх арга хэмжээ хангалтгүй байна. Сүүлийн жилүүдэд уул уурхай, зам, тээврийн бүтээн байгуулалт нэмэгдэхийн зэрэгцээ хүний амь нас хохирсон зам тээврийн осол нэмэгдэх хандлагатай байна.
Иймд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны төлөвлөгөөг хот, суурин газрын ерөнхий төлөвлөгөө, Авто замын мастер төлөвлөгөө, осол гэмтлээс сэргийлэх төлөвлөгөө, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхээр хэрэгжүүлж буй бусад хөтөлбөр болон автотээвэр, авто замын чиглэлээр хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөртэй уялдуулан хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай байна” хэмээн онцоллоо.
Монгол Улсын хэмжээнд сүүлийн таван жилийн хугацаанд зам тээврийн 124,583 осол бүртгэгдэж, 43,5 тэрбум төгрөгийн хохирол учирч, ослын улмаас 2534 хүн нас барж, 14905 хүн гэмтсэнээс үүний дотор 312 хүүхэд амь насаа алдаж, 3861 хүүхэд гэмтсэн нь анхаарал хандуулах асуудлын нэг болоод байгааг мэргэжилтнүүд хэлж байлаа.
Стастистик мэдээллээс үзэхэд зам тээврийн ослын 98 хувь нь жолоочоос шалтгаалж байгаа бөгөөд 2024 онд гэхэд ТЦА-наас 3,075,442 зөрчил илрүүлжээ. Үүнээс 3,068,598-д нь торгууль ногдуулж, 28,155 согтуу жолоочийг илрүүлж, 20,072 жолоочийн эрхийг хасаж, 650 хүнийг баривчилжээ.
Иймд хуралдаанаар замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэхэд системтэй, онолын үндэслэлтэй үйл ажиллагаа явуулахгүй бол цаашид ослын тоо нэмэгдэж болзошгүй байгааг харгалзан хэд хэдэн арга хэмжээ авч ажиллахаар зөвлөмж гаргалаа.
Үүнд:
-Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Монгол Улсын зарим хуулийн заалтыг шинэчлэх, нэмэлт өөрчлөлт оруулах,
-Аюулгүй байдлыг хангах бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг боловсронгуй болгох,
-Урьдчилан сэргийлэх, судалгаа, сургалт сурталчилгааг эрчимжүүлэх,
-Олон нийтийн байгууллага, аж ахуйн нэгж, ард иргэдэд уриалах зэрэг ажлуудыг эрчимжүүлэхээр тогтлоо.
Улс төр
Монгол Улсын хүн амыг нэмэгдүүлэх хөгжлийн бодлогыг дэмжиж, оролцож ажиллахыг эрдэмтэн, судлаачдад санал болголоо

УИХ-ын даргын 2025 оны 68 дугаар захирамжаар байгуулагдсан Монгол хүний амьдралын чанарыг дээшлүүлэх, хүн амын өсөлтийг дэмжих асуудлаар холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, үр нөлөөг дээшлүүлэх асуудлыг судалж, цаашид авах арга хэмжээний талаар санал, дүгнэлт танилцуулах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг (2025.04.21) хуралдлаа.
УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Үүрийнтуяа, монгол хүний амьдралын чанар түүний орчин нөхцөлтэй холбоотой судалгааны дүн, дүгнэлтээ танилцуулахаар ирсэн, их дээд сургууль шинжлэх ухааны байгууллагын эрдэмтэд судлаачдад талархал илэрхийлсэн.
Нийслэлийн Бодлогын судалгаа, шинжилгээний төвийн Нийгэм, эдийн засгийн судалгааны газрын захирал А.Амарбал Монгол Улсын хүн амын өсөлт, цаашид анхаарах асуудлын талаарх судалгаагаа танилцуулсан. Тэрбээр, манай улсад 3-4 хүүхэдтэй айл олон хүүхэдтэй өрхөд тооцогдож байна. Тодруулбал, гурваас дээш хүүхэдтэй 167.000 өрх байна. Хүн амаа нэмэгдүүлэх төрийн бодлого хэрэгжүүлэхгүй бол 2036 он орчимд 4 сая дэх иргэнээ хүлээж авах нөхцөлд хүрээд байна гээд хүн ам, хөгжлийн бодлогоо шинэчлэх, нөхөн үржихүйн эрүүл мэндийг дэмжих бодлого хэрэгжүүлэх, олон хүүхэдтэй гэр бүлийн амьжиргааг дэмжих, цэцэрлэг, сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх, зардлыг бууруулах замаар хүн амаа өсгөх зэрэг шийдлүүдийг санал болгосон юм.
МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Антропологи, археологийн тэнхимийн эрхлэгч Ц.Болормаа эрдэмтэн, судлаачдын судалгааны дүн, шийдлийн талаарх саналыг сонсож байгаад талархаж байгаагаа илэрхийлээд, хүн амаа өсгөх асуудлыг үзэл баримтлалын хувьд зөв эхлүүлэх нь зүйтэй хэмээлээ. Тэрбээр, Хүн ам зүйг дэмжих бодлого хуулиудад туссан байдаг ч, үр дүнг нь тооцож байгаагүй. Иймд илүү өндөр зорилтот, 10-15 жил, түүнээс ч урт хугацаанд үр дүнгээ өгөх бодлогын хэрэгцээ, шаардлага байгааг хэлж байв.
МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Антропологи, археологийн тэнхимийн багш Б.Энхцэцэг, Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд хожуу төрөх болсон. Хожуу төрвөл 1-2 хүүхэд төрүүлэх боломжтой. Цаашид 2030 оноос төрөлт улам буурсаар байх бөгөөд, хүн амаа өсгөх бодлого хэрэгжүүлнэ гэвэл өрхийн зохимжит хүүхдийн тоог 3-4 байхаар тооцож, хүүхдийн тооноос хамаарах мөнгөн тэтгэмжийн хөшүүргээс гадна, залуус, ирээдүйн эцэг, эхчүүдийн хандлагад нь нөлөөлөх цаг ирсэн гэдгийг тодотгосон.
Удирдлагын академийн Улсын салбарын удирдлагын тэнхимийн эрхлэгч Б.Нарантулга нийгмийн халамж, хүн ам зүйн өсөлтийн бодлогын зохицуулалтыг тусад нь авч үзэх шаардлагатай гээд, 3-аас дээш хүүхэдтэй өрхөд олгох мөнгөн тэтгэмжийн дүнг өсгөснөөр эдийн засгийн боломжийг нь бүрдүүлнэ гэдэгтэй санал нэг байгаагаа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Үүрийнтуяа Монгол Улс хүн амаа өсгөхийн тулд эдийн засгаа сайжруулах, эдийн засгаа сайн авч явахын тулд хүн амаа өсгөх харилцан хамаарал дээр төр, засгийн бодлогоо хэрэгжүүлж байна. Хүн ам зүйгээр мэргэшсэн цөөн хэдэн судлаачдын гурван төрлийн судалгааны ажлууд, санаануудыг цогц нэг ажил гэж харж байна. УИХ-ын даргын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн дэргэд эрдэмтдээс бүрдсэн дэмжих баг ажиллах шаардлагатай. Баг бүрэлдэхүүн, судлаачдынхаа хамтаар манай ажлын хэсгийг дэмжиж, хамтран ажиллахыг санал болгож байна гэлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Улс төр
Өнөөдөр хуралдах УИХ-ын байнгын хороод

Монгол Улсын Их Хурлын байнгын хороодын өнөөдрийн /2025.04.22/ хуралдааны хэлэлцэх асуудал, товыг танилцуулж байна.
Д/Д | ХУРАЛДААН | ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ | ЦАГ | ТАНХИМ |
1 | Эдийн засгийн байнгын хороо | · Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр ирүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ, үргэлжилнэ/
· Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хооронд байгуулах худалдааны түр хэлэлцээрийн төсөл /Засгийн газар 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр ирүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ./ · Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Э.Батшугар 2024.12.25-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ |
10.00 | “Жанжин Д.Сүхбаатар” |
2 | Нийгмийн бодлогын байнгын хороо | · Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн сонсголын тайлан
· Улсын Их Хурлын 2024 оны 38 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх Эрүүл мэндийн сайдын мэдээллийг сонсох |
14.00 | “Их Эзэн Чингис хаан” |
3 | Хууль зүйн байнгын хороо | · Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2025.01.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ | 14.30 | “Жанжин Д.Сүхбаатар” |
-
Нийгэм19 цаг өмнө
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг дэмжсэнгүй
-
Нийгэм22 цаг өмнө
Авлигын дөрвөн хэргийг шүүхэд шилжүүлжээ
-
Улс төр20 цаг өмнө
Зам тээврийн ослын 98 хувь нь жолоочоос шалтгаалж байна
-
Нийгэм21 цаг өмнө
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөмжийг байршууллаа
-
Эдийн засаг20 цаг өмнө
НӨАТ-ын буцаан олголт энэ сард иргэдийн дансанд орно
-
Нийгэм23 цаг өмнө
Нийслэлийн МАН-ын 100 жилийн ойд зориулсан хүчит 128 бөхийн барилдаан болно