Энтертайнмент
МОНГОЛЫН ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО АЗИЙН ШИЛДЭГЭЭР ШАЛГАРЛАА
Энэ удаад Монголын Хөлбөмбөгийн Холбоо 2018 онд гаргасан амжилт, хийсэн ажлуудаараа дүгнэгдэж Япон болон БНАСАУ-ын хамтаар “Оны шилдэг холбоо” шагналын эздийн нэг боллоо. Монголын Хөлбөмбөгийн Холбоо нь 2018 онд олон улсын томоохон тэмцээн уралдаануудыг амжилттай зохион байгуулж, нийгмийн хариуцлагын хүрээнд хэд хэдэн үйл ажиллагааг явуулсан нь ийнхүү тивийн хэмжээнд хүрсэн гэдгийг тус шагнал баталлаа. Мөн Зүүн Азийн АШТ-ий эхний шатнаас түүхэндээ анх удаа эрэгтэй эмэгтэй баг шалгарч, Футзалын 20 хүртэлх насны шигшээ баг тивийн аварга шалгаруулах тэмцээний шилдэг наймд багтсан нь ч тус шагналыг хүртэхэд томоохон нөлөө үзүүлсэн байна. Азийн Хөлбөмбөгийн Холбооны тэргүүлэгчид Монголын Хөлбөмбөг хурдацтай хөгжиж байгааг онцолсон бөгөөд Монголын Хөлбөмбөгийн Холбооны ерөнхийлөгч А.Ганбаатарыг Азийн Хөлбөмбөгийн Холбооны удирдах зөвлөлийн гишүүн болсонд дахин баяр хүргэсэн юм. Дашрамд дуулгахад ирэх сарын 12-ны өдөр уламжлал болсон Монголын Хөлбөмбөгийн оны шилдгийг тодруулах “Алтан Бөмбөг” ёслолын ажиллагаа явагдах юм. Тус шагнал гардуулах ёслолын гол зочноор дэлхийн домогт хөлбөмбөгчин Данийн шигшээ баг болон Английн Манчестер Юнайтед багийн тоглогч асан Петер Шмейхел хүрэлцэн ирэхээр болсон байна.
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.